2020 оны 01 сарын 09

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр                                            Дугаар06                                          Улаанбаатар хот

 

    Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Х.Эрдэнэсувд, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн хуралдаанаар, “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

Хуралдаанд: Намын дарга Б.Батсүх, намын өмгөөлөгч О.Мягмарсүрэн, А.Пүрэвдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

“Гэр хороолол хөгжлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийн талаар

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Б.Батсүх нь ”...Гэр хороолол хөгжлийн намыг үүсгэн байгуулах анхдугаар хурлыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10, Улсын төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу өөрийн итгэл үнэмшлээр сайн дураараа эвлэлдэн нэгдэж “Гэр хороолол хөгжлийн нам” хэмээх улс төрийн намыг үүсгэн байгуулсан. “Гэр хороолол хөгжлийн нам” нь Монгол улсын язгуур эрх, ашиг, ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал үндэсний эв нэгдлийг эрхэмлэн, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, тэдгээрт нийцүүлэн үйл ажиллагаа явуулна. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу улсын бүртгэлд бүртгэж үйл ажиллагаа явуулах эрхийг олгож өгнө үү.” гэсэн хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирүүлжээ.

      Хүсэлтэд хавсаргаж, Намын даргын хүсэлт 1 хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл -1 хуудас, хуулийн этгээдийн баталгаажуулалтын хуудас -1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт -1 хуудас, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол 2017.6.30-ны өдрийн 09 дүгээр тогтоол -3 хуудас Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол 2017.11.20-ны өдрийн 15 дугаар тогтоол -3 хуудас, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол 2018.04.16-ны өдрийн 11 дугаар тогтоол -3 хуудас, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол 2018.07.05-ны өдрийн 18 дугаар тогтоол - 5 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг үүсгэн байгуулах хурлын урилга, мандат-1 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг үүсгэн байгуулах хуралд оролцох төлөөлөгчдөд хурлыг зохион байгуулж явуулах газар хугацааг мэдэгдэж хүлээн авсан нэрсийн жагсаалт -10 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг үүсгэн байгуулах хуралд оролцсон төлөөлөгчдийн нэрс -1 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын анхдугаар их хурлын тэмдэглэл - 11 хуудас, анхдугаар их хурлын бичлэг- сиди 1 ширхэг, анхдугаар их хурлын фото зураг - 3 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын анхдугаар их хурлын тогтоол №01 - 1 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын анхдугаар их хурлын тогтоол №02 - 1 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын анхдугаар их хурлын тогтоол №03 - 1 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын анхдугаар их хурлын тогтоол №04 - 1 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын анхдугаар их хурлын тогтоол №05 - 1 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын анхдугаар их хурлын тогтоол №06 - 1 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын анхдугаар их хурлын тогтоол №07 - 1 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын анхдугаар их хурлын тогтоол №08 - 1 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын анхдугаар их хурлын тогтоол №09 - 1 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын бага хурлын тогтоол №01 - 1 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын үүсгэн байгуулах анхдугаар их хуралд оролцсон төлөөлөгчдийн иргэний үнэмлэхний болон лавлагааны хуулбар - 22 хуудас, зарын баримт - 1 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын бэлэгдэл, далбааны загвар - 1 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын дүрэм - 16 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын мөрийн хөтөлбөр - 14 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын гүйцэтгэх байгууллага байнга оршин байгаа хууль ёсны хаягийг тодорхойлсон албан бичиг - 1 хуудас, ажлын байрны зориулалтаар түрээслэх гэрээ -3 хуудас, Түрээслүүлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар - 1 хуудас, Түрээслүүлэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар - 1 хуудас, түрээслүүлэгч, түрээслэгчийн иргэний үнэмлэхний хуулбар - 1 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын гишүүдийн нэрсийн жагсаалт - 74 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын санхүүгийн асуудал эрхэлсэн нягтлан бодогчийн иргэний үнэмлэхний хуулбар, тодорхойлолт, анкет - 7 хуудас, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын эд хөрөнгийг мэдээ - 1 хуудас зэрэг баримтуудыг гаргажээ.

           Хүсэлтэд хавсаргасан дээрх баримт, “Гэр хороолол хөгжлийн нам”-ын төлөөлөгч нарын тайлбарыг судлан хэлэлцээд

ХЯНАВАЛ:

Гэр хороолол хөгжлийн намын дарга Б.Батсүх нь тус намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг, 200 хуудас баримтуудын хамт шүүхэд ирүүлжээ.

Тус нам өмнө нь Улсын дээд шүүхэд хандаж, бүртгүүлэх хүсэлт гаргаж байсан ба Улсын дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор тус тус бүртгэхээс татгалзаж байжээ.

Дээрх тогтоолд заасан зөрчлийг арилгаж, нам үүсгэн байгуулах хурлыг шинээр хуралдуулж, уг хурлаар хуулиар тогтоосон хэлэлцвэл зохих асуудлыг хэлэлцэж, намыг бүртгүүлэх хүсэлтийг гаргасан талаар хүсэлтэд дурдсан байна.

Шүүхэд ирүүлсэн баримтаас үзвэл хурлын бэлтгэлийг хангаж 2 сарын өмнө 186 төлөөлөгчид мэдэгдсэн, нам үүсгэн байгуулах анхдугаар их хуралд нийслэл, дүүрэг, орон нутгаас нийт 142 төлөөлөгч оролцсон, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдсан уг хурлаар намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэдэл, далбаа загвар, намын мөрийн хөтөлбөр, дүрмээ баталсан, намын удирдах болон хяналтын байгууллагыг сонгон байгуулж, нам үүсгэн байгуулах шийдвэрийг гаргасан нь Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

Их хурлаас намын бүтэн нэрийг Гэр хороолол хөгжлийн нам, товчилсон нэрийг “ГХХН” гэж, намын бэлгэдэл, далбааны загварыг хэлэлцэж баталжээ.

Гэр хороолол хөгжлийн нам мөрийн хөтөлбөртөө Нийслэлийн дүүргүүдийн гэр хорооллыг хөгжүүлэх, гэр хорооллыг бие даасан инженерийн дэд бүтэц бүхий амины орон сууцны хотхон, хороолол болгон хөгжүүлэх эрхэм зорилго тавьж, тэдгээрийг хэрэгжүүлэхдээ ардчилсан үзэл баримтлалыг үйл ажиллагааны үндэс суурь болгон үндсэн арга замаа тодорхойлсон нь Улс төрийн намын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д нийцсэн байна.

Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3, 13 дугаар зүйлийн 13.3, 13.7, 13.8-д заасны дагуу  Анхдугаар Их хурлаар намын даргаар Б.Батсүхийг сонгож, Намын Их хурлын чөлөө цагт ажиллах төлөөллийн байгууллага болох Бага хурлын 31 гишүүн, гүйцэтгэх байгууллага Удирдах зөвлөлийн 9 гишүүн, Хяналтын Ерөнхий хорооны 9 гишүүнийг тус тус нууцаар сонгож, шийдвэрлэжээ.

Намын дүрэмд зохицуулбал зохих асуудлыг бүрэн тусгасан байна. Намын ээлжит хурлыг хуралдуулах талаарх дүрмийн 6.2.3.1-д заасан “ээлжит Их хурал 4 жилд хоёроос доошгүй удаа байна...” гэсэн зохицуулалт нь ээлжит бус хурлаас хэрхэн ялгагдах нь ойлгомжгүй боловч энэ талаар Намын Их хурлаараа зөвтгөх боломжтой тул бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй гэж үзэв.

Гэр хороолол хөгжлийн намын гүйцэтгэх байгууллага нь Чингэлтэй дүүргийн 40, 50 мянгат, Жуулчны гудамжны 34-р байрны баруун жигүүрийн А хэсгийн 2-р давхар 203 тоот хаягт байрлаж, үйл ажиллагаа явуулахыг нотолж, Говийн хөгжил ресорс ХХК-тай байгуулсан 2018 оны 11 сарын 30-ны өдрийн түрээсийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна. Намын өөрийн хөрөнгөд 2 720 000 төгрөгийн эд хөрөнгө бүртгэгдсэн, уг хөрөнгийг намын дарга Б.Батсүх хандивласан гэжээ.

     Тус намын гишүүдийн тоог 1266 гэж бүртгэсэн баримтаас үзвэл Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан шаардлагыг хангасан байна.

Дээрх иргэд өөрсдийн итгэл үнэмшлээр сайн дураар эвлэлдэн нэгдэж, улс төрийн үйл ажиллагаа явуулахаар нам үүсгэн байгуулсан ба намыг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байна.

Гэр хороолол хөгжлийн нам нь мөрийн хөтөлбөр, дүрмээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, Монгол улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, бусад хууль тогтоомжийг зөрчихгүйгээр улс төрийн үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй болно.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6., Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4., 9.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.“Гэр хороолол хөгжлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосугай.

2. “Гэр хороолол хөгжлийн нам” нь улсын бүртгэлд бүртгүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болсныг дурдсугай.

3. Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг “Гэр хороолол хөгжлийн нам”-д даалгасугай.

4. “Гэр хороолол хөгжлийн нам” улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг нийтэд мэдээлсүгэй.

5.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

 

           ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД

 

                                                              П.ЗОЛЗАЯА