2015 оны 05 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2006 оны 03 дүгээр
сарын 02-ны өдөр
Дугаар 19 Улаанбаатар
хот

 

“Flash” диск ашиглах журам
шинэчлэн батлах тухай

Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 35.1.4, 35.4 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Flash диск ашиглах журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэ журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Улсын Дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын тэргүүн, Тамгын газрын дарга, Судалгааны төвийн захирал, Аймаг, нийслэлийн болон дагнасан шүүхийн Ерөнхий шүүгч, тамгын хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2005 оны “Диск ашиглах журам батлах тухай” 462 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР

 

 

Ерөнхий шүүгчийн 2006 оны
03 дугаар сарын 02-ны өдрийн
19 дүгээр захирамжийн хавсралт

“FLASH” ДИСК АШИГЛАХ ЖУРАМ

1. Улсын Дээд шүүхэд байрлах “Монгол Улсын шүүхийн шийдвэрийн болон мэдээллийн нэгдсэн сан”-д хуулийн хүчин төгөлдөр болсон эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг “Flash” диск ашиглан төвлөрүүлэхэд энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.

2. Улсын Дээд шүүхээс хүргүүлсэн “Flash” дискийг Аймаг, нийслэл болон дагнасан шүүхийн Тамгын хэлтсийн дарга нарт хариуцуулан өгнө.

3. Аймаг, нийслэл болон дагнасан шүүхийн Тамгын хэлтсийн дарга нар тухайн аймаг, нийслэлийн болон сум буюу сум дунд, дүүрэг, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдийг сар бүрийн эцэст, харин улирал, хагас, бүтэн жилийн бүх төрлийн мэдээг тухай бүр нь “Flash” дискэнд хуулбарлан, дискийг зориулалтын хайрцагт хийж, Улсын Дээд шүүхийн Судалгааны төвд цагдаагийн тусгай шуудангаар илгээнэ.

Ингэхдээ Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан маягтуудын дагуу гаргасан мэдээний албан ёсны эх хувийг шүүх дээрээ авч үлдэн архивтаа хадгалж, нэг хувийг Улсын Дээд шүүхийн Судалгааны төвд давхар ирүүлнэ.

4. Улсын Дээд шүүхийн Судалгааны төвийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааны судалгаа хариуцсан шинжээч, Шүүхийн статистик, тоон мэдээлэл хариуцсан ахлах зааварлагч нар шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд болон мэдээг хүлээн авч нэгтгэн, Монгол Улсын шүүхийн шийдвэрийн болон мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлж, Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимуудтай зөвшилцөн, Хууль зүйн Үндэсний төвтэй хамтран улирал тутмын шүүхийн шийдвэрийн эмхтгэл сэтгүүлд нийтлүүлж, олон нийтийн хүртээл болгоно.

5.  Аймаг, нийслэлийн болон дагнасан шүүхийн Тамгын хэлтсийн дарга нарт “Flash” дискийг буцааж хүргүүлэх ажлыг Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааны судалгаа хариуцсан шинжээч нар хариуцан, нийт шүүхүүдэд нэгдсэн журмаар хүргүүлэх, мөн мэдээ, мэдээлэл, албан бичиг, судалгааг дискэнд буулган хүргүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авна.

6. Улсын Дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын магадлал, тогтоолуудыг сар бүрийн эцэст Монгол Улсын шүүхийн шийдвэрийн болон мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлэх ажлыг шүүгчийн туслахууд танхимынхаа тэргүүнүүдтэй зөвшилцөн хариуцан гүйцэтгэнэ.

7. Улсын Дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимуудын болон Аймаг, нийслэл, дагнасан шүүх болон сум буюу сум дунд, дүүргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд нь Улсын Дээд шүүхэд байрлах Монгол Улсын шүүхийн шийдвэрийн болон мэдээллийн нэгдсэн санд төвлөрч байгаа эсэхэд Улсын Дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын тэргүүн, Тамгын газрын дарга, Судалгааны төвийн захирал, Аймаг, нийслэл болон дагнасан шүүхийн Ерөнхий шүүгч нар хяналт тавина.

8. “Flash” дискийг тээвэрлэх явцад алдагдах, эвдрэхээс хамгаалсан тусгай хайрцагтай, мэдээллийг нууцалсан код бүхий дугаартай байна.

9. “Flash” дискийг эвдэлж гэмтээх, ажилгүй болгох, алдагдсан тохиолдолд буруутай этгээд уг дискийг хариуцан төлнө.