БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Дээд шүүхийн дарга ноён Хү Ифен тэргүүтэй төлөөлөгчид Улсын Дээд шүүхийн урилгаар Монгол Улсад 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь ноён Хү Ифен тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч уулзлаа. Танхимын тэргүүн М.Батсуурь уулзалтын үеэр Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн талаар товч танилцуулж, бусад улс орнуудын, ялангуяа бүс нутгийн хөрш, хил залгаа орнуудын шүүхүүдтэй гадаад хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэхийг Монгол Улсын Дээд шүүх хөхиүлэн дэмждэгээ илэрхийлэв.
Мөн Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв болон тус газрын хэлтэс, албадын дарга нар ноён Хү Ифен тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа. Энэ үеэр Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн захиргааны байгууллагын чиг үүрэг, Улсын Дээд шүүхийн бүтэц, Тамгын газрын үйл ажиллагааны талаар танилцуулсан нь төлөөлөгчдийн анхаарлыг ихэд татсан юм. Айлчлалын төлөөлөгчид Монгол Улсад шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хэрхэн хангадаг, шүүгчийн орон тоо, цалин хөлс, шүүхийн төсөв, шүүгчид хариуцлага тооцох тогтолцоо, шүүхийн үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал, гэрч, хохирогчийг хэрхэн хамгаалдаг зэрэг асуудлуудын талаар сонирхон асууж, харилцан ярилцав.
Түүнчлэн Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Дээд шүүхэд Улсын Дээд шүүхийн захиргааны ажилтнуудыг мэргэжлийн сургалтад хамруулах, туршлага судлуулах тухай асуудлыг энэ үеэр хөндлөө. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Дээд шүүх энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд цаашид хоёр талын хамтын ажиллагаа бүхий л талаар улам өргөжин тэлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Дээд шүүхийн дарга, ноён Хү Ифен Монгол Улсын Дээд шүүхээс удирдлага, зохион байгуулалтын тал дээр суралцах зүйл их байна гэж үзэж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцана.