2020 оны 01 сарын 09

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр                                     Дугаар 20                                      Улаанбаатар хот 

           Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар Зүй Ёс намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

        Хуралдаанд: Зүй Ёс намыг төлөөлж Б.Насанбилэг, С.Баярбаатар, Л.Даваажаргал, З.Сугар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.   

        Зүй Ёс намын дарга Б.Насанбилэг Улсын Дээд шүүхэд 2019-06-19-ний өдөр гаргасан хүсэлтдээ: “...Монгол улсын нэр бүхий иргэд бид Монгол улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан эвлэлдэн нэгдэх эрхийн дагуу 2019-06-08-ны өдөр улс төрийн намыг үүсгэн байгуулах Их хурал зарлан Зүй Ёс намыг албан ёсоор үүсгэн байгуулсан билээ. Зүй Ёс нам нь ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, Монгол улсын тусгаар тогтнол, нийгэм, төрийн аюулгүй байдал, хуулийн засаглал, зүй ёсыг эрхэмлэн дээдэлсэн, Эрх чөлөө-Тэгш боломж, Эрх зүйт төр-Шударга ёс, Эрдэм боловсрол-Эв нэгдлийг үнэт зүйлээ болгосон төв үзэл баримтлал бүхий улс төрийн нам юм. Тус намыг үүсгэн байгуулах үйл ажиллагаа 2018 оны 05 сард эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн бэлтгэл ажлаа ханган ажилласны эцэст 2019-06-08-ны өдөр үүсгэн байгуулах Их хурал дээр намын мөрийн хөтөлбөр, намын дүрмээ хэлэлцэн баталж, Намын дарга, Намын удирдах дээд байгууллага болон Бага Хурлын гишүүд, Хяналт, Ёс зүйн хорооны гишүүдийг сонгосон билээ. Мөн Зүй Ёс намыг үүсгэн байгуулсан талаар нийтэд зарлан мэдээлсэн болно. Иймд Зүй Ёс намыг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

        Зүй Ёс намыг 2019-06-08-ны өдөр үүсгэн байгуулсан гэсэн үндэслэлээр Зүй Ёс намын дарга Б.Насанбилэг намыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2019-06-19-ний өдөр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргаж, 448 хуудас баримт хавсаргасан байна. 

        Шүүхэд ирүүлсэн баримтаас үзвэл Их хурлын бэлтгэлийг хангаж 2 сарын өмнө  төлөөлөгчид мэдэгдсэн, нам үүсгэн байгуулах анхдугаар Их хуралд Нийслэл, дүүрэг, орон нутгаас төлөөлөгч оролцсон, 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан уг хурлаар намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэдэл, далбаа загвар, намын мөрийн хөтөлбөр, дүрмээ баталсан, намын удирдах болон хяналтын байгууллагыг сонгон байгуулж, нам үүсгэн байгуулах шийдвэрийг гаргасан нь Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлд нийцжээ.   

        Их хурлаас намын бүтэн нэрийг Зүй Ёс нам, товчилсон нэрийг “ЗЁН” гэж, намын бэлгэдэл, далбааны загварыг хэлэлцэж баталсан байна. 

        Зүй Ёс нам мөрийн хөтөлбөрөө тодорхойлсон нь Улс төрийн намын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т нийцсэн байна.

        Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3, 13 дугаар зүйлийн 13.3, 13.8-д заасны дагуу нам үүсгэн байгуулах Их хурлаар Б.Насанбилэгийг намын даргаар сонгож, Намын Их хурлын чөлөө цагт ажиллах төлөөллийн байгууллага болох Бага хурлын 25 гишүүн, гүйцэтгэх байгууллага Удирдах зөвлөлийн 9 гишүүн, Хяналтын Ерөнхий хорооны 3 гишүүнийг тус тус нууц санал хураалтаар сонгож шийдвэрлэжээ.

       Намын дүрэмд зохицуулбал зохих асуудлыг бүрэн тусгасан байна. Дүрмийн зарим заалт найруулгын хувьд ойлгомжгүй, тодорхой бус болсон хэдий ч агуулгын хувьд хууль зөрчөөгүй ба үүнийг хууль болон намын дүрэмд заасан журмын дагуу залруулах боломжтой тул уг нөхцөл байдал нь намыг бүртгэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй гэж үзлээ.

       Зүй Ёс намын гүйцэтгэх байгууллага нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 14-305 тоот хаягт байрлаж, үйл ажиллагаа явуулахыг нотолж, 2019 оны 06 сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна. Намын өөрийн хөрөнгөд 3,000,000 төгрөг бүртгэгдсэн, уг мөнгийг үүсгэн байгуулагчид хандивлан нам үүсгэн байгуулах бэлтгэл ажилд зарцуулсан гэжээ.

       Тус намын гишүүдийн тоог 1533 гэж бүртгэсэн баримтаас үзвэл Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан шаардлагыг хангасан байна.

       Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт зэргийг хянавал намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байна. Иймд хүсэлтийг хангаж, Зүй Ёс намыг улсын бүртгэлд бүртгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

       Зүй Ёс нам нь мөрийн хөтөлбөр, дүрмээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, Монгол улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, бусад хууль тогтоомжийг зөрчихгүйгээр улс төрийн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй болно.

  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Зүй Ёс намыг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосугай.

2. Зүй Ёс нам улсын бүртгэлд бүртгүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болсныг дурдсугай.

3. Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг Зүй Ёс намд даалгасугай.

4. Зүй Ёс нам улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг нийтэд мэдээлсүгэй.

5. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

 

 

             

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ЭРДЭНЭСУВД       

 

                               ШҮҮГЧ                                                    Г.АЛТАНЧИМЭГ

 

                               ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ