2018 оны 05 сарын 21

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

 

2018.05.09                                             Дугаар 01                         Улаанбаатар хот

 

ШИЙТГЭХ (ЦАГААТГАХ) ТОГТООЛ ҮЙЛДЭХЭД

АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛЫН ТУХАЙ

         Анхан шатны шүүхээс эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийтгэх ба цагаатгах тогтоолын бүтэц, агуулга, тэдгээрийг гарахад баримтлах хуульд заасан шаардлагыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх, эрх зүйн эдгээр актын боловсруулалт, чанарыг сайжруулах зорилгоор Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимаас ЗӨВЛӨМЖЛӨХ НЬ:

 Тогтоол нь зөвхөн анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай эсхүл гэм буруугүйг тогтоож, түүнд ял оногдуулах эсхүл ялаас чөлөөлөх тухай шийдвэр бөгөөд эцсийн шийдвэр гэгдэх тогтоолыг л зөвхөн “Монгол улсын нэрийн өмнөөс” гаргадаг тул түүнийг үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон  Эрүүгийн хуулийг  хэлбэрэлтгүй сахих учиртай.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 8 дахь хэсгүүдэд заасан асуудал тус бүрийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа тогтоол үйлдэх ба уг тогтоол нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлд заасан хэлбэр, бүтэцтэй, 36.6-36.9 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан, эдгээр зүйл, хэсэгт тогтоосон дарааллын дагуу үйлдэгдсэн байх ёстой.

Тогтоол нь товч, оносон үг хэллэг бүхий ойлгомжтой, орчин үеийн эрх зүйн ухамсар, мэдлэгийн түвшинд бичигдсэн байх шаардлагатайн гадна хэл зүй, өгүүлбэр зүйн дүрмийн хувьд алдаагүй байвал зохино.

Тогтоолд дурдсан бүх асуудал хоорондоо харилцан уялдаатай, учир зүйн холбоотой бичигдсэн байх учиртай бөгөөд бие биеэ үгүйсгэсэн, зөрчилтэй дүгнэлт хийж болохоор зүйлийг тогтоолд бичиж болохгүй.

Тогтоолд тодорхой бус томьёолол, албан баримт бичиг үйлдэхэд хэрэглэдэггүй үг, товчлол ашиглах, түүнчлэн хэрэгт ач холбогдолгүй үйл явдлыг тодорхойлон бичихийг хориглоно. Хэрэв  тусгай нэр томьёо, үг хэллэг хэрэглэсэн бол түүнийгээ тайлбарласан байх ёстой.

  1.  

            1.1. Шүүх хуралдаан хэдэн өдөр үргэлжилсэн болон шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд ямар хугацаанд байснаас үл хамааран Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон  он, сар, өдрийг тогтоол гаргасан огноо гэж үзнэ. Тогтоол гаргахаар шүүх бүрэлдэхүүний зөвлөлдөх тасалгаанд байсан хугацаа, шүүх хуралдаан үргэлжилсэн бүх хугацааг шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой заана.

             1.2. Шүүгчдийн овог нэр, хуралдаан даргалагчийн албан тушаал /шүүгч, дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч г.м/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, улсын яллагч, өмгөөлөгч, хэргийн бусад оролцогчийн овог, нэрийг энэ хэсэгт заана. Оролцогчдын овог, нэрийг заах нь тэдгээрийг ижил нэртэй хүнээс ялгахад ач холбогдолтойн гадна  шүүх бүрэлдэхүүн хууль ёсны эсэх, шүүх хуралдаанд тухайн улсын яллагч, нарийн бичгийн дарга оролцож буй нь хууль зөрчсөн эсэх, хуульд заасан татгалзан гаргах үндэслэл байгаа эсэх, аль нэг оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй нөхцөл байдал үүссэн  эсэхийг шалган тогтооход ач холбогдолтой юм.

              1.3. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх мэдээлэл нь эрүүгийн хариуцлага хэрэглэх, түүнийг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх, чөлөөлөх, ял нэгтгэх, өршөөл үзүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой тул тогтоолд шүүгдэгчийн биеийн байцаалтыг бүрэн тусгана.

              Хэрэв шүүгдэгч урьд нь өөр овог, нэрээр ял шийтгүүлж байсан эсхүл хуурамч овог, нэр ашиглан нуугдаж байсан бол тэдгээрийг тогтоолд заах нь зүйтэй.

    1.4. Шүүгдэгч эх орноо хамгаалах байлдааны болон бусад тусгай ажиллагаанд оролцон шархдаж байсан эсэх, төрийн одон медалиар шагнагдсан эсэх, цэргийн болон бусад цол, зэрэгтэй эсэх, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй эсэх, ял шийтгүүлж байсан огноо, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, биечлэн эдэлсэн байдал зэрэг мэдээллийг энэ хэсэгт тусгах шаардлагатай.

    1.5. Түүнчлэн шүүгдэгчийн өөрийнхөө талаар өгсөн бусад мэдээллийг шүүх бүрэлдэхүүн тогтоолын удиртгал хэсэгт дурдах шаардлагатай гэж үзвэл баримт бичгийг шалгах буюу өөр бусад аргаар нягтлан үзэж, хэрэв эргэлзээтэй бол тогтоолд энэ тухай заалгүй орхино.

                              2. ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ

Тодорхойлох хэсэг нь тогтоолын хэлбэрээс шалтгаалан хоёр үндсэн хэсэгт хуваагдана. Тогтоолын энэ хэсэгт тусгах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.7 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  тодорхой заажээ.

2.1. Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэг

2.1.1. Уг хэсэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулгыг дурдахдаа шүүгдэгчийн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь юу болох, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн гэх цаг, газар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг товч, ойлгомжтой бичнэ. Ингэхдээ  яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтыг мөн дурдаж өгнө. Тухайлбал: гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээс иш татах, эд мөрийн баримтын тухай тодорхой заах нь зүйтэй юм.

2.1.2. Мөн хэсэгт шүүхээс хэргийн талаар тогтоосон байдлыг тусгана. Энэ хэсэгт яллах үндэслэл болж байсан баримтыг шүүх ямар учраас үгүйсгэсэн, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болон үүнийг баталж байгаа нотлох баримтыг дурдана. Үүнд:

а/ ял сонсгох үндэслэл болсон нотлох баримтыг өөрөөр тайлбарлах;

б/ улсын яллагч анхаарч үзэлгүй орхигдуулсан шинэ нотлох баримтыг гаргах;

в/ тухайн гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч оролцоогүй болохыг нотолсон шинэ нөхцөл байдлыг шүүх тогтоох зэрэг хамаарна. Жишээлбэл: шүүгдэгч гэмт хэрэг гарах үед өөр газар байсан нь түүний гэм буруугүйн нотолгоо болсон гэх мэт.

         2.1.3. Тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд болон яллах талын цуглуулсан нотлох баримтын талаар эргэлзээ төрвөл “эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан зарчмыг шүүх удирдлага болгож шийдвэрлэнэ. Ингэхдээ шүүх өөрийн эргэлзэх болсон үндэслэлээ тодорхой тайлбарлах ёстой.

Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ төрвөл дээрх журмыг баримтална.

2.2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг

Энэ хэсэг нь шүүхийн дүгнэлтийн тулгуур болсон нотлох баримт болон шүүхийн шийдвэрийн үндэслэлээс бүрдэнэ. Тогтоолын уг хэсэг нь тогтоох хэсэгт заах шүүхийн шийдвэрийн үндэслэл нь юм.

Уг хэсгийг гагцхүү тухайн шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор буюу өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтийн агуулгын хүрээнд бичнэ. Ийнхүү тусгахдаа яллах дүгнэлтийг тэр чигээр нь хуулбарлан бичих шаардлагагүй бөгөөд ингэж байгаа буруу жишгийг халах нь зүйтэй.

 2.2.1. Шүүгдэгчийг хэд хэдэн гэмт хэрэгт ялласан боловч тэрээр зарим гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх тогтоолын тодорхойлох хэсэгт түүнийг аль гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, алийг нь цагаатгаж буйгаа тодорхой заах үүрэгтэй.

Шүүгдэгчийн хэд хэдэн гэмт үйлдлийг /жишээлбэл: хэд хэдэн удаагийн хулгай/ Эрүүгийн хуулийн нэг зүйл, хэсгээр зүйлчилж ялласан боловч тэрээр зарим хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй бол шүүх яллах дүгнэлтийн тэр хэсгийг л үндэслэлгүйд тооцсон тухай дүгнэлтийг хийнэ.

2.2.2. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйлээр зүйлчилсэн нь буруу байвал шүүх хэргийн зарим зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгох тухай үндэслэлээ заана.

2.2.3. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн бол тогтоолын энэ хэсэгт шүүх ямар нэгэн дүгнэлт хийх шаардлагагүй гэсэн буруу ойлголт практикт тохиолддог. Ямар ч нөхцөлд шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход үндэслэл болгосон нотлох баримтыг, түүний дотор шүүгдэгч үнэн зөв мэдүүлэг өгснийг заах үүрэгтэй. Шүүгдэгч хэргээ хүлээсэн нь бусад нотлох баримтаар батлагдахгүй бол яллах үндэслэл болохгүй.

2.2.4. Шүүгдэгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгээ өөрчилсөн тохиолдолд шүүх мэдүүлгүүдийг нягтлан шалгаж, мэдүүлгээ өөрчилсний шалтгааныг тодруулж, хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулсны эцэст уг асуудлаар зохих дүгнэлт хийж, тогтоолд тусгана.

2.2.5. Шүүх хуралдаанд асуугдаагүй гэрч, хохирогчийн мэдүүлгийг тэдгээр нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцоогүй бөгөөд урьд гаргасан мэдүүлгийг нь шүүх хуралдаанд уншин сонсгож, шүүхийн хэлэлцүүлгээр шинжилсэн тохиолдолд л тогтоолд бичнэ.

2.2.6. Нэг асуудлаар хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан бол шүүх хэрэгт  авагдсан бусад нотлох баримттай цогц байдлаар харьцуулан үнэлэх замаар аль шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн, алийг нь үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолд заана.

2.2.7. Гэмт хэргийг хэд хэдэн шүүгдэгч үйлдсэн эсхүл нэг шүүгдэгч хэд хэдэн гэмт хэрэгт яллагдаж байгаа бол шүүгдэгч нэг бүрийн хувьд болон хэрэг тус бүрийг Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгээр зүйлчлэх болсон үндэслэлээ шүүх тодорхой заах нь зүйтэй.

2.2.8. Үнэлгээний шалгуур /хүнд болон ноцтой хор уршиг, үлэмж буюу их хэмжээний хохирол учирсан, шүүгдэгч албан тушаалтан байх г.м/-т хамаарах шинжээр тодорхойлогдох гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо шүүх тухайн үйлдэлд эдгээр шинжийн аль нэг нь тогтоогдсон талаар дүгнэлт хийхэд үндэслэл болсон нөхцөл байдлыг тогтоолд дурдана.

2.2.9. Энэ хэсэгт гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэргээс чухам ямар тодорхой нөхцөл байдлыг шүүх ял оногдуулахдаа харгалзсаныг тодорхой  заах нь зүйтэй ба ерөнхийлөн зааж болохгүй.

2.2.10. Шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр  тэнсэх, хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа шүүх Эрүүгийн хуулийн 5.7, 7.1, 7.6, 8.6 дугаар зүйлүүдэд нэрлэн заасан чухам ямар нөхцөл байдлыг үндэслэн тухайн этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэх болсон шалтгааныг заана.

2.2.11. Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг нь сонгох ялтай тохиолдолд шүүх гэм буруутай этгээдэд тухайн ялыг оногдуулах болсон үндэслэлээ тодорхой дурдана.

2.2.12. Иргэний нэхэмжлэл буюу гэмт хэргээс учирсан эд хөрөнгийн хохирлын талаар шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэлийг энэ хэсэгт дурдаж өгнө.

          Шүүх нэхэмжлэлийг бүрэн буюу хэсэгчлэн хангаж байгаа эсхүл хэрэгсэхгүй болгосон үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд баримталсан хууль зэргийг заах учиртай.

Иргэний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэхдээ шүүх гаргавал зохих мөнгөний хэмжээ, түүнийг гаргуулах болон олгох этгээдийг дурдах шаардлагатай.

Гэмт хэргийг хэд хэдэн шүүгдэгч үйлдсэн бол тэдгээр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хамтран эсхүл өөрт ногдох хувийн алинаар хариуцахыг тодорхой заана.

2.2.13. Хэрэв иргэний нэхэмжлэлийг хэд хэдэн этгээд гаргасан бол хангасан шаардлага бүрийн хэмжээг шүүх тодорхой заах үүрэгтэй.

Хуульд заасан үндэслэл байгаа тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.

 Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоог гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг заана.

2.2.14. Тогтоох хэсэгт шийдвэрлэвэл зохих дээрхээс бусад бүхий л асуудлын үндэслэлийг шүүх тодорхойлох хэсэгт мөн заасан байвал зохино.

                               3. ТОГТООХ ХЭСЭГ

         3.1.Цагаатгах тогтоолын тогтоох хэсэг

Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн үндсэн асуудал нь шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож, цагаатгах явдал юм.

Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийг үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан дарааллыг баримтална.

3.1.1. Энэ хэсэгт шүүх шүүгдэгчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, түүнчлэн яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, цагаатгах шийдвэрийг заана. Ингэхдээ шүүх гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй зэрэг хуульд заасан аль үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгасан болохыг тодорхой заана.

3.1.2. Түүнчлэн шүүх энэ хэсэгт таслан сэргийлэх арга хэмжээ болон иргэний нэхэмжлэл ба эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах талаар авсан арга хэмжээг хүчингүй болгож, эд мөрийн баримтыг хэрхэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.

Шүүгдэгчийг цагаатгасан үндэслэлээс хамаарч иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон эсхүл нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхисны аль нь болохыг шүүх тогтоох хэсэгт тодорхой заах үүрэгтэй.

          3.2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэг

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тухай дүгнэлт, түүнд оногдуулсан ял болон хэргийн талаар шүүхээс гаргасан бусад шийдвэрүүдийг заана. Ийнхүү заахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд  заасан дарааллыг баримтална.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон дүгнэлт нь тодорхойлох хэсэгт дурдсан үндэслэл, томьёоллоос урган гарсан байна. Тогтоох хэсгийг шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар томьёолсон байвал зохино.

3.2.1. Шүүгдэгчид оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялын төрөл, хэмжээ, хэд хэдэн гэмт хэрэгт болон хэд хэдэн тогтоолоор ял шийтгүүлсэн этгээдийн жинхэнэ эдэлбэл зохих үндсэн болон нэмэгдэл ял зэргийг тодорхой заах шаардлагатай.

3.2.2. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэм хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх тэдгээрийн заримыг хэрэгсэхгүй болгосон бол аль хэрэгт нь  шийтгэж, аль хэрэгт нь цагаатгасныг тогтоох хэсэгт нэг бүрчлэн тусгана.

3.2.3. Хэд хэдэн гэмт хэрэгт болон хэд хэдэн тогтоолоор хорих ял шийтгүүлсэн этгээдийн жинхэнэ эдэлбэл зохих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэрлэсний дараа түүний ял эдлэх дэглэмийг заана.

3.2.4. Шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлөх шаардлагатай гэсэн дүгнэлтэд шүүх хүрвэл тогтоох хэсэгт түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт заасан ял оногдуулсны дараа ял эдлэхээс чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ.

3.2.5. Хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд шүүх тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ямар хугацаагаар тэнсэж буйгаа болон 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан ямар үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож байгааг тодорхой заана.  

Мөн хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулах тохиолдолд дээрх журмыг баримтална.

3.2.6. Архаг архичин буюу мансуурах донтой этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх болсон үндэслэлээ шүүх тодорхойлох хэсэгт дурдаж, энэ тухай шийдвэрийг тогтоох хэсэгт заана.

3.2.7. Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ шүүх тогтоох хэсэгт шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгийг бүгдийг буюу заримыг, эсхүл тодорхой эд зүйлийг хурааж буйгаа болон хураах эд зүйл, эд хөрөнгийг нэг бүрчлэн заасан байх шаардлагатай.

 3.2.8. Хорих ял шийтгүүлсэн ялтны харж үзэх хүнгүй буюу эд хөрөнгийн талаар амьдрах бололцоогүй үлдсэн бага насны буюу насанд хүрээгүй хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжүүлэхээр төрөл садан буюу бусад хүмүүст, эсхүл зохих байгууллагад шилжүүлэн өгөх, эзэнгүй үлдсэн тэдгээрийн эд хөрөнгө, орон сууцыг хамгаалах арга хэмжээ авсан бол энэ тухай тогтоох хэсэгт дурдана.

3.2.9. Шүүх мөн хэсэгт нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авсан эсэх, түүнийг хэн ямар журмаар биелүүлэхийг заана.

Жич: Энэ сэдэвтэй холбогдуулан Улсын Дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 дүгээр тогтоол, мөн шүүхийн эрүүгийн хэргийн танхимын 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Шүүхийн шийтгэх ба цагаатгах тогтоол боловсруулах аргачлалын тухай” зөвлөмж зэргийг дахин судлахыг зөвлөж байна.

 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ