2020 оны 01 сарын 09

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 5 сарын 06-ны өдөр                                                Дугаар 14                                     Улаанбаатар хот

 

   Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Цагаанцоож, Г.Алтанчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийж, улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Намын дарга Ж.Бат-Ирээдүй, намын үүсгэн байгуулагч, ажлын хэсгийг ахлагч Э.Билгүүн, намын үүсгэн байгуулагч, хуулийн зөвлөх Д.Хишигбаяр нар оролцож, хуралдааны тэмдэглэлийг Ч.Уранбилэг хөтлөв.

    Миний Монгол намын дарга Ж.Бат-Ирээдүй Улсын Дээд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 107 жилийн ойн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 29-ний билэгт сайн өдөр төлөөлөгчид нам үүсгэн байгуулах анхдугаар их хурлаа хийж Миний Монгол Намыг үүсгэн байгууллаа. Ийнхүү үүсгэн байгуулагдсантай холбогдуулж Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлт гаргасныг хүлээн авч 2019.01.30-ны өдөр хуралдаж 08 дугаар тогтоолоор бүртгэхээс татгалзсан билээ. Бид Монгол Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд дурдсан зөрчлүүд болох намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг төлөөлөгч болон нийт гишүүдээр хэлэлцүүлээгүй, 1053 хүний бүртгэлээс 1 хүний гарын үсэг зурагдаагүй, 34 хүний хаяг бичигдээгүй, 5 хүн насанд хүрээгүй, дүрэмд хураамж гэх хуулийн зохицуулалтыг оруулсныг хасч, хуульд нийцэхгүй байгаа зөрчлүүдийг арилган, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн дүрмийн төслөө дахин боловсруулж, нийт гишүүд, төлөөлөгчид танилцуулж, саналыг шийдвэрлэж, насанд хүрээгүй, намд элсэх хүсэлтэн дээрээ гарын үсгээ зураагүй, хаяг нь бичигдээгүй гэх гишүүдийн анкетыг намын гишүүний бүртгэлээс хасч, дахин нягтлан шалгаж тогтоолд дурдсан болон хуульд нийцүүлэн баримт бичгээ дахин боловсрууллаа. Бид Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу намын Их хурлын төлөөлөгчдөө дахин сонгон баталгаажуулж хурал болох газар хугацааг 2019.02.01-02.05-ны өдрийн хооронд дахин мэдэгдэж 2019.04.10-ны өдөр намын Их хурлаа хуралдуулан, шийдвэрүүдийг гаргалаа. Иймд бидний нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн 975 гишүүдийн үүсгэл санаачлагын доор намынхаа их хурлыг хуульд заасны дагуу зарлаж, хурлын бэлтгэл ажлаа хангаж, нийслэлийн болон орон нутгийн төлөөлөлийг оролцуулан намын нэр, бэлгэдэл, далбаа, мөрийн хөтөлбөр, дүрэм, намын удирдах болон хяналтын байгууллага, бүтцийг сонгон байгуулж, нам үүсгэн байгуулах тогтоолуудыг батлан гаргалаа.

Бид Монгол хүн Монгол Улсдаа эзэн нь байх, Монгол Улсыг бусдын Монгол болгохгүй хэмээн хичээн эрмэлзэх, улс орныхоо төлөө гэх хүн бүрийн улс төрийн идэвхи санаачлагыг өрнүүлэн, зүрх сэтгэлээрээ улс Монголын төлөө гэх нэгэн үзүүрт сэтгэлийн эв эе үзэл санааг дэлгэрүүлэх гүн санааг агуулж намын нэрээ Миний Монгол Нам хэмээн сонгосон. Монголчууд бидний тусгаар тогтнол үеийн үед, тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсынхаа язгуур эрхийг тэргүүндээ тавьж, хүн ард нь эв санаа нэгтэй, хүчирхэг төр улс үргэлжид мандан бадрахыг ерөөж, нэгдэн Миний Монгол Намыг үүсгэн байгуулж, бүртгүүлэхээр хандаж байгааг хүлээн авч, намыг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү гэжээ. 

Хүсэлтэд: Хуулийн этгээдийн нэрийн баталгаажилтын хуудас, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Улсын дээд шүүхийн 2019.01.30-ны өдрийн 08 дугаар тогтоол, Нам үүсгэн байгуулагчдын шийдвэр, тогтоол, намын гишүүдийн бүртэл, намын дүрэм мөрийн хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлгийн тэмдэглэл, Их хурлын төлөөлөгчдийн бүртгэл, хурлын тэмдэглэл, Их хурлын фото зураг, Их хурлын төлөөлөгчдийн нэрс, намын бэлгэдэл, далбааны загвар, намын мөрийн хөтөлбөр, намын дүрэм, санал хураалтын хуудас, намын удирдах зөвлөл, бага хурлын төлөөлөгчдийг сонгосон тогтоол, анкет, намын гүйцэтгэх удирдлагын танилцуулга, намын гүйцэтгэх байгууллага байнга оршин суух хаяг, түрээсийн гэрээ, намын эд хөрөнгийн бүртгэл, намын нийт гишүүдийн анкет, намын брэндийн хөтөч ном зэргийг ирүүлсэн байна.

Хүсэлт болон хавсаргасан баримт, хуралдаан дээр гаргасан тайлбарыг судлан хэлэлцээд

ХЯНАВАЛ:

   Миний Монгол намыг үүсгэн байгуулах Их хурлыг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж, хийснээс хойш 8 хоногийн дотор нам бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргасан нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

    Миний Монгол намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан шаардлагатай мэдээллүүд бүрэн тусгагдсан байна.

Нам үүсгэн байгуулах Их хурлыг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр явуулах талаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гаргаж, гишүүдэд хурлын товыг хүргэсэн, нам үүсгэн байгуулах Их хуралд нийслэл, дүүрэг, орон нутгаас нийт 47 хүн оролцохоор урилга авснаас 43 хүн биечлэн ирж, хуралдаа оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар намын даргыг сонгож, намын дүрэм, мөрийн хөтөлбөр болон бусад асуудлуудыг хэлэлцэн баталсан байна.

Миний Монгол намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд харшилсан агуулгагүй, намын үйл ажиллагааны зарчим, зорилго, үзэл баримтлал нь Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Миний Монгол нам гэсэн бүтэн нэрээр, “ММН” гэсэн товчилсон нэрээр улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэхэд “нам оноосон нэртэй байх”, “намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж болон бусад намын нэртэй адил байхгүй байх” талаар Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлага зөрчигдөөгүй гэж үзэв. 

Миний Монгол намын гишүүдийн бүртгэлээс үзэхэд гишүүдийн тоо Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан хязгаараас дээш байгаа бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан зөрчил тогтоогдоогүй болно.

Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан Улс төрийн намыг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй тул Миний Монгол намыг улсын бүртгэлд бүртгэх хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд шүүх дүгнэв.

Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.6, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Миний Монгол нам /ММН/-ыг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосугай.

2.Улсын бүртгэлд бүртгүүлснээр Миний Монгол нам /ММН/ үйл ажиллагаагаа Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах эрхтэй болохыг дурдсугай.

3.Миний Монгол нам /ММН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг нийтэд мэдээлсүгэй.

4.Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг Миний Монгол нам /ММН/-д даалгасугай.

5.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 150.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧИД                                                   Г.ЦАГААНЦООЖ

                                                                       Г.АЛТАНЧИМЭГ