2019 оны 12 сарын 09

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ХАМТАРСАН

ЗАХИРАМЖ, ТУШААЛ

2019 оны 12 сарын 05 өдөр                                                                      Дугаар 246, А80

 

Журам батлах тухай

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАН ТУШААХ НЬ:

1. “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Хавтаст хэргийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх журам”-ыг хоёрдугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Мөрдөн шалгах байгууллага болон прокурор, шүүхэд хадгалагдаж байгаа мөнгө, эд зүйлсийг энэ журамд нийцүүлэн шийдвэрлэхийг эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Тамгын газрын дарга нарт мэдэгдэж, бүх шатны прокурорын газрын дээд шатны прокурорт даалгасугай.

3. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 36, А/68 дугаар захирамж, тушаалыг хүчингүй болгож, энэхүү хамтарсан захирамж, тушаалыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4. Хамтарсан захирамж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн (Б.Цогт), Улсын Ерөнхий прокурорын орлогч (М.Чинбат) нарт даалгасугай.

 

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН                                         УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН

    Х.БАТСҮРЭН                                                                   ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ

                                                                                            Б.ЖАРГАЛСАЙХАН

 

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий

прокурорын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн

246, А80 дугаар хамтарсан захирамж, тушаалын

нэгдүгээр хавсралт

 

ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГТ ХУРААН АВСАН,

БИТҮҮМЖИЛСЭН ХӨРӨНГӨ, ОРЛОГО, БАРЬЦААНЫ МӨНГӨ,

ЭД МӨРИЙН БАРИМТЫГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2. Энэхүү журам нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт нийцсэн байна.

Хоёр. Эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа

2.1. Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эд зүйлд үзлэг хийхдээ гэрэл зураг, зураглал, шаардлагатай тохиолдолд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж, тэмдэглэл үйлдэх бөгөөд үзлэгт мэргэжилтнийг оролцуулж болно.

2.2. Тэмдэглэлд үзлэгийн явц, илэрсэн, хураан авсан эд зүйлийн нэр, төрөл, үнэ, зориулалт, загвар, дугаар, өнгө, үзэмж, хэлбэр дүрс, хуурай, нойтон, гадна шинж чанараа алдсан эсэх, хуурайшиж хатсан, ялзарч, муудсан, үнэр шингэсэн, ашиглах боломжтой эсэх, тоо хэмжээ, жин, тэмдэг, шошго зэрэг онцлог шинж, чанар байдал, серийн дугаар зэргийг нэг бүрчлэн тусгана.

2.3. Мөрдөгч болон прокурор, эрх бүхий албан тушаалтан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 1-д заасан онцлог шинж бүхий хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг зохих байгууллагад шилжүүлэх, хадгалуулах, худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах, устгуулах талаар мэргэжлийн байгууллагын болон шинжээчийн дүгнэлт гаргуулж, бусад холбогдох баримт нотолгоог бүрдүүлнэ.

2.4. Шинжээч томилсон тогтоол, шинжээчийн гаргасан дүгнэлтийг эрүүгийн болон зөрчлийн хэргийн оролцогч, тухайн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, тэдгээрийн өмгөөлөгчид танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргана.

2.5. Прокурор нь онцлог шинж бүхий хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тохиолдолд санал гаргаж, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны ирүүлсэн болон бусад холбогдох нотлох баримтын хамт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа газрын болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалах эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, энэ тухай эрүүгийн болон зөрчлийн хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт мэдэгдэж, баримтыг хэрэгт хийнэ.

2.6. Прокурорын санал, холбогдох нотлох баримтыг шүүгч хүлээн авч, ажлын гурав хоногийн дотор захирамж гарган шийдвэрлэнэ.

Шүүгчийн шийтгэвэр, захирамжийг санал гаргасан прокурор, эрүүгийн болон зөрчлийн хэргийн оролцогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 8, 9.2 дугаар зүйлийн 12, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгч болон давж заалдах шатны шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлэх бөгөөд энэ нь шүүхийн эцсийн шийдвэр байна.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн болон зөрчлийн хэрэгт

хураагдсан эд мөрийн баримтыг хүлээн авах

3.1. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий комиссыг тухайн шүүхийн тамгын газрын даргын тушаалаар байгуулна. Комисс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэдэггүй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан зэрэг 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.

3.2. Эд мөрийн баримтыг яллах дүгнэлтэд тусгасны дагуу нэг бүрчлэн шалгаж хүлээн авна.

3.3. Эд мөрийн баримтыг комиссын гишүүн-шүүхийн захиргааны ажилтан хүлээн авч “Эрүүгийн хэргийн цахим бүртгэлийн нэгдсэн систем”-д бүртгэнэ.

3.4. Овор хэмжээний хувьд болон бусад шалтгаанаар хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хавтаст хэргийн хамт хүлээн авах, хадгалах боломжгүй бол энэ журмын 2.2-т заасан тэмдэглэл болон хадгалан хариуцах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээдийн нэр, хаяг, бусад баримтыг үндэслэн хүлээн авна.

3.5. Эд мөрийн баримт болон мэдээллийн техник, технологийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл /бүх төрлийн CD, зөөврийн хатуу диск, хатуу диск, флаш.../ зэргийг хүлээн авахдаа хавтаст хэргийн онцлогоос шалтгаалан тухайн тоног төхөөрөмж нь хэвийн ажиллаж байгаа эсэх, гэмтэлтэй эсэх, серийн дугаар тохирч буй эсэхийг шалгана.

3.6. Тамгын газрын дарга шүүхэд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, шийдвэрлэлтийг сар бүр шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд арилгах арга хэмжээг авна.

3.7. Энэ журмын 3.2, 3.4, 3.5-т заасан шаардлагыг хангаагүй бол эд мөрийн баримтыг хүлээн авахгүй. 

Дөрөв. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн болон зөрчлийн хэрэгт

хураагдсан эд мөрийн баримтыг хадгалах

4.1. Шүүхийн захиргааны ажилтан эд мөрийн баримтыг хүлээн авч /эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем/-д бүртгэн хуульд заасан хугацаанд хариуцан хадгална.

4.2. Эд мөрийн баримтын бүртгэлд эд мөрийн баримт хүлээн авсан огноо, хүлээн авсан ажилтны нэр, гарын үсэг, тухайн хэргийн индекс, зөрчилд холбогдогч болон яллагдагч, шүүгдэгчийн овог, нэр, регистрийн дугаар, эд мөрийн баримтын нэр, тоо ширхэг зэргийг тодорхой тусгана.

4.3. Эд мөрийн баримтыг тусгай өрөөнд хадгална. Эд мөрийн баримт хадгалах өрөө нь галын болон бусад эрсдэлээс хамгаалагдсан байна.

4.4. Өрөө нь тусгай бэхэлгээ бүхий хаалга, цонхтой, ус, чийг, шороо, тоос нэвтрэхгүй, агааржуулалт, гэрэлтүүлэгтэй, байнгын дуу-дүрсний бичлэг хийх боломжтой байдлаар бэлтгэгдсэн байвал зохино.

4.5. Эд мөрийн баримтыг нэр төрөл, онцлогийг харгалзан гялгар уут, цаасан уут, дугтуй, хайрцаг зэрэг зориулалтын саванд хийж, бүртгэлийн дугаар бүхий зүүлт зүүж тусгайлан бэлтгэсэн тавиурт байршуулан, битүүмжлэн хадгална.

4.6. Зүүлтэд эрүүгийн хэргийн болон зөрчлийн хэргийн дугаар, зөрчилд холбогдогч болон яллагдагч, шүүгдэгчийн нэр, регистрийн дугаар, хуулийн зүйл, хэсэг, эд зүйлийн тоо ширхэг болон бусад онцлог шинж байдлыг бичнэ.

4.7. Шүүх хуралдаан болох үед тухайн шүүх хуралдааны нарийн бичгийн даргад эд мөрийн баримтыг хариуцсан шүүхийн захиргааны ажилтан хүлээлгэн өгч, шүүх хуралдаан дууссаны дараа эд мөрийн баримтыг хариуцсан шүүхийн захиргааны ажилтан буцаан авна.

4.8. Эд мөрийн баримтыг хадгалахаар хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд хадгална.

Тав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн болон зөрчлийн хэрэгт

хураагдсан эд мөрийн баримтыг шилжүүлэх, буцаан олгох

5.1. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасны дагуу эд мөрийн баримтыг шийдвэрлэж энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргана.

5.2. Эд мөрийн баримтыг шүүхийн шийдвэрийн дагуу зохих байгууллагад шилжүүлэн өгөх, буцаан олгохдоо энэ журмын 3.2, 3.4, 3.5-т зааснаар тухайн эд зүйлийг шүүхэд хүлээн авсан тэмдэглэлд заасан байдлаар буцаан олгоно.

5.3. Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс устгана.

5.4. Эд мөрийн баримтыг устгахдаа бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй байхаар зохион байгуулж, аюулгүй байдлыг хангана.

5.5. Эд мөрийн баримтыг устгах ажиллагааны үйл явцыг гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэн, бичгээр тэмдэглэл хийж, эд мөрийн баримт устгасан тухай актыг 2 хувь үйлдэж, 1 хувийг холбогдох хавтаст хэрэгт, үлдэх хувийг байгууллагын архивын нэгж болгон хадгална. Шаардлагатай бол мэргэжлийн байгууллага, мэргэжилтний зөвлөгөөг авч болно.

5.6. Бусад байгууллагад хадгалагдаж байгаа эд мөрийн баримтыг хадгалж байгаа тухайн байгууллага, албан тушаалтан хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, холбогдох баримтыг тухайн шүүхэд хүргүүлнэ.

5.7. Комисс нь сар бүр хуралдаж, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт заасны дагуу эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэсэн талаар эд мөрийн баримт хариуцсан захиргааны ажилтны мэдээллийг сонсож, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч ажиллана.

5.8. Уг акт, баримтыг эд мөрийн баримт хариуцсан захиргааны ажилтан холбогдох эрүүгийн болон зөрчлийн хавтаст хэрэгт хавсаргаж, үлдэх хувийг архивын нэгж болгон хадгална. 

Зургаа. Барьцааны мөнгийг шүүх хүлээн авах,

шилжүүлэх, буцаан олгох

6.1. Эрүүгийн хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүхийн шатанд яллагдагч, шүүгдэгчид барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа барьцааны мөнгийг хүүгүй, тусгай дансанд /Төрийн сангийн/ байршуулна.

6.2. Барьцааны мөнгийг бэлнээр хүлээн авахыг хориглоно. Барьцааны мөнгийг хүүгүй тусгай дансанд /Төрийн сангийн/ тушаасан баримтыг тухайн шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан хүлээн авч, хавтаст хэрэгт хавсаргана.

6.3. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаахдаа барьцааны мөнгийг прокурорын байгууллагын хүүгүй, тусгай дансанд /Төрийн сангийн/ шилжүүлж, баримтыг хавтаст хэрэгт хийж баримтжуулна.

6.4. Яллагдагч, шүүгдэгчийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн, хүчингүй болгосон тохиолдолд барьцааны мөнгийг барьцаа гаргагчийн дансанд шилжүүлж, баримтыг хавтаст хэрэгт хавсаргана.

6.5. Дансны гүйлгээнд тухайн шүүхийн тамгын газрын дарга, нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулна. 

Долоо. Барьцааны мөнгийг улсын орлого болгох

7.1. Шүүгчийн захирамжаар барьцааны мөнгийг улсын орлого болгосон тохиолдолд эрх бүхий байгууллагад шилжүүлэх ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар гүйцэтгэж, баримтыг хавтаст хэрэгт хавсаргана.

Найм. Хураан авсан, битүүмжилсэн онцлог шинж бүхий хөрөнгө,

орлого, эд мөрийн баримтыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх

8.1. Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хадгалагдах боломжгүй болохыг мэргэжлийн байгууллагын болон шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бол прокурор хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх тухай санал гаргаж шүүхэд хүргүүлнэ.

8.2. Хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх тухай прокурорын саналыг хүлээн авсан шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.

8.3. Шүүгчийн захирамжид дараах зүйлийг тусгана: 

8.3.1. шийдвэр гаргасан шүүх, шүүгчийн нэр;

8.3.2. оролцогчийн өөрийн болон эцэг, эхийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээдийн нэр, регистр, албан ёсны хаяг;

8.3.3. хэрэгцээний дагуу шилжүүлэх эд зүйлийн нэр төрөл, загвар, дугаар, хэлбэр дүрс, хуурай, нойтон, өнгө, тоо хэмжээ, үнэ, жин, тэмдэг, шошго, онцлог шинж,  чанар байдал, серийн дугаар зэрэг;

8.3.4. хэрэгцээний дагуу шилжүүлэх байгууллагын нэр, регистр, хаяг;

8.3.5. прокурорын саналын үндэслэл;

8.3.6. шүүгч саналыг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан үндэслэл;

8.3.7. гарын үсэг, баталгаажуулсан тамга;

Ес. Хураан авсан, битүүмжилсэн онцлог шинж бүхий хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг

хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх

9.1. Мэргэжлийн байгууллагын болон шинжээчийн дүгнэлтээр хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хадгалалтын тусгай горим, нөхцөлд хадгалахаар тогтоосон бол прокурор зохих байгууллагад хадгалуулах саналыг шүүхэд гаргана.

9.2. Хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх тухай прокурорын саналыг хүлээн авсан шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.

9.3. Шүүгчийн захирамжид дараах зүйлийг тусгана:

9.3.1. шийдвэр гаргасан шүүх, шүүгчийн нэр;

9.3.2. оролцогчийн өөрийн болон эцэг, эхийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээдийн нэр, регистр, албан ёсны хаяг;

9.3.3. хадгалуулахаар шилжүүлэх эд зүйлийн нэр төрөл, загвар, дугаар, өнгө, хэлбэр дүрс, хэмжээ, үнэ, ашиглах боломжтой эсэх, тоо хэмжээ, жин, тэмдэг, шошго, онцлог шинж, чанар байдал, серийн дугаар зэрэг;

9.3.4. эд зүйлийг хадгалуулах байгууллагын нэр, регистр, хаяг;

9.3.5. прокурорын саналын үндэслэл;

9.3.6. шүүгч саналыг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан үндэслэл;

9.3.7. гарын үсэг, баталгаажуулсан тамга;

9.4. Шүүхээс хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг зохих байгууллагад хадгалуулахаар гаргасан шийдвэрийг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлж, прокурор хяналт тавина.

9.5. Мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтан нь онцлог шинж бүхий хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг зохих байгууллага, албан тушаалтанд хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд хариуцна.

Арав. Хураан авсан, битүүмжилсэн онцлог шинж бүхий хөрөнгө, эд мөрийн баримтыг

худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах

10.1. Шинжээчийн болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, бусад нотлох баримтуудыг үндэслэн хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримтыг худалдан борлуулж орлогыг хүүгүй, тусгай дансанд /Төрийн сангийн/ хадгалах шаардлагатай гэж үзсэн прокурор санал гаргаж, холбогдох нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлнэ.

10.2. Хөрөнгө, эд мөрийн баримтыг худалдан борлуулж орлогыг хүүгүй, тусгай дансанд /Төрийн сангийн/ хадгалах тухай прокурорын саналыг хүлээн авсан шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.

10.3. Шүүгчийн захирамжид дараах зүйлийг тусгана:

10.3.1. шийдвэр гаргасан шүүх, шүүгчийн нэр;

10.3.2. оролцогчийн өөрийн болон эцэг, эхийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээдийн нэр, регистр, албан ёсны хаяг;

10.3.3. худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах хөрөнгө, эд мөрийн баримтын нэр, төрөл, загвар, дугаар, өнгө, хэлбэр дүрс, хуурай, нойтон, гаднах шинж чанар, хуурайшиж хатсан, ялзарч муудсан, үнэр шингэсэн, ашиглах боломжтой эсэх, үнэ, жин, тэмдэг, шошго, онцлог шинж, чанар байдал, тоо хэмжээ, серийн дугаар зэрэг;

10.3.4. хөрөнгө, эд мөрийн баримтыг худалдан борлуулах байгууллага, албан тушаалтны нэр, регистр, орлогыг байршуулах банкны нэр, тусгай дансны дугаар;

10.3.5. прокурорын саналын үндэслэл;

10.3.6. шүүгч, прокурорын саналыг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан үндэслэл;

10.3.7. гарын үсэг, баталгаажуулсан тамга;

10.4. Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримтыг худалдан борлуулах ажиллагаанд мөрдөгч, эрх бүхий албан тушаалтныг оролцуулж, тэмдэглэл үйлдэж, худалдан борлуулсан хөрөнгө, эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргана.

Арван нэг. Хураан авсан, битүүмжилсэн онцлог шинж бүхий хөрөнгө, эд мөрийн баримтыг

устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх

11.1. Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримтыг устгах талаар гаргасан мэргэжлийн байгууллагын болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн прокурор санал гаргаж, шүүхэд хүргүүлнэ.

11.2. Эд мөрийн баримт, хөрөнгийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх тухай прокурорын саналыг хүлээн авсан шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.

11.3. Шүүгчийн захирамжид дараах зүйлийг тусгана:

11.3.1. шийдвэр гаргасан шүүх, шүүгчийн нэр;

11.3.2. оролцогчийн өөрийн болон эцэг, эхийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээдийн нэр, регистр, албан ёсны хаяг;

11.3.3. устгуулах эд зүйлийн нэр төрөл, загвар, дугаар, өнгө, хэлбэр дүрс, хуурай, нойтон, гадна шинж чанараа алдсан эсэх, хуурайшиж хатсан, ялзарч, муудсан, үнэр шингэсэн, ашиглах боломжгүй болсон эсэх, үнэ, жин, тэмдэг, шошго, онцлог шинж, чанар байдал, тоо хэмжээ, серийн дугаар зэрэг;

11.3.4. устгуулахаар шилжүүлэх байгууллагын нэр, регистр, хаяг;

11.3.5. прокурорын саналын үндэслэл;

11.3.6. шүүгч саналыг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан үндэслэл;

11.3.7. гарын үсэг, баталгаажуулсан тамга;

11.4. Хөрөнгө, эд мөрийн баримтыг устгах ажиллагааны үйл явцыг гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэн, тэмдэглэл үйлдэнэ. Шаардлагатай бол мэргэжлийн байгууллага, мэргэжилтнийг уг ажиллагаанд оролцуулж болно.

11.5. Эд мөрийн баримт, хөрөнгийг устгах үйл ажиллагааг бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй арга хэлбэрээр, аюулгүй байдлыг хангасан орчинд явуулна. Шаардлага хангаагүй газар, байранд устгахыг хориглоно.

Арван хоёр. Бусад

12.1. Энэ журмын 8, 9, 10, 11 дүгээр зүйлүүдэд заасан ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн прокурор санал гаргаж, шүүхэд хандах болсон тухайгаа дээд шатны прокурорт мэдэгдэнэ.

12.2. Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан заавар, журмаар зохицуулна.

12.3. Мөрдөгч болон прокурор, шүүгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 1-д заасан ажиллагааг явуулахдаа хохирол, төлбөртэй холбогдох хөрөнгө орлогоос бусад хуульд заасан арга журмын дагуу олж авсан, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг тогтооход зайлшгүй хэрэгтэй мэдээлэл агуулсан, бодит байдлаар нь дахин сэргээх боломжгүй, нотлох баримтад үнэлэгдэх эд мөрийн баримтыг эрүүгийн болон зөрчлийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл биет байдлаар нь хадгалах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.4, 16.14, 16.15 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14, 4.15 дугаар зүйлүүдийн холбогдох заалтуудыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэхэд хүндрэл учруулахгүй байхаар журмын хэрэгжилтийг хангаж ажиллана.

12.4. Энэ журмыг зөрчвөл хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий

прокурорын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн

246, А80 дугаар хамтарсан захирамж, тушаалын

хоёрдугаар хавсралт

 

ХАВТАСТ ХЭРГИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ,

ЗӨӨВӨРЛӨХ, ХАДГАЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь хавтаст хэргийг шилжүүлэх, хүлээн авах, зөөвөрлөх, хадгалах харилцааг зохицуулахад оршино.

1.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт энэ журам нийцсэн байна.

1.3. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 49, 50 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг журмын нэгэн адил дагаж мөрдөнө.

Хоёр. Нэр томъёоны тайлбар

2.1. Энэ журамд заасан дараах нэр томьёог дор дурдсанаар ойлгоно.

2.1.1. “Зориулалтын сав” гэдгийг эрүүгийн хэрэг, материал, бусад баримтыг зөөвөрлөхөд зориулагдсан шаардлага хангахуйц тусгай богц, уут, хайрцаг, цаасан уутыг /зориулалтын савны хэмжээг хэрэг, материалын овор хэмжээнээс хамааран “Дотоод шуудангийн үйлчилгээ”-ний стандартад нийцүүлэн хийж хэрэглэнэ/,

2.1.2. “Лац, тэмдэг, код” гэдгийг зориулалтын савыг битүүмжилсэн тухайн байгууллага, албан тушаалтныг тодорхойлох таних тэмдэг бүхий зориулалтын тэмдгийг, /богцыг цоожилсон үед/ кодыг үсэг, тоо хосолсон хэлбэрээр илэрхийлсэн дугаарыг,

2.1.3. “Бусад баримт” гэдгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтыг,

2.1.4. “Албан тушаалтан” гэдгийг мөрдөгч, прокурор, шүүгчийг. 

Гурав. Хавтаст хэргийг шилжүүлэх,

хүлээн авах ажиллагаа   

3.1. Хавтаст хэргийг зохих байгууллага хооронд шилжүүлэх бол зориулалтын саванд хийж, лацдаж битүүмжлэн албан бичгээр хүргүүлнэ.

Уг албан бичигт яллагдагчийн овог, нэр, регистрийн дугаар, хуулийн зүйл, хэсэг, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээ, хураагдсан эд мөрийн баримт, битүүмжилсэн эд зүйл, хэргийн хавтас, хуудасны тоог бичнэ.

3.2. Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын болон Хувь хүний нууцын тухай хууль, нууцын зэрэглэлд хамаарах гүйцэтгэх ажлын журмаар хавтаст хэрэгт авагдсан баримтыг нууцын ажилтан хүлээн авч, тусгайлан дугтуйнд хийж, “Нууц” гэсэн тэмдэглэгээтэй зүүлт зүүж, лацдаж битүүмжилнэ.

3.3. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор батлагдсан журмын холбогдох заалтыг энэ журмын нэгэн адил дагаж мөрдөнө.

3.4. Хавтаст хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорт татах тогтоолын дагуу хүргүүлэхэд хуудсыг нь харандаагаар, бусад тохиолдолд дардсаар дугаарлана.

3.5. Прокуророос хавтаст хэргийг хянаад мөрдөн шалгах байгууллагад буцаахад нэмэгдсэн бичмэл баримтуудыг харандаагаар үргэлжлүүлэн дугаарлан үдэж хүргүүлнэ.

3.6. Хавтаст хэргийг хүлээн авсан ажилтан нь бүртгэлд авч, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөхөд энэ журмын 3.3-т заасан баримтыг авч, жилийн эцэст архивын нэгж болгоно.

3.7. Хавтаст хэргийг анхан шатны шүүхэд тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах, ажлын бүх өдрүүдэд, ажлын цагт хүлээн авч бүртгэл хөтөлнө. 

Дөрөв. Хавтаст хэргийг зөөвөрлөх

4.1. Байгууллагын бичиг хүргэгч хавтаст хэргийг зөөвөрлөх ба шилжүүлэх, хүлээн авах ажиллагааг ажлын цагт багтаан гүйцэтгэнэ.

4.2. Тухайн үеийн нөхцөл байдал, хавтаст хэргийн тоо хэмжээнээс хамаарч холбогдох албан тушаалтанд танилцуулан албаны авто машин ашиглах, зөөвөрлөх ажиллагаанд хамгаалалт, хүн хүчийг нэмэгдүүлж болно.

4.3. Зөөвөрлөх явцад эрсдэл, халдлага гарсан тохиолдолд даруй байгууллагын удирдлагад мэдэгдэнэ.

4.4. Хавтаст хэргийг шуудангаар шилжүүлэхэд энэ журмын 3.3-т заасан баримтыг үйлдэн, хүлээн авсан байгууллага нь түүнд тэмдэглэл үйлдэж, хувийг шилжүүлсэн байгууллагад хүргүүлнэ.

4.5. Хавтаст хэргийг хүлээн авч зөөвөрлөх, хүлээлгэн өгөх ажлыг хариуцсан ажилтан нь бүрэн бүтэн байдал, нууцлал, аюулгүй байдлыг хариуцна.

4.6. Хавтаст хэрэгт төрийн нууц агуулсан баримт бичиг авагдсан бол тухайн байгууллагын нууцын ажилтан биечлэн хүргэнэ.

4.7. Хавтаст хэргийг шуудангаар шилжүүлэх, хүлээн авах гэрээг тухайн орон нутгийн шуудангийн салбар, цагдаагийн байгууллагатай хамтран байгуулна. 

Тав. Хавтаст хэргийг хадгалах

5.1. Хавтаст хэргийг хариуцсан ажилтан хүлээн авсны дараа мөрдөн шалгах байгууллагад мөрдөн шалгах албаны дарга, прокурорын газарт тухайн газрын Ерөнхий прокурорын орлогч, Сум, сум дундын Ерөнхий прокурорын албан тушаалтанд, шүүхэд зохих журмын дагуу хариуцсан ажилтанд даруй хүлээлгэн өгнө.

5.2. Албан тушаалтан хүлээн авсан хавтаст хэргийг хууль, журамд зааснаас өөр үндэслэлээр бусдад шилжүүлэх, танилцуулахыг хориглоно.

5.3. Албан тушаалтан нь эрүүгийн хэргийг шийдвэрлэж, хавтаст хэргийг хариуцсан ажилтанд хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд хадгалалт, хамгаалалтыг хариуцна.

5.4. Хавтаст хэргийг хүлээн авсан албан тушаалтан өөрийн ажлын өрөөнд тусгай зориулалтын саванд хадгална.

5.5. Албан тушаалтныг хавтаст хэрэг хадгалах зориулалтын саваар хангах үүргийг тухайн байгууллага хариуцна.

5.6. Ажилтан хавтаст хэргийг цахим системээр архивлах ажиллагааг бүрэн, үнэн зөв хийж, архив, бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.

5.7. Архив, бичиг хэргийн ажилтан шилжүүлсэн хэргийг бүртгэлд авч, хүлээлгэн өгсөн ажилтнаар гарын үсэг зуруулна.

Зургаа. Бусад

6.1. Энэ журмыг хэрэгжүүлэгч байгууллагууд холбогдох зардлыг хариуцна.

6.2. Уг журам болон Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд зааснаас өөр байдлаар хэргийг шилжүүлэх, хүлээн авах, зөөвөрлөх, хадгалахыг хориглох ба прокурорын газарт хэргийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэхэд Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан заавар, журмыг баримтална.

6.3. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.