2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2010 оны 06 дугаар сарын 03 Дугаар 1 Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,
түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл, заалтыг
шүүхийн практикт зөв хэрэглэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг /цаашид хуулийн гэх/ шүүхийн  практикт хэрхэн хэрэглэж байгааг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн хэргүүдэд хийсэн судалгаанд тулгуурлан дүгнэлт хийж, цаашид хуулийн зарим зүйл, заалтыг хэрэглэх асуудлаар шүүгчдэд нэгдсэн ойлголт өгөх, тэдэнд арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор  Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4-т заасныг үндэслэн Улсын Дээд шүүхээс ЗӨВЛӨМЖ болгох нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Улс  төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж заажээ.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар эдгээр албан хаагчдын хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдахаар байна.

Төрийн улс төрийн албан тушаалтан тэдний дотроос Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, 6.2-т заасан албан тушаалтнуудын хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь илүү нарийвчилсан зохицуулалт бүхий юм.

Тухайлбал: Баг, хороо, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргыг ажлаас чөлөөлөх, огцруулах үндэслэлийн талаар хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 -т заажээ.

Түүнчлэн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т ”аймаг, нийслэлийн Засаг даргын  орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж Засаг даргын орлогчийг улс төрийн албан хаагчийнх  нь хувьд томилох, чөлөөлөх асуудлыг аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамааруулж илүү нарийвчлан зохицуулсан гэх мэт.

Эрх бүхий этгээд тухайн шатны Хурлын төлөөлөгч /Хурлын дарга, тэргүүлэгч/-ийг мөн Засаг дарга /Засаг даргын орлогч/-ыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан тохиолдол нь хуулийн холбогдох заалтад нийцсэн эсэхээс гадна тухайн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, огцруулах шаардлага, хуульд заасан хангалттай үндэслэл байгаа эсэхийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шалгах үүрэгтэй.

Шүүхүүд дээрх албан тушаалтны хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн  холбогдох зүйл, заалтуудыг баримталж байвал зохино.

2. Хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь тухайн Хурлын төлөөлөгч байж болно.” гэж заасан нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасан төрийн жинхэнэ албан хаагч нь  аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдохыг хориглосон заалттай зөрчилтэй байна.

Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамрагдаж байх тул тэдгээрийг мөн хуулийн 17 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалтын журмаар шалгаруулж авахаар байна.

Дээрх тохиолдолд илүү нарийвчилсан, мөн сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэх нийтлэг зарчмыг үндэслэн төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын талаарх Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэнэ. /Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дугаар зүйлд 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өөрчлөлт оруулсан. /

3.Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг сонгох эрхийг Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхэд хамааруулсан байтал мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх нь Хурлын даргын нийтлэг бүрэн эрхэд хамааралтай байхаар өөрөөр зохицуулжээ.

Иймд сонгон шалгаруулалтад орж тэнцсэн иргэдээс төрийн албаны салбар зөвлөлийн саналыг үндэслэн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар томилон ажиллуулах саналаа Хурлын дарга, Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ гэж ойлгож хэрэгжүүлнэ.

4.Иргэдийн  төлөөлөгчдийн  Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох нь Хурлын төлөөлөгчийн, Засаг даргад нэр дэвшүүлж, томилуулах эрх нь иргэд, Хурал дахь нам эвслийн бүлэг, Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал байхаар хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 26 дугаар зүйлийн 26.2-т зохицуулжээ..

Гэтэл  зарим тохиолдолд Хурал дахь нам эвслийн бүлэг “зөвшилцөх “ нэрийн дор хуралдааныг орхиж гарах тохиолдол цөөнгүй гардаг байна.

Ийм тохиолдолд хуралдаанд оролцож, эсрэг санал өгснөөр тооцох нь Хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 23.9 дэх заалттай нийцэх юм.

5. Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5, 23 дугаар зүйлийн 23.7, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.3, 27.6, 32 дугаар зүйлийн 32.6-д заасан “олонхийн” гэдгийг 50-иас дээш, 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасан “дийлэнх олонхи” гэдгийг  гуравны хоёр,  15 дугаар зүйлийн 15.1.1, 15.4, 23 дугаар зүйлийн 23.3-т  заасан “гуравны хоёроос доошгүй” гэснийг дийлэнх буюу 66.6 хувиас дээш, 32 дугаар зүйлийн 32.6-д заасан “гуравны нэгээс  доошгүй” гэснийг 33.3 хувиас дээш гэж ойлгох нь зүйтэй.

Хуулийн 17, 18, 19, 22 дугаар зүйлүүдэд баг, хороо, сум, дүүрэг, аймаг,  нийслэлийн Хурлын болон Хурлын даргын нийтлэг бүрэн эрхийн талаар зохицуулсан байна.

Харин  хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 20 дугаар зүйлийн 20.1-д тухайн шатны Хурлын хуралдааны чөлөө цагт Хурлын Тэргүүлэгчид өөрийн бүхэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх асуудлуудыг тусгажээ.

Эрх бүхий этгээд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрхэд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргах явдал цөөнгүй гаргадгийг анхаарч, шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ юуны өмнө тухайн захиргааны актыг эрх бүхий этгээд гаргасан эсэхийг шалгах нь зүйтэй юм.

Жишээ нь: Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан сум, дүүргийн Хурлын онцгой бүрэн эрхэд хамааралтай асуудлыг аймаг, нийслэлийн Хурал тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэж, хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Хууль тогтоомжид  зөвхөн сум дүүргийн Хуралд олгосон бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Хурал тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг хориглоно” гэснийг зөрчих,

Мөн тухайн шатны  Хурлын Тэргүүлэгчид хуулийн 17.2, 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг зөрчиж, 17 дугаар зүйлийн 17.1.4, 18 дугаар зүйлийн 18.1.1”а”-д заасан шийдвэрийг гаргах гэх мэт

Дээрх нөхцөлд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан үр дагавар үүснэ.

6. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар баг, хороо, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах нийтлэг бүрэн эрхтэй байна.

7. Хуулийн 17,18,19, 22 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.3, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтууд нь бүх шатны Хурал, Засаг дарга нарын бүрэн эрхийн талаарх ерөнхий зохицуулалт болно.

Эрх бүхий этгээд эдгээр зүйлүүдэд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн шийдвэрлэж буй асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан холбогдох бусад хуулийн заалтуудыг анхаарах, шүүх үүнийг мөн шалгах үүрэгтэй. /Газрын тухай, Байгаль орчны тухай, Ашигт малтмалын тухай хууль гэх мэт/

Жич: Бүх шатны Хурал, Засаг дарга нарын бүрэн эрхтэй холбоотой хуулиудын зүйл, заалтыг хавсралт 1-д үзүүлэв.

Тухайлбал: Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “ж”-д “Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нь газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэсэн Засаг даргын бүрэн эрхийн талаарх ерөнхий зохицуулалт нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд илүү нарийвчилсан байдлаар  тусгагдсан байх жишээтэй.

8. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар “…хууль тогтоомжид нийцээгүй” үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох, ялангуяа Засаг дарга гаргасан захирамжаа өөрөө хүчингүй болгох хуулийн заалтыг холбогдох этгээд зөв хэрэглэдэггүй, шүүх үүнийг анхаарахгүй байх зөрчил практикт их гардаг байна.

Шүүхийн шийдвэрлэсэн хэргүүдээс үзвэл ийм тохиолдол газрын маргаантай хэргүүд дээр их гарчээ.

Жишээ нь: Газрын асуудлаар иргэд хоорондын маргааныг шийдвэрлэх явцдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг баримтлан тухайн иргэнд анх газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгодог байна.

Тодруулбал: Газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахдаа анхнаасаа хууль зөрчсөн нь тогтоогдвол Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар хүчингүй болгох боломжтой.

Харин газар эзэмшүүлэх тухай захирамж хуульд нийцсэн боловч газар эзэмшигч нь Газрын  тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан үр дагавар үүснэ.

“Хууль тогтоомжид нийцээгүй” гэдэгт  өөрийн харъяаллын бус асуудлаар шийдвэр гаргасан, шийдвэр гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн,  захирамж нь бусад хуулийг зөрчсөн зэрэг тохиолдлууд хамаарч болох юм.

9. Шүүхэд ирж байгаа маргааны дотор бүх шатны Засаг дарга нарын томилгооны талаар, тухайлбал: Засаг даргад нэр дэвшигч нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6-д заасан шаардлагыг хангаагүй асуудлаар гаргасан нэхэмжлэлтэй хэрэг цөөнгүй шийдвэрлэгджээ.

Ийм тохиолдолд шүүх юуны өмнө Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “…зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэл….” гэж заасныг нягтлан үзэж, тухайн нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх ямар байдлаар зөрчигдөж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай.

10. Шүүх бүх шатны Хурал, Засаг даргаас гаргасан захиргааны акттай  холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ гомдол гаргах харъяалал, журам, хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль,  холбогдох бусад хуулиудад  хэрхэн зохицуулсныг  анхаарч ажиллавал зохино.

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ


 

2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн
зөвлөмжийн 1 дүгээр хавсралт

 

Д/д

Хуулийн нэр

Холбогдох зүйл, заалт

ИргэдийнТөлөөлөгчдийн Хурал

Засаг дарга

1

Ашигт малтмалын тухай хууль

43.3

38.2, 38.3, 39.6, 39.7

2

Байгаль орчны тухай хууль

16, 17, 18

17, 18

.

3

Газрын хэвлийн тухай хууль

7.1,8.1, 52.2

7.2, 8.2, 15.1.1, 15.4, 52.2, 56.1.1

4

Газрын төлбөрийн тухай хууль

6.3

 

5

Газрын тухай хууль

20.1, 21.1, 29.4, 52.1, 52.4, 52.6

20.2, 21.2, 21.3, 21.4, 21.5, 22.2, 26.5, 33.1.1, 33.1.2, 36.1, 37.2, 38.3, 38.4, 40.1, 40.2, 41.4, 42.3, 43.4, 44.4, 441.1, 46.1, 52.2, 52.8, 52.10, 53, 54.4, 56.4, 57.1, 58.6, 60.1.1, 60.1.2,  60.1.3

6

Монгол Улсын Засаг  захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

4.2, 12, 14.1.1, 17, 18, 19, 21.1, 22.2, 26.4

14.4, 24.1, 27.1, 27.5, 27.6, 28, 29, 30, 31, 32, 33.3, 34, 35, 36, 40.2, 40.3

7

Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль

11.1, 13.1

12.1, 14.1, 16.1, 18.1, 20.6, 21.1, 29.5, 29.6, 29.7,

8

Орон сууц хувьчлах тухай

5.2

10, 14.2

9

Орон сууцны тухай хууль

8.1

8.2

10

Орон нутгийн сонгуулийн тухай хууль

 

10.8, 16.1, 16.11, 16.12, 31.2, 36.3, 36.6

11

Ойн тухай хууль

4.4.2, 8.5.3, 14.1, 15.1, 16.1,  22.2, 29.2, 29.3

14.2, 15.2, 16.2, 18.8, 18.10, 19.1.8, 19.2, 23.1, 23.5, 28.1, 28.2, 31.1, 31.2, 33.1

12

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай

 

18.1

13

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль

77, 81.1, 81,2

78

14

Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль

3.2, 7.3

8.1,

15

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хууль

50.1, 50.3, 50.4, 57.1, 58.3

38.4, 46.1.5, 51.1, 52.1, 52.2, 52.3, 53, 56.1, 58.1, 59.1

17

Төрийн албаны тухай хууль

 

20.2

18

Төрийн хяналт шалгалтын тухай хууль

12.1

 

19

Ус рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай

7.3, 7.5

 

20

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль

 

10.4, 10.5, 15.2, 25.2, 32.3

21

Хөдөлмөрийн тухай хууль

 

17.2, 118.1, 137.4, 139.1.1, 139.1.2