МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2009 оны 3 дугаар сарын 31-ний  өдөр       Дугаар 09                       Улаанбаатар хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН
ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ
ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /цаашид хуулийн гэх/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “тусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага” гэдэгт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас  тусгай зөвшөөрлөөр тодорхой төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гүйцэтгэх явцдаа заавал дагаж мөрдвөл зохих, хууль тогтоомжоор тодорхойлсон болзол, шалгуур үзүүлэлтүүдийг хамааруулан ойлгоно.

2. Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “төрийн захиргааны холбогдох төв байгууллага” гэдэгт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан байгууллагууд хамаарна.

3. Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасан “Казиногийн үйл ажиллагаа эрхлэх”-ийг хориглох гэдэгт мөнгө буюу түүнийг орлогч металл /токенс/ хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос /чип/ буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоом тоглуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж ойлгоно.

4. “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавих” эрхийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар олгосон тул уг хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хяналт, шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам, арга хэлбэрийг удирдлага болгоно.

5. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан “Тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон” гэж хуулийн 11 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн аль нэг нь хуурамч болохыг  эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар нотлогдсон байхыг хэлнэ.

6. Мөн зүйлийн 14.1.4-т заасан “удаа дараа” гэж 2 буюу түүнээс дээш зөрчсөнийг хэлэх ба “ноцтой зөрчсөн” гэдэгт тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг илтэд зөрчсөний улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учруулсан буюу учруулж болох байсан зэрэг нөхцөл байдлыг ойлговол зохино.

 

7. Хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.2, 15.6.3, 15.6.7-д заасан “химийн хорт болон аюултай бодис” гэдгийг Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2008 оны 6 дугаар зүйлийн 25-ны өдрийн 30 дугаар тогтоолын 13-т зааснаар ойлгоно.

 

8. Энэ зүйлийн 15.6.5-д заасан “Хүлцэх хэмжээ” гэдгийг Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар ойлгож хэрэглэнэ.

9. Мөн зүйлийн 15.6.6-д заасан ”байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг судалгаа шинжилгээний үндсэн дээр урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах,  арилгах арга хэмжээний төлөвлөгөө, химийн бодисын эрсдэлийн үнэлгээ,  хяналт шинжилгээний хөтөлбөр, зөвлөмж, дүгнэлт бүхий тайлан гаргах үйл ажиллагааг хэлнэ.

 

10. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ  Ц.СУМЪЯА