2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2010 оны 06 дугаар сарын 02 Дугаар 2 Улаанбаатар хот

 ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ
ХЭРГИЙН ОРОЛЦОГЧДЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг бүрэн  хангаж чадсанаар шүүх эрх зүйн маргааны талаар хууль ёсны шийдвэр гаргах үндэслэл бүрддэг учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хэргийн оролцогчдын эдлэх эрх, хүлээх үүргийг зөв тодорхойлох, тэдэнд хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь шүүхийн зүгээс шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх ажиллагааны арга барил олгох зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3., 15.4. дэх заалтыг үндэслэн Улсын Дээд Шүүхээс ЗӨВЛӨМЖ болгох нь:

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчдын эдлэх эрх, хүлээх үүргийн талаар зөвхөн шүүх хуралдаан дээр тайлбарлаж өгдөг буруу практикийг халж, одоо нийт шүүхүүд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх үед буюу иргэний хэрэг үүсгэх үеэс зохигчдод эрх, үүргийг нь танилцуулж, энэ талаарх баримтад гарын үсэг зуруулах хэлбэрээр баталгаажуулдаг болсон нь сайшаалтай үзүүлэлт юм.

Гэхдээ энэ ажиллагаа хуулийн шаардлагад нийцэх хэмжээнд хүрээгүй, зарим талаар дутагдалтай хийгдэж байгаа нь шүүхийн практикаас ажиглагддаг ба эдгээр дутагдлыг ангилвал:

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн утга, учрыг шүүх бүрэн тайлбарлахгүйгээр хуулийн зүйл, заалтыг уншуулах, баримтад гарын үсэг зуруулах зэргээр эрх, үүргийг танилцуулах ажиллагааг хэлбэрийн төдий байдлаар явуулдаг.

ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлд заагдсан хэргийн оролцогчийн эрх, үүрэг тус бүрийг танилцуулахаас гадна тэдгээрийн утга, агуулга, учир холбогдлыг тайлбарлах шаардлагатай юм. Энэ ажиллагаа огт хийгдээгүй, эсхүл дутуу дулимаг хийгдсэнээс хэргийн оролцогч эрх, үүргээ ойлгоогүй байх тохиолдол шүүхийн практикт түгээмэл гарч байна.

2.Хэргийн оролцогчдын эрх, үүргийг зөвхөн зохигчдод танилцуулж, тэдгээрийн төлөөлөгч болон зохигчдоос бусад оролцогчдод эрх, үүргийг танилцуулах ажиллагаа хийгддэггүй.

ИХШХШТХ-ийн 22 дугаар зүйлд хэргийн оролцогчдын бүрэлдэхүүнд зохигч буюу нэхэмжлэгч, хариуцагчаас гадна гуравдагч этгээд, зохигч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч, бусдын эрх ашгийг хамгаалах бүрэн эрх хуулиар олгогдсон этгээдийг заасан байна. Хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарласан тухай иргэний хэрэгт хавсаргагдаж буй баримтуудаас үзэхэд өмгөөлөгчид эрх, үүргийг танилцуулах ажиллагаа огт хийгддэггүй, зохигч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн эрх, үүргийн онцлогийг танилцуулаагүй байдаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурорт эрх, үүргийг танилцуулах ажиллагаа мөн хийгддэггүй байна. Бие даасан шаардлага гаргасан болон гаргаагүй хоёр өөр гуравдагч этгээдийн эрх, үүргийг зааг ялгаатай танилцуулж, тайлбарладаггүй дутагдал гардаг.

3.Хэргийн оролцогчдын эрхийг танилцуулсан боловч үүргийг нь хангалттай танилцуулахгүй байх, үүргийг нь танилцуулсан боловч, эрхийг нь бүрэн тайлбарлахгүй байх.

Аливаа харилцаа эрх, үүргийн нэгдлээс бүрддэг тул аль нэг бүрдэл хэсгийг нь орхигдуулсан тохиолдолд тухайн харилцаанд гажуудал үүсдэг болно.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн тохиолдол бүрт эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулах ажиллагаа хийгддэггүй.

ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогчийн нийтлэг эрх, үүрэг тусгагдсан байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус бүрт тухайн эрхээ хэрхэн хэрэгжүүлэхийг тайлбарлах ёстой. Жишээлбэл, шинжээч томилуулах хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлж буй хэргийн оролцогчид ямар учир шалтгаанаас энэ хүсэлтийг гаргаж байгаа, шинжээчид ямар асуулт тавих хүсэлтэй байгаа, шинжээчээр томилуулах этгээдийн талаар болон шинжлүүлэх баримтын талаар ямар саналтай байгааг хүсэлтдээ тусгахыг тайлбарлах шаардлагатай.

Мөн зүйлийн 25.1.7-д “хуульд заасан бусад эрх” гэж заасныг шүүх хэргийн оролцогчид тодруулан тайлбарлах ёстой болно.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргээ ойлгосон эсэхийг тодруулдаггүй.

Нас, эрүүл мэнд, боловсролын байдал зэрэг шалтгаантай сэтгэхүйн ямар нэг доголдолгүй дундаж иргэн  хуулийн зүйл, заалтыг анхааралтай уншиж танилцсанаар тэдгээрийг ойлгосон гэж үзэх үндэслэл бий боловч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, зарчим, агуулга зэргийг хүн бүр ижил тэгш ойлгож хүлээн авах боломжгүй тул хэргийн оролцогч бүрт эрх, үүргийг тайлбарласны эцэст ойлгосон эсэхийг нь тодруулж байх шаардлагатай юм.

Ялангуяа монгол хэл мэдэхгүй, эсхүл энэ хэлээр ойлголцож чадахгүй хүмүүст орчуулагч хэлмэрчийн туслалцаатайгаар эрх, үүргийг нь тайлбарлах шаардлагатай болно. Орон нутагт хэлгүй, дүлий хүмүүсийн албан ёсны хэлмэрч, орчуулгын ажил эрхлэх тусгай эрх бүхий байгууллага байдаггүй хүндрэл нь хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах хуулийн шаардлагыг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм. Хэргийн оролцогч амьдралд бусадтай ойлголцож, харьцдаг хэлбэрийг нь тодруулж, түүний сонгосон хэлмэрч, орчуулагчаар дамжуулан эрх, үүргийг нь тайлбарлах үүргийг шүүх биелүүлнэ. Харин хэлмэрчилж, орчуулж буй эдгээр хүмүүс байдлыг бүрэн ойлгуулж чадахгүй, эсхүл хэргийн оролцогч бүрэн ойлгохгүй байгаа тохиолдолд мэргэжлийн хүнийг оролцуулах талаар шүүх холбогдох арга хэмжээ авах учиртай.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь зохигчийн эрх зүйн байдал

Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагчаас гадна “тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд” хамаарах талаар ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлд заажээ. Уг этгээд гэдэгт мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 12 дугаар зүйлийн 12.1.2.-12.1.4.-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан этгээд, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргасан этгээд, мөн бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэл гаргасан этгээд хамаарахаас гадна мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд эрх, үүргийн хувьд хамаарах боломжтой юм.

Иргэний хэргийн зохигчийг төлөөлж буй этгээдийн хувьд нэхэмжлэгч, хариуцагчид хуулиар олгогдсон эрхийг эдэлж, үүрэг хүлээх ёстой боловч уг этгээдийн төлөөллийн хүрээ, хязгаарыг шүүх ямагт анхаарах учиртай. Зохигч өөрийгөө төлөөлж буй этгээдэд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг хэдий хэмжээгээр олгосон болохыг, төлөөлөл нь итгэмжлэлээр, эсхүл хуулиар бий болж буй байдалд шүүх анхааралтай хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллагаа явуулж буй эсэхийг хянах нь зүйтэй. Ялангуяа нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, шаардлагаас татгалзах, шаардлагыг зөвшөөрөх, гомдол, хүсэлт гаргах, эсхүл гаргахаас татгалзах зэрэг төлөөлүүлж буй этгээдийн эрх ашигт нөлөөлхүйц ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагчийн санал, зөвшөөрлийг авсан эсэхийг тодруулахад илүүдэхгүй юм.

Төлөөлөн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч хоёр эрх зүйн байдлын хувьд өөр гэдгийг анхаарч итгэмжлэлийн үйлчлэх болон түүнийг олгосон хугацааг тус тус шалгаж байвал зохино.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч, хэд хэдэн хариуцагч оролцох асуудлыг ИХШХШТХ-ийн 27 дугаар зүйлд зохицуулсан ба хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагчийг татан оролцуулах ажиллагааг шүүх алдаатай явуулдаг дутагдал шүүхийн практикт түгээмэл байна. Тухайн эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй оролцох эрхтэй хүмүүсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулснаар эдгээр хүмүүсийн эрх ашигт нийцэх, бодит байдлыг тогтоох зэрэг эерэг үр дагаврыг угаасаа нэхэмжлэл гаргах, хэнд холбогдуулж гаргах зэргийг хүн өөрөө шийддэг иргэний процессын эрх зүйн диспозитив зарчмыг үгүйсгэх сөрөг үндэслэл болгож болохгүйг шүүх ямагт санах учиртай. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2., 26.3.-т заасан нэхэмжлэгч, хариуцагчийн тодорхойлолтод тохирохгүй этгээдийг шүүх хамтран нэхэмжлэгч, хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж болохгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгч, хариуцагчаар өөр этгээдийг татан оролцуулах хуулиар олгогдсон боломжийг шүүх:

- хуульд заасан зөвхөн зайлшгүй шаардлагын үндсэн дээр

-хэргийн бусад оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийн санал хүсэлтийг авсан тохиолдолд л хэрэгжүүлэх учиртай.

Жишээлбэл, өв залгамжлалын асуудал шийдвэрлэгдэхэд өв залгамжлагч нар, хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэлцэлд оролцогч талууд оролцох шаардлагатай байх зэрэг тохиолдол энд хамаарна.

Хамтран нэхэмжлэгч, хариуцагчийг татан оролцуулах нь нэхэмжлэгч, хариуцагчийг солих ажиллагаа биш бөгөөд уг ажиллагааг явуулах боломжгүй үед түүний оронд хийгдэх ажиллагаа биш юм.

Нэхэмжлэгч хариуцагчийг шүүхээс солих нь  зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлт, эсхүл зөвшөөрлөөр хийгдэх ажиллагаа гэдгийг шүүх анхаарвал зохино. Харин нэхэмжлэгчид түүний нэхэмжлэх эрхгүй талаар, мөн хариуцагчаар сонгосон этгээд  жинхэнэ хариуцагч биш талаар шүүх тайлбарлаж өгөх ёстой ба ийнхүү тайлбарлахдаа нотолгоо баримтад тулгуурлан хуулийн зүйл, заалтыг үндэслэн ойлгуулахын зэрэгцээ оновчтой зөв хэлбэрийг сонгох шаардлагатай болно. Эс тэгвээс шүүхийн хөндлөнгийн байр суурь, урьдчилсан таамаглалгүйгээр асуудлыг хянан шийдвэрлэх чадварт хэргийн оролцогч эргэлзэх үндэслэлийг бий болгох магадлалтай юм.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн эрх зүйн байдал

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан бөгөөд гаргаагүй хоёр гуравдагч этгээд оролцох боломжтойг хуулийн 29 дүгээр зүйлд заажээ.

Шүүхэд үүссэн иргэний хэрэгт зохигчоос өөр этгээдийн гаргаж буй шаардлага нь дараах үндсэн шинжтэй байгаа тохиолдолд шүүх уг шаардлагыг тухайн хэрэгт хамтатган шийдвэрлэх, шаардлага гаргаж буй этгээдийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах үүрэгтэй болно:

-үндсэн болон сөрөг шаардлагатай ижил агуулгатай буюу нэг зүйлийн талаар адилхан шаардлагыг өөрийн талд ашигтайгаар тавьсан байна. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг дэмжсэн гуравдагч этгээдийн шаардлага бие даасан шинжийг агуулахгүй юм.

-тухайн хэрэгт хамтатган шийдвэрлэх нь бодит үнэнийг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх хэмнэлтийн зарчимд нийцсэн, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой байна.

Хэлэлцэгдэж буй маргааны зүйл, хэргийн оролцогчидтой холбоотой боловч тухайн шаардлага, үндэслэлээс өөр асуудлыг тусгасан шаардлага гаргаж буй этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулахгүй. Тэрээр тухайн асуудлыг бие даасан нэхэмжлэл гаргаж шүүхээр хянан шийдвэрлүүлэх учиртай.

Бие даасан шаардлага гаргаж буй гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн шийдвэр гарахаас өмнө аль ч үед оролцох боломжтойгоор хуульд заасан тул шүүх энэ эрхийг нь хангахын тулд шаардлагыг хүлээн авах, хэргийн оролцогчдод гардуулах, танилцуулах, хариу тайлбар авах, нотлох баримтыг хүлээн авах, бүрдүүлэх зэрэг ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг анхааран тооцвол зохино.

Гуравдагч этгээд бие даасан шаардлагаа нэг эсхүл хоёр талд гаргах боломжтой учир шаардлагын бүрдүүлбэр, хувь зэргийг шалгах, холбогдох хэргийн оролцогч бүрт гардуулж, баримтжуулах зэрэг ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн эсэхийг хянах нь зүйтэй.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд зохигчийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг тул түүнд эрх, үүргийг танилцуулан тайлбарлах ажиллагааг шүүх бүрэн явуулах ёстой.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг бие даасан шаардлага гэж буруу ойлгох алдаа шүүхийн практикт багагүй гардаг.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд зөвхөн өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг хүсдэг бол шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хэргийн оролцогчдын хүсэлтээр ч, өөрийнх нь санаачилгаар ч оролцуулдаг байна. Шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хэргийн оролцогчийн аль нэг талд оролцдог бол шаардлага гаргасан этгээд нэхэмжлэгч, хариуцагчийн хэний ч талд оролцдоггүй, бие даасан эрх зүйн байдалтай болно.

Гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай гэж үзэж буй шүүх энэ талаар хэргийн оролцогчдод тайлбарлах учиртай. Ийнхүү тайлбарласны эцэст хэргийн оролцогчдын алинаас нь ч  гуравдагч этгээдээр оролцвол зохих этгээдийг оролцуулах талаар хүсэлт гараагүй бол шүүх энэ талаарх баримтыг хэрэгт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

Прокурор болон бусдын эрхийг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэхажиллагаанд оролцож буй этгээдийн эрх зүйн байдал

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох, бусдын эрх ашгийг хамгаалж байгаа этгээд оролцох журмыг ИХШХШТХ-ийн 31 дүгээр зүйлд тодорхойлжээ.

Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхэд дараах хоёр үндсэн нөхцлийг харгалзан үзнэ. Үүнд:

а) Төрийн байгууллага иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах хүсэлт гаргасан байх.

б) Прокурор оролцуулах тухай хүсэлт нь төрийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд үндэслэсэн байх.

Эдгээр нөхцөлд прокурор иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагын нэрийн өмнөөс бус гагцхүү төрийн нэрийн өмнөөс оролцоно.

Прокурорыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан байгууллага нь ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу нотлох баримт гаргах, цуглуулах, түүнийг бүрдүүлэх, хүсэлт гаргах үүрэгтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа прокурор нь хуульд заасан журмын дагуу хэрэг маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бол төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нотлох баримтыг иргэн, хуулийн этгээд, түүний албан тушаалтнаас шүүхэд гарган өгөхийг шаардах, түүнийг албадан гаргуулахыг шүүхэд хүсэх эрхтэй. (хуулийн 46 дугаар зүйлийн 46.3., 46.4.) Мөн хэргийн байдлыг тодруулах зорилгоор үзлэг, туршилт, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авахуулах зэргийг хэргийн оролцогчийн хувиар гаргах эрхтэй юм.

Прокурор нь хэргийн оролцогч тул мөн ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэхийн хамт иргэний хэрэгт итгэмжлэлгүй оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалж байгаа этгээд бол прокурорын нэгэн адил хэргийн оролцогчийн эрх үүргийг эдлэн хэрэгжүүлнэ.

Бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалахаар иргэний хэрэгт оролцогч этгээд нь тухайн эрх зүйн маргаанд өөрийн байгууллагын зүгээс ашиг сонирхолгүй байх бөгөөд гагцхүү бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор бие даан хэрэгт оролцох бөгөөд түүнд итгэмжлэл шаардагдахгүй.оролцоно.

Эрх ашиг нь зөрчигдсөн этгээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлт гаргавал хуульд заасан журмын дагуу бие даан оролцох боломжтой. Энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамт оролцох боловч тус тусдаа эрх үүргээ хэрэгжүүлж, бие биенээ төлөөлөхгүй.

Прокурор болон бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалан иргэний хэрэгт оролцож буй этгээдийн хэн алины нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болдоггүй тул тэдгээрийн татгалзлыг батлах, хэргийг хэрэгсэхгүй болгох ажиллагааг шүүх хийхгүй гэдгийг анхаарах нь зүйтэй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх ажиллагааны онцлог

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэн, хуулийн этгээдэд олгогдсон эрх зүйн боломжийг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэхдээ дараах байдлыг анхаарах ёстой.

Иргэнийг төлөөлөх хэлбэрийг ИХШХШТХ-ийн 32-34 дүгээр зүйлд тодорхойлон заажээ.

Иргэний хуульд заасан журмаар төлөөлөх гэдэг нь хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хамаарал бүхий ойлголт юм.

Хууль ёсны төлөөлөгч шүүхэд төлөөлөхөд өөрийн бүрэн эрхийг тодорхойлсон баримт бичиг, түүний хуулбарыг гаргаж ирүүлсэн нөхцөлд төлөөлөх бүрэн эрхтэй гэж үздэг.  Эдгээр баримтад төрсний болон үрчилсний гэрчилгээнээс гадна шүүхийн болон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр байж болох юм.

Сураггүй алга болсонд тооцогдсон хүн хэрэгт оролцох ёстой байвал түүний эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд, мөн нас барсан, нас барсан гэж зарлагдсан этгээд оролцох ёстой хэрэгт өвлөгч, өвийг хүлээн аваагүй тохиолдолдэд хөрөнгийг эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд оролцох боломжтой.

Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог тул хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр, мөн итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх асуудлыг зааглан ялгах шаардлагатай болно. Хуулийн этгээдийг төлөөлөх итгэмжлэлийг ийнхүү итгэмжлэх эрхтэй этгээд олгосон эсэхийг мөн анхаарах нь чухал байдаг.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлах

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн аль нэг нь эрх зүйн маргаанаас гарсан тохиолдолд эрх залгамжлан авах тохиолдолд бий болдог.

Зохигч :

а) нас барсан

б) сураггүй алга болсонд тооцогдсон

в) нас барсан гэж зарласан

г) хуулийн этгээд татан буугдсан

д) иргэн, хуулийн этгээд шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн тохиолдолд процессийн эрх зүйн харилцаанаас гардаг.

Шүүх эдгээр тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагчийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольдог ба ийнхүү солих ажиллагааг сонирхогч этгээд эсхүл эрх залгамжлагчийн хүсэлтэд үндэслэх ба эрх залгамжлан авбал зохих нэг буюу хэд хэдэн этгээд байж болдгийг тус тус анхаарвал зохино.

Эрх залгамжлагч нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн эдэлбэл зохих эрхийг бүрэн эдлэж, үүрэг хариуцлагыг хүлээдэг учир түүнд эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг шүүх зохих журмын дагуу гүйцэтгэх учиртай.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ