2015 оны 05 сарын 18

Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт

хийсэн судалгаа, анхаарах зарим асуудал (тойм)

ХЯ2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр                                                      Улаанбаатар хот

Улсын хэмжээнд шүүх 2010 онд нийт 35787 иргэний хэрэг хянан шийдвэрлэснээс 13991 хэргийг, 2011 онд нийт 30368 иргэний хэргээс 10922 хэргийг, 2012 онд нийт 27792 хэргээс 10856 хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ.

2010 онд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн 13991 хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан 15.1 хувь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн 53.7 хувь, хэргийн зохигчид эвлэрсэн 20.4 хувь, хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь 10.7 хувь байна.

2011 онд шийдвэрлэсэн 10922 хэргийн 19.7 хувьд нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, 42.8 хувьд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, зохигчид эвлэрсэн 26.7 хувь, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн 10.7 хувь эзэлжээ.

2012 онд хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 10856 хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан 19.6 хувь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн 39.6 хувь, зохигчид эвлэрсэн 29.2 хувь, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн 11.4 хувь байна.

Сүүлийн 3 жилийн байдлаар авч үзэхэд шийдвэрлэсэн нийт иргэний хэргийн 35-39 хувийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдол их байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өсөх хандлагатай байгаа, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хүчин төгөлдөр болж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхийн бус аргаар явуулах болсон, энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх зарим ажиллагаатай уялдаа холбоотой тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, холбогдох хуулийн заалтыг зөв, нэг мөр ойлгох асуудал чухал юм.

Судалгаанаас үзвэл шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих зэрэг дутагдал цөөнгүй гаргаж байх тул алдаа зөрчлийг багасгах, гаргуулахгүй байхад анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэн дараах зүйлийг тоймлон хүргэж байна

НЭГ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйлийн зохицуулалтын талаар:

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, зохигч эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль үед бий болсноос хамаарч хэргийг хянан шийдвэрлэх арга зам өөр байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “... хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ...” гэж заасан.  

Иймд иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.

1.2. Шүүх хуралдаан товлосон боловч шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлээс татгалзсан, зөвшөөрсөн, биелүүлсэн, зохигч эвлэрсэн бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийг ИХШХШТХ-ийн 124 дүгээр зүйлд заасны дагуу хүчингүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой бөгөөд энэ нь анх удаа шүүх хуралдаан товлосноос бусад тохиолдолд хамаарахгүй.

Жишээ нь, шүүх хуралдаан ямар нэг шалтгаанаар хойшилж байсан, эсхүл хэргийг давах болон хяналтын шатны шүүх хянаж, анхан шатны журмаар дахин шийдвэрлэхээр буцаасан зэрэг хэрэгт хамаарахгүй.

1.3. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж ирүүлсэн, мөн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр нь хүчингүй болсон хэргийг шүүх хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрч байгааг ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийн “... иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд...” нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн гэсэн заалтад хамааруулах нь үндэслэл муутай болно.

1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхой хугацаанд үргэлжилж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн, шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол татгалзал, зөвшөөрөл, эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлийг тодруулж, зохигчдын хүсэл зориг хуульд нийцэж байгаа эсэхийг эцэслэн тогтоож, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэж байх нь зөв гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж буй явдал биш юм.

ХОЁР. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гаргаж буй алдаа, зөрчлийн талаар:

2.1. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ буруу нэр томьёо, үг хэрэглэхээс гадна зөрчилтэй, алдаатай дүгнэлт хийж захирамж гаргаж байна. 

Жишээ нь, зохигчдын эвлэрлийг батлахдаа “... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж зохигчид эвлэрсэн...” агуулгатай дүгнэлт хийснээс захирамжийн “үндэслэх” болон “тогтоох” хэсэг хоорондоо зөрчилтэй, хариуцагчийн зөвшөөрлийг батлахдаа хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн талаар тэмдэглэснээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг ойлгомжгүй гаргах нь зохигчдын хооронд дахин маргаан үүсгэх, биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болгодог тул захирамжийн хууль зүйн үндэслэл, найруулгыг анхаарах шаардлагатай.

2.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигчдын хүсэл зоригийн илэрхийллийг буруу, алдаатай тусгаснаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх хуудас бичих боломжгүй, бичсэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гүйцэтгэх бичиг баримтыг шүүхэд буцаах үр дагавар үүсэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нөхцөл байдал, үйл баримтын талаар захирамжийн “тодорхойлох”, “үндэслэх” болон “захирамжлах” хэсэгт тодорхой бус, агуулгын хувьд зөрүүтэй бичих нь мөн хуулийн 75 дугаар зүйлийг зөрчихөөс гадна тухайн иргэний хэргийг шүүх шийдвэрлэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт хийхэд хүндрэлтэй болно.

Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийллийг шүүгчийн захирамжид үнэн, зөв, тодорхой, ойлгомжтой тусгаж, захирамжийн “удиртгал”, “тодорхойлох”, ”үндэслэх”, “захирамжлах” хэсгүүдийг бичихдээ тэдгээрийн уялдаа холбоо, логик дарааллыг анхаарч байх нь чухал.

2.3. Зохигчдын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаж, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийллийг шүүх баталгаажуулж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгоход Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.

2.4. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад шүүгч захирамж гаргасан тохиолдол байна. Шаардлага тодорхой бус байхад нэхэмжлэгч ямар шаардлагаас татгалзсан, хариуцагчийн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийн нөхцөл, хариуцагч нэхэмжлэлийг биелүүлсэн гэж дүгнэхэд хүндрэл үүсэх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байх нь чухал

2.5. Талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн баримт хэрэгт авагдаагүй бол захирамж гаргах үндэслэлгүй болохыг шүүх анхаарвал зохино. Нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигчдын эвлэрэл, хариуцагч шаардлагыг биелүүлснийг нотлох баримт хэрэгт бичгийн хэлбэртэй, гарын үсэг зурж баталгаажуулсан байдлаар авагдсан байх ёстой бөгөөд ийм баримт ирүүлээгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй.

2.6. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон баримтыг монгол хэлээр бичнэ. Монгол хэлээр бичсэн баримт дээр гадаадын иргэн, албан тушаалтан гарын үсэг зурсан байвал уг баримтыг түүний эх хэл буюу мэддэг хэл дээр дээр орчуулж танилцуулна. Хараагүй, дүлий зэрэг шалтгааны улмаас монгол хэл бичгээр харилцаж чадахгүй бол дохио, зангаа, тусгай тэмдэгт ашиглан тайлбар авч, баримтыг танилцуулж гарыг үсэг зуруулсан байна.

2.7. Зохигч иргэн бол өөрөө, хоёулаа эсхүл аль нэг нь хуулийн этгээд бол түүнийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд төлөөлсөн эсэх, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч оролцсон бол бүрэн эрх хуульд заасан журмын дагуу олгогдсон эсэх зэргийг шүүх заавал тодруулна.   

2.8. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх тохиолдол байдаг тул хэргийн оролцогчийн хувийн байдал болон бусад шаардлагатай мэдээллийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлж хэрэгт хавсаргах, албадан гүйцэтгэх тохиолдолд дээрх мэдээллийг гүйцэтгэх хуудсанд тодорхой тусгаж байвал зохино.

2.9. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг буруу, дутуу, үзэмжээрээ хуваарилах асуудал цөөнгүй гарч байна.

Тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хуваарилна.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заажээ. Үүнээс үзвэл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн тал хувийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгоно. Үлдэх тал хувийг хуваарилах асуудал зохигчид эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн, зөвшөөрсөн зэргээс хамаарч өөр байна.

Улсын тэмдэгтийн хураамж хуваарилах асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, улсын тэмдэгтийн хураамжийн тухай Улсын Дээд шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 11, 2006 оны 05 дугаар сарын 03, 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдийн зөвлөмжийг судлах шаардлагатай.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн, хойшлуулсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид энэ талаар дурдана.

ГУРАВ. Зохигчид эвлэрэх:

3.1. Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрвөл зохигчид эвлэрсэн гэж үзнэ.

3.2. Эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн “тодорхойлох” хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар, эвлэрлийн талаарх зохигчдын тайлбар, “үндэслэх” хэсэгт нэхэмжлэлийн шаардлага болон зохигчдын эвлэрлийн агуулга зэргийн талаар дүгнэж, “захирамжлах” хэсэгт эвлэрсэн нөхцлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Эвлэрлийг батлахдаа шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсгийн заалтыг анхаарах шаардлагатай.

3.3. Эвлэрлийг баталсан захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасан бусад үндэслэл буюу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн агуулгатай шаардлага, тайлбар, дүгнэлт байх учиргүй.

3.4. Талууд эвлэрсэн тохиолдолд нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн тал хувийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгоно. Үлдэх 50 хувийг хуваарилах талаар эвлэрлийн гэрээнд тохиролцсон бол тэр хэмжээгээр, тохиролцоогүй бол тэдгээрийн эвлэрэн хэлэлцсэн нэхэмжлэлийн үнийн дүнг харгалзан шүүх хуваарилан хариуцагчид оногдох хэсгийн тал хувийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно. /ИХШХШТХ-ийн 74.5, УДШ-ийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөмж/

ДӨРӨВ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх:

4.1. Хариуцагч нэхэмжлэлийн бүх шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ

4.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн захирамжийн “тодорхойлох” хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг дурдаж, “үндэслэх” хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрлийн нөхцөл, үндэслэл зэргийг, “захирамжлах” хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно.

4.3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталсан захирамжид зохигчид эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай тайлбар, дүгнэлт байх үндэслэлгүй.

4.4. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн бол нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн тал хувийг улсын орлогоос, үлдэх хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно. /ИХШХШТХ-ийн 74.5, УДШ-ийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөмж/

ТАВ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах:

5.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа бүрэн татгалзсан бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзнэ.

5.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол шүүгч татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох бөгөөд энэ тохиолдолд захирамжийн “захирамжлах” хэсэгт татгалзсан шалтгааныг заавал бичих шаардлагагүй. 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлах захирамж нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталсан захирамжаас агуулгын хувьд өөр бөгөөд үндэслэл нь хоорондоо ялгаатай. 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байхад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаагүй бол шүүгч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.

5.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсан захирамжийн “тодорхойлох” хэсэгт татгалзсан тайлбар, “үндэслэх” хэсэгт нэхэмжлэлээс татгалзсаныг бичгээр илэрхийлсэн баримт болон түүнд бичигдсэн агуулга зэргийн талаар дэлгэрэнгүй дурдана. Энэ захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасан бусад үндэслэл буюу зохигчид эвлэрсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай заалт орох нөхцөл байхгүй.

5.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж хуваарилах талаар:

а/ Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээс бусад үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн тал хувийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгох, үлдэх тал хувийг улсын орлогод хэвээр үлдээнэ. /ИХШХШТХ-ийн 74.5, УДШ-ийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөмж/ 

б/ Нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан өдрөөс хойш хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол шүүгч нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн тал хувийг улсын орлогоос, үлдэх хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно. /ИХШХШТХ-ийн 74.5, УДШ-ийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөмж/

в/ Нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан өдрөөс өмнө хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно. Нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн тал хувийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох, үлдэх хувийг улсын орлогод хэвээр үлдээх тухай захирамжид заана.  /ИХШХШТХ-ийн 74.5, УДШ-ийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөмж/

5.5. Нэхэмжлэлээ буцааж авах агуулгатай хүсэлт гаргасныг “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан” гэж үзэхгүй.

Жишээ нь, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ “... цахилгааны төлбөр төлөөгүй хариуцагч олдохгүй байна...”, “...нэхэмжлэгч удаан хугацаагаар гадаад явах болсон...”, “..хариуцагч хүнд өвчтэй байгаа...” зэрэг шалтгааны улмаас “буцааж авах” агуулгатай хүсэлт гаргахдаа  “нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэж бичсэнийг шүүх тодруулахгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь ИХШХШТХ-ийн 74-75 дугаар зүйлд нийцэхгүй.

Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг сайтар тодруулж, шүүхэд тухайн үндэслэлээр дахин нэхэмжлэл гаргах сонирхолгүй, хүсэлгүй нь тогтоогдвол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам, үр дагаврыг дахин танилцуулсны эцэст “нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсан” гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зохимжтой.

Харин нөхцөл байдал өөрчлөгдсөний дараа энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах зорилго нэхэмжлэгчид байгаа бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй, нэхэмжлэлийг буцааж авах хүсэлтийг хангасан агуулгатай захирамж гаргаж нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцааж өгнө. Энэхүү захирамж гарсан нь тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах нэхэмжлэгчийн, сөрөг нэхэмжлэлд заасан шаардлагыг үндсэн нэхэмжлэл хэлбэрээр гаргаж шүүхэд хандах хариуцагчийн эрхийг хязгаарлахгүй.

5.5.1. Нэхэмжлэлийг буцааж авах агуулгатай хүсэлтийг хэзээ гаргаснаас хамаарч захирамжийн агуулга өөр байхаас гадна тэмдэгтийн хураамжийн хуваарилалт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийг үндэслэл болгох нь уг хуулийг зөрчихгүй гэж үзнэ.

а/ хүсэлтийг нэхэмжлэл хүлээн авснаас хойш, гэхдээ иргэний хэрэг үүсгэхээс өмнө гаргасан бол хүсэлтийг хангах, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр нэхэмжлэгчид буцаан олгох тухай захирамжийг шүүгч гаргана. /ИХШХШТХ-ийн 59.1/

б/ Хүсэлтийг иргэний хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор гаргасан бол шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэж иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг хүчингүй болгож, хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр нэхэмжлэгчид буцаан олгох тухай захирамж гаргана. /ИХШХШТХ-ийн 59.1/

в/ Иргэний хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дараа, эсхүл хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр ирүүлснээс хойш хүсэлт гаргасан бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэж иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгоно. /ИХШХШТХ-ийн 59.6/

5.5.2. Хүсэлтийг нэхэмжлэгч өөрөө гаргаагүй, хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан шүүхэд хандаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ эрх олгогдоогүй бол шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

ЗУРГАА. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх:

6.1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш шүүхэд тайлбар гаргахаас өмнө, эсхүл хойно гэхдээ шүүхэд мэтгэлцээгүй байхдаа нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бол нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн гэж үзнэ. 

6.2. Шаардлагыг хариуцагч биелүүлсэн байхад нэхэмжлэгч энэ үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаагүй бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.

6.2.1. Захирамжийн “тодорхойлох” хэсэгт зохигчдын тайлбарыг, “үндэслэх” хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч уг шаардлагыг биелүүлснийг нотлох баримт, энэ талаарх зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн хугацааг дурдаж шаардлагыг биелүүлсэн гэж үзсэн үндэслэлийг бичнэ. “Захирамжлах” хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг тодорхой дурдана.

6.2.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталсан захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасан бусад үндэслэл буюу зохигчид эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн тухай тайлбар, дүгнэлт байх учиргүй.

6.2.3. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх тал хувийг улсын орлогод хэвээр үлдээнэ. /ИХШХШТХ-ийн 74.5, УДШ-ийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөмж/ 

6.3. Нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан өдрөөс өмнө нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байвал нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзнэ.

6.3.1. Нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан өдрөөс өмнө хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзаагүй бол шүүх хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-118 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэр гаргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

6.3.2. Шийдвэрийн “үндэслэх” хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бичиж, уг нэхэмжлэлийг шүүхэд гаргахаас өмнө хариуцагч уг шаардлагыг биелүүлснийг нотлох баримт, энэ талаарх зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн огноо зэргийг дүгнэн бичнэ.

Энэ шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дүгээр зүйлийн заалт хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлсөн бол уг тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээнэ.

ДОЛОО. Хялбаршуулсан болон эвлэрүүлэн зуучлалын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ижил болон ялгаатай байдлын талаар:

7.1. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хамтран, эсхүл аль нэг нь эрх зүйн маргааныг шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан эсхүл анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүгч эвлэрүүлэн зуучлал хэрэглэхийг зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрсөн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр явагдах онцлогтой. Өөрөөр хэлбэл эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэг, оролцоотойгоор шүүхийн бус аргаар явагддагаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай байна.

7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74,1, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн  26 дугаар зүйлийн  26.5 дахь хэсэгт талууд болон зохигчид нь хэрэг, маргааны шаардлагын талаар эвлэрэх, татгалзах, биелүүлэх, хүлээн зөвшөөрөх зэрэг үндэслэлүүдийг нэгэн адил зохицуулсны зэрэгцээ гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хөндөгдөх бол уг ажиллагаануудыг хэрэглэх боломжгүй байдгаар ижил юм.

7.3. Талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан болон Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан журмын дагуу иргэний хэргийн зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрсэн бол тухайн шүүхийн шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасан журмын дагуу эвлэрлийн гэрээг баталгаажуулна. Харин иргэний хэрэг үүсгэсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.  Эвлэрлийн гэрээний гүйцэтгэлийг хангах арга нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гүйцэтгэлийг хангах аргатай ижил байна.

НАЙМ. Цаашид анхаарах асуудлын талаар:

8.1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон бусад хуулийн зүйл, заалтыг чанд баримтлан, зөв тайлбарлан хэрэглэх.

8.2. “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар” Улсын Дээд шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зөвлөмж, Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-75 дугаар зүйл болон 106 дугаар зүйлийн зарим заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай “Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөмжийг судлах.

8.3. Гэр бүлийн маргаантай хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн холбогдох зохицуулалт болон “Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” Улсын Дээд шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зөвлөмжийн заалтыг анхаарах.

8.4. Иргэний болон гэр бүл, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэх боломж, нөхцлийг судлан нэг мөр зөв хэрэгжүүлэх.

8.5. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах. Улсын Дээд шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зөвлөмж, мөн “Улсын тэмдэгтийн хураамжийн талаарх хуулийн зохицуулалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зөвлөмж, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь улсын тэмдэгтийн хураамжийн зарим асуудал”-ын талаарх Улсын Дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын  24-ний өдрийн зөвлөмжийг судлах.

 

 

 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ