Улсын Дээд шүүх, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх

2015 оны 05 сарын 13 18686

Монгол Улсын Шүүхийн тухай хуулиас

17 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн бүрэн эрх

17.1.Улсын дээд шүүх нь давж заалдах шатны шүүхийн иргэн, эрүү, захиргааны хэргийн магадлалтай холбогдуулан гаргасан эрх зүйн маргааныг талуудын гомдол, Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ.

17.2.Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсгийн зарим хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

17.3.Улсын дээд шүүх энэ хуулийн 17.1-д заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.3.1.Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх;

/Энэ хэсгийн ...Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах... гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

17.3.2.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа  хууль санаачлагчид уламжлах;

           17.3.3. энэ хуулийн 15.2-т заасан танхимыг байгуулах;

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.3.4.хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;

17.3.5.энэ хуулийн 7.4-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах;

17.3.6.энэ хуулийн 7.4, 17.3.4-т заасан болон бусад хуульд заасан асуудлыг хуралдаанаар шийдвэрлэх;

/Энэ заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.3.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

 /Энэ заалтын дугаарт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн  бүрэн эрх

18.1.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч  нь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

            18.1.1.танхимын тэргүүний ажлыг удирдан зохицуулах;

18.1.2.хэргийн харьяаллын талаар шүүх болон танхим хооронд гарсан маргааныг шийдвэрлэх;

          18.1.3.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2-т  заасан бүрэн эрх;

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.2.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Улсын дээд шүүхийн шүүн таслах ажиллагаанд танхим харгалзахгүй оролцоно.