2018 оны 04 сарын 04

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр                      Дугаар 04                                    Улаанбаатар хот

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй хийж, “Монголын хүний төлөө” намыг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт, намын дэд дарга Б.Амарсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга И.Тунгалагтуяа, Удирдах зөвлөлийн гишүүн  Л.Даваасүрэн нар оролцож, хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал хөтлөв. 

Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлэг, 16 дугаар зүйлийн 16.10 дах заалтын дагуу Монгол улсын хэсэг иргэд бид эвлэлдэн нэгдэж,  Улс төрийн намын тухай хуулийн дагуу нам үүсгэн байгуулах хурлаа хийж, намын дүрэм, мөрийн хөтөлбөр, бэлгэдэл далбаагаа хэлэлцэн баталж, намын удирдах бүрэлдхүүн, хяналтын зөвлөлөө сонгосон тул  улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг гаргаж байна. ...” гэжээ.

Хүсэлтэд намыг үүсгэн байгуулах шийдвэр, намын оноосон нэрийг баталгаажуулсан баримт, намын дүрэм, мөрийн хөтөлбөр, намын бэлгэдэл, далбааны загвар, нам үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл, хурлыг зохион байгуулах бэлтгэх ажлыг нотолсон баримтууд, намыг үүсгэн байгуулах их хуралд оролцсон төлөөлөгчдийн мэдээлэл, фото зураг,-1ш, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, намын гүйцэтгэх байгууллага байнга оршин суух хаяг, түрээсийн гэрээ, намын гишүүдийн талаархи мэдээллийг хавсарган ирүүлсэн байна.   

Хүсэлт болон хүсэлтэд хавсаргасан баримт, хуралдаан дээр гаргасан тайлбарыг судлан хэлэлцээд

ХЯНАВАЛ:

Монголын хүний төлөө намыг үүсгэн байгуулах Их хурлыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж, хийснээс хойш 10 хоногийн дотор нам бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргасан нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т нийцсэн байна.   

Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны 03 тоот тогтоолд заасан заалтуудыг биелүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан шаардлагатай мэдээллүүд бүрэн тусгагджээ.

Уг намыг  байгуулахаар санаачлсан нэр бүхий 9 хүн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж,  нам үүсгэн байгуулах Их хурлыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр явуулах талаар шийдвэр гаргаж, гишүүдэд товыг хүргэсэн, нам үүсгэн байгуулах Их хуралд нийслэл, дүүрэг, орон нутгаас  нийт  80 хүн оролцохоор мандат авснаас 67 хүн биечлэн оролцжээ.

Монголын хүний төлөө намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль бусад хуульд харшилсан агуулгатай гэж үзэх үндэслэлгүйгээс гадна намын үйл ажиллагааны зарчим, зорилго, үзэл баримтлал нь Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсгийг зөрчөөгүй байна.

“Монголын хүний төлөө нам” гэсэн бүтэн нэрээр, “МХТН” гэсэн товчилсон нэрээр улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэхэд “нам оноосон нэртэй байх”, “намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж болон бусад намын нэртэй адил байхгүй байх” талаар Улс төрийн намын тухай хуулийн 6-р зүйлд заасан шаардлага зөрчигдөөгүй байна. 

“Монголын хүний төлөө нам”-ын гишүүдийн бүртгэлээс үзэхэд гишүүдийн тоо Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан хязгаараас дээш байгаа бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан үндэслэл байхгүй  гэсэн болно.

Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан Улс төрийн намыг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй тул Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэх хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд шүүх дүгнэв.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосугай.

2. Улсын бүртгэлд бүртгүүлснээр Монголын хүний төлөө нам үйл ажиллагаагаа Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах эрхтэй болохыг дурдсугай.

3. Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг нийтэд мэдээлсүгэй.

4. Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг Монголын хүний төлөө намд даалгасугай.

5. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 150.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

                      ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН                                                                                     

                                                                                         П.ЗОЛЗАЯА