МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2009 оны 3 дугаар сарын 31-ний  өдөр           Дугаар 10                                  Улаанбаатар хот 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛИЙН
ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.-д заасныг тус тус удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн (цаашид хууль гэх) 3 дугаар зүйлийн 3-т заасан “эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон” гэж сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан журмын дагуу Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.-т зааснаар иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, түүнд асран хамгаалалт тогтоосон ба энэхүү шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлд зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг хэлнэ.

2.Хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан “Улсын Их Хуралд суудал бүхий нам”гэдгийг Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тогтоолын  8-д зааснаар ойлгоно.

3.Мөн зүйлийн 2-т заасан “тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлж болохгүй” гэснийг:

а/Улсын Их Хуралд суудалтай намууд хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцох, эсхүл хамтарч нэр дэвшүүлэхээр гэрээ байгуулснаас бусад тохиолдолд нэг намаас дэвшүүлсэн хүний нэрийг өөр нам тухайн сонгуульд дэвшүүлэхгүй.

б/Хуулийн 21, 22 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хуралд суудалтай нам дангаараа, эсхүл хамтарч нэр дэвшүүлсэн хүнээ мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар татан гаргасан, эсхүл нэр дэвшигч өөрөө татгалзсан тохиолдолд хуулийн 25 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн нэр дэвшүүлэхэд татан гаргасан, татгалзсан дээрх хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй гэж тус тус ойлгоно.

4.Сонгогчдын шилжих хөдөлгөөний бүртгэлийг хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2-т заасны дагуу сонгуулийн хэсгийн хороо хийх тул энэ заалтын“сонгогчийг шилжүүлэх” гэдгийг тухайн хэсгийн бүртгэлээс хасах, харин “шинээр ирсэн сонгогчийг бүртгэх” гэдгийг тухайн бүртгэлд сонгогчийн нэрийг нэмэх гэж тус тус ойлговол зохино.

Шинээр ирсэн сонгогч” гэдэгт өөр хэсгээс шилжин ирж буй болон гадаад улсад амьдарч байгаад эх орондоо ирснээс бусад сонгогч хамаарахгүй.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдээгүй орхигдсон, эсхүл нэр, хаяг, бусад мэдээлэл нь буруу бүртгэгдсэн сонгогчийг шинээр ирсэн сонгогч гэж үзэхгүй ба сонгуулийн хэсгийн хороо эдгээр алдааг залруулах ажиллагааг Сонгуулийн Ерөнхий хорооноос Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7.-д заасны дагуу баталсан журмын дагуу хэрэгжүүлнэ.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх ёсгүй хүн бүртгэгдсэн бол түүнийг шилжүүлэх буюу бүртгэлээс хасна.

Сонгогчийг шилжүүлэх, шинээр бүртгэх ажиллагааг сонгуулийн хэсгийн хороо хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан хугацаа, журмын дагуу явуулна.

5.Хуулийн 17 дугаар зүйлийн 1-д заасан “тухайн хэсэгт байнга буюу түр оршин суугаа” гэснийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар тогтоолын 3-т зааснаар ойлговол зохино.

Хуулийн энэхүү заалтыг дээр дурдсанаар ойлгож хэрэгжүүлэхдээ мөн зүйлийн 5-д заасан “Сонгогч бүр сонгуулийн нэг хэсэгт нэрийн нэг жагсаалтад бүртгэгдэх …” гэсэн зохицуулалтыг баримталж, тухайн сонгуульд сонгогч бүр саналаа нэг удаа өгөх боломж, нөхцлийг бүрдүүлнэ.

6.Мөн зүйлийн 3-т заасан хугацаанд үйлдэгдэж, сонгогчдод танилцах боломжтойгоор ил тавигдсан нэрийн жагсаалттай сонгогч өөрөө танилцаж, өөрийн бүртгэлийн үнэн зөв байдлыг шалгах бөгөөд хуулийн 18 дугаар зүйлийн 1-д заасан гомдлыг санал хураалтаас өмнө гаргах эрхтэй болно.

7.Сонгуулийн хэсгийн хорооны шийдвэрээр тухайн хорооны ажлын хэрэгцээнд ашиглахаар сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахаас бусад тохиолдолд хуулийн 17 дугаар зүйлийн 6-д заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.

8.Хуулийн 27 дугаар зүйлийн 5-д заасан “дэмжлэг туслалцаа” гэдэгт ажлаас нь чөлөө олгохоос гадна үүрэгт ажлыг нь өөр хүнд хариуцуулах, ажлаас чөлөөлөгдөөгүй тохиолдолд гүйцэтгэх ажлыг нь хөнгөлөх буюу хамтран гүйцэтгэх, туслах хүнийг томилох, шаардлагатай бол нэр дэвшигчийн ажил байдлын талаар тодорхойлолт гаргаж өгөх, тухайн албан газар, байгууллагаас ажилтнууддаа үзүүлдэг үйлчилгээ, хөнгөлөлтийг эдлүүлэх зэргээр нэр дэвшигчид сонгуульд оролцоход аятай нөлөө үзүүлэхүйц энэ хууль болон бусад хуулиар хориглоогүй ажиллагааг хамааруулан ойлгоно.

9.Хуулийн 28 дугаар зүйлийн 5-д “шашны зан үйлийг ашиглах”-ыг хориглохоор заасан нь сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгаанд аливаа шашны сургаал, жаяг дэгийн дагуу хийгддэг бүх үйл ажиллагаанд хамаарна.

Харин нэр дэвшигч иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм, хийдийн хоорондын харьцаа, шашны талаарх үзэл бодол, баримтлалын талаар өөрийн мөрийн хөтөлбөрт тусгах, эдгээр асуудлаар сонгогчидтой ярилцах зэргийг үүнд хамааруулахгүй.

Мөн хэсэгт заасан “сонгуульд үл хамаарах ажил, үйлчилгээ” гэдгийг  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар тогтоолын 7.1.3.-т заасантай адил утгаар буюу энэ хуулиар хориглосон, эсхүл зөвшөөрөгдөөгүй бөгөөд сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгаанд хамаарахгүй аливаа ажиллагааг гэж ойлгоно.

 

10.Хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т заасан “нэр дэвшигчид тэгш хандах” Засаг даргын үүрэгт сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгаа явуулж буй нэр дэвшигч бүрийг үндэс угсаа, нас, хүйс, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, намын харьяаллыг харгалзахгүйгээр ижил нөхцлөөр хангах, сонгогчидтой хийх уулзалтыг зохион байгуулахад адил хэмжээний дэмжлэг үзүүлэх, нэр дэвшигчийн заримд нь илүү таатай нөхцөл бүрдүүлэхгүй, ялгамжтай хандахгүй байх зэргийг хамааруулна.

11.Хуулийн 34 дүгээр зүйлийн 4-т “энэ хуульд зааснаас өөр тэмдэглэл хийсэн”,мөн зүйлийн 5-д “нэр дэвшигчийн нэрийн өмнө тавьсан дугаарыг засварласан” гэж тус тус заасныг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2008 оны                   3 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар тогтоолын 9.1., 9.2.-т зааснаар ойлговол зохино.

12.Хуулийн 35 дугаар зүйлийн 2-т “22 цаг болмогц сонгуулийн хэсгийн хорооноос санал тоолох тухай мэдэгдэж, олгоогүй үлдсэн саналын хуудсыг тоолж битүүмжилсний дараа саналын хайрцгийг нээнэ” гэж заасны дагуу санал авах өдрийн 22 цаг 00 минутаас хойш сонгогчдод саналын хуудас олгохгүй.

13.Хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан”гэж гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй, санал хураах байр, өдрийг зайлшгүй өөрчлөхөөс өөр аргагүй онцгой нөхцөл байдлыг хэлнэ.

14.Мөн хэсгийн 3-т “сонгогчийн санал, сонгуулийн дүнг гажуудуулахад хүргэсэн”, 4-т “сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн” гэж тус тус заасныг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар тогтоолын 10.2., 10.3.-т зааснаар ойлгоно.

15.Мөн хэсгийн 4-т заасан “эрх мэдлээ хэтрүүлэх” гэдэгт энэ хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээс илүү эрх эдлэхийг хэлнэ.

Энэ заалтын “хууран мэхлэх” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолын 3-т зааснаар ойлгоно.

 

16.Хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “санал хураалт хуулийн дагуу явагдаагүй” гэдэгт сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн зөрчил хамаарна.

17.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 531 дүгээр зүйлийн 1, энэ хуулийн  8 дугаар зүйлийн 23-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд захиргааны хариуцлага ногдуулах асуудлыг болон хариуцлага ногдуулсан шийтгэвэрт гаргасан гомдлыг сум буюу сум дунд, дүүргийн шүүх тус тус хянан шийдвэрлэнэ.

Хуулийн 8 дугаар зүйлийн 3-22-т заасан захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг холбогдох сонгуулийн хороонд гаргана. Уг гомдол, мэдээлэл, үйл баримтыг үндэслэн холбогдох сонгуулийн хороод Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11-16 дугаар зүйлд зааснаар зөрчлийг хянан шалгах ажиллагаа явуулж, захиргааны хариуцлага ногдуулах хүсэлтээ харьяалах сум буюу сум дунд, дүүргийн шүүхэд гаргана.

Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай заасан бол уг асуудлыг Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Цагдаагийн байгууллагын тухай хуулиудад тус тус заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

Хөрөнгө улсын орлого болгохоор заасан бол шүүх уг арга хэмжээг захиргааны хариуцлага ногдуулах асуудалтай хамт хянан шийдвэрлэнэ.

Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэхдээ шүүх Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг хянаж, зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдсон гэж үзвэл мөн хуулийн 18 дугаар зүйлд зааснаар захиргааны шийтгэл ногдуулах тухай шийтгэвэр гаргана.

Харин зөрчил гаргасан гэх этгээдийн гэм буруу тогтоогдоогүй, эсхүл мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байгаа бол шүүгч захирамж гаргаж тухайн этгээдийг хариуцлагаас чөлөөлнө.

18.Сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар болон хэсгийн хорооны шийдвэрийн талаар сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд, сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны шийдвэрийн талаар Сонгуулийн Ерөнхий хороонд тус тус гомдол гаргах хуулийн             16 дугаар зүйлийн 8-д заасан журмыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журам гэж үзнэ.

Энэ журмыг зөрчиж шүүхэд гаргасан гомдлыг сум буюу сум дунд, дүүргийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-т зааснаар хүлээн авахаас татгалзаж, гомдлыг хэрхэн мэдүүлэх талаар шүүгчийн захирамжид заана.

Мөн хэсэгт “хуульд зааснаас бусад тохиолдолд” гэж заасны дагуу хуулийн 18 дугаар зүйлийн 2-т зааснаар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгээгүй буюу буруу бүртгэсэн талаарх сонгогчийн гомдлыг шийдвэрлэсэн сонгуулийн хэсгийн хорооны шийдвэрт шүүхэд гомдол гаргавал хуулийн 16 дугаар зүйлийн 8-д заасан журмыг баримтлахгүй.

19.Хуулийн 16 дугаар зүйлийн 8, 43 дугаар зүйлд зааснаар гомдлыг шийдвэрлэсэн Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаарх гомдол, хүсэлтийг Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Үндсэн хуулийн цэцэд гаргана.

Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэр Үндсэн хуулиас бусад хуулийг, Үндсэн хуулиар Монгол Улсын иргэнд олгогдсон сонгох, сонгогдох эрхээс бусад эрхийг зөрчсөн талаарх гомдлыг Сонгуулийн Ерөнхий хорооны оршин байгаа дүүргийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр бүлэгт заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

20.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 303 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ц.АМАРСАЙХАН