“Өмгөөлөгч” сэтгүүлийн Ярилцлага булангийн энэ удаагийн зочноор Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх дэд хэсгийн гишүүнээр ажилласан, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн оролцож, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгснийг уншигч та бүхэнд хүргэж байна.
- Өнөөдөр та бид хоёрын ярилцах гол сэдэв Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар өрнөх юм. Танд энэ өдрийн мэндийг хүргэе?
- Юуны өмнө Монголын Өмгөөлөгчийн Холбооны эрхлэн гаргадаг “Өмгөөлөгч” сэтгүүлээр дамжуулан мэргэжил нэгт нөхөддөө гарч буй Гал бичин жилийн мэндийг хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
- Эрүүгийн хуулийг шинэчлэн өөрчлөх болсон нийгэм, эдийн засгийн эрх зүйн үндэслэл нь юу байв?
- Өдрөөс өдөрт даяарчлагдаж буй дэлхийн улс орнуудын нийтлэг жишгээр Монгол улсад маань нийгэм, эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж, хүмүүсийн ахуй амьдралд гарч буй эерэг, сөрөг өөрчлөлтийг дагаад гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой харилцааг зохицуулсан хуулиуд, түүнийг хэрэгжүүлэх шүүх, хуулийн байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг өнөөгийн хэрэгцээ шаардлага, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэчилж, Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлс, түүний дотор хүний эрх, шударга ёс, нийтийн эрх ашгийг бодитой, үр нөлөөтэй хамгаалах шаардлага бодитой бий болсон нь хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаа, шүүхийн шийдвэр хэрэгжилтийн байдалд хийсэн олон удаагийн судалгааны дүн, эрдэмтэн судлаачид, хуульчид, иргэд, улс төрчдийн санал, дүгнэлтээс тодорхой харагддаг. Урьд нь тэр бүр шүүхээр хянан шийдвэрлэж байгаагүй, шинэ төрлийн гэж хэлж болох мөнгө угаах, хүн худалдаалах, хар тамхи мансууруулах бодис хууль бусаар борлуулах, нийгмийн аюулгүй байдалд галт зэвсэг хэрэглэн заналхийлэх, хуурамч төлбөрийн карт, цахим мэдээллийн сүлжээг ашиглан санхүүгийн луйвар хийх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа хортойгоор урвуулан ашиглах, төрийн нууцыг задруулах, эдийн засаг, соёлын өв, байгаль орчны эсрэг гэх мэт зохион байгуулалттай үйлдэгддэг, үндэстэн дамнасан, хор уршиг ихтэй гэмт хэргүүд шүүхээр шийдвэрлэгдэх боллоо. Монгол Улсад сүүлийн 10 жилийн дунджаар эрүүгийн хариуцлагын тогтолцоонд хорих ял дийлэнх хувийг эзэлж, жилд 7000-8000 орчим хүн хорих ял эдэлж байгаагаас гадна хорих ангиас суллагдсан хүмүүсийн дотор дахин гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлэх явдал 40 гаруй хувьтай байгаа нь ял шийтгэлийн хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зорилт хангалтгүй хэрэгжиж байгааг харуулж байна. Өршөөл үзүүлэх тухай 2006, 2009 оны хууль, Татварын өршөөл үзүүлэх тухай 2008 оны хуулиар ялтнуудад зохих өршөөл үзүүлж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2004, 2008 оны хуулийн дагуу Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж ялын тэгшитгэл хийгдсэнээс гадна шүүхээс хорих ялын тодорхой хувийг биечлэн эдэлсэн ялтнуудын үлдсэн ялыг хуульд заасны дагуу тэнсэж, хугацаанаас өмнө суллаж байгаа хэдий ч улсын хэмжээнд хорих ял шийтгүүлсэн нийт ялтны тоо буурахгүй, өөрөөр хэлбэл нийгэмд гарч буй гэмт хэргийн өсөлт 5 хүрэхгүй хувьтай байхад хорих ял шийтгүүлэгсдийн тоо 13 хувийн өсөлттэй байгаа нь Төрөөс ял шийтгэлийн талаар баримтлах бодлогоо эргэн харж, Эрүүгийн хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон гэж дүгнэж болно. Иймд хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, нийгмийн шударга ёсны тогтолцоог гажуудуулсан ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял шийтгэл, албадлагын арга хэмжээ нь гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ялтны гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон шударга, оновчтой, олон сонголттой байхаас гадна ялтныг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг үр нөлөөтэй хамгаалж чадах тогтолцоог бүрдүүлэхэд Эрүүгийн хуулийн шинэчлэл чиглэгдсэн гэж үзэж болно. Харин шинээр батлагдсан Эрүүгийн болон Зөрчлийн хуулиас гадна гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнийг илрүүлж, шалгаж, гэмт этгээдийг олж тогтоох, түүнд шударга ял оногдуулахад чиглэсэн процесс ажиллагааны стандартыг шинэчлэн тогтоож, өөрөөр хэлбэл хүний үндсэн эрх, эрх чөлөөг дээдлэх үзэл баримтлал бүхий Хууль сахиулах үйл ажиллагаа болон Гэмт хэрэг, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан хуулиуд батлагдаж, хэрэгжихгүйгээр бидний хүсэн хүлээсэн шинэчлэлийн үр дүн гарах боломжгүй юм.
- Монгол Улсын Үндсэн хуулийн дараа ордог томоохон хуулиуд бол яах аргагүй Эрүүгийн болон Иргэний хууль. Эрүүгийн хуулийг өөрчлөн найруулснаараа зарчмын ямар гол гол өөрчлөлтүүдийг хийсэн бэ?
- Тиймээ, Эрүү болон Зөрчлийн тухай хуулиуд нь нийгмийн бүхий л харилцаанд Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг хамгаалж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлдэг утгаараа яах аргагүй суурь хуулиудын нэг юм. Шинээр батлагдсан Эрүүгийн хуульд ардчилсан нийгмийн үнэт зүйлст халдсан гэм буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохыг үйлдэл, гэм буруугийн хэлбэр, хор уршгийн шинжээр нь тодорхой зааснаас гадна Захиргааны хариуцлагын тухай хууль болон холбогдох 200 гаруй хуульд байсан хариуцлагын заалтуудыг Зөрчлийн тухай хуулиар төрөлжүүлэн нэгтгэж, тэдгээр зөрчлийг гаргасан хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг нэгдсэн стандартад оруулсан нь Эрүүгийн хариуцлагын тогтолцоонд оруулсан гол өөрчлөлт гэж харж байна. Гэмт хэргийн ангиллаас ялын доод хэмжээ шууд хамаардаг, өөрөөр хэлбэл ялын хатуу хайрцаглагдсан бодлогоос татгалзаж, тодорхой төрлийн гэмт хэрэгт шүүхээс оногдуулж болох ялын төрлийг олон сонголттой болгосон бөгөөд ялын доод, дээд хэмжээний интервалыг сунгаснаар шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруутай хүний хувийн байдалд тохирсон ялыг сонгож оногдуулах боломж нэмэгдсэн. Эрүүгийн хариуцлага гэсэн хууль зүйн ойлголтыг “Ял, албадлагын арга хэмжээ” болгон тодорхойлж, уламжлалт “хорих”, “торгох” ялаас гадна “нийтэд тустай ажил хийлгэх”, “зорчих эрхийг хязгаарлах”, “эрх хасах” зэрэг ялын төрлийг шинээр нэмсэн. Онц аюултай гэмт хэрэгтэн, ялтай байдал зэрэг хууль зүйн үр дагавар үүсгэдэг ойлголтыг өөрчилж, давтан гэмт хэрэг үйлдсэн шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчилдэг практикийг халж, үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь тохирсон ял оногдуулдаг байхаар хуульчилсан нь ял шийтгэл гарцаагүй байх, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон шударга байх зарчимд нийцсэн. Харин гэмт хэрэг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, үндсэн ажил болгосон хүний хувьд холбогдох хэргийг хохирлын хэмжээнээс үл хамааран хүндрүүлэн зүйлчлэх тусгайлсан зохицуулалт зарим өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тусгагдсан байгаа. Гэмт хэргийн зүйлчлэл учирсан хохирлын хэмжээнээс шууд хамаардаг, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн тооцсон "бага бус", "үлэмж", "их", "онц их" гэсэн хохирлын хэмжээ нь хэргийн зүйлчлэл, ялын бодлогод шууд нөлөөлдөг хамаарлыг өөрчилж, зөвхөн “их хэмжээний”, эсхүл “ноцтой” хохирол учруулсан тохиолдолд тодорхой төрлийн хэргүүдэд хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр заасан. Хуульд заасан “их хэмжээний хохирол” нь 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр илэрхийлэгдэх бол, “ноцтой хохирол” нь хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан шинжээр тодорхойлогдох юм. Торгох ял болон хохирлын хэмжээг тогтооход хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дүйцүүлэн тооцдог аргачлалыг өөрчилж, “нэгж” гэх одоогоор 2000 төгрөгтэй тэнцэх илтгэлцүүрийг хуульчилсан. Учир нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хууль тогтоогч биш, харин Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн гурвалсан хэлэлцээрээр тогтоох нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай адил хохирол, хэргийн зүйлчлэл, ялын хэмжээнд шууд нөлөөлж байгаа нь хууль ёсны зарчимд нийцэхгүй гэж үзсэн тул шинэ Эрүүгийн хуульд төгрөгийн ханштай уясан “нэгж” гэдэг илтгэлцүүрийг авсан ба нэгжийг өөрчлөх эрх хэмжээ зөвхөн УИХ-д хадгалагдах юм.
- Эрүүгийн хуульд шинэчилсэн найруулга хийснээрээ Олон Улсын гэрээ хэлцлийн зохицуулалтууд энэ хуулинд орсон уу?
- Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахад одоогийн Эрүүгийн хуулийн сайн зохицуулалтыг уламжлан авч үлдэхээс гадна дэлхийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзсэн. Эрүүгийн хуулийн холбогдах заалтуудыг олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд нийцүүлсэн. Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан Олон улсын гэрээгээр оролцогч улсуудад “Үндэсний хууль тогтоомжоор зохицуулахыг үүрэг болгосон” 56 асуудлыг зохицуулаагүй буюу хуульчлаагүй байсан нь Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулах нэг үндэслэл мөн. Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд заасан нэг гэмт хэргийн төлөө нэг л удаа хариуцлага оногдуулах, цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх, дэлхий дахинд аюул занал учруулж буй терроризмтай холбоотой гэмт хэргийг хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайваны эсрэг гэмт хэрэгт хамааруулж, түгээмэл харьяалалтай энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй, өршөөл болон уучлалд хамааруулахгүй байх зарчмыг Эрүүгийн хуульд тусгасан. Монгол Улсын 2005 онд нэгдэж орсон Авлигын эсрэг НҮБ-ийн конвенцид заасан агуулгаар “Авлигын гэмт хэрэг” гэсэн шинэ бүлгийг нэмж авлига, албан тушаалтанд холбогдох гэмт хэргийг шинжийг шинээр томьёолсон. Үүнд:
• Урьд нь албан тушаалын байдлаа хортойгоор урвуулан ашиглаж үлэмж хэмжээний буюу 9.600.000 төгрөгөөс доош хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх боломжгүй байсныг өөрчилж, “Төрийн албан хаагч албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлээгүйгээс өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол” хохирлын хэмжээнээс үл хамааран гэмт хэрэгт тооцож, ял оногдуулахаар хуульчилсан.
• “Төрийн албан хаагч өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгуулах зорилгоор өөрөө эсхүл өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнаар дамжуулан албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж давуу байдал олж авсан, эсхүл олгосноос бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол” гэмт хэрэгт тооцож, ял оногдуулахаар заасан.
• Гадаад улсын албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглавал Монгол Улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон.
• Хээл хахууль авах гэмт хэргийн субьект нь нийтийн албан тушаалтнаас гадна хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр үүрэг хүлээсэн хүн байж болохыг тодорхой болгож, хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөнөөс гадна дээрх албан үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлсний төлөө бусдаас мөнгө, эсхүл давуу байдал олж авсан бол хахууль авах гэмт хэрэгт тооцно гэж заасан.
• Түүнчлэн хахууль авах, өгөхөөс гадна өгөхийг шаардсан, хахууль өгөх саналыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл хахууль өгөхийг санал болгосон, амласан зэрэг үйлдэл хийснээр гэмт хэрэг төгссөнд тооцохоор, өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байж болохыг хуульчилсан.
• Төрийн албан хаагчийн хууль ёсны дагуу албан үүргээ гүйцэтгэж, үзүүлэх байсан төрийн үйлчилгээг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд хахууль өгч авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж, ял шийтгэлээс чөлөөлөх, харин хахууль авагчийг хууль бус үйлдэл хийлгэхээр хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй, харин хахууль өгсөн хүн эрх бүхий байгууллагад сайн дураараа хэргээ илчлэн ирсэн бол ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.
Ийнхүү шинээр батлагдсан Эрүүгийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэргийг НҮБ-аас баталсан Авлигын эсрэг Конвенцийн шаардлагад нийцүүлсэн нь Монгол улсад хариуцлагатай, шударга төрийг бэхжүүлэхэд чухал алхам болсон гэж дүгнэж болно.
- Ер нь энэ Эрүүгийн хуульд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан тохиолдолд ял шийтгэлийн бодлого яаж өөрчлөгдөж байгаа вэ?
- Эрүүгийн хуульд шинээр орсон нэг чухал зохицуулалт бол яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гэм буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнийг үйлдсэн гэмт хэргээс нь хамааран ялаас чөлөөлөх, эсхүл ялыг хуульд зааснаас хөнгөрүүлж оногдуулж болохыг хуульчилсан явдал юм. Ингэснээр гэм буруугаа хүлээсэн хүнд холбогдох хэргийг шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой болж байгаа. Энэ нь ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цаг хугацаа, зардлыг хэмнэх сайн талтайгаас гадна энэ хэмжээгээр шүүхийн ачаалал багасах болно. Түүнчлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг залилан авсан хүн авсан эд зүйлээ уг эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид эргүүлэн өгсөн, бусад байдлаар эд хөрөнгийн эрхийг сэргээсэн бол залилах гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй гэж хуулийн холбогдох хэсэгт тайлбар хийсэн нь онцлог заалт юм.
- Эрүүгийн хуулийн ялын бодлогод гэмт хэрэгт холбогдсон аливаа иргэдийг нийгэмшүүлэх гэсэн бодлого явагдаж байгаа юм байна. Энэ нь ямар хэргүүдэд хамаарч байгаа вэ?
- Эрүүгийн хуульд заасан ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шийтгэж цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэх зорилгыг давхар агуулдаг. Шинээр батлагдсан Эрүүгийн хуульд ялын зорилгод нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ял тэнссэн, эсхүл хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүнд шүүх үндсэн ялаас гадна дараах үүргийг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг давхардуулан тогтоож болохоор заасан. Үүнд:
• гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах;
• зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах;
• нийтэд тустай тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх;
• сэтгэл заслын, донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх;
• оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх.
• тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах;
• галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох;
• согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох;
• тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох зэрэг болно.
- Эрүүгийн хуульд насанд хүрээгүй хүүхдэд ял шийтгэл ногдуулах насны хязгаарт өөрчлөлт орсон уу?
- Эрүүгийн хуулиар ял шийтгэл хүлээлгэх “Өсвөр насны хүн” гэж гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн, 18 насанд хүрээгүй хүнийг ойлгохоор зааснаас гадна 18 насанд хүрсэн боловч 21 насанд хүрээгүй хүнийг сэтгэцийн хувьд гүйцэд хөгжөөгүй, хүүхэд хэвээрээ байна гэж шүүх үзвэл өсвөр насны хүнд ял оногдуулах тусгай журмыг хэрэглэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болохыг хуульчилсан. Хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусад нь бүлэг болгож, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд “нийтэд тустай ажил хийлгэх”, “зорчих эрхийг хязгаарлах”, “сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих” ял оногдуулахаар заасан. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд оногдуулах ял шийтгэл нь тэдний хүмүүжил, нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон байхаас гадна хүүхдийг аль болох хорих бус хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлэх зорилгыг агуулна. Эрүүгийн хуулиар хүүхэд, насанд хүрэгсдэд ижил ял оногдуулдаг байсныг өөрчилж, хүүхдэд оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж эдлүүлэхээр заасан нь хүүхдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн.
- Гэрийн хорио гэдэг шинэ ял шийтгэл гаргаж байгаа юм байна. Үүнийг хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн үндэслэл бүрдсэн үү? Уулын мухарт байгаа хүнийг яаж гэрийн хорионд оруулах вэ? Ямар хязгаарлалт тавих вэ, үүнд ямар хяналт тавих вэ?
- Гэмт хэрэг үйлдсэн хүнийг гэрээс нь гаргахгүй хорих гэсэн утгаар энэхүү ялыг ойлгож болохгүй. Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах явдлыг багасгах зорилгоор “Зорчих эрхийг хязгаарлах” гэсэн шинэ ялыг нэмж, уг ялыг 1 сараас 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан. Энэхүү ял нь шийтгүүлсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх агуулгатай ба шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглож болно. Харин шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих юм. Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд электрон гавны тусламжтай хяналт тавина. Мэдээллийн технологи өндөр хөгжсөн, хүн бүр компьютер, ухаалаг гар утас, GPS хэрэглэх боломжтой өнөө үед бусад улс оронд хэдийн нэвтэрсэн электрон гавыг оруулж ирэх нь улсын төсөвт хүндрэл учруулахгүй гэж үзэж байна. Түүнээс гадна одоогийн Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тухай зохицуулалтыг өөрчилж, хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт шийтгүүлсэн жирэмсэн эмэгтэйг төрөхөөс өмнө гурван сар, төрснөөс хойш хоёр жил хүртэл, мөн ганц бие эцэг, эхийг хүүхэд нь хоёр нас хүртэл хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж эдлүүлж болохоор заасан ба хугацаа дуусмагц ялтны зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд тооцож эдлээгүй үлдсэн хорих ялыг эдлүүлнэ.
- Энэ хуулиар хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэж байгаа юм байна. Амьгүй зүйлд хариуцлага хүлээлгэж байна. Энэ талаар тайлбарлаж өгнө үү?
- Эрүүгийн хуульд “Хуулийн этгээдэд ял оногдуулах” гэсэн бүлэг бий болгож, мөнгө угаах, байгаль орчинд хохирол учруулах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэгт хуулийн этгээд буюу компани өөрийнхөө хөрөнгөөр хариуцлага хүлээдэг байх, түүнд “торгох”, “эрх хасах”, “татан буулгах” ял оногдуулахаар тусгайлан хуульчилсан. Хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол тухайн хүнийг ялаас чөлөөлж, хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэлийг заасан. Хуулийн этгээдийг гэмт хэргийн субьектэд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болсноор баялаг бүтээгч компаниуд илүү хариуцлагатай, хяналттай, сайн засаглалтай болох, нөгөө талаас иргэд болон нийтийн эрх ашиг, байгаль орчин гэмт халдлагаас хамгаалагдах, зөрчигдсөн тохиолдолд нөхөн сэргээгдэх нөхцөл бодитой бүрдэнэ.
- Одоогийн байгаа эрүүгийн хуулийн зарим зүйл ангиуд өөрчлөгдсөн гэсэн. Тухайлбал, танхайн хэрэг байхгүй болсон, малын хулгайн гэмт хэрэг нэмэгдсэн. Энэ тал дээр ямар мэдээлэл өгөх вэ?
- Одоогийн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйл болон Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт “Танхайрах” зөрчил, “Танхайрах” гэмт хэргийн шинжийг давхардуулж тогтоосон нь хууль хэрэглээний зөрчил үүсгэдэг байсан. Иймд шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн Нийтийн ёс суртахуун, хэв журмын эсрэг зөрчил гэсэн бүлэгт хамаарах 7.1 дүгээр зүйлд “Танхайрах, зүй бусаар биеэ авч явах”, 7.2 дугаар зүйлд “Нийтийн журам зөрчих” гэсэн зөрчлийн шинж, хүлээлгэх шийтгэлийн хэмжээг тодорхой тусгаж, харин Эрүүгийн хуулийн тусгай ангид Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэсэн бүлгийн 20.16 дугаар зүйлд “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн зөрчлөөс ялгагдах үндсэн шинжүүд, хэргийг хүндрүүлэн зүйлчлэх нөхцөлийг нэг бүрчлэн тодорхой заасан. Өөр онцлог заалт гэвэл мал хулгайлах гэмт хэргийг ердийн хулгайн гэмт хэргээс тусад нь хуульчилсан. Монголчуудын ахуй амьдрал, соёл, уламжлал, зан заншил, амьдралын эх сурвалж мал аж ахуйтай салшгүй холбоотойг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн тав дугаар зүйлийн 5 дах хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан нь тохиолдол биш. Шүүхийн практик судлалын дүнгээс харахад орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэргийн дотор мал хулгайлах, түүний дотор машин механизм ашиглан, зохион байгуулалттай үйлдэх явдал багагүй хувийг эзэлж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн цаана хүний өмчлөх эрхээс гадна иргэдийн аюулгүй орчинд амгалан тайван аж төрөх, амьжиргааны эх үүсвэрээ алдах зэрэг олон эрх ашиг хөндөгддөгийг харгалзан ердийн хулгайн гэмт хэрэгтэй харьцуулахад илүү хүнд ял оногдуулахаар заасан байна.
- Бидний урилгыг хүлээн авч, цаг үеийн сонирхолтой сэдвээр ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
- Баярлалаа. Биднийг МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж байхад Эрүүгийн эрх зүйн “А” үсгийг анхлан заасан Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Г.Совд багшийнхээ хэлсэн “Хуулийг оршин буй хэлбэр талаас нь харахад жирийн нэг хэвлэсэн цааснаас ялгагдах юмгүй. Хуулийн асар их хүчин чадал нь эрх зүйн бүх салбарт өндөр мэргэшсэн, мэргэжлийн ёс зүйн эрхэм дээд чанарыг эзэмшсэн хуульчдын гарт байж, тэдний оюун ухаанаар бодох шийдвэрлэх үйл ажиллагаагаар хэрэгждэг юм” үгийг иш татаж ярилцлагаа өндөрлөе.
Сэтгүүлч М.Эрдэнэчимэг
ӨМГӨӨЛӨГЧ сэтгүүл