2018 оны 04 сарын 04

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр        Дугаар 10                                     Улаанбаатар хот

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй хийж, Зон Олны намыг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Зон Олны намын дарга Э.Одбаяр, намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Идэр нар оролцож, хуралдааны тэмдэглэлийг Ш.Мөнхжаргал хөтлөв.

Зон Олны намын дарга Э.Одбаяр Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...  Зон Олны нам үүсгэн байгуулах хурлаа 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дахин зохион байгууллаа. Тус хурлаар Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаар тогтоолд дурдсан шаардлагыг хангаж,  намыг бүртгүүлэх хүсэлтээ дахин гаргаж байна.

Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан хугацааны өмнө хурлын бэлтгэл ажлыг урьдчилан хангаж, төлөөлөгчдөд мэдэгдэх ажлыг улсын хэмжээнд, орон нутгийн төлөөлөгчдийг оролцуулан зохион байгууллаа.

Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3,-т заасан шаардлагыг хангаж, 8.4-т дурдсан асуудлыг Их хурлаараа дарааллын дагуу хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасны дагуу нам үүсгэн байгуулсан тухай шийдвэрээ нийтэд зарлан мэдээлсэн болно.

Бүртгэх байгууллагаас баталсан маягтын дагуу мэдээлэл, баримтыг бүрдүүлж хавсаргав.

Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т заасан баримт бичгийг бүрдүүлж хүргүүлсэн.

Намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан  тул хянан үзэж, бүртгэж авахыг хүсье.

Зон Олны нам нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны билэгт өдрийг товлож, намын анхдугаар үүсгэн байгуулах Их хурлаа хийсэн боловч Дээд шүүхээс тодорхой шаардлага хангахыг тогтоож, бүртгэж авахаас татгалзсан. Хэрэв хуулинд харшлахгүй бол Зон Олны намын анх байгуулагдсан огноог 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр тогтоож өгнө үү...” гэжээ. 

Хүсэлтэд намыг үүсгэн байгуулах шийдвэр, намын оноосон нэрийг баталгаажуулсан баримт, намын дүрэм, мөрийн хөтөлбөр, намын бэлгэдэл, далбаа өнгөний код, загвар, нам үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл, хөтөлбөр, намын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, эд хөрөнгийн жагсаалт, хурлыг зохион байгуулах бэлтгэх ажлыг нотолсон баримтууд, фото зургууд, намыг үүсгэн байгуулах их хуралд оролцсон төлөөлөгчдийн мэдээлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, намын гүйцэтгэх байгууллага байнга оршин суух хаяг, түрээсийн гэрээ, намын гишүүдийн талаархи мэдээллийг хавсарган ирүүлсэн байна.   

Хүсэлт болон хүсэлтэд хавсаргасан баримт, хуралдаан дээр гаргасан тайлбарыг судлан хэлэлцээд

ХЯНАВАЛ:

Зон Олны Намыг үүсгэн байгуулах Их хурлыг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, хийснээс хойш 10 хоногийн дотор нам бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргасан нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д нийцсэн байна.   

Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолд заасан заалтуудыг биелүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан шаардлагатай мэдээллүүд бүрэн тусгагджээ.

Нам үүсгэн байгуулах Их хурлыг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр явуулах талаар шийдвэр гаргаж, гишүүдэд товыг хүргэсэн, нам үүсгэн байгуулах Их хуралд нийслэл, дүүрэг, орон нутгаас  нийт  124  хүн оролцохоор мандат авснаас 114 хүн биечлэн оролцжээ.

Зон Олны намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль бусад хуульд харшилсан агуулгатай гэх үндэслэлгүйгээс гадна намын үйл ажиллагааны зарчим, зорилго, үзэл баримтлал нь Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

“Зон Олны нам” гэсэн бүтэн нэрээр, “ЗОН” гэсэн товчилсон нэрээр улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэхэд “нам оноосон нэртэй байх”, “намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж болон бусад намын нэртэй адил байхгүй байх” талаар Улс төрийн намын тухай хуулийн 6-р зүйлд заасан шаардлага зөрчигдөөгүй байна. 

“Зон Олны нам”-ын гишүүдийн бүртгэлээс үзэхэд гишүүдийн тоо Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан хязгаараас дээш байгаа бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан зөрчил тогтоогдоогүй болно.

Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан Улс төрийн намыг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй тул Зон Олны намыг улсын бүртгэлд бүртгэх хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд шүүх дүгнэв.

Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д “Хуульд заасан шаардлагыг хангаж улсын бүртгэлд бүртгүүлснээр нам үйл ажиллагаагаа Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах эрхтэй” гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн ... Зон Олны намын анх байгуулагдсан огноог 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр тогтоож өгөх...” талаар гаргасан хүсэлтийг хангах боломжгүй байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Зон Олны намыг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосугай.

2. Улсын бүртгэлд бүртгүүлснээр Зон Олны нам үйл ажиллагаагаа Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах эрхтэй болохыг дурдсугай.

3. Зон Олны намыг улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг нийтэд мэдээлсүгэй.

4. Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг Зон Олны намд даалгасугай.

5. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 150.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР  

ШҮҮГЧ                                                             Б.УНДРАХ

                                                                                  Г.АЛТАНЧИМЭГ