2015 оны 05 сарын 18

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
2013 оны 1-р улиралд хянагдсан эрүүгийн хэргийн дүн, өөрчлөгдсөн, хүчингүй болсон
тогтоол, магадлалыг судалсан тухай (тойм)

2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хяналтын шатны шүүх хуралдаанаар 156 хэрэг хянан шийдвэрлэсэн байна.

Хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн 156 хэргээс:

эрүүгийн 100  хэргийн тогтоол, магадлал хэвээр үлдэж,

эрүүгийн 23 хэргийн тогтоол, магадлал өөрчлөгдөж,

эрүүгийн 33 хэргийн тогтоол, магадлал хүчингүй болсон байна.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас 2013 оны 1-р улиралд хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн хэргүүдээс дараах хэргүүдийг жишээ болгон тэмдэглэе.

 

Нэг. Тогтоол, магадлалд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй нийт 33 хэргээс, тухайлбал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй хэргүүдийг тэмдэглэвэл.

1.1 Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Хэргийн товч утга: Цэрэннадмидын Батцогт нь 2010 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэр “Шаврын хаалт “ гэх газарт согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Д.Нямдоржийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Ц.Батцогтод Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж,

2. Ц.Батцогтыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

3. Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Ц.Батцогтыг 3 /гурван/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж,

4. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батцогтын эдлэх ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж,

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Жаргалант сумын хогийн нэгдсэн цэгт шатааж устгахыг даалгаж,

6. Шүүгдэгч Ц.Батцогт нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж,

7. Шүүгдэгч Ц.Батцогт нь хохирогч Д.Нямдоржид хохиролд 640,000 төгрөг төлснийг дурьдаж,

8. Шүүгдэгч Ц.Батцогтын ПО78030912 тоот регистрийн дугаартай, ХО7280786 дугаар бүхий иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

9. Шүүгдэгч Ц.Батцогтод урьд батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Ховд аймгийн давж заалдах шатны шүүх хэргийг 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ялтан Ц.Батцогт, түүний өмгөөлөгч Ц.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, 31 дүгээр магадлалаар

Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Батцогтод холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 31 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг өөр бүрэлдэхүүнтэйгээр шүүхээр шинэчлэн хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай гэж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Батцогтод холбогдох хэргийг хянаж шиидвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна. Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэргээс ялгаж, зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар Монгол улсын Дээд Шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот тайлбарт: "...2.2 Танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагуй байдаг..", 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 03 тоот тайлбарт: "Зэвсгийн чанартай бусад зүйл" гэдэгт ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий... эсхүл хүний биед гэмтэл, эд хөрөнгөд "хохирол" учруулж болох /тухайлбал, бороохой, ташуур, мод, төмөр, чулуу, шил, зодооны хэрэгсэл, бүх төрлийн химийн шингэн ба хатуу бодис г.м/ эд зүйл, хэрэгслийг ойлгоно... Зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйлийг танхайрах явцдаа хэрэглэсний улмаас хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учирсан эсэхээс үл хамааран хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилнэ..." гэж тодорхой тайлбарласан байдаг. Ц.Батцогт нь согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн модыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрах явцдаа иргэн Д.Нямдоржийн толгойг модоор цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Нямдорж, гэрч Б.Батдорж, Ц.Түмэнжаргал, Д Жанчивдорж, У.Отгонбаяр, Нямзана, Р.Ганхүү, М.Энхтуяа, шинжээч эмч Б.Түмэнбаяр нарын мэдүүлэг, 2010.11.24-ний өдрийн шинжээчийн 256 тоот дүгнэлт, Ц.Батцогт нь Д.Нямдоржийг цохьсон гэх модыг хураан авч, үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, 2011.01.20-ны өдөр Ц.Батцогтын хохирогч Д.Нямдоржийг цохьсон гэх модыг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл болон бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон юм. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс Ц.Батцогтыг хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Ц.Батцогт нь хохирогч Д.Нямдоржийг огт таньдаггүй, хохирогч Д.Нямдорж ч мөн адил Ц.Батцогтыг таньж мэддэггүй байсан төдийгүй түүнтэй ямар нэгэн асуудлаар маргалдаж хувийн таарамжгүй харьцаа үүсгээгүй, Ц.Батцогт нь үл ялих зүйлээр шалтаглан бусдыг зодох гэж явахдаа тааралдсан хүн болох Д.Нямдоржийг зодож биед нь гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдсон байтал Ц.Батцогт нь хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Нямдоржийн биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзэж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хүчингүй  болсон үндэслэл: Ц.Батцогт нь 2010 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэр “Шаврын хаалт “ гэх газарт согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Д.Нямдоржийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Нямдорж, гэрч Д.Батдорж, /хх-26-27/ У.Отгонбаяр, /хх-32-33/ Ц.Түмэнжаргал, /хх-91/ Р.Гансүх, /хх-92-94/ нарын мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний албаны 256 тоот шинжээчийн дүгнэлт, /хх-51/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна.

Гэтэл анхан шатны шүүх Ц.Батцогтод Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Батцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүх эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна гэж дүгнэжээ.

Энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзжээ.

1.2 Бусдыг зодож хүнд гэмтэл учруулсан уг гэмт хэрэгт ялтан тус бүрийн оролцоо, субъектив шинжийг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дах заалтыг буруу хэрэглэж, ялтанд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар ял шийтгэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэргийн товч утга: Г.Нямхүү, О.Хуягбаатар нар нь 2012 оны 01 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 10-5-02 тоотод Т.Төрхүүг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Баянзүрх дүүргийн шүүх 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 517 дугаар шийтгэх тогтоолоор

О.Хуягбаатарт прокуророос Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дах хэсэг болгон өөрчилж,

Г.Нямхүүг танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

О.Хуягбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар Г.Нямхүүд 4 жил 9 сар хорих ял, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар О.Хуягбаатарт 3 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар Г.Нямхүүд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, О.Хуягбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Г.Нямхүү, О.Хуягбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Нийслэлийн давж заалдах шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 912 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгийг журамлан О.Хуягбаатарт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.” гэсэн нэмэлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан О.Хуягбаатарын өмгөөлөгч Б.Наранцэцэг, ялтан Г.Нямхүүгийн өмгөөлөгч Ч.Ням болон Д.Дарханбаатар, Г.Минжүүрдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: 1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 517 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн давж заалдах шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 912 дугаар магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай.

- Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дах заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дэх хэсэгт зааснаар Г.Нямхүүг... ” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар Г.Нямхүүг...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Г.Нямхүүгийн өмгөөлөгч Ч.Ням, Г.Минжүүрдорж, Д.Дарханбаатар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд ялтны өмгөөлөгч гаргасан гомдолдоо: Ялтан Г.Нямхүүгийн өмгөөлөгч Ч.Ням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хохирогчийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй Бат-Амгалангийн үйлдлийг шалгалгүйгээр хэрэгсэхгүй болгож, ял завшуулсан. Бат-Амгалангийн төрсөн дүүгийн найз түүний хуурай дүү болох гэрч Амарсүхийн мэдүүлгийн үнэн зөвийг шалгаагүй байна. Гэрч О.Хуягбаатар, Амарсүх, хохирогч Т.Төрхүү нар хэрэг удаашрах тусам анхныхаа мэдүүлгээс буцаж өөрчилж байхад мөрдөн байцаагч, прокурор нь хохирогчийн буцаж өөрчлөгдсөн мэдүүлэг, тайлбарт хөтлөгдөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 91-95, 214 дүгээр зүйлийг бүрэн биелүүлээгүй. Үүнээс гадна Бат-Амгалан гэгч нь боргионы зузаан шилээр хохирогч Т.Төрхүүгийн гэдэс рүү цохисон, өшиглөснийг гэрч Амарсүх, О.Хуягбаатар нар гэрчилж байгааг шалгаагүй байна.

Мөрдөн байцаалт дутуу хийгдсэн, шүүх хэргийг дутуу хянасан тул шийтгэх тогтоол, магадлалыг хянуулахаар гаргасан гомдлыг шийдвэрлэнэ үү гэжээ.

Өөрчлөгдөх болсон үндэслэл: 2012 оны 01 дүгээр сарын 21-ний оройн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 10-5-02 тоотод Г.Нямхүү нь үл ялих зүйлээр шалтаглаж, Т.Төрхүүг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан, улмаар О.Хуягбаатар нь Г.Нямхүүд цохиулсан Т.Төрхүүг араас нь татаж өшиглөж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Г.Төрхүү, гэрч Т.Амарсүх, М.Хүдэрбат, Э.Солонго нарын мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2043 дугаар акт, шинжээч эмчийн мэдүүлэг, сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлуудыг шалгаж тогтоосон байна.

Т.Төрхүүг зодож хүнд гэмтэл учруулсан уг гэмт хэрэгт ялтан тус бүрийн оролцоо, субъектив шинжийг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дах заалтыг буруу хэрэглэж Г.Нямхүүд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар ял шийтгэсэн нь учир дутагдалтай болжээ.

О.Хуягбаатар нь Г.Нямхүүтэй үйлдлээрээ бүлэглэн Т.Төрхүүг татаж өшиглөн танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дах хэсэгт зааснаар ял шийтгэсэн шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Өмгөөлөгч Ч.Ням, Г.Минжүүрдорж, Д.Дарханбаатар нарын “...Бат-Амгаланд ял завшуулсан, ...хохирогчийн буцаж өөрчлөгдсөн мэдүүлэгт хөтлөгдөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 91-95, 214 дүгээр зүйлийг бүрэн биелүүлээгүй. ... Бат-Амгалан гэгч нь боргионы зузаан шилээр хохирогч Т.Төрхүүгийн гэдэс рүү цохисон, өшиглөснийг гэрч Амарсүх, О.Хуягбаатар нар гэрчилж байгааг шалгаагүй мөрдөн байцаалт дутуу хийсэн,...”, “...хохирогч Т.Төрхүү өөрт нь хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй байгаа, ... гэрч Т.Амарсүхийн мэдүүлгээр Г.Нямхүүг гэм буруутай гэж үзэх болсон нь учир дутагдалтай” гэсэн гомдол нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд Г.Нямхүүд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дах хэсгээр зүйлчилснийг залруулж, өмгөөлөгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна.

1.3 Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Хэргийн товч утга: Ялтан О.Алтанбагана, Д.Ангараг нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2011 оны 12 дугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар баг, “Харгим” гэх газраас Л.Ганбатын 5 адууг хулгайлсан,

-О.Алтанбагана ганцаараа 2011 оны 10, 11 дүгээр сард мөн аймгийн Сайнцагаан сумын нутагт “нэг ямаа зээлчих, идэшний үеэр бага адуу өгье, харин та зөрүүнд нь 100,000 төгрөг өгөөрэй, 1 тэмээ өгчих 2 болгоод өгье, 150,000 төгрөг зээлчих, 2 настай тэмээ 200,000 төгрөгөөр зарах гэж байна, надад 100,000 дутаад байна мөнгө зээлчих“ гэх зэрэг хуурч мэхлэх аргаар Ч.Бадрахаас 1 тэмээ, 1 ямаа, 250,000 төгрөгийг нь залилж авсан;

-Мөн тээврийн хэрэгсэл ашиглан 2011 оны 10 дугаар сард Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас Д.Сэндэнгийн 5 адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга:

Дундговь аймаг дахь Сум дундын шүүх О.Алтанбагана, Д.Ангараг нарт холбогдох хэргийг 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд 67 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч О.Алтанбаганыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан үйлдсэн, хохирогч Сэндэнгийн 5 адууг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан, мөн Д.Ангарагтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Л.Ганбатын 5 адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Ангарагийг О.Алтанбаганатай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Л.Ганбатын 5 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Шүүгдэгч Д.Ангарагийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих, шүүгдэгч О.Алтанбаганыг мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4.-т зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сар хорих, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар шүүгдэгч О.Алтанбаганад оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 10 жил 1 сараар тогтоож,

4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.-д зааснаар Д.Ангарагт оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6.-т зааснаар О.Алтанабаганад оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх,

5. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар Д.Ангарагийн цагдан хоригдсон 134, О.Алтанбаганын цагдан хоригдсон 203 хоногийг тус бүрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар О.Алтанбаганын хувьд оногдох эд хөрөнгөнөөс 22,410,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Сэндэнд 20,000,000 төгрөгийг, хохирогч Л.Ганбатад 1,100,000 төгрөгийг, хохирогч Ч.Бадрахад 1,310,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Ангарагийн хувьд оногдох хөрөнгөнөөс 1,100,000 төгрөг гаргуулан хохирогч Л.Ганбатад тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Дундговь аймгийн давж заалдах шатны шүүх хэргийг 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 30 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоол, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 30 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, О.Алтанбагана, Д.Ангараг нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Дундговь аймгийн прокурорын газарт буцаасугай гэж шийджээ.

Хяналтын шатны шүүхэд ялтны өмгөөлөгч гаргасан гомдолдоо: О.Алтангэрэл нь хохирогч Сэндэнгийн 5 тооны адуунаас сумандаа айрагдаж байсан гэх хонгор азаргыг хулгайлаагүй, Д.Ангараг “Алтангэрэл энэ адууг хулгайлж гуанзанд зарсан” гэж мэдүүлснээр түүнийг буруутгаж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35, 36 дугаар зүйлд “яллагдагч нь хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэснийг зөрчиж байна. Төв аймгийн Засаг даргын тамгын газар нь хохирлын үнэлгээг зөвхөн хохирогчийн гаргаж өгснөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хохирогч Сэндэнгийн адуу нь хурдан удмынх гэдгийг тогтоож чадаагүй, хавтаст хэрэгт улс, аймгийн наадамд түрүүлсэн гэх баримт байхгүй. Иймд хэргийг хянаж, О.Алтанбаганад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хүчингүй  болсон үндэслэл: Прокуророос О.Алтанбагана, Д.Ангараг нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2011 оны 12 дугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар баг, “Харгим” гэх газраас Л.Ганбатын 5 адууг хулгайлсан,

О.Алтанбагана ганцаараа 2011 оны 10, 11 дүгээр сард мөн аймгийн Сайнцагаан сумын нутагт “нэг ямаа зээлчих, идэшний үеэр бага адуу өгье, харин та зөрүүнд нь 100,000 төгрөг өгөөрэй, 1 тэмээ өгчих 2 болгоод өгье, 150,000 төгрөг зээлчих, 2 настай тэмээ 200,000 төгрөгөөр зарах гэж байна, надад 100,000 дутаад байна мөнгө зээлчих“ гэх зэрэг хуурч мэхлэх аргаар Ч.Бадрахаас 1 тэмээ, 1 ямаа, 250,000 төгрөгийг нь залилж авсан;

Мөн тээврийн хэрэгсэл ашиглан 2011 оны 10 дугаар сард Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас Д.Сэндэнгийн 5 адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж буруутган, яллах дүгнэлт үйлдэж, шүүх ял шийтгэжээ.

Гэвч Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 25/А дугаар яллах дүгнэлтэд О.Алтанбагана, Д.Ангараг нар гэмт хэрэг үйлдэж бусдын хичнээн төгрөгийн үнэ бүхий малыг залилж, хулгайсныг тодорхой дурдаагүй, хохирлын хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлээгүйгээс хэргийг зүйлчлэх боломжгүй болсон бөгөөд яллах дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

-Хохирогч Л.Ганбат “шарга азарга, бор хонгор бүдүүн гүү, сартай хонгор байдас, халиун гүү, эр хонгор унага” зэрэг нийт 5 адуугаа алдсан байхад мөрдөн байцаалтын шатанд 4 адууны үнэлгээ /148 дугаар хуудас/ хийгдсэн, 1 адууны үнэлгээг хийгээгүй. Шүүх үнэлгээ хийгдээгүй 1 адууны үнийг чухам ямар баримтыг үндэслэн хохирол тооцож шийдвэрлэсэн нь тодорхойгүй,

-Мөн хохирогч Д.Сэндэнгийн алдсан адууны үнэлгээг хийхдээ, нэгдмэл сонирхолтой байж болох хамаатан садан хүмүүсийн хооронд хийсэн гэгдэх наймааны үнэ бодитой эсэхийг бусад байдлаар сайтар нягталж шалгаагүй, аймгийн алдарт уяач гэх нотолгоо хэрэгт авагдаагүй байхад Б.Доржийг аймгийн алдарт уяач гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.

Иймд дээр дурдсан зөрчлүүдийг арилгуулж, хохирлын үнэлгээг үнэн зөв тогтоох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөр байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хохирогч Л.Ганбат, Д.Сэндэн нарын алдсан адуунуудын үнэлгээг дахин хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ.

Хоёр. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн нийт 23 хэргээс, тухайлбал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн хэргүүдийг тэмдэглэвэл.

 

2.1 Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Хэргийн товч утга: Д.Сандагбалиря нь Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн төлөөлөгч Б.Даваахүүтэй бүлэглэн 2011 оны 01 дүгээр сарын 25-наас 26-ны шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутгаас Ө.Жамбалын 12 тооны адуу хулгайд алдсан гэх үйлдэлтэй 21115062 дугаартай хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа болон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа тус хэрэгт холбогдон шалгагдаж байсан Генерал овогтой Хадбаатар, Бадамсүрэн овогтой Отгонбаяр нарыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн байрны хурлын зааланд болон тус дүүргийн нутаг дэвсгэрт орших Зобо зочид буудлын 1 тоот өрөөнд 2 гарыг гавлаж байгаад гар болон хөлөөрөө цохих, өшиглөх үсдэж доош нь дарах, 00 өрөөний суултуур руу нүүрээр нь дарах, Төв аймгийн Архуст сумын төв захиргааны байранд цахилгаан бороохойгоор бороохойдох, хоол унд өгөхгүй өлсгөх зэргээр нэмж малын хулгайн үйлдэл хүлээлгэн мэдүүлэг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт,

Б.Даваахүү нь Төв аймгийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Д.Сандагбалирятай бүлэглэн 2011 оны 01 дүгээр сарын 25-наас 26-ны шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутгаас Ө.Жамбал 12 тооны адуу хулгайд алдсан гэх үйлдэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулахдаа тус хэрэгт холбогдогч Генерал овогтой Хадбаатар, Бадамсүрэн овогтой Отгонбаяр нарыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн байрны хурлын зааланд болон тус дүүргийн нутаг дэвсгэрт орших Зобо зочид буудлын 1 тоот өрөөнд 2 гарыг гавлаж байгаад гар болон хөлөөрөө цохих үсдэж доош нь дарах, 00 өрөөний суултуур луу нүүрээр нь дарах, Төв аймгийн Архуст сумын төв захиргааны байранд цахилгаан бороохойгоор бороохойдох, Г.Хадбаатарт хоол битгий өг битгий өг гэх зэргээр нэмж малын хулгайн үйлдэл хүлээсэн мэдүүлэг авах зорилгоор эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор, Д.Сандагбалиря, Б.Даваахүү нарыг бүлэглэн хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэрэг хууль бус арга хэрэглэн мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар Д.Сандагбалиряаг мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар Б.Даваахүүг эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Сандагбалиряд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Б.Даваахүүд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Төв аймаг, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Нийслэлийн давж заалдах шатны шүүх Д.Сандагбалиря, Б.Даваахүү нарт холбогдох хэргийг ялтан, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэж, 18 дугаар магадлалаар, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Сандагбалиря, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Сандагбалиря, Б.Даваахүү нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокуророор дамжуулан мөрдөн байцаалтад буцаасугай.

Хяналтын шатны шүүхэд ялтны өмгөөлөгч гаргасан гомдолдоо: ...Б.Даваахүү нь хэрэгт холбогдох үедээ Төв аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, одоо СХД-ийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа ба Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн субьект нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байхаар хуульчилсан /гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй/ байхад түүнийг уг зүйл ангиар ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн Д.Сандагбалиря, Б.Даваахүү нар нь гэмт хэрэг хамтран үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон гэх ямар ч нотолгоо хэрэгт байхгүй. Хэрэв үгсэн тохиролцсон бүлэг гэж үзвэл аль алиныг Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-ыг журамлах ёстой байсан.

Мөрдөн байцаагч Буриаджин нь ЭБШХ-ийн 16-р зүйлд заасан яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, нэг талыг буюу дан яллах талын нотолгоог цуглуулсан, хэргийн материалтай огт танилцуулаагүй, хэрэгт гэрч байцаалгах, баримт цуглуулах хүсэлтийг удаа дараа өгсөн ч хүлээж аваагүй. Хохирогч Хадбаатар нь өмнөх бүх мэдүүлэг, гомдлоосоо буцан Сандагбалиряг андуурсан, гүтгэсэн гэж өргөдөл, хүсэлт гаргасныг мөрдөн байцаагч, прокурор нуун далдалсан байсныг шүүхийн шатанд баримтаар гаргаж өгсөн. Мөн Сандагбалиря Хадбаатарыг зодоогүй талаар гэрчилсэн Өлзийбаатар, Алтанхуяг, Батбаатар, Эрдэнэтунгалаг, Болдбаатар, Зоригоо гэх хүмүүсийн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, зодож цохисон гэх үйлдлийг нүдээр харсан шууд гэрчлэх гэрч нэг ч байхгүй, хохирогч нарын гэр бүлийн хүмүүсийн өгсөн мэдүүлэг хувийн сонирхолтой, үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй юм.

...Энэ хэрэг шалгагдаж дууссаны дараагаар хохирогч Хадбаатараас мөрдөн байцаагч, прокурорт хандаж өмнөх бүх өргөдөл, гомдол, мэдүүлгээсээ буцаж, хүн гүтгэснээ хүлээж, Сандагбалиряд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж байгаа нь эрүүгийн хэрэгт мөрдөн байцаагчийг зориуд холбогдуулан өөрийн үйлдсэн хэргээ саармагжуулах зорилготой байсныг анхаарч үзнэ үү. Иймд Д.Сандагбалиря, Б.Даваахүү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Хүчингүй  болсон үндэслэл: Мөрдөн байцаалтад хохирогч Г.Хадбаатар ...Сандагбалиря орж ирээд миний үснээс татаж байгаад нүүрлүү 3-4 удаа цохисон, Сандагбалиря, Даваахүү 2-т зодуулах үед миний хамраас их хэмжээний цус гарсан гэж мэдүүлж байснаа дараа нь ...Сандагбалиряг Даваахүүтэй андуурсан байна лээ, Сандагбалиря намайг зодож цохиогүй, надад ямар нэг гомдол санал байхгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж өмнөх мэдүүлгээсээ буцсан өргөдлийг хэрэг шүүхэд шилжихээс өмнө 2012 оны 8 дугаар сарын 31-нд өгч байсныг мөрдөн байцаалт, прокурорын шатанд шалгаж тогтоогоогүй,  мөн хэрэг хариуцах чадваргүй Ууганбаярын мэдүүлгээр бусдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эрүү шүүлт тулгасан, асуудлыг шалгахдаа Б.Отгонбаярыг Д.Сандагбалиря хэрхэн зодсоныг бусад гэрчүүдээс асууж тогтоогоогүй, тухайн хэргийг шалгахдаа хэтэрхий нэг талыг барьж нотлох баримтуудыг цуглуулсан, мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн гэж үзнэ.

Иймд дээрх ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд гүйцэтгэж, хэргийг нэг мөр нарийвчлан шалгасны эцэст тухайн хэргийг үндэслэлтэй шийдвэрлэх шаардлагатай байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгон Д.Сандагбалиря, Б.Даваахүү нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэлтэй байна.

2.2 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 61 дүгээр зүйлийн 61.5, 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсгийг тус тус буруу хэрэглэжээ.

 

Хэргийн товч утга: Б.Баттөр нь 2012 оны 05 сарын 27-ны өдөр, Архангай аймгийн Тариат  сумын нутагт Ч.Болд-Эрдэнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Архангай аймаг дахь сум дундын шүүх 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор

Б.Баттөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Б.Баттөрийг 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Б.Баттөрд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ял дээр өмнөх тогтоолоор буюу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 01 сарын 19-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Баттөрийн эдлэх ялыг 3 жил 09 сар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар түүний эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Баттөр нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж,

Б.Баттөрд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Архангай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удирдлага болгосон заалтад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн гэсний дараа 248 дугаар зүйлийн 248.1.1 гэж нэмж,

Шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг журамлан шүүгдэгч  Б.Баттөрийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай "гэж ,

3 дахь заалтыг "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Б.Баттөрд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай" гэж тус тус өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: 1. Архангай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаар магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай.

- шийтгэх тогтоолын 3 дах заалтыг “Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Б.Баттөрд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 01 сарын 19-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 06 сар хорих ялын заримыг буюу 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн Б.Баттөрийн эдлэх хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.” гэж,

- шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “..3 жил 09 сарын...” гэснийг “...2 жил 3 сарын...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч М.Алтанчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд ялтны өмгөөлөгч гаргасан гомдолдоо: Ялтны өмгөөлөгч М.Алтанчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Баттөрд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 01 сарын 19-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь заалтад “Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ" гэж заажээ. Гэтэл Б.Баттөр нь тэнсэгдсэн хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээгээгүй, энэ тухай цагдаагийн байгууллагын санал ирээгүй байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн дээрх заалтыг барьж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулж тэнссэн, 3 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэлээ.

Б.Баттөр нь хэдийгээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай боловч Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, ял шийтгэл оногдуулах боломжгүй болсон байгаа тул урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг шүүх санаачлагаараа сэргээж, биечлэн эдлүүлэхээр тогтоох боломжгүй юм. Одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд төсөөтэй хэрэглэх зохицуулалт байхгүй байсаар байтал шүүх "энэ хүн захиргааны зөрчил биш бүр Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн" гэж тайлбарлан хөөн хэлэлцэх хугацаагаар ял хэлэлцэх боломжгүй болсон хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож байгаа байдал нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн асуудал боллоо.

Иймд магадлалын 1 дэх хэсгийн “в” заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Өөрчлөгдөх болсон үндэслэл: Б.Баттөр нь согтуугаар 2012 оны 05 сарын 27-ны орой, Архангай аймгийн Тариат  сумын нутагт Ч.Болд-Эрдэнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Болд-Эрдэнэ, гэрч М.Наранцацрал нарын мэдүүлэг болон Б.Баттөрийн хэрэг бүртгэлт, шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Б.Баттөр энэ гэмт хэргийг үйлдэхээсээ өмнө нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдэж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн бөгөөд уг ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзжээ.

Хэдийгээр, Ч.Болд-Эрдэнийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэх үед Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч Б.Баттөр өмнө нь ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэгдэж, шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд дээрх гэмт хэргийг шинээр үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дах хэсгийг үндэслэн мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “...сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.” гэж заасны дагуу түүнд нэмж нэгтгэсэн ялыг биечлэн эдлүүлэх нь хуульд нийцнэ.

Нөгөө талаар, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2. дах хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 72.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно.” гэж заажээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 61 дүгээр зүйлийн 61.5, 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсгийг тус тус буруу хэрэглэж Б.Баттөрийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг бүгдийг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т заасныг баримтлан Б.Баттөрд сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сар баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

 

2.3 Давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй байна.

 

Хэргийн товч утга: 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 26103 ширхэг “Алтайн сугас” нэртэй загас, 500 ширхэг “Омоль” нэртэй загасыг Монгол улсын захиргааны хариуцлагын тухай хууль болон Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор баталсан журам, Улсын Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2008 оны 163 дугаар тушаалаар баталсан журмын дагуу шийдвэрлэлгүйгээр үрэгдүүлж, улсад 13,801,500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Ховд аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5 дугаар шүүгчийн захирамжаар

1. Ш.Гансүхэд холбогдох 201221010015 тоот эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж,

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ш.Гансүхэд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд зааснаар 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө /автомашин/ битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Ховд аймгийн давж заалдах шатны шүүх хэргийг 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэж, 24 дүгээр магадлалаар

1. Ховд аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5 дугаар “нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай” шүүгчийн захирамжыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож,

2. Шүүгдэгч Ш.Гансүхэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ш.Гансүхийн эзэмшлийн УАЗ-469 маркын автомашин битүүмжилсэн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: 1. Ховд аймгийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын яллагчийн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ш.Гансүхэд холбогдох хэргийг шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаалгахаар” бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд улсын яллагч гаргасан эсэргүүцэлдээ: “…Ш.Гансүхэд холбогдох эрүүгийн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр уг загасыг шүүгдэгч өөртөө ашиг олох гэсэн шунахай сэдэлт, шууд санаатай байсан гэдэг нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Мөн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтан нь захиргааны журмаар эд зүйл хураасан л бол түүнийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх захиргааны журмаар шийдвэрлээгүйгээс улсад хохирол учирсан гэх улсын яллагчийн шүүмж, тайлбарыг гуйвуулж эрх зүйн журам нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьект биш юм гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэсэн бол Ховд аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газрын орон нутгийн орлогын дансанд дээр дурьдсан 13,801,500 төгрөг орон нутгийн орлого болж орох байсан. Шүүгдэгч Ш.Гансүх нь М.Цэндсүрэн, Ч.Нэргүй нарт загас хүлээлгэж өгсөн талаар мэдүүлдэг боловч загас хүлээлгэж өгсөн талаар ямар нэгэн тэмдэглэл, баримт үйлдээгүй байдаг. Үүнээс гадна давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Гансүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3 дахь хэсэг буюу “тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн зүйл, ангийг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй буюу шүүхийн тогтоолоор шүүгдэгчид ял шийтгэсэн ба цагаатгасан шийдвэр гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг шууд хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321, 323, 325 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн байна. Иймд шүүгчийн захирамж, магадлалыг хүчингүй болгож, Ш.Гансүхэд холбогдох хэргийг шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаалгахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Өөрчлөгдөх болсон үндэслэл: Ш.Гансүхэд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт биш хийгдсэн, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох зарим нөхцөл байдлыг тодруулаагүй гэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” тухай шүүгчийн захирамжтай, Ш.Гансүхэд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэж, 24 тоот магадлалаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, улмаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Ш.Гансүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Энэ талаар бичсэн улсын яллагчийн “...Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй буюу шүүхийн тогтоолоор шүүгдэгчид ял шийтгэсэн ба цагаатгасан тогтоол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг шууд хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321, 323, 325 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн байна” гэсэн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01А тоот эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Ш.Гансүхэд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ.

Гурав.  Дүгнэлт

1. Тоймд жишээ болгон оруулсан тогтоолууд болон бусад хяналтын шатны шүүхийн тогтоолуудын үндэслэлд дурдагдсан алдаануудыг нэгтгэн авч үзвэл:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйл. Тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх

284.1. Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна.

284.2. Хуулийн бүх  шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ.

284.3. Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ гэсэн заалтуудыг зөрчжээ.

Дээрх хуулийн зүйл, заалтуудыг зөрчиж байгаа асуудал байнга, үргэлжлэх шинжтэй болж байгааг онцгой анхаарах нь зүйтэй байна.

ШҮҮХИЙН СУДАЛГААНЫ ТӨВ
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ