- 1206 оны Улаан Барс жил их эзэн Чингис хаан “Их засаг” хуулийг мутарлан улмаар бичгийн их хүн Шихихутагт улсын их заргач цол хэргэм хүртээн, шүүх цаазны хэргийг эрхлүүлжээ.
- Эрт дээр үеэс Монгол Улсад “Их засаг”, “Халх журам” зэрэг олон арван хууль үйлчилж байсан бөгөөд тухайн үеийн шүүхийн үйл ажиллагааг тод харуулсан “Халх журам” хууль нь Улсын төв номын санд гар бичмэл эх хувиараа хадгалагдаж байна. Энэ хуулийн дагуу 1820-1913 он хүртэл буюу 93 жилийн турш шийдсэн хэргүүдийн түүвэр болох “Улаан хацарт” хэмээх бүтээл шүүхийн түүхэнд онцгой байр эзэлдэг.
- Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялсан 1911 оноос Богд хаант Монгол Улсад хууль цаазны 63 бичиг баримт батлагдсанаар бие даасан ариусган шүүн гэсгээх газар байгууллагджээ.
- 1921 онд Ардын хувьсгал ялснаар Монгол орны төр, нийгэм, эдийн засгийн бүтцэд үндсэн өөрчлөлт гарсан нь БНМАУ-д Ардын шүүх үүсэх эх суурь тавигджээ. 1921 оны 3 дугаар сард Дотоод яаманд “шүүн таслах хэлтэс”, мөн оны 7 дугаар сард Шүүх явдлын яам, орон нутагт “зарга шийтгэх түр хэлтэс”, Засгийн газрын дэргэд “түр цагийн шүүх” нь орчин цагийн шүүх бүрэлдэн тогтох анхдагч болжээ.
- 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр БНМАУ-ын Засгийн газрын гишүүдийн 15 дугаар хурал, Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаар “Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг батлан гаргаж, анхны шүүх гэр контортой, морин өртөөгөөр явж шүүн таслах үүргээ гүйцэтгэдэг, хуулийн боловсролтой нэг ч ажилтангүй, цөөхөн орон тоотойгоор үүд хаалгаа нээж байсан өдрийг шүүх байгуулагдсан өдөр хэмээн тэмдэглэж иржээ.
- Шүүх 1926-1990 он хүртэлх 64 жилийн хугацаанд хууль зүйн түр курс, Хууль цаазны дунд сургууль, МУИС-ийн хуулийн факультет, ОХУ болон бусад социалист оронд эрх зүйч мэргэжлээр бэлтгэн мэргэшсэн шүүгчтэй, аж ахуйн хувьд бэхжин шүүх бүр нэг нэг унаа машинтай болж, бүх шүүх байшин барилгатай, нарийн бичгийн даргатай, санхүүгийн байдал бүрдэн тогтнохын үндэс суурь нь болж өгсөн байна.
- Цагаан морин жил буюу 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн бүтэц, зохион байгуулалтанд үндсэн өөрчлөлт гарсны дагуу шүүх мөн эрс шинэчлэгдсэн юм. Ялангуяа 1992 онд шинэ Үндсэн хуулийг тунхаглаж, түүнд шүүх эрх мэдэл гэсэн бүлэг оруулсан ба 1993 онд Шүүхийн тухай хууль батлагдсанаар өнөөгийн шүүхийн бүтэц зохион байгуулалт бүрэлдэн тогтсон. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал ингэж Үндсэн хуулиар баталгаажсан явдал нь шинэ ардчилсан шүүх оршин тогтнох, хөгжин дэвших суурь болж өгчээ.
- Захиргааны хэргийн шүүх нь Монгол Улсын Шүүх эрх мэдлийн түүхэнд анх удаа 2004 онд байгуулагдсан шинэхэн, дагнасан шүүх юм. Захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн үйл ажиллагаагаа явуулж байна.
- Монгол Улсын шүүх дэлхийн олон орны шүүхүүдтэй найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлсээр байна. 2004 онд БНСУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жонг Ён Чой тэргүүтэй төлөөлөгчид, 2005 онд БНХАУ–ын Ардын Дээд шүүхийн дарга, тэргүүлэгч шүүгч Шао Ян тэргүүтэй шүүхийн төлөөлөгчид ажлын айлчлал хийсэн.
- Монгол Улсын Шүүхийн түүхэн хөгжил, шинэчлэлд зохих хувь нэмрээ оруулсан дуурсах нэртэй, дурсах дурсамжтай, он цагт мөнхөрсөн Монгол Улсын гавьяат хуульч О.Цуучил, С.Шайзадаа, Ц.Лувсаншарав, Д.Содномцэрэн, Т.Цэрэн-Очир, А.Загд, Б.Раапил, Ч.Доржгочоо, Б.Санжмятав, Ж.Ичинхорлоо, Д.Алтангэрэл, Ц.Рашзэвэг, М.Могноон, Х.Дамдин, Х.Дамдин, Н.Төрбат, А.Чимэдцогзол, Б.Сарантуяа, С.Нямжав, Л.Бямбаа, Н.Ганбаяр, Д.Пунцаг, М.Дамирансүрэн зэрэг үе үеийн ахмад шүүгч та нарынхаа ажил үйлсийг, орчин цагийн залуу хуульчид бид итгэлтэйгээр үргэлжлүүлж байна.
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат Улсын арслан Далайн Жамц 1966 оноос Дундговь аймгийн хэсгийн ардын шүүх, Улаанбаатар хотын Сүхбаатарын районы шүүхэд шүүгчийн, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Улсын начин Шаравын Ванчин 1952-1971 онд Хөвсгөл аймгийн Хатгал, мөн Дархан хотын шүүхийн даргаар ажиллаж байжээ. Түүнчлэн чөлөөт бөхийн улсын 5 удаагийн аварга, олимп, дэлхийн аваргын 4 удаагийн тоглолт, Дэлхийн цомын мөнгөн медальт, Ази тивийн аварга, олон улсын тэмцээнээс 8 алт, 4 мөнгө, 3 хүрэл медальт чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Доржготовын Ганбат 1978-1999 онд Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар аймгийн шүүхэд төрийн шүүгчийн албыг нэр төртэйгээр биелүүлж явснаар шүүхийн хамт олон бахархаж байдаг билээ.