2019 оны 01 сарын 17

       

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр                                                    Дугаар 02                                                                       Улаанбаатар хот

                     

           АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН    

       МАГАДЛАЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН ЗАРИМ ҮНДЭСЛЭЛИЙН ТАЛААР   

          Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхим 2017 онд хяналтын шатны шүүх хуралдаанаар 1704 иргэний хэрэг хянан шийдвэрлэснээс 307 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 2018 оны эхний хагас жилийн байдлаар хяналтын шатны шүүх хуралдаанаар 1107 иргэний хэрэг хянан хэлэлцэгдсэнээс 205 хэргийн шийдвэр,магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.  

          Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас хяналтын шатны иргэний шүүх хуралдааны тогтоолыг дээр дурдсан тайлангийн хугацаагаар судалж, шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулсан зарим үндэслэлийг нэгтгэн, хяналтын шатны шүүхийн  тогтоолын хүрээнд тоймлон хүргэж байна.    

        НЭГ: Судалгаанаас үзвэл, зээл, түрээс, худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн маргаантай хэрэг нийт хянагдсан хэргийн ихэнх хувийг эзэлжээ.  

         1. Зээлийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн  барьцааны тухай хууль,Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зохицуулалтыг хэрэглээгүй тохиолдол гарсаар байна. 

         Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ч зээлийг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд олгосон эсэх, ийнхүү үзэх үндэслэл байвал энэ нь тусгай зөвшөөрлийн дагуу хийгдэж буй эсэх, энэ талаар зохигч маргаж байгаа эсэхийг тодруулах нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх урьдчилсан нөхцөлийн нэг юм. Иймд зээлийг байнга олгох, “мөнгө хүүлэх” зорилгоор зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгааг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээнээс ялгах,тусгай зөвшөөрөл авсан эсэх асуудлаар хэргийн оролцогч маргах тохиолдолд эрх зүйн дүгнэлт хийх шаардлага тулгарч байгааг анхаарвал зохино.  

       Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй. Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно.

         Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3.-т зааснаар зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.

          Зээлдүүлэгч барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдах ажиллагаа явагдана.

          Хуулиар тодорхойлсон бүрэн эрхийнхээ хэмжээнд хийвэл зохих үйл ажиллагааг явуулаагүй, улмаар үүрэг гүйцэтгэгчийн үүргээ гүйцэтгээгүй явдлыг шаардах эрхээ алдангийн хэмжээгээр ихэсгэх, үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчих нөхцөл болгосныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхгүй.

           Барьцаалан зээлдэх газар нь аливаа бусад зээлдүүлэгчийн адил зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээнээс гадна алданги тооцохоор зээлдэгчтэй тохиролцож болох боловч ийнхүү тохиролцсон нь барьцааны эд хөрөнгийг   худалдан борлуулах замаар үүргийг хангуулах үндсэн аргыг орлох, үгүйсгэх, барьцаалан зээлдэх газрын үйл ажиллагааны зорилгыг зөрчих үндэслэл болж болохгүй юм.

        Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг бөгөөд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3.-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч нь анз авах эрхээ алддаг байна.

         Зээлдэгч нь гэрээний зүйлийг шилжүүлэн авч, гэрээнд заасан хугацаа болоход зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн байх ёстой боловч барьцаалан зээлдэх газрын хувьд үүргээ гүйцэтгээгүй зээлдэгчид үүргээ гүйцэтгэх, барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах талаар заавал мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоног үүргийн гүйцэтгэлийг хүлээх үүргийг хуулиар тодорхойлсон тул энэхүү үүргийг “үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч хийх ёстой үйлдэл”-д хамааруулах боломжтой юм. 

         2. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна.

        Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй.” гэж заасны “... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...” гэсэн хэсгийг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэц 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор дээрх хуулиудын заалтыг хүчингүй болгожээ.

        Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэж нэмсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж өөрчлөн найруулсныг “2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэж” Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 тогтоолоор хүчингүй болгосныг анхаарвал зохино. 

         Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалдаг. Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй. Шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах нөхцөл бүрдэнэ. 

        Үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар заахдаа холбогдох хуулийг баримтлаагүйгээс гадна барьцааны хөрөнгийг нэрлэн заагаагүй нь шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл болж байна. 

        Иймд үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг шийдвэрлэхэд үүрэг гүйцэтгүүлэгч ямар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан болохыг шийдвэрийн “тогтоох хэсэг”-т тодорхой нэрлэн заах нь Иргэний хуулийн 165,174,175 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцэх юм.

        3.Түрээсийн гэрээний харилцаанаас үүссэн маргаантай хэргийг судлан үзвэл шүүх Иргэний хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэж байна гэж дүгнэхээр байгаа ч түрээсийн гэрээгээр хөрөнгө нь зөвхөн эзэмшил, ашиглалтад шилждэг учир шилжүүлж буй этгээд нь заавал эд хөрөнгийн өмчлөгч байхыг шаарддаггүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.    

        Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

         4.Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа төлбөрийг тодорхой хугацааны дараа гүйцэтгэхээр харилцан тохиролцсон нь уг гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэл болохгүй.

         Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөхдөө худалдан авсан эд хөрөнгийн үнэ дээр тодорхой хэмжээний хүү нэмж төлдөгөөрөө ердийн худалдах-худалдан авах гэрээнээс ялгаатай байдаг.    

         ХОЁР: Гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ шүүх хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээ, гэр бүл цуцлахыг хориглох тухай болон шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах холбогдлын талаарх Гэр бүлийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх асуудалд анхаарал хандуулвал зохино.  

         а/ Гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван хоёрдугаар бүлэгт зохицуулсан байна. Иймд Гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхэд зохигч шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах холбогдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх нь мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт нийцнэ. 

         “Гэр бүлийн холбогдолтой маргаан” гэдэгт гэрлэлт цуцлах, хүчингүйд тооцох, хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, гэр бүлийн харилцаа үүссэн эсэхийг тогтоох, гэрлэлтийг сэргээх, эцэг, эхийг тогтоох, хүүхэд үрчлэх зэрэг асуудал хамаарна.

           Гэр бүлийн маргаан нь гэрлэгчдийн хувийн амьдрал, тэдгээрийн хүсэл зориг, хүүхдийн эрх ашигтай холбоотой байдаг тул тухайлбал, гэрлэлт цуцлах тухай хэргийг шийдвэрлэхэд гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй.

          Гэрлэгчдийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулж болно. Гэрлэгчид хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно.

         Нэхэмжлэгч ирээгүй тохиолдолд нэхэмжлэлийг буцаана. Хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг хүсч энэ тухай бичгээр мэдэгдсэн бол нэхэмжлэгчийг оролцуулалгүй шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ. Шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй ”хүндэтгэн үзэх шалтгаан” нь нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагатайг шүүх анхаарвал зохино.

         б/. Хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тогтооно. Гэтэл зарим тохиолдолд хуульд зааснаас дутуу тогтоох, хоёр түүнээс дээш хүүхдэд олгох тэтгэлгийг хүүхэд тус бүрт нэг сар тутам олгох хэмжээгээр заагаагүй нь шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болжээ.

         Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан тогтооно. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тогтооно.

         Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэг сард нэг хүүхдэд олгох тэтгэлгийн талаар заасан тул хэд хэдэн хүүхдэд олгох тэтгэлгийг тогтоохдоо хүүхэд тус бүрт, сар бүр олгох хэмжээг шийдвэрт ойлгомжтой, тодорхой тусгана. 

         в/. Гэр бүлийн тухай хуульд гэрлэлтийг цуцалж болохгүй тохиолдлыг заасан хэдий ч хуульд тусгайлан заасан нөхцөл байдал бий болсон нь нотлогдвол гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. 

         Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй тохиолдолд гэрлэлт цуцлахыг хориглох бөгөөд энэ нь гэрлэлт цуцлах үед өөрийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй эрүүл мэндийн болон санхүү, ахуй амьдралын хувьд зайлшгүй эхнэр буюу нөхрийн тусламж дэмжлэг шаардлагатай байгаа гэрлэгчийн болон хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалт юм. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах хэсэгт заагдсан нөхцөл байгаа бол ямар ч тохиолдолд гэрлэлтийг цуцалж болохгүй.

        Харин гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдвол шүүх гэрлэлтийг цуцлах эсхүл гэрлэгчдийг тус тусдаа амьдрахыг даалгаж болох бөгөөд энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1,134 дүгээр зүйлийн 134.4-т нийцнэ. 

        ГУРАВ: Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг судлан үзвэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэж байна гэж дүгнэхээр байна. Гэхдээ хяналтын шатны шүүхээс энэ төрлийн маргаантай хэргийг хэргийг шийдвэрлэхдээ анхаарах зарим нөхцөл байдлын талаар дурдах нь зүйтэй гэж үзлээ.

         а/. Ажил олгогч нь ажилтан “ хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” эсхүл  “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж үзвэл хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлаж болно.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан зөрчлийн аль нэгийг гаргавал ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтой хэдий ч энэ нь уг зөрчлийг хамтад нь гаргасан тохиолдолд нэгэн адил хамаарна гэдгийг анхаарах шаардлагатай. 

        Өөрөөр хэлвэл, ажил олгогчийн тушаалд “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” мөн “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдлыг хамт заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх шууд үндэслэл биш юм. Иймд шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар, тушаалын үндэслэл зэргийг харьцуулан үнэлж, ажилтан заасан зөрчлийн аль нэгийг эсхүл хамтад нь гаргасан эсэх талаар дүгнэлт хийвэл зохино.  

         б/. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтныг ажлаас нь халж болох ч энэ тохиолдолд ажилтны гаргасан зөрчил нь сахилгын бус, харин эд хөрөнгийн шинжтэй байдаг.

        Иймд энэ үндэслэлээр ажлаас халсан тохиолдолд ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон байхыг шаардана.

        в/. Талууд харилцан тохиролцсон эсхүл ажилтан өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бөгөөд эдгээр нь хоорондоо ялгаатай юм.

         Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор “талууд харилцан тохиролцсон” нь ажил олгогч, ажилтан нар хамтран ярилцаж, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн байдлаар илэрч, талууд энэ талаар тохирч, нэгдсэн нэг саналд хүрч, үүний дагуу гэрээний харилцааг дуусгавар болгоно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан нөхцөл байдал бий болсон гэж буй тохиолдолд ажилтан, ажил олгогч нар хоорондоо хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох асуудлыг урьдчилан ярилцсан эсэх, нэгдсэн нэг саналд хүрсэн эсэх нь тогтоогдсон байх нь чухал.  

        Харин ажилтан өөрөө хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь нэг талын буюу ажилтны санаачилгаас хамаардаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйтэй 38.1.1-т зааснаар хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно. Өргөдөл нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлахаар өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр ажилтан бичгээр хүсэлт гаргасан байх учиртай. 

         Дээр дурдсан хоёр үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тохиолдол  хугацаатай болон хугацаагүй гэрээний аль алинд нь хамаарна.

        г/. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар ажил олгогч нь ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх ёстой байна.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой бөгөөд хуульд заасан уг боломжийг хэрэгжүүлэхийг шаардах, хэрэгжүүлсэн эсэх тухай үйл баримт тогтоогдсон байх нь ач холбогдолтой юм. 

        Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байна. Ажлаас буруу халагдсан ажилтан шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсоноос түүний ажилд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан хууль ёсны ажиллагаа тул цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрын зохицуулалт тухайн тохиолдолд хамаарахгүй.

         Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар ажилтанд бололцооны дагуу өөр ажил олж өгөх ажиллагаа явуулаагүй тохиолдолд ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор олгох тухай зохицуулалт хуульд байхгүй байна.

        Боломжтой бол хэрэгжүүлэх буюу альтернатив шинжтэй үүргийн эрх зүйн үр дагаврыг хуулиар зайлшгүй биелэгдэх императив шинжээр тодорхойлогдсон “ажилд эгүүлэн тогтоох” үүргийн эрх зүйн үр дагавартай адилтган үзэж болохгүй юм.

        д/. Шүүхийн шийдвэр биелэгдээгүйгээс үүсэх үр дагаврыг шийдвэрлүүлэхээр ажилтан шүүхэд нэхэмжлэл гаргах нь ихсэх хандлагатай болж,   “ажилд нь эгүүлэн тогтоосон” хүчин төгөлдөр шийдвэрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх шаардлага зарим тохиолдолд үүсэж байна.  

        Иймд шүүх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,115,2,2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргахдаа ажилтныг ямар ажилд эгүүлэн тогтоож байгааг, мөн ямар хугацааны олговрыг гаргуулахыг шаардсаныг, гаргуулсныг болон хэрэгсэхгүй болгосныг, олговрын хэмжээг хэрхэн тооцсон зэргийг шийдвэрт тодорхой, ойлгомжтой тусгах асуудал улам чухал болсныг дурдах зүйтэй гэж үзнэ.      

          ДӨРӨВ: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-118 дугаар зүйлийн зохицуулалтыг анхаараагүйгээс шийдвэр, магадлалд  техникийн шинжтэй болон найруулгын өөрчлөлт оруулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.    

          Нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжгүй бичих, иргэний нэр болон хуулийн этгээдийн оноосон нэр, үйл баримт эрхийн актын огноо, дугаар зэргийг буруу, алдаатай эсхүл сольж бичих. Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар дүгнэлт хийсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан атлаа үлдэх хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар заагаагүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хуулийн зүйл, хэсэг баримтлаагүй зэрэг зөрчил нь шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болжээ.

            Иймд хэн, хэнээс юу шаардсан талаар болон зохигч,гуравдагч этгээд,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгчийн тайлбар, маргааны талаар хийсэн шүүхийн дүгнэлт, шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл,гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан, зарим хэсгийг хангасан, хэрэгсэхгүй болгосон зэргийн талаар шийдвэрт тодорхой, алдаагүй тусгах асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.    

 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ