М.БАТСУУРЬ: Шинэ хуулийн гол үзэл баримтлал нь шүүхээр хэрэг, маргаанаа шийдүүлж байгаа иргэд, олон нийтэд хамгийн таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх явдал байсан

2016 оны 04 сарын 07 6017

-Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчлөн найруулах болсон шалтгаан нөхцөл юу байсан бэ гэдэг асуултаар яриагаа эхэлье?

-Юуны өмнө танай сэтгүүлийн уншигч нарт мэнд хүргэе. Хуулийн хувьд шинэчлэн боловсруулах хоёр үндсэн шаардлага байсан гэж хэлж болно. Нэгдүгээрт, хуулийн шинэтгэлийн шаардлага юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Шүүх эрх мэдлийг шинэтгэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд шүүхийн бие даасан, шүүгчийн эрх зүйн байдлыг хангахад чиглэсэн Шүүхийн тухай багц хууль батлагдсан билээ. Энэ багц хууль нь товчхондоо шүүхийн бүтэц, тогтолцоо, төсөв, боловсон хүчин зэрэг инститүт талаас нь бэхжүүлэхэд анхаарсан. Харин шүүхээс иргэд, олон нийттэй харилцах харилцааг зохицуулсан процессын хуулиудыг шинэчлэхгүйгээр шүүхийн шинэтгэл бүрэн гүйцэд хийгдэж чадахгүй юм. Энэ ч утгаараа  Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хоёр дахь давалгаа нь шүүхээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг харилцааг зохицуулсан хуулиудын шинэтгэл бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь үүний нэг болсон. 

Мөн Монгол Улсын Их Хурлаас захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны акт, хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийг 2015 онд баталсан. Үүнтэй холбоотойгоор Захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан хууль нь өөрөө шинэчлэгдэх зайлшгүй шаардлага гарсан. Нэгтгэвэл материаллаг хуулиудын шинэтгэл нь процесс хуулийн шинэтгэлийг дагуулсан.

-Тэгвэл нөгөө шалтгаан нь юу вэ?

-Нөгөө талаас, амьдралын буюу практикаас үүдэн гарсан шаардлага байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдаж, үүнээс хойш 9 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Энэ 10 гаруй жилийн хугацаанд хуримтлуулсан туршлагаас харахад захиргааны хэргийн төрлөөс хамаарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг журамлах нь зүйтэй санагдсан. Тухайлбал, сонгуулийн маргаан.

Сонгууль дууссанаас хойш 1, 2 жил өнгөрөөд байхад сонгогчийн төлөөлөл нь шүүхийн шийдвэр гарахыг хүлээгээд зохих байгууллагадаа томилогдон ажиллаж чадахгүй байх тохиолдол нилээдгүй байсан. Тендер мөн адил. Манай улсын бүтээн байгуулалт харьцангуй богино буюу хавраас намар хүртэл үргэлжилдэг. Оны эхэнд улсын төсөв нээгдэж, төрийн байгууллагууд тендерээ зарладаг, үүнд 1 компани шалгарч, нөгөөх нь шүүхэд нэхэмжлэл гарган маргадаг. Шүүх хэргийг шийдвэрлэх гэсээр байтал тухайн төсвийн жил нь дуусч, улс нөгөө хөрөнгөө буцаагаад татчихдаг. Ингээд л тухайн жилийн бүтээн байгуулалт, хөрөнгө мөнгө үнэгүйддэг. Үүний зэрэгцээ шүүхэд хандах боломжийг өргөтгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа байдлыг засах гэх мэт хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага амьдралаас урган гарсан.           

-Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар ямар өөрчлөлтүүд орсон бэ?

Шинэ хуулийн гол үзэл баримтлал нь шүүхээр хэрэг, маргаанаа шийдүүлж байгаа иргэд, олон нийтэд хамгийн таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх явдал байсан. Багцлаад дурдвал

Нэгд, иргэдийн захиргааны хэргийн шүүхэд хандах боломжийг өргөтгөсөн. Үүнд: зөвхөн иргэн, хуулийн этгээд зөрчигдсөн эрхээ сэргээхээр шүүхэд ханддаг байсныг өргөтгөж, нийтийн эрх ашгийг төрийн бус байгууллага хамгаалах боломжийг нээсний зэрэгцээ эрх мэдлийн хувьд бие биендээ хамаарахгүй зарим захиргааны байгууллага шүүхэд хандах боломжийг баталгаажуулсан. Мөн захиргааны төлөвлөлт, хэм хэмжээ тогтоосон актын хувьд эрх нь зөрчигдөж болзошгүй тохиолдолд шүүхэд хандах боломжтой болсон. Мөн захиргааны хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхийг нээсэн нь үр дүнгээ өгнө гэж найдаж байна.

Хоёрдугаарт, маргааныхаа онцлогт тохирсон хянан шийдвэрлэх ажиллагааг анх удаа журамлалаа. Үүнийг “Тусгай журмаар шийдвэрлэх маргаан” гэж нэрлэсэн. Үүнд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэхээр, харин ИТХ-ын сонгуулийн маргааныг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ бусад захиргааны хэргээс богино хугацаанд буюу нэг сарын хугацаанд шийдвэрлэхээр тусгайлан заасан. Тендерийн хувьд мөн адил хугацаанд шийдвэрлэхээр хуульчиллаа.  

Гуравдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шалтгаангүй удаашруулж байсан зарим зүйлийг халлаа. Шүүхийн шийдвэр ач холбогдолтой цаг хугацаандаа гарах нь зөрчигдсөн эрх сэргэх, нийгмийн, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд тустай. Энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй шүүгчийн захирамж, тогтоолоос зайлшгүйд нь гомдол гаргаж, шаардлагагүй хэсгийг хаслаа. Жишээ нь, шүүх хуралдаан хойшилоход хэргийн оролцогч гомдол гаргадаг. Хэрэг давж заалдах шатны шүүхрүү яваад, тэнд шийдвэрлэгдээд ирэх хүртэлх хугацаа нь нөгөө хойшилсон хугацаанаас илүү байхаар байхад оролцогч зүгээр хугацаа хожихын тулд ийм зүйл хийдэг байсныг халав. 

Мөн “Урьдчилсан хэлэлцүүлэг” гэсэн шинэ ажиллагааг оруулж ирсэнээр шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдын саналыг үндэслэн товлох журмыг тогтоолоо. Ингэснээр шүүхийн тогтоосон өдөр бус, өөрсдийн тогтоосон өдөр шүүх хурлаа явуулах, шүүх болон хэргийн бусад оролцогчийг чирэгдүүлэхгүй байх тааламжтай нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.  

Дөрөвдүгээрт, шүүхэд хандах өргөн боломжийг баталгаажуулсантай зэрэгцээд шүүхийн гарах шийдвэрийн олон төрөл бий болсон. Энгийнээр шүүхийн үйлчилгээний үр дүнд бий болох бүтээгдэхүүний төрөл олширсон. Ингээд нарийн хөндвөл олон зүйл бий.

-Иргэдийн хувьд ойлгомжгүй зүйл бол Засгийн газар болон зарим захиргааны байгууллага нь иргэний шүүхээр шийдвэрлүүлдэг явдал. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?  

-Захиргааны хэргийн шүүхийн харьяаллыг жагсаалтын зарчмаар буюу ямар ямар төрийн байгууллага, албан тушаалтны  шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх талаар тоочин нэрлэсэн одоогийн хууль маань төрийн байгууллагууд шинээр байгуулагдах, татан буугдах, өөрчлөгдөх зэрэг бүтэц, зохион байгуулалтын олон өөрчлөлтөд хүрэлцэхгүй байна. Энэ болгонд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад байх боломжгүй шүү дээ. Үүний зэрэгцээ уг жагсаалтаас Засгийн газар, Сонгуулийн Ерөнхий хороо зэрэг байгууллагыг авч хаясан учир иргэдийн дунд ойлгомжгүй байдал үүссэн. 

Иймд, Захиргааны ерөнхий хуультай уялдуулан захиргааны байгууллагыг хамгийн ерөнхий байдлаар буюу нийтийн эрх ашгийг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн бүх этгээдийг захиргааны хэргийн шүүх хянахаар болсон.

-Нийтийн эрх ашгийг нэхэмжлэх асуудал нь олон нийтийн анхаарлыг татах нь дамжиггүй. Үүнийг дэлгэрүүлж болох уу? Ямар этгээд хандах боломжтой гээд...

-Нийгмийн харилцаа өргөжихийн хэрээр урьд байгаагүй эрх зүйн ойлголт, эрхээ хамгаалах арга хэрэгсэл бий болж байна. Тухайлбал, “Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах” асуудал эрх зүйн тодорхой хүрээнд бүрдсэн.

Гэтэл одоогийн процесс хуулинд энэ эрх хангагдаагүй. Жишээ нь, нийслэлчүүдийн ундны усны эхэнд барилга барих зөвшөөрөл олгосон захиргааны байгууллагын шийдвэр, малчдын бэлчээрийн газрыг ашигт малтмалын хайгуул, ашиглалтын зориулалтаар бусдад олгох зэрэг захиргааны байгууллагын шийдвэрийг нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хүчингүй болгуулах нэхэмжлэлийг төрийн бус байгууллагаас Захиргааны хэргийн шүүхэд гаргадаг. Шүүх “төрийн бус байгууллагын өөрийнх нь ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бэ” гэдгийг тодруулан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тохиолдол бий.

Харин шинэ хуулиар хүрээлэн байгаа орчин, хүүхдийн  эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг нээсэн. Ингэж тодорхой хүрээгээр хязгаартай нээсэн нь Засгийн газрын төрийн хөтөлбөртэй уялдаж байгаагаас гадна хэтэрхий өргөн хүрээнд нээх нь шүүхийг улс төрийн ашиг сонирхлын талбар болохоос сэргийлэх, өнөөдрийн агшинд шүүхэд хийсвэр ачаалал нэмэхээс сэргийлсэн. Мэдээж цаашид ачаалал, нийгмийн хэрэгцээ шаардлага зэргийг харгалзан зарим хүрээнд нээхийг үгүйсгэхгүй.

-Урьдчилсан хэлэлцүүлэг гэсэн зүйл яриглаа. Зарим хуульчид үүнийг англи, америкийн эрх зүйд байдаг ойлголт нэвтэрсэн гэж тайлбарлаж байх шиг. Үүнийг тодруулж болох уу.

-Хуульд маргаж байгаа захиргааны акт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, шүүх хурлын тов тогтоох зэрэг асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх замаар шийдвэрлэнэ гэж тусгасан. Ер нь шүүгч бол асуудлыг өрөөндөө суугаад шийдвэрлэдэг захиргааны албан тушаалтан биш. Харин асуудлыг шийдвэрлэх “ухаалаг үндэслэл”-ийг олохын тулд маргалдагч талуудад асуудлыг харж байгаа өөр өөрийн өнцгийг тайлбарлах, бусад байр суурьд няцаалт хийх буюу мэтгэлцэх боломжийг олгох замаар итгэл үнэмшил төрүүлсэн үндэслэлээр шийдвэр гаргадаг албан тушаалтан. Тиймээс эхний ээлжинд зайлшгүй мэтгэлцээний үндсэн дээр шийдвэр гаргах шаардлагатай дээрх асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэр гаргаж байхаар хуульчилсан. Манай шүүхийн практикт зарим шүүгч хэрэгжүүлээд тогтсон учир хүндрэл учрахгүй, хэргийн оролцогч нарт өөрийн байр суурийг илэрхийлж, хамгаалах боломжийг олгосон маш таатай нөхцөл юм. Тиймээс англи, америкийн гэхээсээ амьдралаас урган гарсан зохицуулалт гэж харах нь зүйтэй байх.  

-Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцооны талаар шинэчилсэн зохицуулалт орсон уу?

-Мэдээж өмгөөлөгч бол үйлчлүүлэгчийн эрх, ашгийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог тул үйлчлүүлэгчтэй байгуулсан хэлцлээр оролцоо нь хязгаарлагдаж болно.

Өмнө нь өмгөөлөгчийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тодорхойлж ирсэн, манай одоо үйлчилж байгаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ганц өгүүлбэртэй заалтыг эс тооцвол эрх зүйн орчин нь бүрэн тодорхой гэж хэлэх боломжгүй юм. Тиймээс зарим шүүгч, өмгөөлөгчийн хооронд үл ойлголцох зүйл байсныг үгүйсгэхгүй. Иймээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч ямар эрх, үүрэгтэй оролцохыг шинэ процесс хуульд нарийвчлан суулгаж өгсөн.  

-Захиргааны шүүх цахим болон бичмэл баримтыг хэрхэн үнэлэх талаар шинэ зохицуулалт орсон уу?

-Нотлох баримтын тухай ойлголт, түүнийг цуглуулах, үнэлэх журам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас иш татсан зохицуулалттай байгааг мэдэх байх. Иргэний маргаан нь мэтгэлцэх зарчимд суурилдаг бол захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь үүний зэрэгцээ мөрдөн шалгах зарчимд суурилдаг. Иргэн, төрийн байгууллага буюу тэгш бус субьектын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд дан мэтгэлцэх зарчим хангалтгүй байдагтай холбоотой. Шинэ хуулиар энэ байдлыг засаж, зарим онцлогыг хуульчилсан.

Үүний зэрэгцээ “Цахим баримт”-ын талаарх ойлголт бусад процесс хуулиудаас түрүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд орж ирсэн. Цахим гарын үсэг, цахим мэдээлэл, цахим хэлбэрээр гарах аливаа баримт нь хэргийн оролцогчийн хувьд маргаангүй бол шүүх заавал бичгийн хэлбэрээр шаардах нь өөрөө учир дутагдалтай зүйл юм. Иймд, нотлох баримтын нотолгооны хэрэгсэлд “цахим баримт” гэсэн ойлголтыг оруулж өгснөөр шүүх цахим баримтыг цуглуулах, хэрэгт авах, үнэлэх эрх зүйн нөхцөл бүрдсэн. Нөгөө талаас цахим баримтыг эрх зүйн хувьд баталгаажуулсны дараагийн алхам нь “цахим хавтаст хэрэг”, “электрон шүүх хурал” гэсэн зүйл юм. Шүүх засаглал төсөв мөнгө, эдийн засгийн хувьд бэхжвэл бид технологийн тусламжтайгаар ямар ч цаасгүй шүүх хурлыг хэргийн оролцогчийн хаана байгаагаас үл хамааран хийх цаг удахгүй ирэх биз ээ.   

-Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гаргасны дараа биелэгдэхгүй байгаа явдал зөндөө байдаг. Шинэ хууль гарснаараа заавал биелэгдэх шинж чанар хэр хангагдсан бэ?

-Манайд  захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байх тохиолдол байсаар байна. Төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халж, бусдын газар эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгосныг нь шүүхээс тогтоогоод, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээчээд байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа алдуулдаг. Энэ бүхний эцэст иргэд, хуулийн этгээд хөрөнгө, мөнгө, цаг хугацаагаар хохирох асуудлыг арилгах зорилгоор шинэ хуулийг дагалдуулан Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд албадлагын арга хэмжээ хэрэглэх, сахилгын шийтгэл ногдуулах, хариуцлага хүлээлгэх зохицуулалтууд тусгагдсан.

Нөгөө талаас, шүүгч шийдвэр гаргаад орхих бус, гаргасан шийдвэр нь биелэгдэж байгаа эсэхэд хяналт тавих, биелэлтийг хангуулах арга хэмжээ авахаар заасан.

-Хяналтын шатанд ямар өөрчлөлт орсон бэ. Нийт шүүгчдийн хуралдаан хэвээрээ хадгалагдсан уу? 

-Хоёр гол өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, хяналтын шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх гомдол хэлэлцдэг тул энэ шаардлагыг хангаагүй гомдлыг шүүгч буцаах боломжтой болсон. Одоо үйлчилж байгаа хуульд энэ нь тодорхойгүй учир шүүгч нар дангаар хэлэлцэхээс татгалзсан захирамж гаргасны төлөө шүүгчийн ёс зүйн хороонд дуудагдах явдлаас болж гомдол бүрийг шүүх хуралдаанд оруулах хандлага байгаа. Мэдээж гомдлыг буцаасан захирамжид гомдол гаргах эрх нээсэн.

Хоёрдугаарт, Нийт шүүгчдийн хуралдааны оронд Ерөнхий шүүгч дээр нэмэх нь танхимын нийт шүүгч нэсэн хувилбарыг гаргаж ирсэн. Энэ нь Үндсэн хуулийн “Улсын дээд шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэх” тухай заалт болон “мэргэшсэн шүүхийн тогтолцоо”-той байх зарчимд нийцсэн хувилбар гэж үзэж байна. Өөр өөр чиглэлээр мэргэшсэн 25 шүүгч цуглаж, эрүү, иргэн, захиргааны дурын хэрэг хэлэлцэх нь гүнзгийрэн хөгжиж буй эрх зүйн хөгжилд төдийлөн нийцэхгүй болов уу.   

-Шинэ хууль батлагдан мөрдөгдөж байгаатай холбогдуулаад өмгөөлөгчдөд анхаарах зүйлийн талаар юу хэлэх вэ?

-Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог гол “тоглогч” тул хэргээ шийдвэрлүүлж байгаа иргэд, хуулийн этгээд, хэргийн оролцогч нарт нээсэн эрх зүйн таатай нөхцөл нь тэдний ажиллах талбарт шинэ боломжийг нээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Хэргээ түргэн шуурхай, хөндлөнгийн, хүнд суртал багатай, мэргэшсэн шүүхээр шийдвэрлүүлэх нөхцлийг хэн бүхэнд шинэ хууль олгож, эсрэгээр цаг хожих үүднээс хэргээ удаашруулдаг, шүүхийг өөр бусад зорилгоор хардаг хүмүүст таагүй эрх зүйн орчин бүрдсэн гэж хэлмээр байна даа. 

“Өмгөөлөгч” сэтгүүлийн 2016 оны №12 /71/ дугаарт нийтлэгдсэн.