2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр                   Дугаар 22                          Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 17 ДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ
З
ҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ  ТУХАЙ

Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэргийн талаар заасан Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн /цаашид хуулийн гэх/ 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан “бусад арга” гэдэгт эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулахаас гадна атаархал төрүүлэх, өс хонзон сануулах, уур хорслыг дэвэргэх, ятган үнэмшүүлэх, итгэмтгий гэнэн занг ашиглах зэргийг хамааруулж үзнэ.

 

2. Хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан “хүүхдийг санаатай сольсон”

гэж шунахай, өс хонзон болон хувийн бусад сэдэлтээр нэг хүүхдийг нөгөөгөөр нь орлуулсан буюу авсныг хэлнэ.

Мөн зүйл, хэсэгт заасан “хууль бусаар үрчилсэн” гэдэгт хүүхэд үрчлэх, үрчлүүлэх нөхцөл, журмыг тодорхойлсон хууль тогтоомжийг дээрхи зорилгоор санаатай зөрчсөн үйлдлийг ойлгоно.

3. Хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан “хаясан” гэж эцэг, эх нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.4-т заасан үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж, хүүхдээ бусдаар асрамжлуулах зорилгоор үлдээж явсныг хэлнэ.

 

Мөн зүйл, хэсэгт заасан “төөрүүлсэн” гэдэгт дээр дурдсан зорилгоор хүүхдийг байнга оршин суудаг газар, орон байраа эргээд олох боломжгүй байршил, нөхцөлд орхиж явсан үйлдлийг ойлгоно.

 

Хаях гэмт хэрэг нь нярай буюу хөлд ороогүй, өвчин эмгэгтэй эсхүл сэтгэцийн өвчний улмаас үйл явдлыг илэрхийлэн хэлж ярих, орчноо таних чадваргүй хүүхдийн хувьд үйлдэгддэг онцлогтой бөгөөд үүгээрээ төөрүүлэх гэмт хэргээс ялгагдана.

 

4. Хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-д заасан “шунахай зорилго” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5.2-т зааснаар ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан “хараа хяналтгүй байлгасан” гэж Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-63.1.3-т заасан бага насны хүүхэд болон энэ зүйлийн 63.1.4-т заасан хүний талаар асран хамгаалагч нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхыг хэлнэ.

Энэ зүйл, хэсэгт заасан “шаардлагатай тусламж” гэдэгт эдийн болон эдийн бус аливаа дэмжлэг туслалцаа хамаарна.

5. Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасан “хайнга хандах” гэдэгт хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байхыг ойлгоно.

Энэхүү үйлдэл нь албан тушаалын гэмт хэргийн шинжгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр илэрнэ.

6. Хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасан “шүүхийн шийдвэр биелүүлэхээс ноцтой зайлсхийсэн” гэдэгт шүүхийн шийдвэрээр үүрэг хүлээсэн этгээд түүнийг биелүүлэхээс татгалзах, оршин суугаа болон ажлын газрын хаягаа зориуд өөрчлөх, тэтгэлэг төлөх талаар санаачлага гаргахгүй байх, ажлын газрын хаяг болон цалин орлогоо нуун дарагдуулах, шүүхийн шийдвэр биелүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй зэргийг ойлгоно.

7. Хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д заасан “хүүхдийг албадан болон хүчээр хөдөлмөрлүүлсэн” гэж хүүхдийг өөрийнх нь хүсэл зоригоос гадуур, бие махбодийн болон сэтгэл санааны хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлж аливаа ажил үйлчилгээг төлбөргүй гүйцэтгүүлэхийг хэлнэ.

8. Хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан “садар самууныг сурталчилсан”гэдгийг Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгоно.

9. Хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан “биеэ үнэлэхэд татан оролцуулсан”гэж шунахай болон хувийн бусад сэдэлтээр, энэ зүйл, хэсэгт заасан аргыг хэрэглэн, хохирогчийг бусадтай бэлгийн харьцаанд төлбөртэй оруулахыг хэлнэ.

Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан “биеэ үнэлэхэд татан оруулсан” гэдгийг дээрхитэй адилаар ойлгож хэрэглэнэ.

10. Хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасан “эмнэлгийн бус нөхцөлд … үр хөндсөн” гэдгийг Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан эрүүл мэндийн байгууллагаас бусад газар энэхүү ажилбарыг хийснийг ойлгоно.

Мөн зүйлийн 128.2-т заасан “бусад хүнд хор уршиг” гэдэгт хохирогч хөгжлийн бэрхшээлтэй болсон, сэтгэцийн болон бусад хүнд өвчнөөр өвчилсөн, амиа хорлоход хүргэсэн, хүүхэд дахин төрүүлэх боломжгүй болгосон, бие махбодид нь хүнд гэмтэл учирсан зэргийг хамааруулан үзнэ.

11. Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан “булш сүйтгэсэн” гэдэгт оршуулгын эсхүл өөр газарт байршуулсан талийгаачийн шарилын хөшөө, бунхан болон бусад зүйлийг санаатайгаар эвдсэн, гэмтээсэн, устгасан зэргийг ойлгоно.

Мөн зүйлийн 129.2-т заасан “тохуурхан даажигнаж” гэдэгт булшийг сүйтгэхдээ шарил, түүний үлдэц хэсгийг ил гаргаж хаях, элдэв хараал, өш хорслын үг, тэмдэгт бичиж үлдээх зэргийг хамааруулж үзнэ.

Энэ зүйл, хэсэгт заасан “онц жигшүүртэй” гэж нийгмийн ёс суртахууны хэм хэмжээ, зан заншил, нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг илтэд үл тоомсорлон шарилыг тасчих, шатаах, хэсэгчлэх, элдэв хэлбэрээр зураг авах, бичлэг хийх зэргээр ичгүүр сонжуургүй авирласныг хэлнэ.

12. Хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 115 дугаар зүйлийн 115.3, 123 дугаар зүйлийн 123.3, 124 дүгээр зүйлийн 124.1-д тус тус заасан “хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 1.4-т зааснаар ойлгоно.

13. Хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д тус тус заасан“хууран мэхлэх” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолын 3-т зааснаар буюу үгээр болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдүүлэх”-ийг ойлговол зохино.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ   Б.ДОРЖГОТОВ