2018 оны 01 сарын 30

suld

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2017 оны 12 дугаар сарын 25ы өдөр              Дугаар 03                                  Улаанбаатар хот

 

               ГЭР БҮЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ ЭРХ ЗҮЙН МАРГААНЫГ ХЯНАН  

                ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

Гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан нь иргэний шүүн таслах ажиллагааны нэг хэсэг бөгөөд энэ төрлийн хэрэг, маргааны тоо жилээс жилд өсч байна. Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд хянан шийдвэрлэгдсэн нийт 345 105 иргэний хэргийн 12,2% буюу 42 222 хэрэг нь Гэр бүлийн тухай хуулиар зохицуулагдах эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байна. 2016 онд хянан шийдвэрлэсэн гэр бүлийн эрх зүйн маргааныг  2007 оны үзүүлэлттэй  харьцуулахад 31,9%-иар өссөн байна.

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх 2016 оны байдлаар гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой 50 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, эдгээр хэргийн 60% буюу 30 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан, 30% буюу 15 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан байна.      

Гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх шүүн таслах ажиллагаа нь нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийн бат бэх байдлыг хангах, хүүхдийн эрх, гэрлэгчдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх, эрх чөлөөг хамгаалах үндсэн зорилготой байдаг. Энэ төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарвал зохих зарим асуудлаар шүүхийн өнөөгийн практикт тулгуурлан аргачлал олгох зөвлөмжийг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас гаргаж байна.

ГЭР БҮЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ ХЭРЭГ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД ХЭРЭГЛЭХ ХУУЛЬ

Монгол Улсын хууль:

1.Гэр бүлийн тухай хууль. Уг хууль 1999 оны 06 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж, 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдөж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэг  ажиллаж байгаа ба хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар саналаа Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд ирүүлж болно.

2.Иргэний хууль. 12 дугаар бүлэг, 3 дугаар дэд бүлэг “Гэр бүлийн хөрөнгийн эрх”.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль. 12 дугаар бүлэг “Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”.

4.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль \шинэчилсэн найруулга\. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан, 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс даган мөрдөгдөж байгаа.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ:

1.Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын 1989 оны Конвенц

2.Сайн дурын үндсэн дээр гэрлэх, гэрлэх насны доод хязгаар болон гэрлэлтийг бүртгэх тухай НҮБ-ын 1964 оны Конвенц

3.Хүний эрхийн түгээмэл тунхаглал  НҮБ Ерөнхий ассамблей 1948 онд баталсан.

Улсын Дээд шүүхийн тайлбар, зөвлөмж:

1.Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар тогтоол.

2.Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмж.

3.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 10 дугар сарын 30-ны өдрийн 47 дугаар тогтоол.

4.Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 3-р дэд бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоол.

5.Гэр бүлийн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар  2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тойм

Гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд шүүх эдгээр хууль, олон улсын гэрээний зүйл, заалтыг ихэнх тохиолдолд хэрэглэдэг, хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах, шүүхийн практикийг судлахад Улсын Дээд шүүхийн дээрх тогтоол, зөвлөмжийг ашигладаг. Маргааны зүйл, хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан  бусад хууль, олон улсын гэрээг давхар баримталдаг байна.

ГЭРЛЭЛТ ЦУЦЛАСНААР ХҮҮХДИЙН ОРШИН СУУХ ГАЗРЫГ

ТОГТООХ АСУУДАЛ

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болдог. Мөн зүйлийн 14.6.-д зааснаар гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэдэг.

Хуульд хүүхдийг гэрлэлтээ цуцлуулж буй гэрлэгчдийн хэн нэгний “асрамжид” үлдээх талаар заасан боловч энэ нь асран хамгаалалт тогтоох Гэр бүлийн тухай хуулийн  8 дугаар бүлэгт заасан ажиллагаанаас ялгаатай болно.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар эцэг, эх нь  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх,  үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Шүүх гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийнх нь хэн нэгний асрамжид үлдээж, нөгөө талаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж буй нь эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хуваарилан хувааж буй асуудал биш юм. Гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэн алинд нь хэвээр хадгалагддаг болно.

Харин шүүх гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээж буй явдал нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож байна гэсэн үг юм.

Энэ утгаар хүүхдийн оршин суух, амьдрах газрыг тодорхойлохын тулд ямар нөхцөл байдал баримтаар тогтоогдсон байх учиртайг шүүхүүд онцгой анхаарах учиртай. Тухайн асуудлыг шийдвэрлэж буй шүүхийн практикийг судалж үзвэл хэргийн оролцогчид эсрэг талын талаарх сөрөг аливаа мэдээллийг цуглуулах, энэ тухай л нотлох баримтыг шүүхэд гаргаж өгснөөр хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэх нь түгээмэл байна. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч эрх зүйн маргааны эсрэг талд хүүхдийн асрамжийг хариуцуулж болохгүй гэх байдлыг нотолгооны гол зүйл болгодог байна.

Гэтэл эсрэг талын дутагдалтай тал маргааны нөгөө талд давуу байдал үүсгэх боломжтой боловч энэ нь хүүхэд эцэг, эхийн хэнтэй нь амьдрахыг тодорхойлох гол нөхцөл биш юм.  Эцэг, эхийн хэн нэг нь дутагдалтай байх нь нөгөөхийг нь дутагдалгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Нөгөө талаар хүүхэд нь гэр бүлийн эрх зүйн маргааны объект болж буй ч тухайн харилцааны бие даасан субъект учир тухайн маргааныг хянан шийдвэрлэх гол нөхцөл нь хүүхдийн өөрийнх нь эрх ашиг болно.

Бага насны болон насанд хүрээгүй хүүхэд гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрахыг тогтооход дараахь нөхцөл байдал баримтаар тогтоогдсон байх учиртай:

-хүүхэд эцэг, эх, ах, дүү, гэр бүлийн бусад гишүүдэд ээнэгшсэн дассан байдал

-хүүхдийн нас \хүүхэд насны онцлогоосоо шалтгаалан орчныг болон эцэг, эхийн хоорондын харилцааг зөв хүлээн авч, ойлгон ухамсарлах чадвар, бусдын халамж, үйлчилгээ шаардагдах онцлог\

-эцэг, эхийн ёс суртахууны болон хувийн шинж чанарууд

-хүүхэд болон эцэг, эхийн хооронд тогтсон харилцаа

-хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх боломж

-эцэг, эхийн оршин сууж буй газрын нөхцөл байдал

Дээрх нөхцлөөс шалтгаалан хүүхдийн асрамжийн асуудлаар маргаантай байгаа талууд ямар байдлыг нотлох, нотолгооны зүйл юу болох, мэтгэлцээ ямар агуулгаар явагдах учиртайг шүүх талуудад тайлбарлан таниулсан байх учиртай. Шүүх талуудын мэтгэлцээнийг ямар чиглэлээр явуулахыг удирдахгүй, хэргийн оролцогчдод анхааруулахгүй байгаагаас шалтгаалан шүүхийн нотолгооны ажиллагаа хоорондоо эв тунжингүй болсон эр, эмийн хэрүүл, маргаанд хөтлөгдөх, хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх үндэслэл муутай шийдвэрлэхийн үндэслэл болж байна.

Хүүхдийг өөрийн асрамжид үлдээх шаардлага гаргаж буй нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь дараах байдлыг нотолсон байвал зохино:

-Хүүхэд өөрт нь илүү дассан байдлыг.

-Мөн нэхэмжлэгч \хариуцагч\ нөгөө талтай буюу эцэг \эх\-тэй нь, гэр бүлийн бусад гишүүдтэй харьцах боломжоор хангаж чадахаа. Үүнтэй холбоотойгоор маргааны нөгөө тал  ийм боломж, чадвар дутмагийг.

-Хүүхдийг хүмүүжүүлэх боломжтой бөгөөд чадвартай болохоо.

-Өөрийн ёс суртахууны болон хувийн шинж чанар. Энд хувийн зан чанарыг тодорхойлох байдал, боловсролын түвшин, ажил эрхлэлт, ажилгүй бол шалтгаан зэрэг нь орно. Эдгээр шинж чанар нь маргааны нөгөө талынхаас илүү болохыг.

-Хүүхэд болон эцэг \эх\-ийн хооронд сайн харилцаа тогтсон болохыг. Нэхэмжлэгч \хариуцагч\ хүүхдийн ашиг сонирхлыг хүндэтгэж, харгалзан үздэг, хүүхэдтэй харилцан ойлголцсон харилцаатай болохыг

-Нэхэмжлэгч \хариуцагч\ хүүхдийн хүмүүжих, хөгжихөд зайлшгүй шаардлагатай  нөхцлийг хангах боломжтой болохоо. Энд орон байрны хангамж, цалин орлого, хүүхдийн хэрэглээний эд хөрөнгө, тавилга зэргээс гадна нэхэмжлэгч \хариуцагч\-ийн ажлын онцлог хөдөлмөрийн ердийн нөхцлөөс хэтэрдэггүй, ажлын цаг хэвийн цагаас илүүгүй байх зэрэг нөхцөл хамаарна. Мөн нэхэмжлэгч \хариуцагч\ нь хүүхдийг сургууль болон цэцэрлэгт нь явах, боловсрол олох нөхцлийг хангах боломж, хүүхдийн ёс суртахууны болон биеийн хөгжилд цаг зав гаргах боломж, нэхэмжлэгч \хариуцагч\ өөр гэр бүл, хүүхэдтэй эсэх, нэг ам бүлд олон хүн амьдардаг эсэх зэрэг байдлуудыг хамааруулж болно.

-Нэхэмжлэгч \хариуцагч\-ийн оршин суудаг газрын гадаад орчин, нөхцөл. Эцэг \эх\ийн оршин байгаа газрын гэмт хэрэг гаралтын болон экологийн аюулгүй байдлын түвшин, орон байрны тохижилт, ахуйн нөхцөл, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээнд ойр дөт байршил зэрэг нь хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх боломжийг бүрдүүлэх нөхцөл болох.

Дээрх нөхцөл байдлууд нь гэрлэлтээ цуцлуулж буй эцэг, эхийн хэнийх нь асрамжид хүүхдийг үлдээх асуудлыг хянан шийдвэрлэхэд наад захын нотлогдсон байх учиртай. Үүнээс гадна тухай маргааны онцлогтой холбоотойгоор өөр бусад байдал нотлогооны зүйл болно.

ГЭРЛЭГЧДИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ХУВААХАД ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД НОГДОХ ХУВИЙГ ТОДОРХОЙЛОХ

Гэрлэлт цуцлуулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж буй талууд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваалгах, энэ эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг нөгөө талаас  гаргуулах шаардлага гаргадаг.

1.Гэр бүлийн тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1.-д зааснаар Гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулдаг ба Иргэний хуулийн өмчийн харилцааг зохицуулсан Арван хоёрдугаар бүлгийн  гуравдугаар дэд бүлэг гэр бүлийн хөрөнгийн эрхийг тусгажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., 3.1.2.-т зааснаар "гэрлэлт" гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, "гэр бүл" гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлдэг учир Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд тусгагдсан гэр бүлийн хөрөнгийн эрхийн харилцаа нь гэрлэлттэй шууд  холбоотой, гэрлэлтээс үүссэн байдаг.

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.-д зааснаар гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрддэг бөгөөд мөн хуулийн 126.1.-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болдог.

Энэ утгаар аливаа дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрх зүйн үндэслэл болох Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д заасан “хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд  хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэх зохицуулалтын “хуульд зааснаар” гэдэг нь гэрлэлтийн үндсэн дээр үүссэн гэр бүлийн дундын өмчлөлийн эрхэд хамаардаг, харин гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагчийн дундын өмчлөлийн эрх Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамаардаггүй,  “хэлцлийн үндсэн дээр” үүсдэг байна.

Харин Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.2.-т зааснаар гэрлэгчдийн хөрөнгийн эрхийн зарим харилцааг гэрээгээр зохицуулж болдог, мөн гэрлэгчид хуваарьт болон дундын өмчлөлийн хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр өөрчилж болдгийн адил гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагчид нь дундын өмчлөлийн хөрөнгийн асуудлыг Иргэний хуулийн бусад зохицуулалтаар, өөр хуулийн үндэслэлээр үүсгэх боломжтой.

Гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж буй шүүх эд хөрөнгийн маргаан ямар харилцаанаас үүссэн болохыг зайлшгүй тодорхойлох учиртай. Гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагчдын дундын өмчийн талаарх маргаанд Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлийн зохицуулалт ямар ч тохиолдолд хамаарахгүй болохыг анхаарах нь чухал.  Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан хуулийг төсөөтэй хэрэглэх зарчим энд үйлчлэхгүй болно.

Учир нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ” гэж заасан ба Иргэний хуулийн 108 дугаар зүйлд хамтран амьдрагчдын дундын эд хөрөнгийн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байгаа болно. Нөгөө талаар, Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн  4.3.-т “тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж  үл болно” гэж заасан тул гэрлэлтээс үүссэн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг гэрлэлтээ бүртгүүлээгүй буюу гэрлэлт үүсээгүй харилцаанд Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэж болохгүй юм.

2.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д зааснаар өмчлөгч нь бусад  этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

Өмчлөх эрх нь эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээс бүрддэг.

“Эзэмших” гэдэгт  хөрөнгийг “өөрийн мэдэлд байлгах”, “ашиглах” гэдэгт “хэрэглэх, ашигтай шинж чанарыг нь авах”, “захиран зарцуулах” гэдэгт “эрх зүйн үр дагавар бүхий үйлдлээр эрхийг өөрчлөх” боломж болон чадварыг ойлгоно.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болдог. Энэхүү тодорхойлолтоос дараах байдлыг анхаарах шаардлагатай:

-Гэр бүлийн дундын өмчлөл зөвхөн гэрлэлтийн үндсэн дээр үүсдэг

-Гэрлэгчид нь хамтран амьдрах зорилгоор гэрлэлтээ бүртгүүлдэг тул “хамтран амьдарсан хугацаанд” гэх ойлголт нь гэр бүлийн дундын өмчлөлийг тодорхойлох шинж мөн боловч гэрлэлтгүйгээр дангаар гэр бүлийн дундын өмчлөлийг үүсгэдэггүй учир гэрлэлтийг үгүйсгэх, орлох үндэслэл болохгүй. Энэ утгаар  гэрлэлт цуцлах, гэр бүлийн дундын өмчлөлийн маргааныг хянан шийдвэрлэхэд шүүх гэрлэгчдийн хамтран амьдарсан хугацааг харгалзан үзэхээс бус гэрлэлтээ бүртгүүлсэн боловч хамтран амьдраагүй, эсхүл хамтран амьдарсан хугацаа бага бол эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлийнх биш гэж үзэх, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваах зарчмыг баримтлахгүй байх үндэслэлгүй.

-Гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө гэрлэснээс хойш бий болсон байна. Хөрөнгө нь гэрлэхээс өмнө бий болсон боловч түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх гэрлэснээс хойш үүссэн байх боломжтой учир шүүх тухайн хөрөнгийг ямар тохиолдолд гэрлэгчдийн хуваарьт, эсхүл гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэхийг эрх зүйн үүднээс үндэслэлтэй дүгнэх шаардлагатай.

-Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж зааснаас “гэр бүлийн гишүүн” гэх ойлголтыг зөв тодорхойлох учиртай. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т "гэр бүлийн гишүүн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлжээ. Гэрлэгчдийн ам бүлд түр хугацаагаар багтан амьдарч байгаа төрөл, садангийн хүн, нэг ам бүлээр хамтран амьдардаг өөр өөр гэр бүлийн гишүүдийг зааглан ялгах шаардлагатай. 

3.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах хөрөнгийг заажээ. Эдгээрт:

-гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө;

-гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө;

-ногдол хувь, үнэт цаас;

-гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө;

-гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал тус тус хамаардаг.

Дээрхээс гадна мөн зүйлийн 126.3.-т зааснаар гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болдог байна. Мөн зүйлийн 126.4.-т зааснаар гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн  хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ.

Гэрлэгчид нь дээрх зохицуулалтын дагуу хөрөнгийг дундын өмчлөлийнх мөн болохыг тогтоолгохоор бие биендээ шаардлага гаргах эрхтэйгээс гадна энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Харин гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө, мөнгөн хуримтлалыг дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлэхийг шаардаж болохгүй юм. Гагцхүү ийнхүү шилжүүлсэн эсэх талаар маргаан үүсвэл шүүх тухай хөрөнгийг хуваарьт эсхүл дундын өмчлөлийнх болохыг нь тогтооно.

Иргэний хуулийн дээрх эрх зүйн хэм хэмжээ нь гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг зохицуулдаг тул тухайн  зохицуулалтыг гэр бүлийн гишүүн бус гуравдагч этгээдэд холбогдуулан гаргасан шаардлагын эрх зүйн үндэслэл болохгүй юм.

Энэ утгаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө дундын өмчлөл байх зохицуулалтын дагуу эхнэр, нөхөр нь бие биендээ өмчлөх эрхийн талаар шаардлага гаргах эрхийг үүсгэнэ. Тухайлбал, орон сууц болон бусад үл хөдлөх эд хөрөнгө нь хэн нэгний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бол гэр бүлийн гишүүд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг шаардах эрхтэй.

Харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд тусгагдсан өмчлөгчийн талаарх бүртгэл аливаа гуравдагч этгээдэд чиглэгдсэн байдаг тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д заасан ”эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэх зохицуулалтыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4.-т заасан “гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн  хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ” гэх зохицуулалт үгүйсгэхгүй юм. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч буй этгээд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдээс өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг шалгах үүрэггүй тул үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж буй этгээд тухайн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрх бүхий гэр бүлийн гишүүнийг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй, түүнд хэлцлийн талаар мэдэгдээгүй байх эс үйлдэхүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах үндэслэлгүй болно.

Дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох эсэхийг шүүх тухайн хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу хянан шийдвэрлэх боловч дээрх зарчмын асуудлыг анхаарах учиртай.

Шүүх тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн эсэхээс үл хамааран эрх нь зөрчигдсөн гэрлэгч, гэр бүлийн гишүүн нь Иргэний хуулийн 128.4.-т зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулахаар гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.

4.Гэрлэлт цуцлах, гэр бүлийн дундын өмчлөлийн маргааныг хянан шийдвэрлэхэд шүүх гэр бүлийн гишүүнд ногдох хэмжээг тодорхойлох шаардлагатай болдог.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлох үндэслэл, журмыг заасан байна.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох тохиолдлуудыг заажээ. Үүнд:

-гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргасан;

-гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт эд хөрөнгө хүрэлцээгүй;

-гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр гаргуулсан;

-гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн тохиолдлууд орсон байна.

Дээрх үндэслэлд гэрлэлт цуцлах тохиолдол тусгагдаагүй байгааг шүүх анхаарах учиртай.

“Гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах” гэдгийг гэрлэлт цуцлах тохиолдолд хамааруулах үндэслэлгүй юм. Гэрлэлтийг  цуцлах тухай шүүхийн шийдвэр гарснаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8.-д зааснаар тухайн гэр бүлийн харилцаа дуусгавар болдог болохоос бус эхнэр, нөхрийн хэн нэг нь гэр бүлээсээ гарч, гэр бүл хэвээр үлддэг гэж үзэхгүй.

Гэрлэлт цуцлах тохиолдолд гэр бүлийн гишүүдэд ногдох хөрөнгийг тодорхойлох асуудал Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т тусгагдсан байна. Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болдог.

Хуульд “өөрөөр” гэж заасныг юунаас өөр болохыг тодорхойлохын тулд  Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан “гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэсэн зарчмыг анхаарна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан 4 үндэслэлээр гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс нэг гишүүнд ногдох хэсгийг тогтооход гэр бүлийн нийт гишүүдэд адил тэнцүү хувааж тооцох  шаардлагатай бол Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан үндэслэлээр буюу гэрлэлт цуцлах үед гэрлэгчдэд ногдох хэсгийг тэдгээрийн хооронд адил тэнцүү хувааж тооцох бөгөөд харин  хэн алины эрүүл мэндийн болон хүүхэд хэнтэй нь амьдрах байдлыг шүүх харгалзан үзэж, аль нэг талд илүү хэмжээгээр ногдох хувийг тогтоож болох байна.

Харин гэрлэлтээ цуцлуулж буй гэрлэгчдийн хүүхэд эцэг, эхийнхээ хөрөнгөөс тэдгээрийн адил тэнцүү хувааж авах эрхгүй бөгөөд шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд хүүхдийн эрх ашгийг харгалзан үзэх л үүрэгтэй болохоос бус гэрлэгчдийн эд хөрөнгийг хүүхдүүдэд нь тэнцүү хуваадаг нь эрх зүйн хувьд алдаатай болно.

Хүүхэд тодорхой эд хөрөнгийн хамтран өмчлөгч мөн тохиолдолд гэрлэгчдэд ногдох хувийг тогтооход тооцоо өөрөөр хийгдэх боломжтой боловч шүүх тухайн эд хөрөнгийг бүхэлд нь хамтран өмчлөх хүүхдийн эрхийг эцэг, эхийнх нь гэрлэлтийг цуцласнаар үгүйсгэж болохгүй юм. Эцэг, эхийн гэрлэлтийг цуцлах үед шүүх хүүхдэд ногдох хэсгийг түүнтэй цаашид амьдрах талд гаргуулснаар хүүхдийн эрхийг хамгаалж, харгалзан үзэж байгаа гэж харагдах боловч хүүхдийн эд хөрөнгө өмчлөх эрх хязгаарлагдаж буй эсэхийг анхаарах учиртай.

Харин хүүхдийн эзэмшил, ашиглалтад тухайлан олгогдсон эд хөрөнгө \хувийн хэрэглээний зүйл, тавилга, утас, компьютер зэрэг\ эд хөрөнгийг гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хуваах, энэ хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах үндэслэлгүй болно. Энэ эд хөрөнгө хүүхдийн ханаа амьдрахаас шалтгаалан гэрлэгчдийн аль нэгний эзэмшилд очих боловч уг эд хөрөнгө гэрлэгчдийн бусад эд хөрөнгийг хуваах тооцоонд орохгүй юм.

5.Гэрлэлтээ цуцлуулж буй гэрлэгчдийн эд хөрөнгийн маргаанд тэдгээрийн бусдад төлөх төлбөр, өрийн асуудал тавигддаг. Өр нь эд хөрөнгийн эрх зүйн үр дагавартай тул хуваагдах хөрөнгөд хамаарна.

Өрийг гэрлэгчдийн хэн хариуцах, улмаар өрөөр буюу гуравдагч этгээдийн шаардах эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийг хэрхэн хуваарилах асуудал гэр бүлийн холбогдолтой эд хөрөнгийн маргааныг хянан шийдвэрлэхэд хүндрэл учруулдаг. Шүүх тухайн асуудлыг хянан шийдвэрлэхэд тухайн хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн өөр өөр шийдвэр гаргах боломжтой боловч дараахь зарчмыг зайлшгүй баримтлах учиртай:

-өр нь аливаа бусад хөрөнгийн адил гэрлэгчдийн хооронд тэнцүү хуваагдах

-гэрлэгчид хоорондоо өрийг хуваах нь гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргийг үгүйсгэхгүй

-өрийг хүүхэд хариуцахгүй

-барьцааны эрх нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслийн хувьд үүрэг болон үүрэг гүйцэтгэгчтэй холбоотой боловч эд юмсын эрх зүйн ойлголтын хувьд эд хөрөнгөөс салахгүй тул барьцааны зүйл хэний эзэмшилд байхаас үл хамааран хэрэгжих боломжтой.

Гэрлэлт цуцлуулах эрх зүйн маргаанд гэрлэгчдийн хэн нэгнээс, эсхүл хоёулангаас авлагатай этгээд гуравдагч этгээдээр оролцох тохиолдол шүүхийн практикт гарч байна. Гэрээний харилцаагаар холбогдсон этгээд гэрлэгчдийн гэрлэлт цуцлах, эд хөрөнгөө хуваах эрх зүйн маргаанд оролцох хууль зүйн үндэслэлгүй болно. Гэрээгээр үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлогдсон этгээд гэрлэлтээ цуцлуулсан байх нь гэрээний үүрэгт хамааралгүй болно. Өрийг хувааж төлөх гэрлэгчдийн хоорондын тооцоо үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргийг ямар нэг байдлаар үгүйсгэхгүй юм. Гэрээний үүргийн биелэлтийг хангах эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдөх нь хүчин төгөлдөр барьцааны эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Гэрлэгчдэд дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хувийг тодорхойлохдоо хүүхдийг оролцуулдаг нь өрийг хуваах тооцоонд хүүхдийг оруулах алдаанд хүргэдэг гэж үзэхээр байна. Хүүхэд гэрлэлтээ цуцлаж буй эцэг, эхийнхээ эд хөрөнгийг адил тэнцүү хуваах этгээд бишээс гадна тэдний бусдад төлөх өрийг  хуваан хариуцах үүрэггүй болно. Харин шүүх шаардлагатай гэж үзвэл гэрлэгчдийн хэн нь хүүхэдтэй амьдрахыг харгалзан түүнд ногдох хувийг багаар тогтоох боломжтой юм.     

                                   ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ