2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2010 оны 06 дугаар сарын 20 Дугаар 2 Улаанбаатар хот

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг
шүүхийн практикт зөв хэрэглэх нь

Иргэний, Хуулийн этгээдийн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоотой холбогдсон харилцааг Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар зохицуулах болсонтой холбогдуулан хуулийн зарим нэг зохицуулалтыг Иргэний бүртгэлийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулж байсан зүйл, заалттай хэрхэн уялдуулж зөв ойлгож хэрэглэх асуудлаар шүүгчдэд арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4-т заасныг үндэслэн Улсын Дээд шүүхээс ЗӨВЛӨМЖ болгох нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хууль-/цаашид хуулийн гэх/-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар, нэгж, ажилтнаас бүрдэх бөгөөд хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэнэ” гэж заажээ.

Монгол Улсын Их Хурлын “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” 2008 оны 43 дугаар тогтоолд зааснаар Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрыг байгуулсан, Засгийн газрын 2008 оны 67, 68 дугаар тогтоолуудын дагуу аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Нийслэлийн бүртгэлийн газар ажиллаж байгаа бөгөөд сумдад иргэний бүртгэлийн ажилтан, дүүрэгт иргэний бүртгэлийн хэлтэс нэртэйгээр улсын бүртгэлийн орон нутаг болон нийслэл дахь салбар, нэгж ажиллаж байна.

Иргэний, Хуулийн этгээдийн болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдох харилцааг Иргэний улсын бүртгэлийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар тусгайлан зохицуулсан тул Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, нийслэл болон орон нутаг дахь салбар нэгж, ажилтны бүртгэл хийх эрх, хэмжээг сайтар судалж, хариуцагчийг зөв тогтооход анхаарвал зохино.

2.Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлт, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлнэ, нэгж нь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагчаас бүрдэнэ.

Хяналтын улсын ахлах байцаагч болон хяналтын улсын байцаагч нь Засгийн газрын баталсан Улсын бүртгэлийн хяналтын дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд заажээ.

Энэхүү нэгж нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дотоод зохион байгуулалтын нэгж тул улсын байцаагч нар нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т заасан улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллагын улсын байцаагч гэдэгт хамаарахгүй.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Улсын бүртгэлийн хяналтын дүрэм”-ээр тогтоосон захиргааны дотоод хяналтыг хэрэгжүүлэхдээ иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн захиргааны албан тушаалтныхаа хувьд хариуцагч болно.

Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 4.3-т “Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж заасан тул шүүхүүд ийм төрлийн нэхэмжлэлийг хүлээн авахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг биелүүлсэн эсэхийг анхаарах шаардлагатай.

3.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар бүртгэлийн улсын байцаагч Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан захиргааны шийтгэл ногдуулсан бол түүнд гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах журмыг мөн хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар зохицуулсан байгааг анхаарвал зохино.

4.Хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Хууль хяналтын байгууллага улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар гаргасан шийдвэрээ улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар, нэгжид ажлын 3 өдрийн дотор ирүүлнэ” гэж заажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 86 дугаар зүйлийн 86.4-т захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрээ уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор бэлэн болгож, давж заалдах шатны шүүх магадлалыг ёсчилсноос хойш 7 хоногт хэргийн оролцогчдод хүргүүлэх талаар заасан байна.

Иймд илүү нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглэх зарчмыг үндэслэн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар гарсан шийдвэр, магадлалыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар нэгжид хүргүүлнэ гэж ойлговол зохино.

Харин шүүхийн шийдвэр хүргүүлэх ажиллагааг хэргийн оролцогч өөрийн биеэр шүүхэд хүрэлцэн ирж гардан авах, шүүхийн бичиг хүргэгчээр болон баталгаат шуудангаар эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөр хүргүүлэх зэрэг хэлбэрээр гүйцэтгэж болно.

Харин ерөнхий харъяаллын шүүх дараах асуудлаар гарсан шийдвэрүүдийг иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагад явуулж байх талаар тусгайлан зохицуулсан байна.

Тухайлбал:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.3-т “Иргэнийг нас барсан гэж зарласан шийдвэр гарсны дараа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд зохих тэмдэглэл хийлгэхээр шийдвэр гаргасан шүүх байгаа газрын иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад уг шийдвэрийг явуулна”,

150 дугаар зүйлийн 150.3-т “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоосон шийдвэр гарсны дараа бүртгэлд зохих залруулга хийлгэхээр иргэний  бүртгэлийн байгууллагад уг шийдвэрийг явуулна”,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулна”,

30 дугаар зүйлийн 30.3-т “Эцэг, эх байх эрх хассан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор шүүх иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулна”, 38 дугаар зүйлийн 38.4-т “Тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шүүх иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулна” гэж тус тус заажээ.

5. Хуулийн 20 дугаар зүйлд заасан харьяаллыг зөв хэрэгжүүлэх үүднээс тухайн төрлийн бүртгэлийн харилцааг зохицуулсан хуулиар бүртгэлтэй холбогдох эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн талаархи гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан журмын дагуу дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан эсэхийг шүүх анхаарч шалгаж байх нь зүйтэй.

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ