2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр               Дугаар 16                            Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 18 ДУГААР БҮЛГИЙН
ЗАРИМ З
ҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн талаар заасан Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн /цаашид хуулийн гэх/ 130 дугаар зүйлийн зарим заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.

 

1.1. Сонгох, сонгогдох болон бүх нийтийн санал асуулгад оролцох эрхэд “саад хийсэн” гэдэгт Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуульд тусгайлан заасан хориг, хязгаарлалтаас бусад тохиолдолд иргэний дээрхи эрхийг аливаа хэлбэрээр эдлүүлэхгүй байгаа санаатай үйлдэл /эс үйлдэхүй/-г ойлгоно.

 

1.2. Сонгуулийн хорооны ажиллагаанд “саад хийсэн” гэж хууль тогтоомжоор сонгууль болон ард нийтийн санал асуулгыг эрхлэн явуулах бүрэн эрх бүхий сонгуулийн төв, орон нутгийн байгууллагыг үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд хүргэсэн, эсхүл хүндрэл учруулсан аливаа санаатай үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлнэ.

1.3. “Хуурч мэхлэх” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолын 3-т зааснаар буюу “үгээр болон үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдүүлэх”-ийг ойлгоно.

1.4. “Санал худалдаж авах” гэдэгт иргэнийг сонгуульд оролцохоос татгалзуулах эсхүл нэр дэвшигчид санал өгүүлэхийн тулд мөнгө, эд хөрөнгө өгсөн, эсхүл эд хөрөнгийн давуу эрх олгосон, аливаа ажил үйлчилгээг төлбөргүй үзүүлсэн зэргийг хамааруулна.

 

2. Хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан “бусад албан тушаалтан” гэдэгт нэр дэвшигчдийн болон сонгогчдын нэрсийн жагсаалт, нэр дэвшигчийн үнэмлэх, саналын хуудас, сонгогчийн үнэмлэх зэрэг сонгуулийн баримт бичгийг олгох үндэслэл болж буй анхан шатны бүртгэл, баримт бичиг, иргэний үнэмлэхийг энэ зүйл, заалтад дурдсан зорилгоор хуурамчаар үйлдсэн албан тушаалтныг хамааруулж ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан “саналаа чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн”  үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар тогтоосон саналаа чөлөөтэй илэрхийлэх журмыг зөрчсөн, сонгуулийн хэсэгт саналаа тэмдэглэх тасалгаа, хаалтгүй байх, саналаа тэмдэглэхэд нь элдэв саад үүсгэх, тухайн сонгогчоос өөр гадны хүнийг дэргэд нь байлгах, саналаа хэрхэн өгч байгаа байдалд нь шууд хяналт тавих, саналын хайрцгийг битүүмжлэхгүй байх, саналын хуудсанд тэмдэглэл хийж чадахгүй сонгогчийн саналыг итгэмжлэгдээгүй хүнээр тэмдэглүүлэх, тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын гарын үсэг, тэмдэггүй саналын хуудсаар санал өгүүлэх зэрэг хэлбэрээр илэрч болно.

3. Хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасан “Жагсаал, цуглаан зохион байгуулахад саад учруулсан” гэдэгт түүнийг хуулийн хүрээнд зохион байгуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, зохион байгуулах хороо, санаачлагчдын үйл ажиллагаанд эсхүл хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа жагсаал, цуглааны ажиллагаанд аливаа хэлбэрээр хориг, хязгаарлалт тогтоохыг ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан “ялгаварлан гадуурхсан” гэж жагсаал, цуглаанд оролцсоных нь төлөө иргэний төрөлхийн болон жам ёсны, түүнчлэн бусад эрхийг нь хориглох буюу хязгаарлахыг хэлнэ.

4. Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заасан “гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа гэдэгт Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон зүйл хамаарна.

5. Хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан “иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдал” гэдгийг иргэний захидал, яриа, шуудангийн цахилгаан мэдээ, факс, дуут болон үсгэн, дүрст цахим мэдээ, баримт бичиг, биет зүйлийг илгээгч болон түүнийг хүлээн авагч хүний зөвшөөрөлгүйгээр бусад хүмүүст агуулгыг нь задлахыг хориглоно гэж ойлгоно.

Харин гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт этгээдийг олж тогтоох, баривчлах зорилгоор эрх бүхий байгууллага, албан тушаалтан, прокурорын зөвшөөрөлтэйгээр иргэний захидал, харилцаатай танилцсаныг гэмт хэрэг гэж үзэхгүй.

Мөн зүйлийн 135.2-т заасан “албан тушаалын байдлаа урвуулж” гэдэгт хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийн дагуу өөрт нь олгогдсон албаны болон бусад бүрэн эрхийг санаатайгаар харш ашигласан явдлыг хамааруулна.

Энэ хэсэгт заасан “эрх мэдлээ хэтрүүлж” гэж хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээс илүү эрх эдлэхийг хэлнэ.

Мөн хэсэгт заасан “тусгай техник, хэрэгсэл ашиглаж” гэдэгт нууцаар сонсох, харах, хувилж авах зэрэг зориулалт бүхий төхөөрөмжийг хууль бусаар хэрэглэснийг ойлгоно.

6. Хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасан “олон нийтэд тараасан” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолын 1.4-т зааснаар ойлгож хэрэглэнэ.

7. Хуулийн 137 дугаар зүйлийн зарим заалтыг дор дурдснаар тайлбарласугай.

7.1. “Орон байр” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1.9-д зааснаар ойлгоно.

Энэ заалтын “нэвтрэх” гэж иргэний орон байранд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар орохыг хэлнэ.

7.2. “Дур мэдэн орж суух” гэдэгт иргэний орон байранд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нэвтрэн орж, түр болон бүр мөсөн суусныг ойлгоно.

7.3. “Орон байрнаас гаргах” гэж эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан хуулийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр иргэнийг орон байрнаас нь хууль бусаар, түр болон бүр мөсөн гаргасныг хэлнэ.

7.4. “Нэгжлэг хийх” гэдэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин нэгжлэгийг явуулж, орон байрны халдашгүй байдлыг зөрчсөнийг ойлгоно.

8. Хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д заасан “хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахиж хангуулах үүрэг бүхий этгээд” гэдэгт хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийн дагуу энэ ажлыг шууд хариуцаж байгаа аливаа этгээд хамаарна.

Мөн зүйлийн 138.2-т заасан “бусад хүнд хор уршиг” гэдэгт тодорхой нутаг дэвсгэрт нийтээр өвчлөх, хордох, хүний бие махбодид хүнд гэмтэл эсхүл хэд хэдэн хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан зэргийг ойлгоно.

9. Хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасан “зохиогчийн эрх” нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээдэд хамаарна.

Энэ зүйл, хэсэгт заасан “…түүнд хамаарах бүтээл”-д мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан бүтээлүүдийг хамааруулж үзнэ.

10. Хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д заасан “шинэ бүтээл”, “бүтээгдэхүүний загвар”, “ашигтай загвар” гэдгийг Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3-т тус тус зааснаар ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан “ашиг олох зорилгоор” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар тогтоолын 1.2-т зааснаар ойлгож хэрэглэнэ.

11. Хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1-д заасан “шашны харгис үзэл номлол” гэдэгт шашнаар дамжуулан сурталчилж, тараасан үндэс угсаа, нийгмийн гарал, арьс өнгө, амьдралын хэв маяг, уламжлал, хэл соёл, өөр шашин шүтдэг эсхүл эс шүтдэгээр нь ялгаварлан гадуурхах, өөр хооронд нь дайсагналцуулах, аллага хядлага, амиа хорлох, цусан өшөө авах, хүний эрх, эрх чөлөөг хориглох, хязгаарлахад чиглэсэн аливаа үзлийг хамааруулна.

12. Хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, 137 дугаар зүйлийн 137.1, 142 дугаар зүйлийн 142.1, 143 дугаар зүйлийн 143.1-д тус тус заасан “хүч хэрэглэж буюу хэрэглэхээр заналхийлэх” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 1.4-т зааснаар ойлгоно.

13. Хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, 142 дугаар зүйлийн 142.1-д тус тус заасан “эд мөнгөөр татах” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар тогтоолын 4-т заасны дагуу ойлгож хэрэглэнэ.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ  Ч.ГАНБАТ