2018 оны 04 сарын 04

  МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХ

ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр      Дугаар 08                       Улаанбаатар хот 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй хийж, улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч талыг төлөөлөлж А.Отгонбаатар, Э.Батхишиг, Н.Мандах, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов

Улс төрийн намыг бүртгүүлэх талаар шүүхэд ирүүлсэн хүсэлтийн талаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Улсын Дээд шүүхэд гаргасан “Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатарын гарын үсэг бүхий хүсэлтэд: ““Үнэн ба Зөв” намыг үүсгэн байгуулах хурлыг Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолд заасны дагуу 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дахин хийж, 3 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлэхээр хандсан боловч “улсын тэмдэгтийн хураамж болон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг тодруулах” шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3\945 дугаар албан бичгээр хүсэлтийг буцаасан билээ.

Дээрх шаардлагыг хангаж, 3 дугаар сарын 30-ны өдөр Улсын Дээд шүүхэд дахин хандсан ч шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3\1249 дүгээр албан бичгээр зарим баримтууд Улс төрийн намын тухай хуулийн шаардлагыг хангаагүй, гишүүдийн оршин суух хаяг, овог, регистрийн дугаар бүрэн бус, гарын үсэг зурагдаагүй, шүүхээс урьд өмнө заасан алдааг бүрэн гүйцэд залруулаагүй байгаа нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7.-д заасан шаардлагад нийцээгүй гэж буцаасныг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр холбогдох баримтыг буцаан авсан.

Анх тус намыг байгуулах санаа зорилгыг 2100 гаруй иргэн дэмжиж бүртгүүлсэн боловч нэгдсэн бүртгэлд өөрсдийн регистрийн дугаараа дутуу эсхүл илүү, гарын үсгээ зураагүй, оршин суугаа хаягаа бүрэн гүйцэд бичээгүй, мөн зарим иргэд насанд хүрээгүй байсан зэрэг алдаа гарсныг энэ удаад нэг бүрчлэн нягталж, Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлага хангасан тооны гишүүд, дэмжигчдийн анкетыг хавсарган, холбогдох 21 хуудас баримтыг өмнөхөөс илүү ойлгомжтой байдлаар цэгцэллээ.

Иймд Монгол Улсаа хөгжлийн цоо шинэ эринд гаргах их үйлсийг түүчээлэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилготой, социал демократ үзэл баримтлал бүхий төвийг сахисан “Үнэн ба Зөв” намыг бүртгүүлэх хүсэлтийг ...3 дахь удаагаа гаргаж байна” гэжээ.

Хүсэлтэд Намын даргын мэдээлэл, өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу үүсгэн байгуулах хурлыг дахин зохион байгуулах тогтоол, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, намын хаяг, намын ерөнхий нягтлан бодогчийн мэдээлэл, намын хөрөнгийн хэмжээ, үүсгэн байгуулах хурлаас гарсан тогтоол, шийдвэрүүд, хурлын тэмдэглэлүүд, намын бэлэгдэл, далбааны стандарт, намын дүрэм, мөрийн хөтөлбөр, нам үүсгэн байгуулах хурлын бусад баримт, намын гишүүд, дэмжигчдийн дэлгэрэнгүй бүртгэл, анкет бүхий 19 хавтас материалыг хавсарган ирүүлжээ.

Улсын Дээд шүүх хүсэлтийг хүлээн авснаас хойших хугацаанд намын гишүүдийн бүртгэлд тусгагдсан 819 гишүүний анкетыг нэг бүрчлэн судалж, оршин суугаа хаяг, иргэдийн регистрийн дугаарыг шалгаснаас гадна тохиолдлын 20 хүний утсаар намын гишүүнчлэлийг тодруулсан болно. 

Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой шүүхийн дээрх ажиллагаа хуульд харшлаагүй, зохих журмын дагуу явагджээ.   

Шүүх хуралдаанд дээр хүсэлт гаргагч талаас намын дүрэм, мөрийн хөтөлбөр, гишүүнчлэл, нэр болон бусад асуудлаар дэлгэрэнгүй тайлбар гаргав.

Хүсэлтэд хавсаргагдсан дээрх баримт болон шүүх хуралдаанд өгсөн хүсэлт гаргагч талын тайлбарыг судлан хэлэлцээд

  ХЯНАВАЛ:

Хүсэлт гаргагч Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д заасан хугацаанд нам бүртгүүлэх тухай өргөдлөө Улсын Дээд шүүхэд гаргасан байна.

Нам бүртгүүлэх өргөдөлд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д заасан мэдээлэл бүрэн тусгагдсан ба Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-т заасан бүртгэлд шаардлагатай баримт бичиг бүрджээ.

“Үнэн ба Зөв” намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд харшилсан агуулгатай болсон гэж үзэх үндэслэлгүйгээс гадна намын үйл ажиллагааны зарчим, зорилго, үзэл баримтлал нь Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгээр тогтоосон хориглосон хэм хэмжээнд хамаарахгүй байна.

Намын гишүүдийн бүртгэлд 5 хүний регистрийн дугаар илүү, дутуу тоотой бүртгэгдсэн байгаа нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7.-д заасан хязгаарыг зөрчихгүй байх тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3.-т заасан бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй байна. Нөгөө талаар гишүүдийн хаягийн бүртгэлд хороо, баг, байр, гудамж тодорхой бус тусгагдсан зарим зөрчил байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

“Үнэн ба Зөв” гэсэн бүтэн нэрээр улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэхэд “нам оноосон нэртэй байх”, “намын бүтэн болон товчилсон нэр байгууллага, аж ахуйн нэгж болон бусад намын нэртэй адил байхгүй байх” талаар Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчихгүй байна.

Улс төрийн намын улсын бүртгэлд “Үнэн ба Зөв” нэртэй нам байхгүй тул энэ нэрээр улс төрийн нам байгуулах нь “хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж  болохгүй” гэсэн Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3. дахь хэсгийг шаардлагад харшлаагүй болно.

Улс төрийн намыг бүртгэхээс татгалзах Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Үнэн ба Зөв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэх хууль зүйн зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд шүүх дүгнэв. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3., Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4., 9.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.”Үнэн ба Зөв” намыг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосугай.

2.”Үнэн ба Зөв” нам нь улсын бүртгэлд бүртгүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болсныг дурдсугай.

3.Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг “Үнэн ба Зөв” намд даалгасугай.

4.”Үнэн ба Зөв” нам улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг нийтэд мэдээлсүгэй.

5.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

6.Намын гишүүдийн дэлгэрэнгүй анкет, бүртгэл бүхий 19 хавтас материалыг буцаан хүргүүлсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                              Х.ЭРДЭНЭСУВД

                                                                              Ц.АМАРСАЙХАН