2018 оны 04 сарын 09

2017 онд улсын хэмжээнд хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа зөрчлийн тойм.

2018.03.25

 Нэг. Хянан шийдвэрлэсэн хэргийн тоон судалгаа

 2016 оны үлдэгдэл 6651, 2017 онд 56569 нийт 63220 нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг анхан шатны журмаар улсын хэмжээнд хүлээн авч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 15.44 хувь буюу 9763 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж буцаасан, 71.5 хувь буюу 45233 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн, 10.5 хувь буюу 6656 хэргийн үлдэгдэлтэй мэдээ гарсан байна.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2017 онд 16588 өргөдөл, гомдол хүлээн авснаас эвлэрүүлэн зуучлах журмаар 10013 маргааныг амжилттай шийдвэрлэсэн байна.

-Үлдэгдэл 6656 хэргээс 912 хэрэг нь түдгэлзүүлсэн, 559 хэргийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хугацаа хэтэрсэн тоон судалгаа гарчээ.

-Хянан шийдвэрлэсэн нийт 45233 хэргийн 30 хувь буюу 13612 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Дээрх судалгааг 2016 онд хүлээн авсан 64030 нэхэмжлэл, шийдвэрлэсэн 46173 хэрэгтээ харьцуулахад 2017 онд улсын хэмжээнд анхан шатны шүүхийн хүлээн авсан нэхэмжлэл 810 буюу 1.2 хувиар, шийдвэрлэсэн хэрэг 940 буюу 2 хувиар тус тус  буурсан, харин давж заалдах шатны шүүхээр хүлээн авсан хэргийн тоо 613 буюу 16.5 хувиар, хяналтын журмаар хүлээн авсан хэргийн тоо 235 буюу 13.7 хувиар тус тус өссөн байна.

  1. 2017 онд хянан шийдвэрлэсэн нийт хэргийг эрх зүйн төрлөөр нь ангилбал Иргэний эрх зүйн харилцаагаар 22783 хэрэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 13600 хэрэг, Гэр бүлийн эрх зүйн маргаан 4566 хэрэг, Хөдөлмөрийн эрх зүйн маргаан 2214 хэрэг, Газрын тухай хуулиар 119 хэрэг, бусад хуулиар 1951 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.
  2. Шийдвэрлэсэн хэргийн дийлэнх хувийг Иргэний эрх зүйн маргаан эзэлж байгаагийн дотор гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан 15206 үүнээс худалдах-худалдан авах, арилжааны гэрээний эрх зүйн маргаан 6551, зээлийн гэрээний эрх зүйн маргаан 6561 хэргийг тус тус шийдвэрлэсэн нь иргэний эрх зүйн маргаанаар шийдвэрлэсэн хэрэг, нийт маргааны 86.2 хувийг эзэлж байна.
  3. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар буюу онцгой ажиллагаагаар 13600 хэрэг шийдвэрлэсний хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтээр 2930 хэрэг, ажилласан жил тогтоолгох хүсэлттэй 7923 хэрэг, согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх 852 хэрэг шийдвэрлэсэн байна.

2017 онд шийдвэрлэсэн нийт 45233 хэргийн 43.4 хувийг орон нутгийн анхан шатны иргэний хэргийн шүүхээр, 56.6 хувийг Нийслэлийн дүүргийн шүүхээр хянан шийдвэрлэжээ.

Нийт хянан шийдвэрлэсэн 45233 хэргийн 9.2 хувь буюу 4167 хэрэгт давж заалдах журмаар гомдол гаргасны 3721 хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэжээ.

Хоёр. Хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэрэг.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн 3721 хэргийн 52 хувь буюу 1935 хэрэгт нь хяналтын гомдол гаргажээ. Үүнийг улсын хэмжээнд шийдвэрлэсэн нийт 45233 хэрэгтэй харьцуулахад 4.4 хувьд хяналтын гомдол гаргасан ба үлдэх 95,6 хувь нь шүүхийн шийдвэрийг зөвшөөрсөн гэх эерэг үзүүлэлт гарч байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2017 онд 1704 хэрэг хяналтын гомдлоор хянан шийдвэрлэсэн нь өмнөх 2016 онд шийдвэрлэсэн 1469 хэрэгтэй харьцуулахад 235 хэрэг буюу 13.7 хувиар нэмэгдсэн байна.

/Хяналтын шатны шүүхээр сүүлийн 2 жилд шийдвэрлэгдсэн хэргийн судалгаа/

 

 Утга/Он

2016

2017

Нийт

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

1

Хүлээн авсан хэрэг

1711

 

1991

 

5137

 

1.1

Нийт шийдвэрлэсэн

1655

96.7

1829

91.8

4860

94.6

Үүнээс

Хариу өгсөн

131

7.9

69

3.5

368

7.2

Нийт шүүгчдийн хуралдаан

0

0

0

0

0

0

Шинээр илэрсэн нөхцөл байдал

55

3.3

56

2.8

164

          3.2

Шүүх хуралдаан

1469

88.7

1704

85.5

4328

84.3

1.2

Үлдэгдэл

56

3.2

162

8.1

277

       5.4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 онд хяналтын журмаар хянан шийдвэрлэгдсэн 1704 хэргийн 53.7 хувь буюу 915 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 11.5 хувь буюу 196 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, 18 хувь буюу 307 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт,өөрчлөлт оруулж, 12 хувь буюу 201 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 4.8 хувь буюу 85 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

/ Хэрэг шийдвэрлэгдсэн байдлын судалгаа/

Шийдвэрлэсэн байдал

        2016

      2017

 Өсөлт, бууралт

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

1

Шийдвэр, магадлал хэвээр

793

53.9

915

53.7

+122

+15.4

2

Шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт

303

 20.6

307

18.0

+4

+1,3

3

Шийдвэр, магадлал, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилсөн

158

10.7

 201

 12

 

+43

+22.7

4

Шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон

38

2.6

 

85

4.8

+47

+2,2 дахин

5

Шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан

177

12

196

11.5

+19

+10.7

Нийт

1469

 

1704

 

 

+235

 

+16.0

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасан 196 хэргийн 47.4 хувь буюу 93 хэргийг шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж, 52.6 хувь буюу 103 хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.  

Үүнээс 1 хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлхээр буцаажээ.

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан 103 хэргийн хүчингүй болгосон үндэслэлийг авч үзвэл:

  • Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн –19 хэрэг
  • Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн –18 хэрэг
  • Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн -0
  • Шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан -0
  • Хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь илэрсэн –2 хэрэг 
  • ИХШХШТХ-ийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн –64 хэрэг байна.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нийт хэргийг бүсчлэн авч үзвэл 196 хэргээс 137 хэрэг нь нийслэл, дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн, 59 хэрэг нь орон нутгийн шүүхүүд шийдвэрлэжээ.

Нийт шийдвэрлэсэн хэргийн 18 хувь буюу 307 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 11.2 хувь буюу 191 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 4.8 хувь буюу 85 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  1. 2015 онд нийт хяналтын шатны шүүх хуралдаанаар хянагдсан 643 хэргийн шийдвэр, магадлал буюу 55,6 хувийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байсан бол 2016 онд 793 хэргийн шийдвэр, магадлал буюу 53.9 хувийг хэвээр үлдээж, 2017 онд 915 хэрэг буюу 53.7 хувийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
  2. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийн тоо 2015 онд 8.9 хувь, 2016 онд 12 хувь байсан бол 2017 онд 11.5 хувь байна.

Дээрх тоон үзүүлэлтүүд нь тухайн онд шийдвэрлэгдсэн хэрэгт эзэлж буй хувь бөгөөд дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан хэрэг энэ онд ялимгүй боловч багассан байгаа нь сайн үзүүлэлт юм.

2.1. Шийдвэр магадлалыг өөрчилсөн, хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэл, цаашид анхаарах асуудал.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 1704 хэргийн судалгаанаас үзэхэд дийлэнх тохиолдолд хуулиар тогтоосон дараах ажиллагаанууд зөрчигдөж улмаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болжээ.

- а. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүйгээс маргааны талаар бодитоор мэтгэлцээгүй, хэргийн оролцогчдын эрх зүйн харилцаа тодорхой бус, эрх ашиг зөрчигдөж буй этгээдийг хэрэгт оролцуулаагүй, зохигчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгөөгүй, хэргийн нотлох баримтыг үнэлэх, бүрдүүлэх, цуглуулах хуульд заасан журмыг зөрчсөн, хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримт гаргуулах болон бусад хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй, хүсэлтийг шийдвэрлэсэн боловч биелэлтийг хангаагүйгээс нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл тогтоогдоогүй, хэргийн оролцогчдод хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдааны тов, зарыг мэдэгдээгүй, хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн зүгээс хийвэл зохих ажиллагаануудыг бүрэн хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс хэргийн оролцогчид, талуудын мэтгэлцэх эрх хангагдаагүй алдаа зөрчлүүд гаргаснаас шийдвэр магадлалыг хүчингүй болгожээ.

- б. Эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хууль хэрэглээний алдааг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа улсын хэмжээнд буурахгүй байгаа нь тухайн шүүхэд ажиллаж байгаа шүүгч, та бидний хариуцлагагүй байдлаас шалтгаалж байна. Дээр дурдсан тоон үзүүлэлт, үндэслэл нь Хяналтын шатны шүүхээр энэ онд шийдвэрлэгдсэн хэргийн судалгааны дүн бөгөөд тухайн асуудлаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр цаашид танхимаас зөвлөмж гаргахаар энэ оны ажлын чиглэлд тусгагдсан байгаа тул энэхүү Тоймд зарим нэг алдаа зөрчлийг оруулж байна.  

Эдгээр нэг бүрчлэн нэрлэн заасан алдаанаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргаж байгаа эрхийн акттай холбоотой алдаа гарч, улмаар шийдвэр, магадлал хүчингүй болжээ. Энд тухайлан 26 тогтоол түүвэрлэн сонгосон бөгөөд эдгээр шийдвэр магадлалд өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон үндэслэл, шалтгаан нь тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн ажил үүрэгтээ хариуцлагагүй хандах, хууль хэрэглэх мэргэжлийн дадлага, ур чадвараа дээшлүүлэх талаар хангалтгүй байгаатай холбоотой гэж үзнэ. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон хүрээнд явуулсан бол дараах алдаа гарахгүй юм. Тухайлбал:

1. Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №00081 дугаар тогтоолтой хэрэгт, хариуцагч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр, магадлал, тогтоолыг хянуулах хүсэлт гаргажээ. Хариуцагчийн хүсэлтийг Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00482 тоот захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 181 дүгээр зүйлийн 181.1-д заасныг зөрчсөн байна. Зүй нь энэ хуульд зааснаар сүүлд шийдвэр гаргасан гэсэн утгаараа уг хүсэлтийг Улсын Дээд шүүх шийдвэрлэх юм. /Улсын Дээд шүүхийн 2017.01.24-ний өдрийн №001/ШТ2017/00018 дугаар шүүхийн тогтоол/

2. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 553 дугаар шийдвэрээр Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ, адил шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон буюу хүүхдийн асрамжийг өмнө нь шийдвэрлэсэн Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 тоот хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрлэсэн алдааг гаргажээ. Давж заалдах шатны шүүх нь шийдвэрийг хэвээр үлдээж алдааг засаагүй байна. /Улсын Дээд шүүхийн 2017.02.16-ны өдрийн №001/ХТ2017/000183 дугаар тогтоол/

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/05757 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн зарим шаардлагыг шүүх хуралдаан дээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж тусдаа шийдвэр гаргасан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг зөрчиж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг хэрэглээгүй алдаа гаргажээ. /Улсын Дээд шүүхийн 2017.01.17-ны өдрийн №001/ХТ2017/00041 дугаар тогтоол/

4.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00180 дугаар шийдвэрээр “Эн Эн Жи Юу” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ тухайн маргааны талаар талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу эвлэрсэн захирамж байхад маргааныг дахин шийдвэрлэсэн алдааг гаргажээ. /Улсын Дээд шүүхийн 2017.05.30-ны өдрийн №001/ХТ2017/00668 дугаар тогтоол/

5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00519 дугаар шийдвэрээр “Сеожүүн ложистик монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг хэлэлцэх хуралдааныг 2017.03.09-ны өдрийн 13.30-д эхэлж мөн өдрөө хуралдаан завсарласан атлаа шийдвэрийн тогтоох хэсгийг дараа өдөр нь буюу 2017.03.10-ны өдрийн 8 цаг 40 минутад танилцуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг ноцтой зөрчсөн тул шийдвэр, магадлал хүчингүй болсон. /Улсын Дээд шүүхийн 2017.10.10-ны өдрийн №001/ХТ2017/01135 дугаар тогтоол/

6. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/01488 дугаар шийдвэрээр А.Энхжаргалын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэж, шийдвэрийг Ерөнхий шүүгчийн захирамж гэсэн бланк дээр гаргасан нь хууль зөрсөн тул уг шийдвэр, магадлал хүчингүй болсон. /Улсын Дээд шүүхийн 2017.11.10-ны өдрийн №001/ХТ2017/01392 дугаар тогтоол/

7. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01343 дугаар шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн бланк дээр гаргасан, /Улсын Дээд шүүхийн 2017.12.26-ны өдрийн №001/ШТ2018/0002 дугаар тогтоол/

8. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 144 дүгээр шийдвэртэй хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл нь шийдвэрээс зөрүүтэй. /Улсын Дээд шүүхийн 2017.11.10-ны өдрийн №001/ХТ2017/01377 дугаар тогтоол/

9. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/06040 дугаар шийдвэртэй хэрэгт анхан шатны шүүх “Ёнжин глобал ложистик” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Глобал ложистик” ХХК-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй. Харин шүүх хуралдааны тэмдэглэлд В.Ганбатын нэхэмжлэлтэй, төрөөс 51 576 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцсэн талаар тусгагджээ. /Улсын Дээд шүүхийн 2017.05.02-ны өдрийн №001/ХТ2017/00560 дугаар тогтоол/

10. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 122 дугаар шийдвэртэй хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд “хуучин Монгол бичиг”-ээр нарийн бичиг гарын үсэг зурсан. /Улсын Дээд шүүхийн 2017.10.03-ны өдрийн №001/ХТ2017/01090 дугаар тогтоол/,

11. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/005155 дүгээр шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06006 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт “Хуулийн 119.2-т заасан “Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно” гэсэн заалтыг заахдаа “хуулийн хүчин төгөлдөр болно”, эсхүл “хуулийн хүчинтэй болно,” гэж хуульд заагаагүй нэр томъёо хэрэглэсэн. /Улсын Дээд шүүхийн 2017.02.14-ний өдрийн №001/ХТ2017/00169, 217.02.16-ны өдрийн №001/ХТ2017/00193 дугаар тогтоол/

2.2  2017 онд давж заалдах шатны шүүх 3721 хэрэг хянан шийдвэрлэсний 1935 хэрэгт буюу 52 хувьд нь хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдсэн хэргийн 50-иас дээш хувьд нь гомдол гаргаж, энэ хэмжээгээр талуудын сэтгэлд шийдэл нийцэхгүй байгаа нь тус шүүхийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хангалттай гүйцэтгэж чадаж байгаа юу гэдэгт дүгнэлт хийх зайлшгүй шаардлага байна. Хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 1704 хэргийн 915 хэрэг буюу 53,7 хувь нь хэвээр үлдэж, 46,3 хувь буюу 789 хэргийн магадлал өөрчлөгдсөн, хүчингүй болж шийдвэрлэгдсэн байна.

Дээр нэрлэн заасан алдаа зөрчил давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаанд мөн хамааралтай бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүх дор бүр нь илрүүлж, залруулсан бол тэр хэмжээний хяналтын гомдол гаргахгүй юм.

Давж заалдах шатны шүүх, шүүгчийн үйл ажиллагаатай шууд хамааралтай зарим ноцтой алдаа байна.

Тухайлбал: 1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар магадлалаар Дархан-уул аймаг дахь сум дундын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1502 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд болон бичлэгт тусгагдсан байхад магадлалд шийдвэрийг хүчингүй хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаахаар заасан. /Улсын Дээд шүүхийн 2017.04.14-ний өдрийн №001/ХТ2017/00440 дугаар тогтоол/

2. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 201/МА2017/00005 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 138/ШШ2016/01296 дугаар шийдвэрийг хянаж, нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-г баримтлан шийдвэрлэхдээ шийдвэр хүчингүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байтал, зөвхөн шийдвэрийн 1-дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтад нь өөрчлөлт оруулж ойлгомжгүй байдлаар шийдвэрлэсэн алдааг гаргажээ. /Улсын Дээд шүүхийн 2017.05.04-ний өдрийн №001/ХТ2016/00579 дугаар тогтоол/

Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн алдааг илрүүлэн засаж, зөрчигдсөн эрхийг цаг алдахгүй сэргээх, үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлд заасан хүрээнд гүйцэтгэх ёстой.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа анхан шатны шүүх маргааны эрх зүйн харилцааг нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримт хуульд заасан журмын дагуу цугларсан, түүнийг хуульд нийцүүлэн үнэлсэн эсэхийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын мэтгэлцэх эрх хангагдсан, энэ талаарх шүүгчийн хийвэл зохих ажиллагаанууд хийгдсэн эсэхийг шалгаж тогтоодог. Эдгээр үндэслэлүүдийг тогтоож улмаар анхан шатны шүүх маргааныг зохицуулсан хуулийг зөв сонгон хэрэглэсэн, шийдвэр хуулийн үндэслэл бүхий болсон эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж гомдлыг шийдвэрлэдэг. Давж заалдах шатны шүүх хэрэгт байхгүй нотлох баримт, талуудын мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аливаа алдаа, зөрчил нь шүүх, шүүгчийн ажлын болон хувийн зохион байгуулалт, мэдлэг, мэргэшсэн байдал, ажлын туршлагаас хамааралтай. Тухайн шүүх, шүүгчийн ажлын ачаалал их, бага гэж ялгахгүй, шүүгч хуулийг баримталж хууль заасны дагуу хэрэг маргааныг шийдвэрлэх үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг багасгахын тулд шүүгч хуулиар тогтоосон шүүгчийн хийвэл зохих ажиллагааг нь баримтлах энэ ажиллагааг хуулийн дагуу явуулах ёстой, мөн мэдлэг мэргэжилдээ байнга анхаарах, хуулийг зөв таних, ойлгох хэрэгтэй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа зөрчлийг багасгах, хууль хэрэглээний практикийг зөв тогтоох зорилгоор Улсын Дээд шүүхийн Иргэний Танхимаас сүүлийн 3 жилийн байдлаар дараах зөвлөмжийг гаргасан .

1. Эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа. /2016 он/

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарим ажиллагааны талаар /2016 он /

3. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлоход анхаарах зарим асуудал /2016 он/

4. Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд /2016 он/

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчим, Иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа, цаашид анхаарах асуудал /2017 он/

6. Гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал /2017 он/

7.Худалдах-худалдан авах гэрээний зохицуулалт, шүүхийн практик, анхаарах асуудал. /2017 он/

Дээр дурдсан, мөн өмнөх онуудад танхимаас гаргасан хүчин төгөлдөр үйлчилж байгаа тогтоол, зөвлөмжийг болон бусад эрдэмтэн, судлаачдын онол, үзэл санааг судалж, хууль хэрэглээний талаарх мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэн ажиллахыг Та бүхнээс хүсэж байна.  

 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ