2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2010 оны 06 дугаар сарын 02 Дугаар 1 Улаанбаатар хот

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд
ш
үүгч, шүүхийн туслах ажилтны ажил үүргийг
з
өв хуваарилж, хяналт тавих арга барилын тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч, шүүхийн туслах ажилтны ажил үүргийг зөв хуваарилах аргачлал олгох  зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3., 15.4.-т заасныг баримтлан Улсын Дээд шүүхээс ЗӨВЛӨМЖ болгох нь:

Иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгч болон шүүхийн туслах ажилтны ажил үүрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  явуулахад  чиглэгдэнэ.

Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад  нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахыг оролцуулах талаар хууль болон холбогдох эрхийн актад  дараах байдлаар тусгасан байна.

А. Шүүхийн тухай хуульд:

-бүх шатны шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажиллах /73,74 дүгээр зүйл/,

-шүүгчийн туслах, нарийн бичгийн даргын ажлыг шүүгч удирдан зохион байгуулах /34.1.3.,34.1.4.,34.1.6.,36.1.1, 38.1.1., 39.1.2 дүгээр зүйл/,

-шүүгчийн туслах хэрэг маргааны талаар судалгаа хийж танилцуулах, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх болон хуульд заасан бусад үүрэг /73 дугаар зүйл/.

Б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд:

-нэхэмжлэлийг хүлээн авах /хуулийн 64 дүгээр зүйл/,

-шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагааны үед шүүгчийн даалгаснаар тэмдэглэл үйлдэх /51, 87, 96 дугаар зүйл/,

-шүүх хуралдааны ирц ба түүнд оролцох  эрхийг  шалгах /99 дүгээр зүйл/,

-давж заалдах гомдол хүлээн авч, зохих ажиллагаа хийх /163 дугаар зүйл/,

-шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхэд шаардлагатай  ажиллагаа хийх  /185.1 дүгээр зүйл/.

В. Бусад эрхийн акт:

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолоор “Иргэний хэргийн хөдөлгөөний стандарт”-ыг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн гүйцэтгэх тухай нэгдсэн стандартыг тогтоож, уг ажиллагаанд тавих хяналтыг зохион байгуулахад чиглэсэн  журмыг тогтоосон байна.

Тухайн журмаар шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шүүх хуралдаанд бэлтгэх, шүүх хуралдааныг явуулах, хэргийг хянан шийдвэрлэсний дараа хийгдэх ажиллагааг шүүгч, ажилтнууд ямар хугацаанд хэрхэн гүйцэтгэх тухай нэгдсэн журмыг тодорхойлжээ.

Хоёр. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд
заасан  ажиллагаа

2.1.Монгол Улсын хууль, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл \хүсэлт, гомдол\ гаргах эрхтэй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан байна.

Эрхээ хамгаалуулах зорилгоор гаргасан нэхэмжлэл \гомдол, хүсэлт\-ийг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмаар  шүүгчид хуваарилна.

Нэхэмжлэл \гомдол, хүсэлт\-ийг шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журамд заасан хуваарийн дагуу  шийдвэрлүүлэхийг зохигч шаардах эрхтэй гэж мөн зүйлийн 5.5 дахь хэсэгт заажээ.

Шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журамд заасны дагуу шүүгчид хэрэг хуваарилагдаагүй  бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4., 91 дүгээр зүйлийн 91.1.3., 168 дугаар зүйлийн 168.1.4 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдэнэ.

Иймд аливаа этгээдийн гаргасан нэхэмжлэл \хүсэлт, гомдол\-г шүүгчид хуваарилахдаа шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмыг заавал баримтална.

Нэхэмжлэл \хүсэлт, гомдол\-г шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу  хуваарилсан эсэхэд  шүүгч, ерөнхий шүүгч хяналт тавих нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Шүүх хүлээн авсан нэхэмжлэл \хүсэлт, гомдол\-г урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилж байгаа эсэх тухай мэдээлэл ил тод, нээлттэй байх нь мөн хуулийн 4., 5 дугаар зүйлийн шаардлагад нийцэх юм.

2.2.Нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн            64 дүгээр зүйлд заасны дагуу тухайн шүүхийн шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч ийнхүү хүлээн авсан нэхэмжлэл, хавсаргасан материалын хуудасны тоо, огноо, цаг минутыг нэхэмжлэлд тэмдэглэн баталгаажуулна. Тэмдэглэн бичсэн дарааллаар нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бичнэ.

Хуулийн уг заалтыг чанд сахин мөрдөх нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4., 5.5. дахь хэсгийн заалтын хангах нөхцөл бүрдэнэ.

Нэхэмжлэл, хавсаргасан материалын хуудасны тоог тэмдэглэн баталгаажуулах ажиллагааг зохих журмын дагуу үйлдэх нь тухайн нотлох баримтыг нэхэмжлэлтэй хамт хавсаргаж өгсөн эсэх, уг баримтыг аль тал гаргаж өгсөн зэрэг байдлыг тодруулахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн                      6 дугаар зүйлийн 6.5., 25 дугаар зүйлийн 25.2.2., 62 дугаар зүйлийн 62.1.6. дахь хэсгийн заалттай уялдаа холбоотой байдаг талаар шүүгчийн туслах нарт тайлбарлан ойлгуулж байвал зохино.

2.3.Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсхүл иргэний хэрэг үүсгэх  техник ажиллагааг шүүгчийн туслах гүйцэтгэнэ.

2.4.Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, нотлох баримтыг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцдог.   

 

Иймд шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2., 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдэнэ. 

Шүүхийн мэдэгдэх хуудсыг шүүхийн ажилтан биечлэн хүргүүлэхээс гадна шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ заавал баримтжуулсан байна.

Шүүхийн мэдэгдэх хуудас нь шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг өөртөө агуулдгаас гадна хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжийг тусгасан байдаг тул мэдэгдэх хуудсыг зохигч талын ажлын газрын хаягаар шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх ёстойг хуулийн 77 дугаар зүйлийн 77.1., 77.2.-т заажээ. Гагцхүү шаардлагатай тохиолдолд л шүүхийн мэдэгдэх хуудсыг утас болон бусад хэрэгслээр дамжуулан мэдэгдэх боломжтойг мөн энэ зүйлд заасан байхад шүүх тодорхой бус шалтгаанаар шүүхийн мэдэгдэх хуудсыг биш харин шүүх хуралдааны товыг  хариуцагчийн утсаар мэдэгдэх явдал нийт шүүхэд түгээмэл болж байгааг анхаарвал зохино.

Мэдэгдэх хуудсыг  биечлэн хүргүүлсэн, утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдсэн хэдий ч мэдэгдсэнээ баримтжуулаагүй эсхүл зохих журмаар баримтжуулаагүй нь \гардуулсан огноо бичээгүй, хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй, хэн хүлээн авсан нь тодорхойгүй гэх мэт\ зохигчийн шүүх хуралдаанд оролцох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан эрхийг хангасан эсэхэд эргэлзэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Шүүх хуралдаанд хүрэлцэн ирвэл зохих зохигч хүрэлцэн ирээгүйгээс мөн хуулийн 100 дугаар зүйлд заасан үр дагавар үүсдэг тул шүүхийн ажилтан мэдэгдэх хуудсыг биечлэн хүргүүлэхдээ, нарийн бичгийн дарга шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг  утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэхдээ ийнхүү хүргүүлснээ, мөн мэдэгдсэнээ заавал баталгаажуулах бөгөөд уг ажиллагааг хуулийн  шаардлагад нийцүүлэн хийх ёстой.

Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохих этгээдэд хүргүүлэх, мэдэгдэхийг зохих журмын дагуу хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлэх, үндэслэлгүйгээр шүүх хуралдаан хойшлуулах, шүүхийн  шийдвэр, магадлал хүчингүй болох үр дагаврыг үүсгэдэг тул шүүгч уг ажиллагаанд хяналт тавьж гарах үр дагаврын талаар шүүхийн ажилтан болон нарийн бичгийн дарга нарт сайтар урьдчилан нэг бүрчлэн танилцуулж байх нь чухал гэж үзнэ.

2.5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан  ажиллагааг шүүгч явуулна.

Зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийн талаар ойлгомжтой, тодорхой тайлбарлан танилцуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  хуульд заасан журмын дагуу, хуулийн хугацаанд явуулахад чухал ач холбогдолтой бөгөөд  мэтгэлцэх зарчмыг  хэрэгжүүлэх үндсэн суурь нь болдог /Улсын Дээд шүүхийн 2008 оны  10 дугаар сарын  10-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь зохигчийн тайлбар”  зөвлөмжийг үзнэ үү/

Иймд нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага болон татгалзлаа үндэслэж буй нотлох баримтыг өөрөө гаргаж, нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг шүүгч явуулна.

Нарийн бичгийн дарга тухайн зохигчийг дуудан ирүүлэх, биеийн байцаалтыг тодруулах зэрэг ажиллагааг гүйцэтгэнэ.

2.6.Шүүх хуралдааны үед тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагааны үед шүүгч, түүний даалгаснаар шүүгчийн туслах үйлдэнэ.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан явуулах байр, танхимыг бэлтгэх, шүүх хуралдааны ирцийг бүртгэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнд танилцуулахаас гадна шүүх хуралдааны ажиллагааг тэмдэглэл үйлдэж баталгаажуулах, шүүхийн шийдвэрийг хүргүүлэх, гүйцэтгэх хуудас олгох, хүргүүлэх, хэргийг цэгцэлж үдэх, архивт шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэнэ.

Тэмдэглэлийг монгол хэл дээр хөтлөж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дүрс болон дууны  бичлэгт буулгаж болно.

Шүүх хуралдааны үед  тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэрэг  хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагааны үед шүүгч, түүний даалгаснаар шүүгчийн туслах үйлдэнэ. Тухайн шүүхийн ажил үүргийн хуваарийн дагуу шүүгчийн туслахууд шүүх хуралдаан дээр тэмдэглэл хөтлөх үүрэгтэй байх нь тэдгээрийн албан тушаалыг өөрчлөх үндэслэл болохгүй юм. Нөгөө талаар шүүхийн нарийн бичгийн даргын орон тоонд ажилладаг шүүхийн туслах ажилтан шүүх хуралдаанд тэмдэглэл хөтлөх үед шүүх хуралдааны оролцогч буюу шүүх хуралдааны нарийн бичгийн даргын бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бол шүүх хуралдаанаас бусад үед шүүхийн туслах ажилтны хувьд ажил үүргийн хуваарийн дагуу бичиг хэргийн ажил, шүүгчийн өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлнэ.

Шүүх хуралдааны ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн  байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээсхэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бүрэн, зөв тодорхой бичсэн эсэхэд шүүх хуралдаан даргалагч хяналт тавина.

Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш тэмдэглэлийг 3 хоногийн дотор  бэлэн болгосон эсэх, уг тэмдэглэлд засвар хийх шаардлагатай эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч анхаарал хандуулж байвал зохино.

 

Шүүх хуралдаанаас бусад үед хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон ажиллагааг явуулахдаа шүүгчийн даалгаснаар шүүгчийн туслах, эсхүл нарийн бичгийн даргаар тэмдэглэл үйлдүүлвэл зохино. Харин шүүгч уг тэмдэглэлийг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэсэн эсэхэд хяналт тавьж танилцан гарын үсэг зурна.

2.7.Шүүхийн шийдвэрийг хүргүүлэх.

Шүүхийн шийдвэрийг хүргүүлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугар зүйлд заасны дагуу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга явуулна.

Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ажиллагааг мөн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга эсхүл шүүхийн ажилтан гүйцэтгэнэ.

2.8.Шүүхэд гаргасан гомдол, хүсэлтийг хүлээн авах.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай бичгээр гаргасан хүсэлтийг нотлох баримтын хамт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  64 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авна.

Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд мөн Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид  гаргасан гомдлыг   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163, 173, 1761 зүйлд заасны дагуу шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авна. /энэ зөвлөмжийн 2.1, 2.2-ийг үзнэ үү/

2.9. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхтэй холбоотой ажиллагаа.

Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэж гүйцэтгэх хуудсыг шүүгч бичнэ. Гүйцэтгэх хуудсыг хүргүүлэх, олгох ажиллагааг нарийн бичгийн  дарга хийнэ.

2.10.Хэргийг архивт шилжүүлэх.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлд заасны дагуу хэргийг цэгцэлж үдэх, архивт шилжүүлэх ажиллагааг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хийж гүйцэтгэнэ.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний стандарт”-ын 5.11.1.-д заасны дагуу шүүгчийн туслах хэргийг хадгалж байгаад, дараа оны 1 дүгээр сард багтаан архивт шилжүүлж, бүртгэл хөтөлнө.

Гурав. Шүүгч, туслах ажилтны ажил үүргийг зөв хуваарилж,
хяналт тавих арга барилыг боловсронгуй болгох асуудал

Шүүгч, шүүгчийн туслахын ажил үүргийн хуваарийн зааг ялгааг хуульд тэр бүр нарийвчлан заагаагүй хэдий ч шүүгч шийдвэр гаргах түвшинд ажиллах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих, харин шүүгчийн туслах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим хэсгийг бие даан явуулахын зэрэгцээ техник, зохион байгуулалт, статистик мэдээлэл, бүртгэлийн бүхий л ажилбарыг хийж гүйцэтгэх  учиртайг анхаарвал зохино.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахад шүүгч, шүүгчийн туслахын хамтын ажиллагаа, хариуцлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах ур чадвар, ёс зүй зэргээс шууд шалтгаалдаг учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдвөл зохих журмыг зөрчихгүй  байх нь шүүгч, шүүгчийн туслахын албаны үүрэг юм.

Шүүгч, шүүгчийн туслахын ажил үүргийн хуваарийг зөв хуваарилж, хяналт тавих арга барилыг сайжруулах зорилгоор дараах хэлбэрээр ажиллахыг санал болгож байна. Үүнд:

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу ажиллах, шүүгч нь шүүгчийн туслахын ажилд хяналт тавих, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй шүүхийн албан тушаалтан бүр өөрөө өөрийн ажилд хяналт тавьж ажиллах,

-Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний стандарт”-ыг мөрдөж ажиллах,

-Шүүгчийн туслахаар ажиллахаар шинээр томилогдож буй ажилтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг урьдчилан судалж, тухайн ажлыг гардан хийх хэмжээнд бэлтгэгдсэн байх асуудлыг шүүхийн Тамгын  хэлтэс, албадууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Тамгын хэлтэс шүүхийн туслах ажилтныг зөвхөн томилж, ажлыг нь хүлээлгэж өгснөөр хязгаарлан, ажлын арга барилд сургаж дадлагажуулах үүргийг шүүгчид хүлээлгэдэг практикийг халж, шинээр ажилд орж буй шүүхийн туслах ажилтнуудтай дадлагын ажил, сургалтыг зохион байгуулж байх нь зүйтэй юм.

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл нь Германы Техникийн Хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран иргэн, захиргаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мониторингийн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөл 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн мониторингийн үзэл баримтлалыг баталсан билээ.

Энэ үйл ажиллагааны хүрээнд шүүн таслах ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт хийж, түүнд өөрчлөх, шинэчлэх асуудлын үндэслэлийг тодорхойлох, шүүхийн алдааны агуулга, хэрэг хянан шийдвэрлэх журмын талаар нэгдсэн ойлголтыг төлөвшүүлэх, шүүхийн туслах ажилтныг бэлтгэх, давтан сургах, шүүхийн мэргэшсэн туслах ажилтныг бэлтгэх  боловсролын тогтолцоог бий болгох, шүүгч, шүүхийн туслах ажилтны ажил үүрэг, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг нарийвчлан тогтоох, хяналт тавих арга барил, шүүхийн бичиг хэргийн дотоод зохион байгуулалтыг сайжруулах зэрэг олон талын ажлыг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.

Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлснээр шүүн таслах ажиллагааг орчин үеийн программ хангамжийн тусламжтайгаар явуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарыг эрс дээшлүүлэх, уг ажиллагааны журам зөрчих дутагдлыг үндсэнд нь арилгах, шүүхийн нэр хүндийг дээшлүүлэх зэрэг ач холбогдол бүхий үр дүн гарах боломжтой юм.

Иймд шүүхийн мониторингийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхээр Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс явуулж буй үйл ажиллагаанд нийт шүүхийн шүүгч, ажилтнууд идэвх санаачилгатай оролцох нь чухал гэж үзнэ.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ