2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр                   Дугаар 23                                               Улаанбаатар хот 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 28 ДУГААР БҮЛГИЙН
ЗАРИМ З
ҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Албан тушаалын гэмт хэргийн талаар заасан Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн /цаашид “хуулийн” гэх/ 263 дугаар зүйлийн 263.1-д заасан“албаны эрх мэдэл” гэдгийг сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдэл гэж ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг хэлнэ.

Энэ зүйл, хэсэгт заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа “урвуулан ашиглах” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар ойлгож хэрэглэнэ.

2. Мөн зүйлийн 263.2-т заасан “хүнд хор уршиг” гэж онц их хэмжээний хохирол учирсан, хүний амь нас хохирсон, хүний бие махбодид хүнд, эсхүл хэд хэдэн хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан, байгаль орчны тэнцэл алдагдсан, халдварт өвчин тархсан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, зогссон зэргийг хэлнэ.

3. Хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д заасан “эрх мэдлээ хэтрүүлэх” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолын 5-д зааснаар ойлгоно.

Энэхүү гэмт үйлдэл нь бусад албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах чиг үүргийг хэрэгжүүлэх, онцгой нөхцөлд буюу тусгай зөвшөөрөл авснаар гүйцэтгэх үйл ажиллагааг дур мэдэн явуулах, зөвхөн хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэх, эсхүл хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргах зэрэг хэлбэрээр илэрнэ.

Албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар ашиг хонжоо олсон байдаг хэдий ч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө авах болон бусдын өмчлөлд шилжүүлээгүй байдгаараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдана.

4. Мөн зүйлийн 264.2-т заасан “хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж”гэдгийг Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 1.4-т зааснаар ойлгох бөгөөд албан тушаалтан бусдаар дамжуулан хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн нь үүнд нэгэн адил хамаарна.

5. Хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д заасан “Төрийн бус байгууллага” гэдгийг Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд,

“аж ахуйн нэгж” гэдгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д,

“давуу байдал” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т,

“ашиг хонжоо” гэдгийг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т тус тус зааснаар ойлгоно.

6. Хуулийн 266 дугаар зүйлийн 266.1-д заасан “эрх мэдлээ илтэд хэтрүүлэх” гэдгийг энэ тогтоолын 3-т зааснаар ойлгож хэрэглэнэ.

7. Хуулийн 267 дугаар зүйлийн 267.1-д заасан “албан тушаалтны нэр барьж”гэдгийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид тодорхой албан тушаал эрхэлдэггүй этгээд тухайн байгууллагын албан тушаалтныг хууль бусаар төлөөлснийг ойлгоно.

8. Хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан “албан үүргийн хувьд гүйцэтгэхүүргээ хэрэгжүүлэхгүй байх” гэж хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, гэрээний дагуу өөрт нь олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг санаатайгаар огт биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байхыг хэлнэ.

Мөн зүйл, хэсэгт заасан “гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийх” гэдгийг албан тушаалтны хувьд өөрт нь олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлснийг ойлгоно.

Энэ зүйл, хэсэгт заасан “хээл хахууль” гэдэгт хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээ зэргийг хамааруулан үзнэ.

9. Мөн зүйлийн 268.2-т заасан “хясан боогдуулах” гэж тухайн хүнд тохиолдсон аливаа шаардлага, тулгамдсан хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгох, эсхүл хээл хахууль өгөхийг тулган шаардахыг хэлнэ.

10. Хуулийн 2681 дүгээр зүйлийн 2681.1-д заасан “илт хууль бус эд хөрөнгө” гэдэгт Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаас гадна зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, түүнчлэн терроризмыг санхүүжүүлэх зорилгоор хуримтлуулсан, бий болгосон эд хөрөнгийг хамааруулан үзнэ.

11. Хуулийн 272 дугаар зүйлийн 272.2-т заасан “хүнд хор уршиг” гэдгийг энэ тогтоолын 2-т зааснаар ойлгоно.

12. Хуулийн 273 дугаар зүйлийн 273.1.1-д заасан “зориулалтын бусаар зарцуулсан” гэдгийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-14.1.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсныг ойлговол зохино.

Мөн зүйлийн 273.1.2-т заасан “зах зээлийн дунджаас дээгүүр үнэ” гэж зах зээлийн эрэлт нийлүүлэлт болон сонгон шалгаруулалтаар тогтсоноос илүү үнэ ханшийг хэлнэ.

Энэ зүйлийн 273.1.5-д заасан “зах зээлийн дунджаас доогуур үнэ” гэдгийг зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр тогтсоноос бага үнэ ханш гэж ойлгоно.

Мөн зүйлийн 273.1.6-д заасан “шаардлага хангаагүй” гэж заавал дагаж мөрдвөл зохих, хууль тогтоомж болон олон улсын буюу үндэсний стандартаар тодорхойлсон болзол, шалгуур үзүүлэлтэд нийцээгүй байхыг хэлнэ.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ  С.НЯМЖАВ