2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр                Дугаар 15                       Улаанбаатар хот

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ
АРИЛГАХ ТАЛААРХ ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ БОЛОН 
ИРГЭНИЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ЭРҮҮ, 
ИРГЭНИЙ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг арилгах тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 15 дугаар бүлэг, Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааны зохицуулалтыг эрүүгийн болон иргэний шүүн таслах ажиллагаанд нэг мөр ойлгож, шүүхийн практикт зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.-д заасныг тус тус удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийн талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн (цаашид хуулийн гэх) 115 дугаар зүйлд заасан нийтлэг үндэслэлийг дараах байдлаар тайлбарласугай.

1.1.Энэ зүйлийн 115.1.-д заасан “эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол”гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно.

Мөн хэсэгт заасан “эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд” гэж гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч биш боловч хуульд заасан үндэслэлээр тэдгээрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий, иргэний нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдсан этгээдийг хэлнэ.

Энэ заалтын “уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэдэгт хуулийн энэ бүлэгт зааснаар эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хуулийн 291-293 дугаар зүйлд зааснаар шийтгэх болон цагаатгах тогтоолоор хянан шийдвэрлэхийг ойлгоно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран зөвхөн хуульд заасан тохиолдолд эрүүгийн хэргээс тусдаа буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянан шийдвэрлэнэ.

Харин гэмт хэргээс улбаатай боловч тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй.

1.2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тухай Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн заалт энэ зүйлийн 115.2.-т зааснаар эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлээс гадна хуулийн 122 дугаар зүйлийн 122.4.-т зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан нэхэмжлэлд мөн хамаарна.

Гэхдээ шүүхийн цагаатгах тогтоолоор иргэний нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхисон, эсхүл эрүүгийн хэргийг прокурор, шүүх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бол иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай гэж үзэхгүй бөгөөд улмаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй.

Харин эрүүгийн хэргийг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2.-24.1.6.-д  зааснаар хэрэгсэхгүй болгосон, гэмт хэрэг үйлдсэн этгээд Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялаас өршөөгдсөн бол хохирол арилгуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

 

1.3.Мөн зүйлийн 115.3.-т “эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн  дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэсэн зарчмаас үүдэлтэй тул гэм буруугийн асуудал эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.-т зааснаар иргэний журмаар хянан шийдвэрлэж болохгүй.

Харин сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шууд шалтгаалаагүй бусад хохирлын асуудлыг шийдвэрлэхэд дээрх зохицуулалт хамаарахгүй.  

2.Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргах тухай заасан хуулийн 116 дугаар зүйлийн зарим заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.

2.1. Энэ зүйлийн “шүүхийн хэлэлцүүлэг хүртэлх шат” гэдгийг хуулийн                261 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг шинжлэж эхлэх үе хүртэл гэж ойлгоно.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед иргэний нэхэмжлэгчээр оролцвол зохих этгээдийг оролцуулаагүй, түүний нэхэмжлэлийг хүлээн аваагүй байх нь хэргийг хэрэг бүртгэлт, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, ийнхүү иргэний нэхэмжлэгч байцаан шийтгэх ажиллагаанд оролцоогүй, эсхүл иргэний нэхэмжлэл гаргаагүй нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын ажиллагаатай холбоогүй бол гэмт хэргээс учирсан хохирлыг эрүүгийн хэргээс тусдаа иргэний журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тус тус болно.

2.2.Мөн зүйлийн 116.2.-т “иргэний нэхэмжлэл гаргаагүй” гэдэгт эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргах боломжтойг мэдэж байсан этгээд уг эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан, эсхүл тодорхой шалтгаанаар нэхэмжлэл гаргах боломжгүй байсан зэргийг хамааруулна.

Энэ заалтын “нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон” гэдэгт шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйн улмаас түүнийг шүүхийн тогтоолоор цагаатгасан тохиолдол хамаарах боловч  эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлтэй холбоотой тооцоог бүрэн хийх боломжгүй байх үед хэрхэх талаар заасан хуулийн 122 дугаар зүйлийн 122.3.-т заасан нөхцөл бүрдвэл иргэний журмаар хянан шийдвэрлүүлэхээр дахин нэхэмжлэл гаргахын тулд эрүүгийн хэрэгт нэгэнт гаргасан нэхэмжлэлийгхуулийн 292 дугаар зүйлийн 292.2.-т зааснаар шүүх хэлэлцэхгүй орхисон байвал зохино.

Хуулийн 122 дугаар зүйлийн 122.3.-т “нэхэмжлэлээ иргэний журмаар гаргахыг нэхэмжлэгчид мэдэгдэнэ” гэж заасан тул хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3.-т“шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэсний дагуу иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах нэхэмжлэгчийн эрхийг тогтоолд зааснаар уг эрхийг хангах асуудал эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжсэнийг тогтоож буй явдал гэж ойлгоно.

 

3.Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай хуулийн 117 дугаар зүйлийн зарим заалт, иргэний нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, эрх, үүргийг тодорхойлсон зарим зүйл, заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

 

3.1.Энэ зүйлийн 117.1.-д заасан “иргэний нэхэмжлэл гаргах эрх” нь эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эсэхийг өөрөө шийдвэрлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд үндэслэгддэг тул хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хэнийг ч нэхэмжлэл гаргуулахаар албадах ёсгүй.

3.2.Мөн зүйлийн 117.2.-т заасан “энэ хуульд заасан эрх, үүрэг” гэдэгт хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-т заасан эрх, 43.4.-т заасан үүрэг багтах ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг хамаарахгүй болно. Эдгээр эрх, үүргийг шүүх хуралдаан даргалагч хуулийн 260 дугаар зүйлийн 260.1.-д зааснаар шүүх хуралдаан дээр тайлбарлаж өгнө.

Эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцож буй этгээд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон бол тэрээр энэ хуульд заасан хохирогчийн эрхийг давхар эдэлж, үүрэг хүлээнэ.

3.2.1.Хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1.-д зааснаар иргэний нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж болохгүйн зэрэгцээ мөн зүйлийн  43.4.-т зааснаар иргэний нэхэмжлэгч нь дээрх баримт сэлтийг гаргаж өгөх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй болно.

3.2.2.Хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4.-т заасан “нэхэмжлэлээ дэмжих, татгалзах”эрхээ иргэний нэхэмжлэгч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед хэрэгжүүлэх боломжтой ба нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах нь мөн энэ эрхэд хамаарна.

3.2.3.Иргэний нэхэмжлэгч хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3.-т заасан “шүүх хуралдаанд оролцох” эрхээ эдлэхгүйгээр, түүний оролцоогүйгээр эрүүгийн хэргийг хэлэлцэх тухай хүсэлт гаргасан, эсхүл энэ тухай хүсэлт гаргаагүй боловч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй аль ч тохиолдолд хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1.-д зааснаар шүүх хэргийг хэлэлцэх, энэ хэрэгт гарсан иргэний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрхтэй. Дээрх тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т заасан зохицуулалт хамаарахгүй.

3.2.4.Хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.7.-д заасан “…шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах” иргэний нэхэмжлэгчийн эрх нь мөн зүйлийн 43.3.8.-д заасан “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах”-аас гадна хуулийн 113 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан гомдлыг хянан шийдвэрлүүлэх хэлбэрээр хэрэгжинэ.

Иргэний нэхэмжлэгч хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8., 342 дугаар зүйлийн 342.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй боловч хуулийн                   113 дугаар зүйлийн 113.1.-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байна.

4.Иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзах талаар заасан хуулийн                  118 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

4.1.Энэ зүйлийн 118.1.-д “энэ хуулийн 117 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй бол” гэдэгт гэмт хэрэг гараагүй буюу гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд хохирол учраагүй, эсхүл хохирол учраагүй этгээд шаардлага гаргасан байхыг хамааруулан ойлгоно.

Мөн заалтын “үндэслэл бүхий шийдвэр гарган татгалзаж болно” гэсний дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор тогтоол гаргаж, уг тогтоолд иргэн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас болон иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос тус тус татгалзах, эсхүл иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзах шийдвэрийг гаргаж, ийнхүү шийдвэрлэх болсон хууль зүйн үндэслэл ба хэргийн байдал, учир шалтгааныг тодорхой заана.

Энэ заалтын “гомдол гаргах журам” гэдэгт хуулийн 106-114 дугаар зүйлд заасан зохицуулалтууд хамаарна.

4.2.Мөн зүйлийн 118.2.-т “шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх шатанд … нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзсан тогтоол гарсан боловч тухайн иргэн, хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэл, эсхүл нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлтийн аль нэгийг гаргасан бол уг тогтоолд гомдол гаргаж байсан эсэхээс үл хамааран шүүх нэхэмжлэл, хүсэлтийг хянан үзэж, хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хүсэлтийг хэрэгсэхгүй болгох шийдвэрүүдийн аль нэгийг гаргана. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолыг  бус харин энэ зүйлийн 118.1.-д заасан хууль зүйн үндэслэл болон хэргийн байдал, учир шалтгааныг тодорхой заана.

Нөгөө талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед гарсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзах тухай тогтоолууд нь иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-т заасан үндэслэлд хамаарахгүй тул  шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй.

5.Эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татах ажиллагааг заасан хуулийн            119 дүгээр зүйлийн болон иргэний хариуцагчийн эрх зүйн байдал, эрх, үүргийг тодорхойлсон зарим зүйлийн заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.

5.1.“Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд” гэж  хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д зааснаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хуулийн дагуу хариуцвал зохих хуулийн этгээдийг хэлнэ.

Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн боловч Иргэний хуулийн 16 дугаар зүйлд заасан эрх зүйн бүрэн бус чадамжтай 14-18 хүртэлх насны яллагдагчийн бусдад учруулсан хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эх, харгалзан дэмжигч Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5., 503.6.-д заасан үндэслэл, журмын дагуу хариуцан арилгана.

Насанд хүрээгүй яллагдагч сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон тохиолдолд түүний үйлдлийн улмаас учирсан хохирлыг асран хамгаалагч нь Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.3.-т зааснаар хариуцна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3., 499.4., 500 дугаар зүйлийн 500.1., 501 дүгээр зүйлийн 501.1., 502 дугаар зүйлийн 502.1., 512 дугаар зүйлийн 512.1.-д заасан иргэн, хуулийн этгээд хамаарна.

 

5.2.Эрүүгийн хэргийн иргэний хариуцагч хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-т заасан эрх эдэлж, хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т заасан тусгай үүргээс гадна эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийн нийтлэг үүргийг хүлээнэ.

Гэм буруугүй болохоо нотолсноор хариуцлагаас чөлөөлөгдөх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т заасан зохицуулалт зөвхөн хуульд заасан тохиолдолд эрүүгийн хэргийн иргэний хариуцагчид хамаарна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан иргэний хариуцагч өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Иргэний хариуцагч уг нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт гаргахгүйн зэрэгцээ иргэний нэхэмжлэлийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй.

5.3.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг яллагдагчаас өөр хүн хариуцахгүй тохиолдолд яллагдагчийг иргэний хариуцагчаар тусгайлан татах шаардлагагүй.

6.Хохирлын хэмжээ, түүнийг арилгах арга, үндэслэл, нөхцлийг тогтоосон журмын талаарх хуулийн 120 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

6.1.Энэ зүйлийн 120.1.-д заасан “хохирлын хэмжээ” гэдэгт Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1.-д зааснаар эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг хамааруулна.

6.1.1.Эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тодорхойлоход Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2.-т зааснаар хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтооно.

6.1.2.Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэм буруутай этгээд эд хөрөнгийн хохирол арилгасан эсэхээс үл хамааран мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах эдийн бус гэм хорын хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2.-т зааснаар мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан тодорхойлно.

6.1.3.Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд зааснаар хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогын хэмжээгээр хохирлыг нөхөн төлнө. Олох байсан орлогын хэмжээг авах байсан цалин, орлого, авсан тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүгээр тооцох тул хөдөлмөрийн чадвар алдсан этгээдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ ихсэх, багасах тохиолдолд гэм хор учруулсны төлбөр Иргэний хуулийн 507 дугаар зүйлд зааснаар өөрчлөгдөнө.

6.1.4.Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3.-т зааснаар тогтооно.

6.1.5.Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2.-т зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эд хөрөнгийн байдал хохирлын хэмжээг тогтооход харгалзах үндэслэл болохгүй.

Харин мөн зүйлийн 514.1.-д зааснаар гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол хариуцах гэм хорын хэмжээг тогтооход уг нөхцөл байдлыг харгалзан үзэж болно.

6.2.Мөн заалтын “хохирлыг арилгах арга” гэдэгт гэмт хэргийн улмаас гэм хор учруулснаар бусдын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх зөрчигдөж байгаа тул уг эрхийг өмнөх байдалд сэргээх, эсхүл мөнгөөр нөхөн төлөхийг хамааруулан ойлгоно.

6.2.1.Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг тухайн эд хөрөнгийг бүрэн бүтэн буцаан өгөх, эсхүл Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах, мөнгөөр учирсан хохирлыг нөхөн төлөх зэрэг аргаар арилгана.

6.2.2.Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан бол Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3.- 228.6., 505, 506 дугаар зүйлд заасан арга хэлбэрээр хохирлыг барагдуулна.

 

6.2.3.Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол учирсан хохирлыг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлүүдэд заасан арга, хэлбэрээр арилгана.

6.2.4.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2.-т эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр заасан ба хүний амь нас, бие эрхтэн, өвчин, зовиур шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй нөхцөлд мөнгөөр нөхөн төлүүлж болохгүй.

Иргэний хуулийн 21, 511 дүгээр зүйлд заасан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгана.

 

6.3.Энэ заалтын “хохирол арилгах үндэслэл, нөхцөл” гэдэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах зөвхөн хуульд заасан, эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан, хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцсэн, эрх бүхий байгууллагын хууль ёсны үйл ажиллагаагаар баталгаажсан үндэслэл, нөхцлийг ойлгоно.

6.3.1.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах асуудал эрүүгийн эсхүл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянан хэлэлцэгдэж байгаагаас үл хамааран шүүх хохирлын хэмжээ, түүнийг арилгах арга, хэлбэрийн талаар хуульд заасан журмыг нэг мөр хэрэглэж байвал зохино.

Хохирлын асуудал шүүн таслах өөр ажиллагаагаар хэлэлцэгдэж буй явдал нь зөрчигдсөн эрхийг хамгаалах хэмжээ, хэлбэрт нөлөөлөх үндэслэл болохгүй.

6.3.2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан холбогдох зүйл, заалтыг баримтална.

Харин иргэний эрх зүйн хэлцлийг эрүүгийн гэмт хэрэг үйлдэх хэлбэр болгосон бол шүүх тухайн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсхүл 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох асуудлыг шийдвэрлэнэ. Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд шүүх үр дагаварыг арилгах асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцааг зохицуулсан зүйл, заалтыг баримтална.

6.4.Энэ зүйлийн 120.2.-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэхэд олон улсын гэрээний хэм хэмжээ хэрэглэх шаардлагатай бол “Монгол Улсын олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай” Улсын Дээд шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг мөрдлөг болгоно.

7.Хуулийн 121 дүгээр зүйлийн 121.5.-д заасан нөхцөл бүрдээгүй буюу нэхэмжлэлээс татгалзаж буй явдал бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй тохиолдолд мөн зүйлийн 121.4.-т зааснаар “хүсэлтийг шүүх хангана”. Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар татгалзлыг баталж, иргэний холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ тухай тогтоолд заана.

Хэрэв нэхэмжлэлээс татгалзсан явдал үндэслэлгүй бол шүүх энэ зүйлийн 121.5.-д зааснаар “үндэслэл бүхий шийдвэр” буюу татгалзлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй шалтгааныг тодорхой заасан тогтоол, захирамж гаргана.

8.Хуулийн 122 дугаар зүйлийн 122.1.-д заасан “нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзах” гэснийг энэ хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1., 291.2.1.-д зааснаар “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэж ойлгоно.

9.Хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасан “нэхэмжлэлийг хангах арга хэмжээ”авахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69, 70 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг баримтлана.

10.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” Улсын Дээд шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын             19-ний өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.БАТСАЙХАН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ц.АМАРСАЙХАН