2018 оны 05 сарын 21

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

 

2018.05.09                                             Дугаар 02                         Улаанбаатар хот

 

МАГАДЛАЛ ҮЙЛДЭХЭД АНХААРВАЛ ЗОХИХ

 ЗАРИМ АСУУДЛЫН ТАЛААР

Давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэж гаргасан магадлалыг хууль хэрэглээний эрх зүйн актын хувьд хууль зүйн үндэслэлтэй, процессын болон материаллаг эрх зүйн зарчим, хэм хэмжээнд нийцсэн агуулга хэлбэртэй байлгах, түүнд тавигдах хуульд заасан шаардлагуудыг нэг мөр, зөв ойлгож хэрэгжүүлэх, магадлалын боловсруулалт, чанарыг сайжруулах зорилгоор Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимаас ЗӨВЛӨМЖЛӨХ НЬ:

          Давж заалдах шатны шүүхийн магадлал нь анхан шатны шүүхийн шийдвэрт хуулиар тавигддаг тэр л шаардлагын дагуу үйлдэгдсэн, хууль ёсны ба үндэслэлтэй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүтэцтэй, мөн хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасан хэсгээс бүрдэнэ.

          Магадлал үйлдэхдээ шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4, 39.5 дугаар зүйлийн шаардлагыг удирдлага болгож, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 8, 9, 10 дахь хэсэгт заасан журмыг баримтална.

          Магадлал нь тодорхой бөгөөд ойлгомжтой, түүнд дурдсан бүх асуудал хоорондоо харилцан уялдаатай, логик холбоотой бичигдсэн байх учиртай бөгөөд   бие биенээ үгүйсгэсэн, зөрчилтэй дүгнэлт хийж болохоор зүйлийг бичиж болохгүй.

        Магадлал нь сул үг агуулсан, нуршуу байх ёсгүй бөгөөд тодорхой бус томьёолол, албан баримт бичиг үйлдэхэд хэрэглэдэггүй үг, товчлол ашиглах, түүнчлэн хэрэгт ач холбогдолгүй үйл явдлыг тодорхойлон бичихийг хориглоно. Хэрэв шүүх тусгай нэр томьёо, үг хэллэг хэрэглэсэн бол түүнийгээ тайлбарласан байх шаардлагатай.

       Магадлал нь хууль зүйн хэллэгийн хувьд оновчтой, орчин үеийн эрх зүйн сэтгэлгээний түвшинд бичигдсэн байвал зохино.

  1. Магадлалын удиртгал хэсэг

        1.1.  Магадлалд давж заалдах шатны шүүхийн нэр, магадлалыг хэзээ, хаана гаргасан, шүүх бүрэлдэхүүн болон давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд оролцсон прокурор, өмгөөлөгч, шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогч, түүнчлэн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон хуульд заасан үндэслэлээр оролцсон бусад оролцогчийн овог, нэрийг бичих нь тэдгээрийг ижил нэртэй хүнээс ялгах, шүүх бүрэлдэхүүн хууль ёсны эсэх, хуульд заасан үндэслэлээр оролцогчдыг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтооход ач холбогдолтой болно.

            1.2. Энэ хэсэгт гэмт хэрэгт холбогдогч этгээд /яллагдагч, шүүгдэгч/-ийн урьд ял шийтгүүлсэн эсэх мэдээллийг заавал тусгахаар хуульчлан заагаагүй хэдий ч үүнтэй холбоотой  мэдээллийг нэмж бичих нь зүйтэй.

            Үүнд нь ял нэгтгэх асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгч өөр овог, нэр ашиглан нуугдаж байсан бол түүний жинхэнэ овог, нэрийг тогтоох зэрэгт энэ нь ач холбогдолтой болно.     

  1. Магадлалын тодорхойлох хэсэг

        Магадлалын тодорхойлох хэсэг нь шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

         Магадлалын энэхүү хэсэг нь тогтоох хэсэгт заах шүүхийн шийдвэрийн үндэслэл юм.     

          2.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн эсэх, анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн нөхцөл байдал, тухайн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан, эсхүл хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэл гэсэн дарааллаар магадлалын энэ хэсгийг бичих нь зүйтэй.

         Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.9 дүгээр зүйлүүдэд анхан шатны шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэг нь хэргийн бодит байдал, түүнд өгөх хууль зүйн дүгнэлт, шийтгэх тогтоолын хувьд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл, иргэний нэхэмжлэл, хөрөнгө, орлого хураах үндэслэлийг заахаар зохицуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг мөн энэ дарааллаар хянах нь зохимжтой.

          2.2. Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн талаар дүгнэлт хийхдээ шийтгэх тогтоолд нэгэнт дурдагдсан нотлох баримтын агуулгыг магадлалд давтаж бичих шаардлагагүй.

         Прокурорын яллах дүгнэлт, шийтгэх болон цагаатгах тогтоолд хэргийн үйл баримтыг нотлосон эсхүл үгүйсгэсэн нотлох баримтуудыг сүүлийн үед магадлалд шууд хуулбарлан буулгаж буй буруу жишгийг халах нь зүйтэй.

            2.3. Хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг хамтран үйлдсэн бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, хамтран оролцсон хэлбэрийг магадлалд тодорхой тусгавал зохино. Хэд хэдэн шүүгдэгчийн хамтран оролцоотой үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотлогдвол зохих байдал”-д нийцүүлэн нэгтгэж бичиж болох боловч тухайн үйл баримтад хийх хууль зүйн дүгнэлтийг шүүгдэгч тус бүрээр дүгнэж бичнэ.

            2.4. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоосон байдал, шүүгдэгчийн  гэм буруугийн хэлбэр, түүнд хийсэн хууль зүйн дүгнэлт үнэн зөв эсэхийг магадлахаас гадна шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь тухайн шүүгдэгчийн хувьд хуульд заасан зарчим, үндэслэл, журамд хэрхэн нийцэж байгаа талаар давж заалдах шатны шүүх тусгайлан дүгнэх  шаардлагатай.

            2.5. Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасны үндсэн дээр гомдол, эсэргүүцэлд хариу өгч байгаа үйл явц тул эхлээд шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан эсэхийг дүгнэсний дараа гомдол, эсэргүүцлийг хэрхсэнийг магадлалд тусгах нь зохимжтой.

            2.6. Хэрэв давж заалдах шатны шүүх нь хэргийн зүйлчлэл болон ялыг хөнгөрүүлэх, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа бол энэ талаарх үндэслэлийг магадлалд тодорхой бичнэ.

            2.7. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шүүхийн тогтоол, захирамжид зааснаас гадна мөрдөн байцаалтад зайлшгүй нэмж шалгах шаардлагатай асуудлууд болон нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зэргээр шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхөөр зөрчил гарсныг анхан шатны шүүх анхааралгүй орхигдуулсан байвал энэ тухай магадлалд заавал нэмж тусгах нь зүйтэй.

             2.8. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа тухайн шүүх чухам ямар алдаа зөрчил гаргасан болон хэргийг дахин хэлэлцэхдээ урьд гаргасан алдааг зөвтгөж, хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар магадлалд тодорхой дурдах нь зүйтэй. Ингэхдээ давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцээд шүүгдэгчийн гэм буруугийн талаар ямар дүгнэлт хийх, түүнд ямар төрөл хэмжээний ял оногдуулах талаар чиглэл өгч болохгүй.

                              3. Магадлалын тогтоох хэсгийн талаар

           Магадлалын тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсгийн үргэлжлэл тул харилцан уялдаа холбоотой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй, утга агуулгын хувьд зөрчилгүй байвал зохино.

            3.1. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа урьдчилсан хэлэлцүүлэгт, эсхүл шүүх хуралдааны ажиллагааны алинд нь шилжүүлж байгааг магадлалд тодорхой заахаас гадна энэ талаар бичсэн давж заалдах гомдол, эсэргүүцлийг бүхэлд нь буюу аль хэсгийг хүлээн авч, аль хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тухай тусгана.

           Ийнхүү буцаахдаа шүүхийн гаргасан зөрчлийн шинж чанараас хамаарч, тухайн хэргийг шүүхийн өөр бүрэлдэхүүнтэйгээр, эсхүл өөр шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бол энэ тухай заана.

           Түүнээс гадна хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч, шүүгдэгчид авсан таслах сэргийлэх арга хэмжээний талаар тогтоох хэсэгт заавал дурдана.

           3.2. Хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг тогтоох хэсэгт заавал баримтлахаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлийг магадлалын энэ хэсэгт нэг бүрчлэн тусгавал зохино.  

            3.3. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа шүүхийн шийдвэрийн аль заалтыг яаж өөрчилсөн, мөн ямар нэмэлт өөрчлөлт оруулсан талаар тодорхой дурдахаас гадна энэ талаар бичсэн давж заалдах гомдол, эсэргүүцлийн аль хэсгийг хүлээж авсан болон аль хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай заах нь зүйтэй.

           3.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмын дагуу магадлалд үг, үсэг, тоо, тооцооны зэрэг  техникийн шинжтэй гарсан алдааг засахдаа шүүхийн тогтоол гаргана. Харин давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад оролцогч нарын гаргасан хүсэлтийг шийдвэрлэх байдлаар гаргасан шүүгчийн захирамжид хийх залруулгыг захирамжаар шийдвэрлэнэ.

            Дээрх тохиолдолд залруулга хийх болсон болон тухайн асуудлыг техникийн шинжтэй алдаа гэж үзсэн үндэслэлээ тодорхой тусгаж, шүүхийн шийдвэрийн аль хэсэгт хэрхэн тусгагдсан ямар зүйл /үг, үсэг, тоо, тооцооны алдаа/-ийг хэрхэн өөрчилж байгааг тодорхой, ойлгомжтой заана.

Давж заалдах шүүхийн шийдвэрт залруулга хийсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт, давж заалдах шатны шүүхийн нэр, шүүхийн шийдвэрийн огноо, дугаарыг заавал тусгана.

Жич: Энэ сэдэвтэй холбогдуулан Улсын Дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 дүгээр тогтоол, мөн шүүхийн эрүүгийн хэргийн танхимын 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Шүүхийн шийтгэх ба цагаатгах тогтоол боловсруулах аргачлалын тухай” зөвлөмж зэргийг дахин судлахыг зөвлөж байна.

 

                                         ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ