2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр                Дугаар 21                  Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 16 ДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ
З
ҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргийн талаар заасан Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн /цаашид хуулийн гэх/ 108 дугаар зүйлийн зарим заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.

 

1.1 “Хүн хулгайлсан” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5.9-д заасны дагуу ойлгоно.

 

1.2 “Хүнд хор уршиг” гэдэгт хүний амь хохирсон, ураг зулбасан буюу хүүхэд дутуу төрүүлсэн, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, сэтгэцийн болон бусад хүнд өвчнөөр өвчилсөн, хөгжлийн бэрхшээлтэй болсон, хүн хулгайлагдсантай холбоотойгоор гэр бүлийн гишүүдийнх нь аль нэг хүндээр өвчилсөн, сэтгэцийн өвчинтэй болсон, эд хөрөнгөнд нь их буюу онц их хэмжээний хохирол учирсан зэргийг хамааруулан үзнэ.

2. Хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан “хүнийг хууль бусаар хорих” гэж хохирогчийг хуурч мэхлэн, эсхүл хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэргээр түүний хүсэл зоригоос гадуур чөлөөтэй зорчих эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж байгаа үйлдлийг хэлнэ.

Харин энэ гэмт хэргийг үйлдсэний дараа иргэн, хуулийн этгээдээс мөнгө, эд хөрөнгө гаргуулах буюу өөр бусад үйлдэл гүйцэтгүүлэх, эсхүл үйлдэл гүйцэтгэхээс татгалзуулах болзол тавьсан бол уг үйлдлийг хуулийн 112 дугаар зүйлээр зүйлчилнэ.

3. Хуулийн 112 дугаар зүйлийн зарим заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.

3.1 ”Барьцаалах” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5.9-д болон Хүн барьцаанд авахын эсрэг 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн конвенцийн 1 дүгээр зүйлд заасны дагуу буюу ”гурав дахь этгээдээр, тухайлбал улс, засгийн газар хоорондын олон улсын байгууллага, хувь хүн, хуулийн этгээд, эсхүл бүлэг этгээдээр аливаа үйлдэл гүйцэтгүүлэх буюу гүйцэтгэхээс татгалзуулах зорилгоор өөр нэг хүн /барьцааны хүн/-ийг суллах шууд буюу шууд бус болзол болгон тавьж, түүнийг олзлох буюу саатуулах, амийг нь хөнөөх, бие махбодид нь гэмтэл учруулах, эсхүл үргэлжлүүлэн саатуулахаар заналхийлж буй үйлдэл” гэж ойлгоно.

3.2 ”Болзол” гэдэгт гэмт этгээдээс иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад гаргаж буй хууль бус аливаа шаардлага хамаарна.

3.3 ”Барьцаанд байгаа хүний амь биед заналхийлж” гэж бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэн айлган сүрдүүлснийг хэлнэ.

4. Хуулийн 108 дугаар зүйлийн 108.2.5, 109 дүгээр зүйлийн 109.2.2-т тус тус заасан“амь биед нь аюултай хүч хэрэглэж” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар тогтоолын 5-д зааснаар ойлгоно.

5. Хуулийн 108 дугаар зүйлийн 108.2.6, 109 дүгээр зүйлийн 109.2.3, 112 дугаар зүйлийн 112.2.6-д тус тус заасан “зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1, 2-т заасны дагуу ойлгож хэрэглэнэ.

6. Хуулийн 110, 111 дүгээр зүйлүүдийн зарим заалтыг Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 40, мөн хуулийн 113 дугаар зүйлийн зарим заалтыг Улсын Дээд шүүхийн 2008  оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар тогтоолоор тус тус тайлбарласан болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ Б.БАТ-ЭРДЭНЭ