2015 оны 05 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2005 оны 12 дүгээр
сарын 30-ны өдөр
Дугаар 798 Улаанбаатар
хот

 

Журам батлах тухай

Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.    “Улсын Дээд шүүхэд хэрэг болон иргэд, хуулийн этгээд, хэргийн оролцогчдоос гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, хуваарилах, шийдвэрлэх журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.    Уг журмыг 2006 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Улсын Дээд шүүхийн нийт шүүгч, ажилтнуудад үүрэг болгосугай.

3. Энэ захирамжийг мөрдөж эхэлсэн өдрөөс Ерөнхий шүүгчийн 2001 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  С.БАТДЭЛГЭР

 

 


 

 

Ерөнхий шүүгчийн 2005 оны 12
дугаар сарын 30-ны өдрийн 798
дугаар захирамжийн хавсралт

УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХЭРЭГ БОЛОН ИРГЭД, ХУУЛИЙН
ЭТГЭЭД, ХЭРГИЙН ОРОЛЦОГЧДООС ГАРГАСАН ӨРГӨДӨЛ,
ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВАХ, ХУВААРИЛАХ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий үндэслэл

1.1. Иргэд, хуулийн этгээд, хэргийн оролцогчдоос Эрүү, иргэн, захиргааны хэргийн талаар Улсын Дээд шүүхэд гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон энэхүү журмыг удирдлага болгоно.

1.2. Улсын Дээд шүүхэд иргэд, хуулийн этгээд, хэргийн оролцогчдоос гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч, түүнд дурьдсан асуудал бүрийг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хянан үзэж, хуулийн хугацаанд шийдвэрлэн, өргөдөл, гомдол гаргагчид хууль ёсны үндэслэлтэй хариу өгч байх үүргийг Танхимын тэргүүнүүд, шүүгчид, шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалтнууд хүлээнэ.

1.3. Иргэд, хуулийн этгээд, хэргийн оролцогчдоос эрүү, иргэн, захиргааны хэргийн талаар Улсын Дээд шүүхэд давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг “Улсын Дээд шүүхэд” гэж хаяглан, хуульд заасны дагуу уг хэрэг, маргааныг  шийдвэрлэсэн анхан шатны шүүхэд бичгээр гаргаж, тухайн шүүх хэргийн хамт Улсын Дээд шүүхэд ирүүлэх бөгөөд Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч хүлээн авч данс, бүртгэлд тусган Эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимын тэргүүний туслахад зохих журмын дагуу хүлээлгэн өгнө.

1.4. Улсын Дээд шүүхийн шүүгч эрүү, иргэн, захиргааны хэргийг хянуулах тухай гаргасан өргөдөл, гомдолтой хэргийг тухайн танхимынхаа тэргүүний туслахаас гарын үсэг зуран хүлээн авч, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэнэ.

1.5. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Танхимын тэргүүн, шүүгчид, Тамгын газрын дарга, ажилтнуудын иргэд, хуулийн этгээд, хэргийн оролцогчидтой уулзах цагийн хуваарийг тогтоож, нийтэд ил тод байдлаар байрлуулна.

1.6. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэнийг Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч хүлээн авч, холбогдох удирдах албан тушаалтантай хуваарь харгалзахгүйгээр уулзуулна.

1.7. Улсын Дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч бүртгэх, түүний шийдвэрлэлт, хариу өгсөн байдалд хяналт тавих програмыг  боловсруулан компьютерт оруулж, лавлагааны сан бүрдүүлэх ажлыг Тамгын газар хариуцна.

Хоёр. Эрүүгийн хэргийн танхимд ирсэн хэрэг болон
өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх талаар

2.1. Анхан болон давж заалдах шатны шүүхээс ирүүлсэн хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлтэй буюу ерөнхий шүүгчид гомдол гаргасан, түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар хийгээд харьяалал тогтоолгохоор ирүүлсэн хэргийг Улсын Дээд шүүхийн Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагчаас Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний туслах хүлээн авна.

2.2. Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний туслах уг хэргийг хүлээн аваад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303, 304, 344 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан эсэхийг нягтлан шалгаж, Танхимын тэргүүнд танилцуулж, шүүгч нарт хэргийг хуваарилуулсны дараа нэгдсэн данс бүртгэлд бүртгэн авч тухайн шүүгч нараар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалтай хэргүүдийг хуваарилахдаа Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д заасныг баримтална.

2.3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 343, 344 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчиж хэргийг Улсын Дээд шүүхэд ирүүлсэн тохиолдолд туслах нь Танхимын тэргүүнд танилцуулан, хэргийг тухайн шүүхэд нь буцаах тухай асуудлыг шийдвэрлүүлнэ.

2.4. Шүүгч нь хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг бүртгэлд гарын үсэг зуран хүлээн авч, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар хянан шийдвэрлэнэ. Шүүгч хуульд зааснаас өөр үндэслэлээр дарааллын дагуу хуваарилагдсан хэргийг хүлээн авахаас татгалзаж болохгүй. Хүлээж авсан хэргийг шүүгч дур мэдэн өөр шүүгчид шилжүүлэх, хэргийг хоорондоо солихыг хориглоно.

2.5. Улсын Дээд шүүхэд хэрэг ирсэн он, сар, өдөр, цаг, минут нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт заасан 30 хоногийг тоолох үндэслэл болно.

2.6. Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанд илтгэсэн шүүгч илтгэснээс хойш 7 хоногийн дотор тогтоолыг гаргана.

2.7. Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны зохион байгуулалтыг танхимын шүүгчдийн туслахууд 7 хоногоор ээлжлэн хариуцна. Тухайн 7 хоногийн шүүх хуралдааны зохион байгуулалтыг хариуцаж буй туслах нь хяналтын шатны шүүх хуралдаанд тэмдэглэл хөтлөх бөгөөд  хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор хуралдааны тэмдэглэлийг бэлэн болгон ёсчлуулж, хэрэгт хавсаргана.

2.8. Шүүгчийн туслах хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг 3 хоногийн дотор бэлэн болгон ёсчлуулж, улмаар өөрчлөлт орсон буюу хүчингүй болсон тохиолдолд холбогдох газар нь мэдэгдэх хуудсыг цаг тухайд нь бичиж хүргүүлэн, хэргийг эмхэтгэн үдэж, компьютерийн бүртгэлд хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаархи мэдээллийг бүрэн гүйцэд, зөв оруулж, хэргийн бүртгэлд гарын үсэг зуруулан танхимын тэргүүний туслахад хүлээлгэн өгнө.

2.9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д заасан эрх бүхий этгээд санал гаргасан, түүнчлэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн нэр дээр гомдол гаргасан хэргийг Танхимын тэргүүний туслах хүлээн авч, хяналтын журмаар хянан шийдвэрлэгдэх эрүүгийн хэргийн бүртгэлд бүртгэсний дараа бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулан Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргад хүлээлгэн өгнө.

2.10. Ерөнхий шүүгч хэргийг  30 хоногийн дотор хянана.  Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлгүй, дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай түүний хариуг Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга  гомдол гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ. Гомдлын хариу албан бичгийн хувийг хэрэгт хавсаргах бөгөөд хэргийг Танхимын тэргүүний туслахад  хүлээлгэн өгнө.

/Энэ хэсгийг УДШ-ийн Ерөнхий шүүгчийн 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 63 дугаар захирамжаар өөрчилсөн/

2.11. Хэрэв Ерөнхий шүүгч дүгнэлт гаргавал Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаар дүгнэлт гарснаас хойш 30 хоногийн дотор хэргийг хянан хэлэлцэж тогтоол гаргана. Хэргийг Танхимын тэргүүн эсхүл Ерөнхий шүүгчийн томилсон шүүгч Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанд илтгэнэ. Тогтоолыг Нийт шүүгчдийн хуралдааны зохион байгуулалтын асуудал хариуцсан шинжээч бэлэн болгож ёсчлуулан хэргийг эмхтгэж, Танхимын тэргүүний туслахад хүлээлгэн өгнө.

2.12. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргах үндэслэлгүй гэж үзсэн  хэргийн талаар хэргийн оролцогчид дахин гомдол гаргавал Ерөнхий шүүгчээс урьд өгсөн хариуг гомдол гаргагчид мэдэгдсэн Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргын албан бичгийн талаархи лавлагаа бүхий хариуг Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга албан бичгээр гомдол гаргагчид 30 хоногийн дотор хүргүүлж, гомдлыг буцаана.

/Энэ хэсгийг УДШ-ийн Ерөнхий шүүгчийн 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 63 дугаар захирамжаар өөрчилсөн/

2.13. Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т тус тус заасны дагуу харъяалал тогтоолгохоор ирүүлсэн хэргийг Танхимын тэргүүний туслах хүлээн авч, Танхимын тэргүүнд танилцуулан, шийдвэрлүүлж тухайн шүүхэд хүргүүлнэ.

2.14. Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 223 дугаар зүйлийн 223.3-т заасны дагуу шүүгч томилох, харьяалал тогтоолгохоор ирүүлсэн хэргийг Танхимын тэргүүний туслах хүлээн авч, Ерөнхий шүүгчид танилцуулан, шийдвэрлүүлж тухайн шүүхэд хүргүүлнэ.

2.15. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Хууль зүй, Дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг бусад байгууллага, албан тушаалтнаар дамжуулан гаргасан өргөдөл, гомдлыг Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч хүлээн авч, бүртгэн Ерөнхий шүүгчид танилцуулна.

2.16. Ерөнхий шүүгч цохолт хийсэн өргөдөл, гомдлыг Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч Танхимын тэргүүний туслахад өгнө. Туслах нь Танхимын тэргүүнд уг өргөдөл, гомдлыг танилцуулан, хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэн хариуг албан бичгээр өгнө.

2.17. Энэ журмын 2 дугаар зүйлийн 2.3, 2.10, 2.13, 2.15, 2.16-д зааснаар Танхимын тэргүүний туслах эрүүгийн хэрэг болон албан бичгийг хүлээн авч, зохих бүртгэлд тэмдэглэл хийн, Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагчид хүлээлгэн өгнө.

2.18. Уг журмын биелэлтэд Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн хяналт тавина.

Гурав. Иргэний хэргийн танхимд ирсэн хэрэг болон өргөдөл, 
гомдлыг хүлээн авч шийдвэрлэх талаар

3.1. Анхан болон давж заалдах шатны шүүхээс ирүүлсэн хяналтын журмаар буюу Ерөнхий шүүгчид гомдол гаргасан, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар хийгээд харъяалал тогтоолгохоор ирүүлсэн хэргийг Улсын Дээд шүүхийн Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагчаас Иргэний хэргийн Танхимын тэргүүний туслах хүлээн авна.

3.2. Танхимын тэргүүний туслах нь хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 173 дугаар зүйлийн 173.2, 173.3, 180 дугаар зүйлд заасан журмын дагуу ирүүлсэн эсэхийг шалгаж, хяналтын журмаар хянан шийдвэрлэгдэх хэргийн бүртгэлд хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутын дарааллаар бүртгэж, Иргэний хэргийн танхимын шүүгчдэд тойргийн журмаар, шүүгчийн нэрийн эхний үсгээр нь цагаан толгойн дэс дарааллаар хуваарилна.

Хэргийг тойргийн журмаар хуваарилахдаа Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6.-д заасныг баримтална.

3.3. Танхимын тэргүүний туслах хуульд заасан журмыг зөрчиж ирүүлсэн хэргийг Танхимын тэргүүнд танилцуулан, тухайн шүүхэд нь буцаах тухай асуудлыг шийдвэрлүүлнэ.

3.4. Шүүгч нь хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн иргэний хэргийг бүртгэлд гарын үсэг зуран хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хянан шийдвэрлэнэ. Шүүгч хуульд зааснаас өөр үндэслэлээр дарааллын дагуу хуваарилагдсан хэргийг хүлээн авахаас татгалзаж болохгүй. Хүлээж авсан хэргийг шүүгч дур мэдэн өөр шүүгчид шилжүүлэх, хэргийг хоорондоо солихыг хориглоно.

3.5. Шүүгч хэргийг хүлээж авснаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь заалт, 91 дүгээр зүйлд тус тус заасан татгалзан гарах үндэслэл тогтоогдвол Танхимын тэргүүнд танилцуулан, түүний туслахад хэргийг буцаан өгөх бөгөөд уг хэргийг дарааллын дагуу өөр шүүгчид хуваарилна. Энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх хугацааг анхны шүүгчийн хүлээж авсан хугацаанаас үргэлжлүүлэн тоолох бөгөөд шаардлагатай бол хуульд заасан журмын дагуу сунгана.

3.6. Улсын Дээд шүүхэд хэрэг ирсэн он, сар, өдөр, цаг, минут нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасан 30 хоногийг тоолох, хэргийг шүүгчид тойргийн журмаар хуваарилах үндэслэл болно.

3.7. Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанд илтгэсэн шүүгч шүүх хуралдаанаас хойш 7 хоногийн дотор тогтоолын төслийг гаргана.

3.8. Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны зохион байгуулалтыг  Танхимын шүүгчийн туслахууд 7 хоногоор ээлжлэн хариуцна. Тухайн 7 хоногийн хуралдаан зохион байгуулж байгаа шүүгчийн туслах хяналтын шатны шүүх хуралдаанд хэргийн зохигчид оролцож байгаа бол тэмдэглэл хөтлөх бөгөөд  хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор хуралдааны тэмдэглэлийг бэлэн болгон ёсчлуулж, хэрэгт хавсаргана.

3.9. Шүүгчийн туслах тогтоолын төслийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тогтоолыг бэлэн болгон ёсчлуулж, хэргийг эмхтгэн үдэж, компьютерийн бүртгэлд хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаархи мэдээллийг бүрэн гүйцэд, зөв оруулж, хэргийн бүртгэлд гарын үсэг зуруулан Танхимын тэргүүний туслахад хүлээлгэн өгнө.

3.10.Танхимын тэргүүний туслах хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолтой иргэний хэргийг шүүгчийн туслахаас хүлээн авч, компьютерийн бүртгэлийн хаалтыг шалган, хяналтын шатны иргэний хэргийн бүртгэлд бүртгэн тухайн анхан шатны шүүхэд нь хүргүүлэхээр Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагчид хүлээлгэн өгнө.  Тогтоол бэлэн болсноос хойш тухайн шүүхэд хэргийг хүргүүлэх хүртэлх хугацаанд хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг зохигчид гардуулна. Энэ хугацаанд зохигч тогтоолоо гардаж аваагүй бол тогтоолын хувийг шаардагдах тоогоор хэрэгт хавсарган зохигчид хүргүүлэхийг тухайн шүүхэд даалгана.

3.11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.3-т зааснаар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн нэр дээр гомдол гаргасан хэргийг Танхимын тэргүүний туслах хүлээн авч, хяналтын журмаар хянан шийдвэрлэгдэх иргэний хэргийн бүртгэлд бүртгэсний дараа бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулан Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргад хүлээлгэн өгнө.

3.12. Ерөнхий шүүгч хэргийг  30 хоногийн дотор хянана.  Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлгүй, дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай түүний хариуг Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга  гомдол гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ. Гомдлын хариу албан бичгийн хувийг хэрэгт хавсаргах бөгөөд хэргийг Танхимын тэргүүний туслахад  хүлээлгэн өгнө.

/Энэ хэсгийг УДШ-ийн Ерөнхий шүүгчийн 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 63 дугаар захирамжаар өөрчилсөн/

3.13. Хэрэв Ерөнхий шүүгч дүгнэлт гаргавал уг хэргийг дүгнэлт гарснаас хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн хуралдаанаар хянан хэлэлцэж тогтоол гаргана. Хэргийг Иргэний хэргийн танхимын тэргүүн эсхүл Ерөнхий шүүгчийн томилсон шүүгч Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанд илтгэнэ. Хэргийг  илтгэсэн шүүгч тогтоолыг 7 хоногийн дотор бичиж, Ерөнхий шүүгчид танилцуулна. Тогтоолыг Нийт шүүгчдийн хуралдааны зохион байгуулалтын асуудал хариуцсан шинжээч компьютерт бичиж, ёсчлуулан хэргийг эмхтгэж, Танхимын тэргүүний туслахад хүлээлгэн өгнө.

3.14. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргах үндэслэлгүй гэж үзсэн  хэргийн талаар хэргийн оролцогчид дахин гомдол гаргавал Ерөнхий шүүгчээс урьд өгсөн хариуг гомдол гаргагчид мэдэгдсэн Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргын албан бичгийн талаархи лавлагаа бүхий хариуг Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга албан бичгээр гомдол гаргагчид 30 хоногийн дотор хүргүүлж, гомдлыг буцаана.

/Энэ хэсгийг УДШ-ийн Ерөнхий шүүгчийн 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 63 дугаар захирамжаар өөрчилсөн/

3.15. Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4-т заасны дагуу харьяалал тогтоолгохоор ирүүлсэн хэргийг Танхимын тэргүүний туслах хүлээн авч, Танхимын тэргүүнд танилцуулан, шийдвэрлүүлж тухайн шүүхэд хүргүүлнэ.

3.16. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийн дагуу ирүүлсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.1, 180 дугаар зүйлийн 180.1-г  болон энэ журмыг баримтлан хуваарилна.

3.17. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Хууль зүй, Дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг бусад байгууллага, албан тушаалтнаар дамжуулан гаргасан өргөдөл, гомдлыг Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч хүлээн авч, бүртгэн Ерөнхий шүүгчид танилцуулна.

3.18. Ерөнхий шүүгч цохолт хийсэн өргөдөл, гомдлыг Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч Танхимын тэргүүний туслахад хүлээлгэн өгнө. Туслах нь Танхимын тэргүүнд уг өргөдөл, гомдлыг танилцуулан, хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэн хариуг албан бичгээр өгнө.

3.19. Энэ журмын 3 дугаар зүйлийн 3.3, 3.9, 3.12, 3.15, 3.18-д зааснаар Танхимын тэргүүний туслах иргэний хэрэг болон албан бичгийг хүлээн авч, зохих бүртгэлд тэмдэглэл хийн, Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагчид хүлээлгэн өгнө.

3.20. Уг журмын биелэлтэд Иргэний хэргийн Танхимын тэргүүн хяналт тавина.

Дөрөв. Захиргааны хэргийн танхимд ирсэн хэрэг болон
өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх талаар

4.1. Анхан шатны захиргааны хэргийн шүүхээс ирүүлсэн давж заалдах болон хяналтын журмаар буюу ерөнхий шүүгчид гомдол гаргасан, харьяалал тогтоолгохоор ирүүлсэн хэргийг Улсын Дээд шүүхийн Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагчаас Захиргааны хэргийн танхимын тэргүүний туслах хүлээн авна.

4.2.  Давж заалдах болон хяналтын журмаар ирүүлсэн хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81, 82, 90, 91 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172, 173 дугаар зүйлд заасан журмын дагуу ирүүлсэн эсэхийг шалгаж, давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэгдэх хэргийн бүртгэлд хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутын дарааллаар бүртгэж, Захиргааны хэргийн танхимын шүүгчдэд тойргийн журмаар, шүүгчийн нэрийн эхний үсгээр нь цагаан толгойн дэс дарааллаар хуваарилна.

Анхан шатны шүүхээс давж заалдах болон хяналтын журмаар ирүүлсэн хэргийг хуваарилахдаа Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д заасныг баримтална.

4.3. Танхимын тэргүүний туслах хуульд заасан журмыг зөрчиж ирүүлсэн хэргийг Танхимын тэргүүнд танилцуулан, анхан шатны шүүхэд буцаах тухай асуудлыг шийдвэрлүүлнэ.

4.4. Шүүгч нь давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн захиргааны хэргийг хэргийн бүртгэлд гарын үсэг зуран хүлээн авч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хянан шийдвэрлэнэ. Шүүгч хуульд зааснаас өөр үндэслэлээр дарааллын дагуу хуваарилагдсан хэргийг хүлээн авахаас татгалзаж болохгүй. Хүлээж авсан хэргийг шүүгч дур мэдэн бусад шүүгчид шилжүүлж, хэргийг хоорондоо солихыг хориглоно.

4.5. Шүүгч хэргийг хүлээж авснаас хойш Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 64, 65 дугаар зүйлд зааснаар татгалзан гарах үндэслэл тогтоогдвол Танхимын тэргүүнд танилцуулан, түүний туслахад хэргийг буцаан өгөх бөгөөд уг хэргийг дарааллын дагуу өөр шүүгчид хуваарилна. Энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх хугацааг анхны шүүгчийн хүлээж авсан хугацаанаас үргэлжлүүлэн тоолох бөгөөд шаардлагатай бол хуульд заасан журмын дагуу сунгана.

4.6. Хэрэг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд ирсэн он, сар, өдөр, цаг, минут нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасан хугацааг тоолох үндэслэл болно.

4.7. Хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд илтгэсэн шүүгч шүүх хуралдаанаас хойш 7 хоногийн дотор магадлал, тогтоолыг гаргана.

4.8. Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдааны зохион байгуулалтыг танхимын шүүгчдийн туслахууд 7 хоногоор ээлжлэн хариуцна. Тухайн 7 хоногийн хуралдаан зохион байгуулж байгаа шүүгчийн туслах хэргийн зохигчид давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож байгаа бол тэмдэглэл хөтлөх бөгөөд  хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор хуралдааны тэмдэглэлийг бэлэн болгон ёсчлуулж, хэрэгт хавсаргана.

4.9. Шүүгчийн туслах давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдааны магадлал, тогтоолыг 3 хоногийн дотор бэлэн болгон ёсчлуулж, хэргийг эмхэтгэн үдэж, компьютерийн бүртгэлд хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаархи мэдээллийг бүрэн гүйцэд, зөв оруулж, хэргийн бүртгэлд гарын үсэг зуруулан танхимын тэргүүний туслахад хүлээлгэн өгнө.

4.10. Давж заалдах болон хяналтын журмаар захиргааны хэргийг хянан шийдвэрлээд гаргасан магадлал, тогтоолыг тухайн хэргийг хүлээж авсан шүүгчийн туслах хуульд заасны дагуу хэргийн оролцогчдод гардуулан өгч, баримт үйлдэн хэрэгт хавсаргана.

Хэрэв хуульд заасан хугацаанд хэргийн оролцогчид магадлал, тогтоолыг гардаж аваагүй бол  хэрэг хүргүүлэх албан бичигт энэ талаар дурьдан магадлал, тогтоолын хувийг хэрэгт хавсарган, анхан шатны шүүхэд хүргүүлнэ. Анхан шатны шүүх магадлал, тогтоолыг  хэргийн оролцогчдод гардуулж, баримт үйлдэн хэрэгт хавсаргана.

4.11. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.3-т зааснаар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн нэр дээр гомдол гаргасан хэргийг Танхимын тэргүүний туслах хүлээн авч, хяналтын журмаар хянан шийдвэрлэгдэх захиргааны хэргийн бүртгэлд бүртгэсний дараа бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулан Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргад хүлээлгэн өгнө.

4.12. Ерөнхий шүүгч хэргийг  30 хоногийн дотор хянана.  Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлгүй, дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай түүний хариуг Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга  гомдол гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ. Гомдлын хариу албан бичгийн хувийг хэрэгт хавсаргах бөгөөд хэргийг Танхимын тэргүүний туслахад  хүлээлгэн өгнө.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргах үндэслэлгүй гэж үзсэн  хэргийн талаар хэргийн оролцогчид дахин гомдол гаргавал Ерөнхий шүүгчээс урьд өгсөн хариуг гомдол гаргагчид мэдэгдсэн Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргын албан бичгийн талаархи лавлагаа бүхий хариуг Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга албан бичгээр гомдол гаргагчид 30 хоногийн дотор хүргүүлж, гомдлыг буцаана.

/Энэ хэсгийг УДШ-ийн Ерөнхий шүүгчийн 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 63 дугаар захирамжаар өөрчилсөн/

4.13. Хэрэв Ерөнхий шүүгч дүгнэлт гаргавал уг хэргийг дүгнэлт гарснаас хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаар хянан хэлэлцэж тогтоол гаргана. Хэргийг Захиргааны хэргийн танхимын тэргүүн эсхүл Ерөнхий шүүгчийн томилсон шүүгч Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанд илтгэнэ. Хэргийг илтгэсэн шүүгч тогтоолыг 7 хоногийн дотор бичиж, Ерөнхий шүүгчид танилцуулна. Тогтоолыг Нийт шүүгчдийн хуралдааны зохион байгуулалтын асуудал хариуцсан шинжээч компьютерт бичиж, ёсчлуулан хэргийг эмхтгэж, Танхимын тэргүүний туслахад хүлээлгэн өгнө.

4.14. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргах үндэслэлгүй гэж үзсэн хэргийн талаар хэргийн оролцогчдоос дахин гомдол гаргавал Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн талаархи Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргын урьд өгсөн хариуг тайлбарлан өгч, уг гомдлыг гомдол гаргагчид буцаана.

4.15. Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4-т заасны дагуу харьяалал тогтоолгохоор ирүүлсэн хэргийг Танхимын тэргүүний туслах хүлээн авч, Танхимын тэргүүнд танилцуулан, шийдвэрлэж тухайн шүүхэд хүргүүлнэ.

4.16. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийн дагуу ирүүлсэн хэргийг хүлээн авч хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179-182 дугаар зүйлүүд болон энэ журмыг баримтална.

4.17. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Хууль зүй, Дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг бусад байгууллага, албан тушаалтнаар дамжуулан гаргасан өргөдөл, гомдлыг Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч хүлээн авч, бүртгэн Ерөнхий шүүгчид танилцуулна.

4.18. Ерөнхий шүүгч цохолт хийсэн өргөдөл, гомдлыг Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч Танхимын тэргүүний туслахад хүлээлгэн өгнө.Туслах нь Танхимын тэргүүнд уг өргөдөл, гомдлыг танилцуулан, хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэн хариуг албан бичгээр өгнө.

4.19. Энэ журмын 4 дүгээр зүйлийн 4.9, 4.12, 4.15, 4.16, 4.18-д зааснаар Танхимын тэргүүний туслах захиргааны хэрэг болон албан бичгийг хүлээн авч, зохих бүртгэлд тэмдэглэл хийн, Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагчид хүлээлгэн өгнө.

4.8. Уг журмын биелэлтэд Захиргааны хэргийн Танхимын тэргүүн хяналт тавина.

Тав. Шүүн таслах ажиллагаатай холбогдолгүй
өргөдөл, гомдол хүлээн авч, шийдвэрлэх талаар

5.1. Эрүү, Иргэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдолгүй бөгөөд “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасны дагуу шийдвэрлэгдэх өргөдөл, гомдлыг шуудангаар буюу биечлэн авчирч өгсөн байдлыг харгалзахгүйгээр Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч хүлээн авч бүртгэн, бүртгэл хяналтын карт нээн, нэн даруй Ерөнхий шүүгчид танилцуулж, түүний цохолтоор холбогдох албан тушаалтанд шилжүүлэн өгнө.

5.2. Амаар гаргасан өргөдөл, гомдлыг Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч тэмдэглэн авч, тусгай бүртгэлд бүртгэн, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна.

5.3. “Нууц”, “гарт нь” гэж хаяглан ирүүлсэн өргөдөл, гомдлыг Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч хүлээн авч, тухайн албан тушаалтанд өгч задлуулсны дараа зохих журмын дагуу бүртгэлд авч, бүртгэл хяналтын карт нээн тухайн албан тушаалтанд буцаан өгч шийдвэрлүүлнэ.

5.4. Өргөдөл, гомдол тодорхой нэр хаяггүй, бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн чадамжгүйд тооцогдсон этгээд болон өмнө нь хандаж байсан асуудлаар дахин өргөдөл, гомдол гаргасан тохиолдолд хянан үзэхгүй шууд буцаана.

5.5. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуульд заасны дагуу 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг эрх бүхий албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.

5.6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их хурлын болон Засгийн газрын гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллага, албан тушаалтнаар уламжлуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг тухайн өргөдөл, гомдол гаргагчид энэ журамд заасны дагуу өгөхөөс гадна хэрэв дээрх байгууллага, албан тушаалтнууд уг асуудлаар мэдээлэл авахыг хүссэн бол хариуны хувийг илгээх буюу албан бичгээр тусад нь мэдээлэл өгнө.

5.7. Өргөдөл, гомдолд дурдьсан төр, байгууллага, хувь хүний нууцыг уг өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхэд оролцож байгаа шүүгч, ажилтан чанд хадгална.

5.8. Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч иргэд, хуулийн этгээд, өмгөөлөгчдөөс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, ямар хариу өгсөн тухай бүртгэл хяналтын картад тодорхой бичиж тэмдэглэнэ.

5.9. Төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, түүний мөрөөр авах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх, түүний шийдвэрлэлт, хариу өгсөн байдалд Тамгын газар хяналт тавина.