Тусгай шүүхүүд

2018 оны 06 сарын 28 10281

ЦЭРГИЙН ШҮҮХ

           1921 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Ардын түр Засгийн газар, МАХН-ын Төв Хорооны гишүүдийн хамтарсан анхдугаар хурлаас Засгийн газрын яам, газруудыг байгуулахдаа “Цэргийн яамны дэргэд Цэргийн шүүн таслах газар”-ыг байгуулахаар анх шийдвэрлэсэн байна.
           1928 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Засгийн газрын гишүүдийн 11 дүгээр хурал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 54 дүгээр хурлаар “Улаан цэргийн шүүн таслах газрын дүрэм”-ийг баталж, 1928 оны 7 дугаар сарын 25-нд Шүүх Яамны харьяанд байгуулсан Цэргийн шүүн таслах газрыг нэг жилийн дараа татан буулгаж, “Дээд шүүхийн Цэргийн коллеги”-г байгуулжээ. Энэ үед Цэргийн шүүн таслах дээд байгууллагыг “Цэргийн ерөнхий шүүх”, “Цэргийн Дээд шүүх” гэж ч нэрлэж байсан бөгөөд Цэргийн ерөнхий шүүхэд Ховд хязгаарын цэргийн шүүх, Зүүн хязгаарын цэргийн шүүх, нэгдүгээр морин /Улаанбаатар дахь/ дивизийн Цэргийн шүүхүүд харьяалагдан ажиллаж байв.
           Цэргийн шүүн таслах газар, Түр цагийн шүүн таслах газрыг тэр үед “Тусгай шүүх” гэж нэрлэж байжээ.
           Цэргийн шүүн таслах байгууллага нь цэргийн албан хаагчдын үйлдсэн эрүүгийн болон цэргийн албан хаагч оролцсон иргэний хэргийг шийдвэрлэж байв.
           1929 онд Түр цагийн шүүн таслах газар болон Цэргийн Ерөнхий шүүхийг татан буулгаж Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегид цэргийн ангиудад ажиллаж байсан дээрх 3 шүүх захирагдах болсон байна.
           1931 оны 6 дугаар сарын 9-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Дотоод явдлын яамны “Хил хязгаарыг батлан хамгаалах газрын цэргийн шүүх”-ийг шинээр байгуулж, энэ шүүхийг цэргийн шүүхийн нэгэн адил эрхтэйгээр дарга, хоёр гишүүн, нарийн бичгийн даргын орон тоогоор ажиллуулах болж, шүүхийн даргаар Х.Цэдэн-Ишийг, гишүүдээр нь Тусгай хорооны комиссар Б.Самбуу, Хил хязгаарын Дорлиг нарыг тус тус томилж байжээ.
           Цэргийн коллегийг БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1954 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаар зарлигаар татан буулгаж, 1971 онд дахин байгуулжээ.
           Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн даргаар 1971 онд хошууч генерал Ч.Нансалжав, 1974 онд хурандаа Лувсаншарав, 1985 онд хурандаа Цэрэн-Очир, 1988 онд хурандаа Ц.Цолмон томилогдож 1993 он хүртэл ажилласан байна.
           Цэргийн анхан шатны шүүхийн дарга, гишүүдийг Цэргийн зөвлөлөөс томилж, Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн дарга баталж байсан байна.
           Цэргийн шүүхийн бүхий л үйл ажиллагаанд БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллеги хяналт тавих бөгөөд Дээд шүүхийн Цэргийн коллеги нь:
                      а/ Төрийн эсрэг гэмт хэрэг;
                      б/ БНМАУ-ын Батлан хамгаалах яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам, тэдгээрийн харьяа байгууллагын газар, хэлтэс, хорооны дарга, тэдгээртэй адилтгах буюу дээд албан тушаалтан;
                      в/ Хурандаа, түүнээс дээш цол бүхий цэргийн албан хаагчдаас үйлдсэн гэмт хэрэг;
                      г/ Онц чухал гэж үзсэн эрүүгийн хэргийг Дээд шүүхийн дарга буюу прокурорын санаачилгаар анхан шатны журмаар хэлэлцэн, давах эрхгүйгээр хэлэлцэн шийдвэрлэдэг байсан. Харин анхан шатны Цэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлоор 1954 он хүртэл хянан хэлэлцдэг байсан бөгөөд 1954 оноос Дээд шүүхийн эрүүгийн коллеги хэлэлцдэг болжээ.
           1940 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлд “Цэргийн тусгай шүүхийг Цэргийн анги, цэрэгжүүлсэн албан газрын дэргэд байгуулна, тусгай шүүн таслах газрын дарга, гишүүдийг Улсын Бага хурлаас 4 жилийн хугацаатайгаар сонгоно” гэж БНМАУ-ын шүүхийн системд оруулан хуульчилсны дагуу 1949 оны 8 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан БНМАУ-ын Шүүхийн зохион байгуулалтын тухай хуулийн 30, 31, 32, 33 дугаар зүйлд Цэргийн шүүхийг хаана байгуулах, цэргийн шүүхийн дарга, гишүүд, ардын төлөөлөгчийг БНМАУ-ын Ардын Их Хурлаас 4 жилийн хугацаагаар сонгох, цэргийн гэмт хэргийг ... цэргийн шүүхийн дарга буюу гишүүдийн нэгээр даргалуулж, ардын 2 төлөөлөгчийг /таслах эрхтэйгээр/ оролцуулан шийдвэрлэхийг зааж өгсөн байна. Энэ заалтууд 1960 оны Үндсэн хуульд ч хуульчлагджээ.
           1965 онд Цэргийн тусгай шүүхүүдийг өөрчлөн “Ардын армийн тусгай шүүх” болгож, Ардын армийн тусгай шүүхийн даргаар О.Цуучил, Б.Пүрэв, Д.Довдон, Г.Загд, Ц.Цолмон нар, Ардын армийн Улиастай гарнизоны шүүхийн даргаар Г.Даяндорж, М.Лувсандаш, А.Чимэдцогзол, Н.Володя нар томилогдон ажиллаж байжээ.
           1972 оны 5 дугаар сарын 8-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 92 дугаар зарлигаар “Хязгаарын ба дотоодын цэргийн тусгай шүүх”-ийг шинээр байгуулж, Хязгаарын ба дотоодын цэргийн тусгай шүүхийн даргаар Г.Бяраадамба, Ө.Пүрэв нар томилогдон ажиллаж байсан байна.
           1978 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 302 дугаар зарлигаар “БНМАУ-ын Цэргийн шүүхийн дүрэм”-ийг баталж мөрдүүлсэн байх бөгөөд энэ дүрэмд “Цэргийн шүүх социалист шүүн таслах эрхийг хэрэгжүүлж, БНМАУ-ын аюулгүй байдал, зэвсэгт хүчний байлдааны чадвар, цэргийн сахилга, цэргийн алба хаах талаар тогтоосон журмын эсрэг халдсан аливаа үйлдэлтэй тэмцэх зорилготой” болохыг тодорхойлж цэргийн коллеги, цэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэх хэргийн харьяаллыг, мөн цэргийн анхан шатны шүүхийн ажиллах нөхцөлийг БНМАУ-ын Батлан хамгаалах яам болон БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хариуцах, шаардлагатай гэж үзвэл БНМАУ-ын Зэвсэгт хүчний гарнизон, Цэргийн анги, нэгтгэлд цэргийн шүүх байгуулж болохыг тогтоож өгсөн байна.
Энэ дүрмээр Цэргийн шүүхийн шүүн таслах ажиллагааны мөрдөх журам /процесс/-ыг ч тогтоож өгчээ.
           1979 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар “Барилгын цэргийн тусгай шүүх”-ийг байгуулж, Барилгын цэргийн тусгай шүүхийн даргаар Э.Гомбожав, С.Цэдэндамба нар томилогдон ажиллаж байсан байна.
           1988 онд “Цэргийн хуулийн байгууллагын зохион байгуулалтыг өөрчлөх тухай” МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны 5 дугаар тогтоол, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 6 дугаар зарлиг гарч, Хязгаарын ба дотоодын цэргийн тусгай шүүх, Ардын армийн тусгай шүүх, Барилгын цэргийн тусгай шүүхийг нэгтгэн “Бүх цэргийн тусгай шүүх”-ийг давж заалдах шатны шүүхийн эрхтэйгээр байгуулж, Улаанбаатар, Зүүнбаян, Эрдэнэт гарнизон болон Дорнод, Ховд, Өмнөговь, Өвөрхангай аймаг дахь цэргийн ангийг түшиглэн, анхан шатны шүүхийн эрхтэй цэргийн тусгай шүүхийг шинээр зохион байгуулан ажиллуулжээ.
           Бүх цэргийн тусгай шүүхийн анхны даргаар М.Дамирансүрэн, Бүх цэргийн тусгай шүүхийн харьяа Улаанбаатар гарнизоны тусгай шүүхийн даргаар Ө.Пүрэв, Ц.Цэрэнжээ нар, Зүүнбаян гарнизоны тусгай шүүхийн даргаар П.Цэдэн, Н.Мандах, Ц.Дарьбат, Н.Володя, Г.Ганзориг, Б.Энхтайван нар, Эрдэнэт гарнизоны тусгай шүүхийн даргаар Г.Цэрэннадмид, Дорнод аймаг дахь цэргийн тусгай шүүхийн даргаар Д.Ганбат, Ховд аймаг дахь цэргийн шүүхийн даргаар Ц.Ганбат, Д.Тайванхүү, Өмнөговь аймаг дахь цэргийн шүүхийн даргаар Ц.Дарьбат, Ч.Ганболд, Өвөрхангай аймаг дахь цэргийн шүүхийн даргаар Д.Хуяг нар тус тус томилогдон ажиллаж байсан байна.
           1993 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Монгол Улсын цэргийн байгууллагын орон тоо, зохион байгуулалтанд өөрчлөлт орсонтой холбогдуулж, 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх байгуулах тухай хууль, 1993 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Монгол улсын Их Хурлын 60 дугаар тогтоолоор Бүх цэргийн тусгай шүүх, анхан шатны цэргийн тусгай шүүхийг татан буулгаж, Цэргийн шүүхүүдийн хэрэглэж байсан эд хөрөнгө, 1993 оны төсвийн үлдэгдлийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн мэдэлд шилжүүлж, Цэргийн шүүхийн гүйцэтгэж байсан шүүн таслах үйл ажиллагааг Монгол Улсын /ардын/ шүүх цэргийн албан хаагчдыг нутаг дэвсгэрээр харьяалан гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.


Гавьяат хуульч Мөнхнасангийн Дамирансүрэн

1988 онд Бүх цэргийн тусгай шүүхийн анхны даргаар томилогдон ажиллажээ. Мөнхнасангийн Дамирансүрэн 1944 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн, 1964 онд Багшийн сургууль, 1979 онд Монгол Улсын Их сургуулийг төгссөн, багш, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой.
1964-1967 онд Ховд аймгийн Цэцэг, Булган суманд багш, 1967-1969 онд Ховд аймгийн Булган сумын Ардын Депутатын Хурлын гүйцэтгэх захиргаанд нарийн бичгийн дарга, 1969-1974 онд Ховд аймгийн прокурорт ерөнхий хяналт эрхэлсэн туслах прокурор, аймгийн прокурорын орлогч, 1975 онд Төмөр замын прокурорын чухал хэргийн мөрдөн байцаагч, 1979-1985 онд Батлан хамгаалах яамны хуулийн зөвлөх, Ерөнхий хэлтсийн орлогч, шалгах тасгийн дарга, 1985-1988 онд Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн гишүүн, 1988-1993 онд Бүх цэргийн тусгай шүүхийн дарга, 1993 оны 6 дугаар сараас Улсын Дээд шүүхийн шүүгчээр дахин томилогдон 2005 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээс чөлөөлөгдсөн, 2005 оны 11 дүгээр сараас Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар томилогдон ажилласан, 2007 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн Ажлын албаны даргаар одоог хүртэл ажиллаж байна.
М.Дамирансүрэн улсад 47 жил ажилласнаас хуульч мэргэжлээрээ 42 жил, шүүгчээр 20 жил, үүнээс 15 жил Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажилласан байна.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр 1993 онд сонгогдсоноос хойш 3 дахь удаагаа улиран сонгогдож 9 жил, Шүүхийн сахилгын хорооны даргаар томилогдон 3 жил ажиллаж байсан.
Одоо Монголын шүүгчдийн холбооны гүйцэтгэх захирлын сонгуульт ажилд 9 дэх жилдээ ажиллаж байна.
Ажилласан хугацаанд 1975 онд Засгийн газрын “Хүндэт жуух” бичиг, 1971, 1981, 1991, 2001, 2011 онд Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн, Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Чингис хааны алдрын одон, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, 2013 онд “Гавъяат хуульч” цолоор, мөн Дээд шүүхийн, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн, Прокурорын, “Батлан хамгаалах яамны Хүндэт тэмдэг”, “Шүүхийн тэргүүний ажилтан”, “Төрийн албаны тэргүүний ажилтан”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Цэргийн хурандаа” цолоор тус тус шагнагдаж байсан байна.

Бүх цэргийн тусгай шүүхийн нийт бие бүрэлдэхүүн, үндсэндээ эрчүүд байсан, тухайлбал шүүгч нарын нэгээс бусад нь, тогтоол гүйцэтгэгч Ч.Баттөмөр, Н.Дүгэрсүрэн, Р.Нацагдорж, Г.Дашдондог, Л.Батцэнд, Н.Базаррагчаа, А.Хуандага, өмгөөлөгч Ч.Бярзана, Л.Нямсүрэн нар нь бүгдээрээ эрчүүд.
Манай шүүхийнхан цэргийн албан хаагчдын үйлдсэн хэргийг хэрэг гарсан газар дээр нь, хамт олны өмнө шийдвэрлэх, цэргийн албан хаагчдад хууль сурталчлах, шүүхийн шийдвэрийг шуурхай биелүүлэх ... талаар үнэхээр шуурхай ажилладаг, гялалзсан хамт олон байж билээ.
Тэр ч бүү хэл ажил нь багадаад байгаа юм шиг “Цэргийн албан хаагчдын оролцсон иргэний бүх хэргийг цэргийн шүүх шийдвэрлэх боломж байна, шийдвэрлэе.” гэсэн санал гаргаж Дээд шүүхэд хандсан боловч “ажлын ачаалал, гарах зардал ихсэнэ...” гэх үндэслэлээр саналыг хүлээж аваагүй буцааж билээ. Тэр үед цэргийн шүүх, цэргийн прокурорын байгууллагын ажиллах бүх нөхцлийг Батлан хамгаалах яам хуулиар хариуцаж байсан бөгөөд тухайн үед шүүх юугаар ч дутагдахгүй хангамж, ажиллах нөхцөлтэй байсан.
Батлан хамгаалах яамны болон цэргийн анги, байгууллагын удирдлага шүүх, прокурорын ажлыг маш сайн дэмждэг байсныг дурсан санахад сайхан байна.
 Монгол Улсад орчин үеийн шүүх байгуулагдсаны 105, Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан нэгэн цаг үед гар нийлэн хамтран ажиллаж байсан бүх цэргийн шүүхийн нийт бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд нь баярын мэнд хүргэж, аз жаргал сайн сайхныг хүсье.

Зураг дээр: Бүх цэргийн тусгай шүүхийн шүүгч нар Монгол Улсын Дээд шүүхийн удирдлагуудтай хамт
Урд эгнээ, зүүн гараас: Дээд шүүхийн шүүгч Ч.Ганбат, Г.Ганзориг, Цэргийн коллегийн дарга Ц.Цолмон, Дээд шүүхийн орлогч, иргэний коллегийн дарга Н.Чинбат, Дээд шүүхийн дарга Ц.Дэмбэрэлцэрэн, Дээд шүүхийн орлогч, эрүүгийн коллегийн дарга С.Цэрэндорж, Бүх цэргийн тусгай шүүхийн дарга М.Дамирансүрэн, шүүгч Ч.Сануйдагва, Ч.Ганболд,
Ар /дунд/ эгнээ: шүүгч С.Жадамба, А.Чимэдцогзол, Д.Тайванхүү, Г.Цэрэннадмид, З.Цэнгэнбаяр, Л.Даваасүрэн, Г.Донид, Б.Идэрчулуун, Б.Дашцэрэв, Н.Володя,
Арын эгнээ: шүүгч Ц.Дарьбат, Д.Чулуунхүү, Ц.Цэрэнжээ, С.Баасансүх, Ө.Пүрэв, С.Цэдэндамба, Э.Энхтайван, Д.Хуяг нар 1991 он

Зураг дээр Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Ш.Жадамбаа Бүх цэргийн тусгай шүүхийн шүүгч, шийдвэр гүйцэтгэгч, өмгөөлөгч нарыг хүлээж авсны дараа-1992 он

 

Гавьяат хуульч Атангийн Чимэдцогзол

Архангай аймгийн Чулуут сумын харьяат. Архангай аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, Хууль цаазын дунд сургууль, Монгол Улсын Их Сургуулийн хуулийн анги төгссөн.
1970 оны 7 дугаар сараас 1976 оны 10 дугаар сар хүртэл Өвөрхангай аймгийн шүүхийн гишүүн бөгөөд нүүдлийн болон хэсгийн шүүхийн шүүгчээр;
1976 оны 10 дугаар сараас 1981 онд Ардын армийн тусгай шүүхийн бичиг хэргийн эрхлэгч, нарийн бичгийн даргаар;
1981 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сар хүртэл Ардын армийн тусгай шүүхийн гишүүн;
1988 оны 2 дугаар сараас 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүртэл Бүх цэргийн тусгай шүүхийн гишүүн;
1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Нийслэлийн шүүхийн шүүгч;
2007 оны 10 дугаар сараас 2010 оны 8 дугаар сар хүртэл мөн шүүхэд мэргэжилтнээр тус тус ажилласан.
Монгол Улсын шүүхийн шүүгчийн дэд түшээ зэрэг дэвтэй. Төрийн захиргаа, олон нийтийн төв байгууллагын дээд шагнал Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны /хуучнаар/ “Залуу үеийг хүмүүжүүлэгч” тэргүүний ажилтан, Батлан хамгаалах яамны “Хүндэт тэмдэг”, Хууль зүйн албаны болон Монгол Улсын шүүхийн тэргүүний ажилтан тэмдгээр, байлдааны болон ойн медалиуд, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 145 дугаар зарлигаар Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнагдсан.
    Орчин үеийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн баярыг тохиолдуулан цэргийн шүүхийнхээ хамт олонд баярын мэнд хүргэхийн хамт “Гавьяат хуульч” цол шагнадсан нь та нарын минь дэмжлэг их байсан шүү гэж үргэлж баярлаж явдагаа илэрхийлье.


Хурандаа Өлзийбатын Пүрэв

Ө.Пүрэв 1933 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн. 1961 онд Хууль цаазны дунд сургууль, 1971 онд Зөвлөлт Холбоот улсын Эрхүү хот дахь хуулийн их сургууль төгссөн, хууль мэргэжилтэй.
1955 онд Увс аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга, 1956 онд Увс аймагт сум дундын шүүхийн дарга, 1961 онд Улсын Дээд шүүхэд зааварлагч, 1962 онд Увс аймгийн шүүхийн дарга, 1971 онд Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн гишүүн, 1981 онд Хилийн ба дотоодын цэргийн тусгай шүүхийн дарга, 1988 онд Улаанбаатар гарнизоны шүүхийн даргаар тус тус томилогдон 1992 он хүртэл ажиллажээ. Ө.Пүрэв 1992 онд гавьяаныхаа амралтанд сууж, улмаар Дээд шүүхийн ахмадын зөвлөлийн даргаар 15 жил ажилласан байна.
Одоо Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн-өмгөөлөгчөөр ажиллаж байна.
Шүүхийн байгууллагад 30 гаруй жил ажиллах хугацаандаа Улсын Дээд шүүх, Нийгмийг аюулаас хамгаалах яам, Батлан хамгаалах яамны “Хүндэт тэмдэг”, Шүүхийн тэргүүний ажилтан, Онц хилчин цол тэмдэг, Байлдааны медаль, цэргийн хурандаа цол, цэргийн гавьяаны одон болон ойн медалиудаар шагнагдаж байжээ.
Хурандаа Ө.Пүрэв нь Монголын бүх шатны шүүхэд ажиллахдаа хамт олныхоо итгэлийг хүлээсэн, ямагт ажлын төлөө ... хоёргүй сэтгэлээр бие, сэтгэлээ зориулан шударга ажиллаж яваа Монголын шүүхийн тэргүүний ахмад ажилтны нэг юм.
Хурандаа Ө.Пүрэв: “...1971 онд Улсын Дээд шүүхэд Цэргийн коллегийг, 1972 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяанд хязгаарын ба дотоодын цэргийн тусгай шүүхийг сэргээн байгуулж, цэрэг армиас бусад аюулаас хамгаалах, цагдаа, хилийн ба дотоодын цэрэг, засан хүмүүжүүлэх байгууллага, онцгой байдлын газар гэх мэт төрийн тусгай албаны цэрэгжүүлсэн байгууллагуудыг харьяалж ажиллахаар болсон билээ. 1981 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Хязгаарын ба дотоодын цэргийн тусгай шүүхийн даргаар миний бие Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар томилогдож байх үед тус шүүхийг өргөтгөн зохион байгуулж, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн цэргийн албан хаагчдыг хариуцсан салбар шүүхийг Дорнод аймагт, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн цэргийн албан хаагчдыг хариуцсан салбар шүүхийг Дорноговь аймгийн Улаан уул дахь хилийн цэргийн анги, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн цэргийн албан хаагчдыг хариуцсан салбар шүүхийг Ховд аймгийн Булган сум дахь цэргийн ангийг тус тус түшиглэн байгуулж, эрүү, иргэний хэрэг маргааныг шийдвэрлэж байлаа. Дараа нь 1988 онд хилийн цэргийн шүүх, ардын армийн шүүх, барилгын цэргийн шүүхийг нэгтгэж Бүх цэргийн тусгай шүүх байгуулагдсан...” гэж хуучлан ярьж байна.

 



ТӨМӨР ЗАМЫН ШҮҮХ

           БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн “БНМАУ-ын Шүүхийн зохион байгуулалтын тухай” 1958 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 180 дугаар зарлигт: “1940 оны Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлд заасан ёсоор тусгай шүүх /цэргийн шүүх, Төмөр замын шугамын шүүх/ зэрэг ажиллана. Төмөр замын шугамын шүүх нь төмөр замын ажиллагаатай холбогдсон хэрэг, төмөр замын ажилчин, албан хаагчдаас өдүүлсэн эрүү, иргэний хэргийг таслан шийдвэрлэнэ гэж заасан.
           Түүнчлэн /1960 оны/ “БНМАУ-ын Үндсэн хууль” -ийн 63 дугаар зүйлд “БНМАУ-ын шүүн таслан ажлыг БНМАУ-ын Дээд шүүх, аймаг, хотын шүүх, тусгай шүүх, мөн ардын хэсгийн шүүхүүд гүйцэтгэнэ” гэж заасныг үндэслэн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 25 дугаар зарлигаар “Төмөр замын шүүх”-ийг байгуулж, Б.Зэнэмядарыг даргаар томилон ажиллуулжээ.
           Төмөр замын шүүх нь дарга, орлогч дарга, гишүүд болон ардын төлөөлөгчид гэсэн бүрэлдэхүүнтэй байв.
           Тусгай шүүхийн дарга, орлогч дарга, гишүүдийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс 4 жилийн хугацаагаар сонгодог байсан бөгөөд шүүхийн дарга Б.Зэнэмядар, гишүүдэд Д.Ухнаа, Р.Раапил, Ж.Цэрэндолгор, нарийн бичиг Баттөмөр, Охиноо, шүүхийн тогтоол гүйцэтгэгч Балдорж, Ц.Отгоннэргүй, Хандсүрэн нар анх ажиллаж байсан байна.
           Ардын төлөөлөгчдийг нь төмөр замын байгууллагын ажилчин, албан хаагчдын хурлаас 4 жилийн хугацаагаар ил сонгодог байв. Төмөр замын шүүх нь БНМАУ-ын Үндсэн хууль, Шүүхийн байгууламжийн хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн эрхээр хэрэг хэлэлцэхдээ шүүхийн дарга буюу гишүүн, мөн ардын 2 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцдэг байв.
           Төмөр замын тусгай шүүх нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос Дархан, Улаанбаатар, Чойр, Дорноговь, мөн аймгийн Замын-Үүд сум хүртлэх буюу Монгол орны хойд хилээс урд хил хүртлэх төмөр замын бүх өртөө зөрлөгт гарсан эрүү, иргэний хэргийг таслан шийдвэрлэдэг байсан ба ЗХУ-БНМАУ-БНХАУ-ын төмөр замаар тээвэрлэсэн олон улсын ачаа тээвэрлэлтээс үүдэн гарсан ачаа дутсан, гэмтсэн, чанараа алдсан, солигдсон маргаан бүхий хэргийг Олон Улсын Төмөр замын ачаа тээврийн дүрмийн дагуу хянан шийдвэрлэдэг онцлогтой шүүх байсан юм. Харин Дорнод аймгийн төвөөс ОХУ руу гардаг Төмөр замтай холбоотой хэрэг асуудлыг харьяалан шийдвэрлэдэггүй байсан нь газар зүйн байршил, зардал чирэгдэлтэй холбоотой байсан бизээ.
           Шүүхийн хамт олноос ахмад шүүгч Р.Раапил ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан 1979 онд, “БНМАУ-ын Гавъяат хуульч цол”-оор шагнуулсан байна.
           Тус шүүхийг Монгол Улсын Ардын Их Хурлын 1993 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаар тогтоолоор татан буулгаж, Улаанбаатар төмөр замын шүүхэд хянагдаж байгаа хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Монгол улсын /ардын/ шүүхэд шилжүүлсэн байна.
           Ийнхүү Цэргийн шүүх, Төмөр замын шүүхийг Монгол Улсын шүүхийн системд “Тусгай шүүх” хэмээн нэрлэж, бүхий л үйл ажиллагааг нь тусгайлсан хууль тогтоомжоор зохицуулагдаж байжээ.

Балдангийн Зэнэмядар нь Төмөр замын шүүхийн анхны даргаар 1975 онд томилогдон ажиллажээ

 Б.Зэнэмядар нь 1934 онд Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт байрлах Бага газрын чулуу гэх байгалийн үзэсгэлэнт газрын нөмөрт буйдхан нэгэн өвөлжөөнд есөн хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь хүүхэд нь болон төрж дэлхийн нэмэгдэхүүн болсон гэнэ.
1955 онд ахлах сургуулиа төгсөөд бага сургуулийн багш, МХЗЭ-ийн ажилтан, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны зааварлагч зэрэг ажлыг хийж байсан. 1967 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр суралцаж төгсөөд, 1967-1974 онд Дундговь аймгийн шүүхийн даргаар ажиллаж, 1976 онд Намын дээд сургууль төгсжээ.
1975-1993 онд Улаанбаатар Төмөр замын тусгай шүүхийн анхны даргаар томилогдон ажиллаж байсан. 1993 оноос хойш Дундговь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж тухайн үеийн өндөр боловсролтой сэхээтнүүдийн нэг явсаар нийтдээ гуч шахам жил удирдах алба хашиж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэрээр ажиллах хугацаандаа 1988 онд “Алтан гадас одон”, 1995 онд Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор хоёр удаа шагнагдаж явсан нь түүний ажил хөдөлмөрийн үнэлгээ буйзаа.
Ширүүн төрхтэй боловч дотоод сэтгэл нь дэндүү зөөлөн хүн байсныг хамт олон нь ярьдаг. Дөнгөж төгсөж ирсэн залуу шүүгчдийнхээ амьдралыг илүүтэй ойлгож, өөрийн хүүхдүүтэйгээ зүйрлэж боддог тийм уужуу ухаантай, уян зөөлөн сэтгэлтэй удирдагч байсан. Б.Зэнэмядарын шударга шулуун зантай, ноён нуруутай, уул шиг нөмөртэй хүн байсан гэж үеийн үед хамт ажиллаж байсан нөхөд нь одоо ч дурсан ярьсаар байна.

 

Төмөр замын шүүхийн дарга Б.Зэнэмядар шүүгч, хамт олны хамт 1974 он

Төмөр замын шүүхийн шүүгч Рэнцэнхорол, гавьяат хуульч Б.Раапил, шүүгч Ж.Цэрэндолгор нар 1978 он

 

Дурсамж
Шүүгчээр анх ажиллаж байснаа дурсахад сайхан байна

 Тугчин овогт Жамбалын Цэрэндолгор миний бие 1974 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн факультет төгсөөд Улаанбаатар хотын шүүхэд зааварлагч, Улсын Дээд шүүхэд нарийн бичгийн дарга хийж байтал 1975 онд “Улаанбаатар төмөр замын тусгай шүүх” байгуулагдахад шүүгчээр ажиллах анхны завшаан олдсон билээ.
Төмөр замын тусгай шүүхийн дарга Б.Зэнэмядар, шүүгчээр Раапил, Ухнаа, Рэнцэнхорол, Цэрэндолгор гэсэн 4 шүүгчтэй, нарийн бичгийн дарга Баттөмөр, даргын нарийн бичиг Охиноо, бичээч Алимаа, шүүхийн тогтоол гүйцэтгэгчийн ахлагч, нягтлан бодогчоор Хандсүрэн, тогтоол гүйцэтгэгчээр Балдорж, Ганболд, Отгоннэргүй, бичиг хүргэгчээр Буднаа гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа.
Манай шүүх, Улаанбаатар төмөр замын зураг төслийн албаны байранд доод давхарт 3 өрөө, 2 дугаар давхарт 1 өрөөнд шийдвэр гүйцэтгэгч нар суудаг байв. Одоо энэ байранд Тээврийн прокурорын газар ажиллаж байгаа.
Манай шүүх, Төмөр замын ажилчин албан хаагчдад холбогдох эрүү, иргэний хэрэг, зөрчил маргааныг шийдвэрлэдэг, шүүгчид тогтоол гүйцэтгэгчид хойд, урд хил хүртэл нүүдэллэн ажилладаг байв. Шүүн таслах ажиллагаанд ардын төлөөлөгчдийг Замын-Үүд зангилаа, Сайншанд зангилаа, Чойр зангилаа, Зүүн хараа, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар зангилаадад сонгосон байдаг бөгөөд шүүгчид тэндээс нь шүүх хуралд төлөөлөгчөө оролцуулан асуудлыг шийддэг. Зангилаа бүрт цагдаагийн хэсэгтэй, хорих ял шийтгүүлсэн хүнийг хот руу хүргэж өгдөг байв. Зангилаа бүрт олон нийтийн шүүхтэй, Эрүүгийн хэрэгт олон нийтийн өмгөөлөгч, олон нийтийн яллагч оролцуулах зорилт тавьдаг байлаа. Шүүх хурлыг хэрэг гарсан зангилаан дээр нь хамт олныг оролцуулж хийдэг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа, танилцуулга хийх, шүүхийн тайлан тавих гэх мэт ажлыг хийж гүйцэтгэдэг байлаа.
Манай шүүхийн дарга Зэнэмядар нилээн шаардлага тавьдаг хүн байсан, энэ нь ч надад их зүйл сургасан. Эргээд дурсахад Жаахнаа гэдэг залуу цагдан хоригдож хэргээ таслуулахаар ирэхдээ нэг гар нь хугархай дээш нь гозойлгоод шохойдчихсон харахад их өрөвдөлтэй байсан юм. Тэр урд нь шийтгүүлж байсан тэр зүйл ангиараа дахин шийтгүүлэхээр ирсэн юм. Би тэр хүнд 6 жилийн хорих ял чанга дэглэмд өгчихөөд 2 хүний батлан даалтанд өгчихөв. Тэр шүүх дээр ирж бүртгүүлэхгүй 10 хоног алга боллоо. Зэнээ дарга шуурхай бүр дээр хэрэг шийдвэрлэсэн мэдээ авдаг байсан юм. Дарга намайг чанга дэглэмд ял оноочихоод гадуур гаргаад явуулчихдаг, тэр хүнээ олж шоронд нь хүргэж өг гэлээ. Батлан даагчийг хаягаар нь хайж олоход нэг даагч нь “би тэр хүнийг танихгүй, шүүх дээр явж байтал надаас гуйгаад байхаар нь даалт бичсэн гэдэг байгаа. Нөгөө нэг даагч нь урьдчилан хорихын хянагч байсан тул түүнтэй ярьж гэр орных нь хаяг Батсүмбэрийн сангийн аж ахуйн Алаг үнээний фермд байдаг гэжээ. Батлан даагч хянагч Нямсүрэнтэй яриад хамт явж хүнээ олох болов. Тэр үед цас нилээн орсон хүйтэн байсан юм. Бид хоёр вагонд сууж 335 дугаар зөрлөг дээр буугаад замын машин хайж арай гэж машин олоод Алаг үнээний гэх фермд очоод бригадын даргыг сураглаж олоод Жаахнаагийнх хаана байдгийг асуухад та хоёр гэрийнх нь хажууд машинаас бууж байна лээ шүү дээ гэв. Ядахдаа Нямсүрэн хянагчийнхаа хувцастай явж байсан болохоор нөгөө хүн маань таниад зугтаасан бололтой гэртээ байсангүй, хүнээс асуухад саяхан энд явж байсан гэсэн бөгөөд бригадын даргыг хүмүүсээ цуглуулаад үнээний фермийг самнаж хайсан боловч олдсонгүй. Гадаа цагаан гэгээтэй байсан бөгөөд бид хоёр хот руу явах машины кабинд суугаад яваад доошоо хошуу ороогоод буугаад явган алхаж бригадын даргынд байж байгаад шөнө хүн дагуулж Жаахнаагийн хаалга цохиход тайлж өгөхгүй удаад чагнахад хөндий юм түн түн гээд дуугарч байсан юм. Гэрт нь ороход ээж нь жижиг хүүхдийг нь өвөрлөөд, эхнэр нь ганцаар орон дээрээ, урд талаасаа онгойдог авдрынх нь урд ширээн дээр баахан хувцас хунар овоолчихсон байх бөгөөд орон доогуур нь энд тэнд үзэхэд байсангүй. Би түүнийг авдрандаа орсон гэж бодоод Нямсүрэнд авдар онгойлго гэж дохив. Тэр хөдөлсөнгүй тул би өөрөө онгойлгоход авдран дотроо турсиктэйгээ айсан мэт сууж байсанд маш их цочирдож бараг дуу гарахгүй шахам болчихсонд дэмий л чи ямар итгэл даадаггүй хүн бэ хувцсаа өмс явья гэв. Тэр дуугарсангүй дотуур хувцсаа өмсчихөөд суугаад байхаар хамт орж ирсэн хүний нэгийг сур аваад ир, хүлээд аваад явна гэхэд гарч яваад сур авч ирсэн. Тэгээд нөгөө хүмүүсээ гэрт орхиод бригадын даргатай цуг машинтай айлын хаалга цохиж унаа хайж байж нэг сүүний тэрэгний жолооч явж өгөхөөр болов. Жаахнаагийн гэрт ороод сайн дураар явахгүй бол хүлнэ гэхэд дургүйцэж хүлүүлэлгүй явахаар болж сүүний машины кабинд дундаа суулгаж, 335 дугаар точигт хүргүүлээд, вагон хүлээж вагон ирэхэд цагдаад нь хэлж харуулав. Гэтэл бие засна гэж орчихоод гарч ирэхгүй байхаар гаднаас нь түлхүүрдэж онгойлгоход цонхыг нилээн доош болгочихсон байж билээ.
Шүүгч Ухнаа, Раапил нараас их үлгэр дууриал авч шүүгч болсондоо. Би урд өмнө шүүгчийн ажил хийж байгаагүй болохоор туршлага дутмаг байж дээ. Шүүгч болоод удаагүй байтал дарга маань надад хүчингийн хэрэг шийдүүлэхээр хуваарилсан байлаа. Шүүх хурал дээр шүүгдэгчийнхээ нүүр лүү харж олигтой асуулт тавьж чадахгүй бараг л доошоо харсаар байгаад тогтоолоо уншснаа мартдаггүй юм.Шүүгч Ухнаа, Раапил гуай хоёрын тогтоолыг дандаа уншиж суралцдаг байсан юм. Нэг өдөр Ухнаа гуайн өрөөнд орсон чинь их бухимдуу байдалтай “ээ цусаар урс ээ цусаар урс” гээд л хогийн сав ухаж байна, яасан бэ гэхэд шийтгэх тогтоолоо ноорог гэж андуураад ураад хаячихснаа түүж байж билээ. Хамтдаа Төмөр замын шүүхийг байгуулалцаж байсан Раапил гуай маань гавьяат хуульч болсон. Одоогоос 41 жилийн өмнө шинэ шүүх байгуулагдаж бид хамтаа ажиллаж байснаа дурсахад дарга байсан Зэнэмядар, шүүгч Ухнаа, Раапил, тогтоол гүйцэтгэгч Ганболд, бичиг хүргэгч Буднаа нар маань тэнгэрт хальжээ хөөрхий дөө.
Миний бие 1981 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжин, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд шүүгч шүүхийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч хуулийн зөвлөх, өмгөөлөгчөөр ажиллаж байна даа. Төмөр замын тусгай шүүхэд хамт ажиллаж байсан хүмүүс, ардын төлөөлөгчөөр ажиллаж байсан хүмүүс, Төмөр замын Прокурор, Төмөр замын Цагдаагийн хэлтэст нэгэн зорилготой ажиллаж байсан мэргэжил нэгтэй хүмүүстээ ажлын амжилт сайхан, урт насалж удаан жаргахын ерөөлийг дэвшүүлье.