2020 оны 04 сарын 24

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2020 оны 04 дүгээр сарын 16ы өдөр                                                      Дугаар 01                                                                                        Улаанбаатар хот

 

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ХАРИЛЦААНААС ҮҮССЭН

МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ШҮҮХИЙН ПРАКТИК,

АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2017 онд хяналтын шатны шүүх хуралдаанаар 1704 иргэний хэрэг  хянан хэлэлцснээс 11.5 хувь буюу 196 хэргийн, 2018 онд 1932 иргэний хэрэг хянан хэлэлцснээс 10.6 хувь буюу 206 хэргийн, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 969 хэрэг хянан хэлэлцснээс 10.3 хувь буюу 100 хэргийн  магадлалыг тус тус хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт оруулжээ.

Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас  эдгээр хяналтын шатны иргэний шүүх хуралдааны тогтоолыг судаллаа. Судалгаанаас үзэхэд, хэргийн дийлэнх нь зээл, түрээс, худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн маргаан байгаагаас зээлийн гэрээтэй холбоотой хэргийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилсөн үндэслэлийг нэгтгэн хууль хэрэглээний болон бусад алдааг тоймлон хүргэж байна.   

1. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл  олгох гэрээний талаар. 

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс  олгосон зээлд  хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг  тооцохдоо шүүх  Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /цаашид БЭБХЭМХТТЗҮАТ хууль гэх/ зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. 

а/.Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

БЭБХЭМХТТЗҮАТ хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д зааснаар зээлийн хүү нь зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ юм. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг заавал бичгээр хийх бөгөөд зээлийг хүүтэй олгосон бол гэрээнд зээлийн хүүгийн хэмжээг тодорхой тусгах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасантай нийцнэ.  

Зээлийн гэрээнд хүүгийн хэмжээ тодорхойгүй эсхүл маргаантай  байгаа тохиолдолд талууд гэрээгээр хүү тохирсон гэж үзэх эсэх, тохирсон бол хүүг ямар хэмжээтэй болохыг  тогтоосны эцэст  нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ. 

Жишээ нь, зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд  бусдад зээл олгохдоо  хүүгийн хэмжээг 2 байдлаар тогтоосон талаар  зохигч маргаж хоёр шатны шүүх хүүгийн хэмжээг тодорхойлохдоо өөр өөр дүгнэлт хийсэн байв.

Улсын Дээд шүүхийн  2018 оны 001/ХТ2018/01164 дүгээр тогтоолоор,  “...зээлийн гэрээнд хүүг ...4.5 хувь, хэрэв хүүг хугацаандаа төлвөл 3.5 хувь болгон бууруулахаар өөрөөр тогтоосон...”-ыг талуудын мэтгэлцээнийг үндэслэн нэхэмжлэгчийн хувьд зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлж, урьдчилан тогтоосон нөхцөл бүхий  гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэн,  зээлдэгчид ашигтайгаар тайлбарлаж, зээлийн хүүгийн тооцооллыг багасгаж өөрчлөх нь  Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д нийцнэ.” гэсэн шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзжээ.

Зээлийн хүүг гэрээнд  өөр өөр нөхцлөөр тусгаж болох ч тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд  нөгөө талдаа  санал болгож байгаа хүүгийн хэмжээг гэрээний хугацаанд өөрчилж байхаар тохиролцсон  үндэслэл, шалтгаан, энэ нь хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөл байгаа эсэхийг анхаарах шаардлагатай.

б/ Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, ...төлөх үүрэгтэйг Иргэний хуулийн  453 дугаар зүйлийн 453.1-д заасан байна.  

БЭБХЭМХТТЗҮАТ хуулийн 24 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 25.2-т заасан зохицуулалтаас үзвэл хэтэрсэн хугацааны хүүг, зээлийн гэрээний хугацаа дуусснаас хойш үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл  төлөх ба хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ нь  зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүүгийн хэмжээнээс  хэтрэх ёсгүй байна.  Шүүхийн практикт “зээлийн хүү” гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад гэрээний хугацаан дахь  төлөгдөөгүй хүү болон хэтэрсэн хугацааны хүү тус тус хэд болохыг ялгамжтай тодорхойлоогүй, шүүх энэ байдлыг тодруулж, шаардлага бүрт эрх зүйн дүгнэлт хийдэггүй зөрчил судалгаагаар тогтоогдсон болно. Зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт тус тус хамаардаг тул эдгээрийн  шаардах эрхийн хууль зүйн үндэслэл өөр байдгийг анхаарч шаардлага тус бүрийг тодруулсны эцэст эрх зүйн дүгнэлт өгч байвал зохино.

в/. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бөгөөд гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж Иргэний  хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заажээ. 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, БЭБХЭМХТТЗҮАТ хуулийн зарим, зүйл, заалтыг тайлбарлах тухай      Улсын Дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоолд, “Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан ...“ нэмэгдүүлсэн хүү” гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж  төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлэх бөгөөд  “үндсэн хүүгийн хорин хувиас  хэтрэхгүй хэмжээний  нэмэгдүүлсэн хүү  төлнө” гэдгийг  “зээлдэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа  эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө гэж ойлгоно” гэсэн байна. Эдгээрээс үзвэл нэмэгдүүлсэн хүү төлөх эсэхийг талууд зээлийн гэрээгээр тохиролцсон байх, уг  тохиролцоо хуулийн агуулгад нийцсэн байх нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүсгэнэ гэж ойлгоно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т “зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална” гэж заасан ба тус банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалаар батлагдсан “банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам” хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Журмын 1.3.9-т “гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээг“ нэмэгдүүлсэн хүү” гэж тодорхойлж, 1-р хавсралтын нэгийн 4-т нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлалыг томъёогоор тооцоолсныг  судлах шаардлагатай.

2. Бусад зээлийн гэрээний талаар:

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээнээс бусад зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэлийн талаар болон хүү, алданги тооцохдоо шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тохиолдол байна.

а/ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй   ижил төрлийн тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан байна. Энэхүү зохицуулалт нь гагцхүү зээлдүүлэгчид хамааралтай байна.

б/ Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүлээн зөвшөөрч төлсөн  хүүгийн төлбөрөө зээлдэгч буцаан шаардснаас маргаан үүсч, шүүх  маргааныг өөр өөрөөр шийдвэрлэсэн байна. Жишээ нь, Улсын Дээд шүүхийн 2017.10.12-ны өдрийн 001/ХТ2017/00149 дүгээр тогтоолоор магадлалыг хүчингүй болгохдоо, “талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хариуцагч, нэхэмжлэгчид  зээлийн хүү төлснийг буцаан шаардах эрхгүй гэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй” гэж үзжээ. Учир нь, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус  харин зээлдэгч  хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг  буцаан шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй болно.

в/ Зээлийн гэрээгээр тохиролцсон хүүг багасгах тохиолдол байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.” гэсэн байна.

Зээлийн хүүгийн хэмжээг багасгах нөхцөлд юуг хамааруулах, хүүг багасгах үндэслэл тогтоогдсон эсэх талаархи дүгнэлт дутагдалтай байгаагаас магадлал хүчингүй болжээ.

Хүү төлөх нь зээлдэгчийн хариу үүрэг боловч уг төлбөрийн хэмжээг бууруулахад гэрээний нэг тал нөгөө талдаа эдийн засгийн хувьд илтэд хохиролтой, сөрөг байдлаар хандсан нөхцөл тогтоогдсон байхыг шаардана. Нэхэмжлэлийн үндэслэл болгосон зээлийн гэрээгээр тохирсон хүүгийн хувийг, зээлийн хүүгийн зах зээлд тогтсон жишиг буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх газар, түүнчлэн тухайн орон нутгийн иргэд хоорондын зээлийн гэрээгээр тогтоож буй хүүгийн дундаж хэмжээтэй харьцуулах нь зээлийн хүүгийн хэмжээ “зээлдэгчийн эрх, хууль ёсны  ашиг сонирхолд  илт хохиролтойгоор тогтоогдсон” гэж үзэх үндэслэл болж болно. Түүнчлэн зээлийн хүүг багасгах талаар  зээлдэгч хүсэлт гаргасан байхын зэрэгцээ талууд энэ талаар мэтгэлцсэн байх, зээлийн хүүгийн  хэмжээ “зээлдэгчийн эрх, хууль ёсны  ашиг сонирхолд  илт хохиролтойгоор тогтоогдсон” нь хэргийн баримтаар нотлогдсон байх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 6-р зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасантай нийцнэ. Харин зээлдэгч гэрээнд заасан сар бүрийн хүү төлөх үүргээ зөрчснөөс  хүү хуримтлагдсан нь уг хүүгийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй.

г/ Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх агуулгатай анз болохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тодорхойлсон. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэг нь  үндсэн зээл, гэрээнд заасан бол хүү, тодруулбал, үндсэн зээл, гэрээний  хугацааны хүү хоёрын нийлбэр дүн болох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-дэх заалтын агуулгад тусгагдсан байна.

Алдангийн тооцооллыг хийхдээ давж заалдах шатны шүүх холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай Улсын Дээд шүүхийн 2017.04.25-ны өдрийн 001/ХТ 2017/00509 дүгээр тогтоолд заасан байна. Тухайлбал, давж заалдах шатны шүүх гэрээний хугацаанд төлбөл зохих хүүг оруулалгүй зөвхөн үндсэн зээлээс алдангийн тооцооллыг хийхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасан “хүүгээс анз тооцохгүй” тухай зохицуулалтыг хэрэглэсэн нь тухайн маргаанд хамааралгүй байжээ. Учир нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дах хэсэг нь мөн зүйлийн 222.5-д заасан үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үүрэг буюу хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөхөд хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс хэтрүүлсэн хугацаанд хүү төлөх бол энэхүү хүүгээс анз  тооцдоггүй болно.

Гэрээний хугацаа хэтэрсэн нь гэрээнд заасан алданги шаардах нэг нөхцөл болно. Хугацаатай гэрээнд зээлдэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй /ИХ-208.1/, хугацаа заагаагүй тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг зээлдүүлэгч сануулснаас хойш зээлдэгч үүргээ биелүүлээгүй /ИХ-208.2/ бол зээлдэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Хэргийн нөхцөл байдлаас хамаарч зарим тохиолдлыг хугацаа хэтрээгүйд тооцдог. Үүнд, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь зээлдэгчийн гэм буруугаас болоогүй нь тогтоогдвол түүнийг хугацаа хэтрүүлээгүй гэж үзнэ. Энэ нөхцөлд алданги шаардах эрх үүсэхгүй. Мөн  хэрэв хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг зээлдүүлэгч  хүлээн аваагүй бол түүнийг өөрийг нь хугацаа хэтрүүлсэн гэх ба энэ нөхцөлд анз авах эрхээ алдана. Иймд гэрээний хугацаа хэтэрсэн эсхүл хэтрээгүй гэж үзэхэд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2, 222.2, 223 дугаар зүйлийн 223.1, 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2 дахь заалтуудыг  сайтар судалж, нотлох баримтад үндэслэн дүгнэлтээ хийнэ.

Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохыг  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан байна. Мөн  хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-р  анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд энэ нь анзын дээд хязгаар ба  “анзын хэмжээ илт их”  байдал нь  гүйцэтгэвэл зохих үүргийн үнийн дүнгийн 50 хувь дотор гэж ойлгоно. Анзын хэмжээг багасгах нь хэргийн нөхцөл байдлаас шалтгаалахаас гадна энэ талаар  талууд мэтгэлцсэн байх нь шүүхээс дүгнэлт хийхэд ач холбогдолтой. Хэргийн ямар нөхцөл байдлаас шалтгаалсан тухай үндэслэлээ шүүх шийдвэртээ тодорхой заах  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.3-т заасантай нийцэх ба  энэ шаардлагыг хангаагүйгээс магадлал хүчингүй болсон байна.  Жишээ нь, Улсын Дээд шүүхийн 2017.02.02-ны өдрийн 001/ХТ2017/00128 дугаар тогтоолоор, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхдээ “давж заалдах шатны шүүх анзын хэмжээг багасгахдаа...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангийн хэмжээ илт нэмэгдсэн гэж тайлбарласан нь холбогдох хуулийн агуулга, шаардлагад нийцээгүй...,хариуцагч нь алдангийг төлөхгүй гэж маргасан ...алдангийн хэмжээг илт их гэж үзэж, багасгах хүсэлт, тайлбар гаргаагүй байна....” гэжээ.

Дээрх тохиолдлоос дүгнэвэл, анзын хэмжээг багасгах бол зээлдэгчийн гэм буруу, зөрчлийн ноцтой байдал,  төлбөрийн чадвар, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн шалтгаан зэрэг хэргийн нөхцөл байдлыг уялдуулж хуулийн зохицуулалтыг хэрэглэхээр байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаатай холбоотойгоор анзыг багасгахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.8-д заасан агуулгад нийцээгүй байна.

Талууд мэтгэлцээгүй байхад тодорхой үндэслэлгүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй зээлдэгчийн төлбөл зохих алдангийн хэмжээг багасгах ёсгүй ба алдангийг багасгах нь талуудын чөлөөт байдлын зарчмыг алдагдуулах үндэслэлгүйг анхаарна.

д/ Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.4-т заасан. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг өгөх, зээлдэгч хүлээн авах үүрэгтэй. Зээлийн гэрээний талууд өмнө амаар байгуулсан гэрээг бичгэн хэлбэрт оруулах, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд  үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл   гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөхөөр тохиролцох зэргээр  гэрээг шинэчлэх, нэмэлт гэрээ байгуулах нь ихсэх хандлагатай байна. Эдгээр тохиолдол нь “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох” Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай харшлахгүй. Гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэх байдал ...нь талуудын хоорондох зээлийн харилцааг бүхэлд нь үгүйсгэхгүй, зохигчийн тайлбар, хэргийн бусад баримт, талуудын мэтгэлцээнийг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээгээр шаардах эрх үүсэх эсэхийг шүүх дүгнэнэ. Жишээ нь, 2018.12.13-ны өдрийн 001/ХТ2018/01843 тоот тогтоолоор, “...Зохигчийн тайлбар, хэрэгт буй баримтаас үзвэл хариуцагч ...нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн, талууд уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж, шинээр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон... тул сүүлийн  гэрээгээр “...мөнгийг бодитоор шилжүүлээгүй, ...гэх” хариуцагчийн тайлбар үндэслэлгүй...” энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн гэжээ.

е/ Дашрамд дурдахад давж заалдах шатны шүүх материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна процессын хуульд заасан нотлох үүргийн зарчмыг буруу хувиарласнаас үүсэх үр дагаварыг үндэслэлгүй тодорхойлж, анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчилсөн алдаа нилээд байна.

Жишээ нь, зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаанд “...зээлдүүлэгч гэрээ байгуулж мөнгө шилжүүлснээ, зээлдэгч мөнгийг буцаан төлснөө тус тус нотлох үүрэгтэй атал давж заалдах шатны шүүх, “зээлдэгч мөнгө аваагүйгээ нотлоогүй” гэж  дүгнэлт хийсэн нь буруу болохыг Улсын Дээд шүүхийн  2017.01.31 001/ХТ2017/00104 тогтоолд заасан байв. 

3. Зээлийн гэрээтэй холбоотой нийтлэг үндэслэлийн талаар.

а/ Зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үүргийн хэмжээг тогтоохын тулд тухайн гэрээний хугацаа, төлбөр хийсэн огноо тус бүрийг харгалзан үзэхээс гадна  төлөгдсөн төлбөр чухамхүү гэрээний аль үүрэгт хамаарахыг тодорхой болгох шаардлагатай. Зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх хугацааг зөв тодорхойлоогүйгээс төлвөл зохих  төлбөрийн хэмжээг алдаатай тооцсон тохиолдол байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, БЭБХЭМХТТЗҮАТ хуулийн 20 дугаар зүйлийн 1-дэх зохицуулалтаас үзвэл банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ хугацаатай байхыг шаардсан байна. Бусад зээлийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болохыг Иргэний хуулийн 208, 283 дугаар зүйлийн 283.1-д заажээ. Гэрээнд ерөнхий хугацаанаас гадна үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх хугацааг зааж болно. Зээлийн гэрээ хугацаатай бол уг хугацаа өнгөрмөгц зээлийг буцаан төлөхийг шаардах эрх үүснэ.

Зээлийн  гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцаан төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор  зээлдэгч үүргээ биелүүлнэ.

Гэрээний талууд тохиролцож гэрээний хугацааг сунгах эрхтэй. Хугацааг сунгахдаа үндсэн гэрээний хугацаа дуусахаас өмнө сунгасан байхыг хууль шаарддаг боловч талууд хожим нь хүсэл зоригоо бүрэн илэрхийлж гэрээний хугацааг сунгасан, энэ талаар зохигч маргахгүй бол шүүх гэрээг сунгасан гэж үзэх  нь талуудын зарчимд нийцнэ. Хугацаа сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно.

б/ Зээлийн батлан даалтын гэрээний үүрэгтэй  холбоотой маргааныг шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн  458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэх тохиолдол гарчээ.

Жишээ нь, Улсын Дээд шүүхийн 2018.09.18-ны өдрийн 001/ХТ2018/01195, 2018.11.01-ний өдрийн 001/ХТ2018/01550 дугаар тогтоолуудад энэ талаар дүгнэж магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан  батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадахгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ. Батлан даалтын гэрээгээр, батлан даагчийн хүлээсэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарах бөгөөд батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхийг  Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т заасан байна. Харин үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй болох нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т туссан байна.  Батлан даагч нь нөхөх хариуцлагыг, эсхүл хамтран үүрэг хүлээхийг талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хэрхэн заасныг анхаарах нь чухал. Түүнчлэн Иргэний хуулийн 460.4-т зааснаар батлан даагч нь батлан даалтын гэрээгээр тохирсон хэмжээгээр хариуцлага хүлээх тул энэ талаар гэрээнд хэрхэн зохицуулсныг үндэслэвэл зохих юм.

в/ Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд шүүх зохих эрх зүйн дүгнэлтийг хуульд нийцүүлэн хийсэн байна. Гэхдээ гэрээний зарим зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-дахь зохицуулалтыг  буруу тайлбарлан хэрэглэснийг жишээгээр дурдлаа. Улсын Дээд шүүхийн 2017.01.17-ны өдрийн 001/ХТ2017/00040 тогтоолд “давж заалдах шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгохдоо, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн...талууд гэрээндээ алдангийн хэмжээг хуульд зааснаас илүү буюу ... хоног тутам 1 хувиар тогтоосныг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй, талуудын тохиролцооны агуулга нь хуульд нийцсэн тул анхан шатны шүүх хуульд заасан хувиар алдангийг тооцож гаргуулсан нь зөв” гэж үзжээ.         

Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх “хууль зөрчсөн” гэх үндэслэлд хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл бүр хамаардаггүй, гагцхүү  хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн буюу  тухайн төрлийн хэлцэл хийх нь хуулиар хориотой, хэлцлийн агуулга угтаа хуульд нийцэхгүй байхыг ойлговол зохино.

г/ Хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаарх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т  “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заажээ.

Үүрэг гүйцэтгүүлэгч нь  хамтран үүрэг гүйцэтгэгчийн аль нэгнээс үүргийг бүхэлд нь   шаардах боломжгүй тохиолдол байна. Жишээ нь, Улсын Дээд шүүхийн 2017.01.26-ны 001/ХТ2017/00097 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл үүргийг зөвхөн нэг үүрэг гүйцэтгэгчээс шаардсаныг бүрэн хангах боломжгүй...“ гээд үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлж, төлбөрийн зарим хэсгийг гаргуулжээ. Өөр нэг жишээг дурдвал, Улсын Дээд шүүхийн 2018.06.22-ны өдрийн 01084 тогтоолд “...нэхэмжлэгч зээлийн төлбөрийг хариуцагч тус бүрээс шаардаагүйгээс гадна тэдгээрийн тус бүрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох боломжгүй байгааг шүүх анхаараагүй байна...” гээд үүргийг бүхэлд нь хамтран үүрэг гүйцэтгэгч нараас гаргуулсныг үндэслэлтэй гэж үзсэн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна. Судалгаанаас үзэхэд зээлийн үүргийг хувааж хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардсны дагуу үүргийг тэнцүү хувааж гаргуулсан  жишээ мөн  нилээд байна. Дээрхээс үзвэл, үүрэг гүйцэтгэгчдийн хамтран хүлээх үүргийг тодорхойлохдоо хэнд, ямар шаардлагыг холбогдуулан гаргасан, хамтран хүлээх үүргийг гэрээгээр буюу хуулиар, эсхүл үүргийн мөн чанартай /хуваагдах, үл хуваагдах шинж/ холбоотой хэрхэн тодорхойлж буйг тодруулах шаардлагатай байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.5, 242.12-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь хүлээлгэн өгсөн бол бусад үүрэг гүйцэтгэгчид үүргээс чөлөөлөгдөж, хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй болно.

           

 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ