2018 оны 12 сарын 17

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр                                                           Дугаар 01                                                           Улаанбаатар хот

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ХЭРГИЙГ ДАХИН ХЯНАН

     ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР БУЦААХ  АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ

 

Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхим 2017 онд хяналтын шатны шүүх хуралдаанаар 1704 иргэний хэрэг хянан шийдвэрлэснээс 196 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. 2018 оны эхний хагас жилийн байдлаар хяналтын шатны шүүх хуралдаанаар 1107 иргэний хэрэг хянан хэлэлцсэнээс 110 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндсэн шалтгаанд:

-шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн бөгөөд шийдвэр, магадлалыг өөрчлөх журмаар алдааг залруулах боломжгүй \93\, \61\

-шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн \103\, \49\ гэх үндэслэлийг хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд заасан байна.

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан 103 болон 49 хэргийг дотор нь авч үзвэл:

-зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биеэр оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн \19\

-хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх ноцтой зөрчигдсөн \18\, \5\

-хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь илэрсэн \2\

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар нотлох баримт дутуу бүрдүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн \64\, \44\ байна.

Хяналтын шатны шүүхээр хянагдаж буй нийт хэргийн 9-11 %-ийн шийдвэр, магадлал хүчингүй болж, хэргийг шүүх дахин хянан хэлэлцэж байгаад анхаарлаа хандуулах шаардлагатай байна.   

Иргэний хэргийг хяналтын болон давж заалдах журмаар хянан хэлэлцэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах нь иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилтийн нэг хэлбэр болохоос гадна шүүн таслах ажиллагаанд гарсан алдаа, зөрчлийг шуурхай арилгах хууль ёсны баталгаат арга болдог тул шүүхийн шийдвэрийг хянах ажиллагааг боловсронгуй болгох, шүүн таслах ажиллагааны чанарыг дээшлүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах аргачлал олгох зорилгоор дараахь Зөвлөмжийг гаргаж байна.

Шүүхийн хамгаалалт гэдэгт Үндсэн хууль болон процессын хуулиудаар баталгаажсан, хараат бус шүүхээр хэрэг, маргаанаа хянан шийдвэрлүүлэх журмаар хэрэгждэг иргэний эрхийн хамгаалалт юм. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэн эрх зүйн акт гаргаснаар шүүхийн хамгаалалтыг хэрэгжүүлдэг бол давж заалдах болон хяналтын шатны шүүх шийдвэрийг хянаж, шүүхийн алдааг илрүүлэх, залруулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулснаар энэхүү хамгаалалтын баталгаа болдог юм. Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөрчигдсөн эрхийн өөр өөр хамгаалалт бус харин шүүхийн хамгаалалт гэх нэг ойлголтын хэрэгжилтийн гурван хэлбэр гэж үздэг.

Шүүхийн шийдвэрийг нэг бус удаа хянах боломжийг хуулиар баталгаажуулсан нь шүүхийн алдааг залруулах ажиллагааг үр дүнтэй байлгах зорилготой болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх учиртай.

Шүүхийн шийдвэр хуулийн дээрх шаардлагыг хангаагүй буюу хууль ёсны бус, үндэслэл бүхий болж чадаагүй байх нь шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл болно.

Шүүх материаллаг, эсхүл процессын эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хууль ёсны бус гэж үздэг.

Харин хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буруу тодорхойлогдсон, шүүхээс тогтоогдсон гэж үзсэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал нотлогдоогүй, шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий бус гэж үзнэ.

Материаллаг эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэх гэдэгт хэрэглэвэл зохих хуулийг  хэрэглээгүй байх, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх алдааг хамааруулна.

Процессын эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэх үндэслэлийг нөхцөлт болон шууд гэж ангилдаг ба нөхцөлт үндэслэлд тухайн хэргийн талаар буруу шийдвэр гаргахад нөлөөлсөн, нөлөөлсөн байж болзошгүй зөрчил хамаардаг бол шууд үндэслэлд ямар ч тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгох зөрчил хамаардаг.

Процессын эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэх нөхцөлт үндэслэл нь тогтоогдсон тохиолдолд хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалыг хүчингүй болгохгүйгээр алдааг залруулах боломжтой. Ийнхүү залруулах боломжгүй бол шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэдэг болно. 

Процессын эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэснээс шийдвэрийг хүчингүй болгох шууд үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-д дараахь байдлаар заажээ:

-зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн \168.1.2.\;

-хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн \168.1.3.\;

-хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн \168.1.4.\;

-шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан \168.1.5.\;

-хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд илэрсэн \168.1.6.\;

-хуулийн 38. 6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн \168.1.7.\

Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээс буцаах явдал нь агуулгын хувьд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоос ялгаатай юм. Хяналтын шатны шүүхийн бүрэн эрхэд хоёр шатны шүүхийн хууль хэрэглээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг баримталсан явдал хамаардаг тул маргааны үйл баримтын талаарх дүгнэлтийг хяналтын шатны шүүх өөрөө шууд дүгнэх боломжгүй байх тохиолдол түгээмэл байдаг ба шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх журмаар шүүхийн алдааг залруулах боломж хязгаарлагдмал байдаг. Энэ утгаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар зөрчлийг арилгах илүү боломжтой байдаг болно. Тийм ч учраас хяналтын шатны шүүхийн зүгээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан тохиолдолтой адил нөхцөл бүрт давж заалдах шатны шүүх хяналтын шатны шүүхийн тогтоолын үндэслэлтэй ижил шийдэл бүхий магадлал гаргах үндэслэлгүй байдаг.

Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бус байх гэдэгт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буруу тодорхойлогдсон, нэхэмжлэлийн зүйл буюу шаардлага, нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байх, маргааны зүйл буюу нотолгооны зүйлийн талаар талууд мэтгэлцээгүй байх, талуудын нотлогооны  үүрэг буруу хуваарилагдсан байх тохиолдлууд хамаардаг.

Түүнчлэн, шүүхээс тогтоогдсон гэж үзсэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал нотлогдоогүй байх, шийдвэрт тусгагдсан нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй байх нөхцөл нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болдог.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох эрх зүйн харилцаа, талуудын эрх, үүргийн талаар бодит бус дүгнэлт хийсэн байх нь шийдвэр, магадлалын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг үгүйсгэдэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй. Энэхүү журам зөрчигдсөн буюу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар тодорхой заагаагүй, орхигдуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтыг заахаас гадна үндэслэл болоогүй баримтыг мөн зааж, шалтгааныг тайлбарлах учиртай.

Хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх нь шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжийг үгүйсгэдэг. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, түүний агуулга тодорхой бус байгаа тохиолдолд уг харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг зохицуулсан материаллаг хуулийн хэм хэмжээг оновчтой хэрэглэх боломжгүй болгодог.  

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тохиолдолд зөрчил бүхий ажиллагаанд үндэслэсэн шүүхийн дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бүр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болдоггүй болно. Тухайн зөрчил нь ноцтой, уг алдааг залруулахгүйгээр тухайн ажиллагааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тохиолдолд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгодог. Нөгөө талаар, дээрх алдаа, зөрчлийг залруулах боломжтой, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин хянан явуулснаар тодорхой үр дүнд хүрэх, хэргийг дахин хэлэлцэх шалтгаан нь агуулга, зорилгын зөрчилгүй байх учиртай. Өөрөөр хэлбэл, ноцтой бус зөрчлөөр хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь цаг хугацаа, өртөгийн шаардлагагүй зардлыг үүсгэдгээс гадна талуудын эрх ашигт сөргөөр нөлөөлдөг үр дагаврыг сайтар анхаарах учиртай.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдсөн тохиолдолд шүүхийн алдаа жижиг гэж тооцогдохгүйгээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болдог. Тухайлбал, талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөн, хязгаарлагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрхийг, диспозитив зарчмыг зөрчсөн байх нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох шууд үндэслэл болдог.

Хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт дутуу бүрдүүлсэн, сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан, шийдвэрлэлгүй орхигдуусан зэрэг түгээмэл алдаа нь талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарлах, тэгш байдлыг алдагдуулах үндэслэл болдгоороо хэргийг дахин хянан хэлэлцэх шалтгаан болдог.

Оросын нэрт эрдэмтэн Л.Е.Владимиров 1886 онд Харьков хотын Их сургуульд уншсан лекцдээ шүүн таслах ажиллагааны талаар сонирхолтой тодорхойлолт өгсөн байдаг. “Шүүх бол хэргийг шүүн тасалж, үнэн зөв шийдвэрлэх нэг л зорилготой. Хэргийн талаархи үнэн зөв шийдвэр нь хууль зүйн үйл баримтын бодит байдлыг тогтоох, түүнд хуулийг оновчтой тохируулж хэрэглэх хоёроос бүрддэг. Хууль нь өөрөө сайн, муу байх, тухайн шийдвэрээс нийгмийн таатай эсхүл таагүй үр дагавар гарах нь шүүхэд огт хамаагүй. Шүүх үйл баримтыг тогтоож, хууль хэрэглэх л үүрэгтэй” гэжээ.

Үүнтэй холбоотойгоор бидний хэрэглэж заншсан “шүүн таслах ажиллагаа” гэдэг үгийн утгыг дахин эргэж харвал аливаа хэрэг маргааныг “шүүн тунгаана”  гэдэг нь болсон үйл явдлын учир начрыг олох, үнэн худлыг зааглахыг хэлэх байх. Харин “таслана” гэдэг нь энэхүү учир байдлыг зөв олж мэдсэний эцэст маргааныг таслан зогсоож, нийгмийн тухайн харилцаанд зөрчигдсөн эрх, тэнцвэрт байдлыг хуульд зааснаар сэргээж, тухайн харилцааны оролцогчдын зан үйлийнх нь байвал зохих хэлбэр, хэм хэмжээг хуульд тодорхойлсноор тогтоохыг хэлнэ.

 

                                    ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ