Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн
2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн
11 дүгээр захирамжийн хавсралт
УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ИРГЭД, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ, ХУВААРИЛАХ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий үндэслэл
1.1.Иргэн, хуулийн этгээдээс Улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг удирдлага болгоно.
1.2.Өргөдөл, гомдлыг хүлээн авч түүнд дурдсан асуудал бүрийг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хянан үзэж, хуулийн хугацаанд шийдвэрлэн, өргөдөл, гомдол гаргагчид үндэслэлтэй хариу өгч байх үүргийг Тамгын газар, түүний нэгж хариуцна.
1.3.Энэ журмаар зохицуулах харилцаанд дор дурдсан өргөдөл, гомдол хамаарахгүй. Үүнд:
1.3.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдол, эсэргүүцэл;
1.3.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан гомдол;
1.3.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан гомдол болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэрт давж заалдах журмаар гаргасан гомдол;
1.3.4.Шүүхийн сахилгын хороо болон Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрт гаргасан гомдол;
1.3.5.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэрээ дэвшүүлж буй иргэний хүсэлт;
1.3.6.Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой өргөдөл;
1.3.7.бусад.
Хоёр. Өргөдөл, гомдол хүлээн авах
2.1.Иргэн, хуулийн этгээд өргөдөл, гомдлыг амаар болон бичгээр гаргана. Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа ажилтан тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэлд тусгана. Бичгээр гаргасан өргөдөл, гомдлыг байгууллагын цахим шуудан /e-mail/-гаар хүлээн авч болно.
2.2.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхэд ойлгомжтой, хүртээмжтэй нөхцөл бүрдүүлсэн байна. Монгол хэл мэдэхгүй гадаад улсын иргэн өөрийн төрөлх хэлээр өргөдөл, гомдол гаргаж болно.
2.3.Ерөнхий шүүгчтэй уулзах хүсэлтэй хэргийн оролцогчоос бусад иргэдийг өргөдөл, гомдол хариуцсан ажилтан хүлээн авч бүртгэж танилцуулсны дараа Ерөнхий шүүгчийн ажлын албаны холбогдох албан тушаалтан урьдчилан уулзаж, шаардлагатай гэж үзвэл Ерөнхий шүүгчтэй уулзуулах уулзалтын хуваарийг товлон мэдэгдэнэ.
Хөдөө, орон нутгаас ирсэн иргэн, эсхүл түр чөлөөгөөр яваа хугацаат цэргийн албан хаагчийг холбогдох албан тушаалтантай хуваарь харгалзахгүйгээр уулзуулах асуудлыг өргөдөл, гомдол хүлээн авах ажил хариуцсан ажилтан зохион байгуулна.
2.4.Өргөдөл, гомдлыг “нууц”, “гарт нь” гэж хаяглан ирүүлбэл өргөдөл, гомдол хүлээн авах ажил хариуцсан ажилтан хүлээн авч, тухайн албан тушаалтанд биечлэн өгч задлуулсны дараа энэ журмын 2.5-д заасан ажиллагааг гүйцэтгэнэ.
2.5.Энэ журмын 2.1, 4.4, 4.5-д заасан өргөдөл, гомдлыг ирсэн дарааллын дагуу “Удирдлага мэдээллийн систем”-д бүртгэж, бүртгэл хяналтын карт нээнэ.
2.6.Бүртгэсэн өргөдөл, гомдолд “Улсын дээд шүүх”, “Ерөнхий шүүгчид” гэж хаягласан бол Ерөнхий шүүгчид, “Улсын дээд шүүхийн танхимд” гэж хаягласан бол холбогдох танхимын тэргүүнд, “Улсын дээд шүүхийн Тамгын газар”, “Тамгын газрын даргад” гэж хаягласан бол Тамгын газрын даргад тус тус танилцуулна.
Гурав. Өргөдөл, гомдлыг хуваарилах
3.1.Ерөнхий шүүгч энэ журмын 2.5-д заасны дагуу танилцсан өргөдөл, гомдолд Ажлын албаараа дамжуулан хариу өгөх, мөн холбогдох Танхим болон Тамгын газарт шилжүүлэн хуваарилах арга хэмжээг авна.
3.2.Тамгын газрын дарга энэ журмын 2.6, 3.1-д заасны дагуу танилцсан буюу хүлээн авсан өргөдөл, гомдлыг түүнд дурдсан асуудлыг илүү хамаарах чиг үүрэг бүхий нэгж /хэлтэс, алба/-ийн удирдлагад шилжүүлэн хяналт тавьж ажиллана.
3.3.Улсын дээд шүүх, Танхим болон Тамгын газрын эрх, үүрэгт хамааралгүй, энэ журмын 1.3-т хамаарах өргөдөл, гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх, эсхүл өргөдөл, гомдол гаргагчид буцаана.
Дөрөв. Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх
4.1.Ерөнхий шүүгчийн ажлын алба болон энэ журмын 3.2-т заасны дагуу өргөдөл, гомдол хүлээн авсан нэгжийн удирдах ажилтан өргөдөл, гомдлыг үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл доорх ажиллагааг явуулж болно. Үүнд:
4.1.1.өргөдөл, гомдол гаргагчаас нэмэлт тодруулга авах;
4.1.2.холбогдох байгууллага, албан тушаалтнаас баримт, мэдээлэл гаргуулан авах;
4.1.3.Танхим /өргөдөл, гомдолд бичигдсэн үйл баримтыг харгалзан/-ын тэргүүнд танилцуулж, арга зүйн туслалцаа авах;
4.1.4.Ерөнхий шүүгч, Тамгын газрын даргад өргөдөл, гомдол хянан үзэх хугацаа сунгуулах хүсэлтээ танилцуулах;
4.1.5.бусад.
4.2.Өргөдөл, гомдол тодорхой нэр хаяггүй, эсхүл нэр хаяг нь буруу бичигдсэн, насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй этгээд, түүнчлэн шүүхийн шийдвэрээр эрх зүйн чадамжийг нь хязгаарласан этгээд болон өмнө нь хандаж байсан асуудлаар дахин өргөдөл, гомдол гаргасан тохиолдолд хянан үзэхгүй буцаана.
4.3.Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг эрх бүхий албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.
4.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэц, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллага, албан тушаалтнаар уламжлуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг тухайн өргөдөл, гомдол гаргагчид энэ журамд заасны дагуу өгөхөөс гадна хэрэв дээрх байгууллага, албан тушаалтнууд уг асуудлаар мэдээлэл авахыг хүссэн бол хариу хувийг илгээх буюу албан бичгээр тусад нь мэдээлэл өгч болно.
4.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид шилжсэн этгээдээс Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдлыг Ерөнхий шүүгчийн ажлын алба хүлээн авч, шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд албан бичгээр шилжүүлнэ.
4.6.Өргөдөл, гомдолд дурдсан төр, байгууллага, хувь хүний нууцыг уг өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхэд оролцож байгаа шүүгч, ажилтан чанд хадгална.
4.7.Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан хэрхэн шийдвэрлэсэн, ямар хариу өгсөн тухай бүртгэл хяналтын картад тодорхой бичиж, гарын үсэг зурна.
4.8.Өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, түүний мөрөөр авах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх, шийдвэрлэлт, хариу өгсөн байдалд Тамгын газар хяналт тавина.