2017 оны 05 сарын 01

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний

хэргийн шүүх хуралдаанаар 2017 оны 1 дүгээр улиралд

хянагдсан хэргийн тойм

2017.04.12

Иргэний хэргийн танхим 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 503 иргэний хэрэг хүлээн авснаас, хяналтын журмаар гомдол гаргасан 474, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах 24, харьяалал тогтоолгох 5 хэрэг байна.   

Хяналтын журмаар гомдол гаргасан 474, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах 24, нийт 498 хэргээс 13 хэргийг хэлэлцэхээс татгалзаж, 349 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцжээ.

Өмнөх оны мөн үед нийт 500 иргэний хэрэг хүлээн авснаас, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан 71, хяналтын журмаар гомдол гаргасан 408, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах 19, харьяалал тогтоолгох 2 хэрэг байжээ. Үүнээс хяналтын журмаар гомдол гаргасан 408, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах 19, нийт 427 хэргээс 305 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн байна.

2016, 2017 оны 1 дүгээр улиралд хүлээн авсан болон шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийг авч үзвэл:

Хүснэгт-1

Утга

2016 он

/1-р улирал/

2017 он

/1-р улирал/

Зөрүү

Хэрэг

Хэрэг

Хэрэг

Хувь

1

Нийт хүлээн авсан хэрэг:

500

503

+3

+0.6

Ерөнхий шүүгчид гомдол гаргасан хэрэг

71

-

-

-

Хяналтын журмаар гомдол гаргасан хэрэг

408

474

+66

+16.1

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлттэй хэрэг

19

24

+5

+26.3

Харьяалал тогтоолгох

2

5

+

+150

2

Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн бүгд:

305

349

+44

+14.4

Хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг

290

336

+46

+15.8

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг шийдвэрлэсэн хэрэг

15

13

-2

-13.3

 

Дээрх 349 хэргээс 336-ыг нь хяналтын шатны журмаар, 13-ыг нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянасан бөгөөд шийдвэрлэсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өссөн байна.

2017 оны 1 дүгээр улиралд Иргэний хэргийн танхим хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн 336 хэргийн 51.5 хувь буюу 173 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээн, гомдлыг хангахгүй орхисон, 19 хувь буюу 64 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулсан, 12.2 хувь буюу 41 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилсөн, 5.7 хувь буюу 19 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгосон, 11.6 хувь буюу 39 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд тус тус буцаажээ.

Хүснэгт-2

 

 

      Шийдвэрлэсэн байдал

        2016

/1-р улирал

      2017

/1-р улирал/

     Зөрүү

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

1

Шийдвэр, магадлал хэвээр

154

53.1

173

51.5

+19

-1.6

2

Шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт

63

21.7

64

19

+1

-2.7

3

Шийдвэр, магадлал, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилсөн

29

10

41

12.2

+12

+2.2

4

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон

12

4.1

19

5.7

+7

+1.6

5

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан

32

11

39

11.6

+7

+0.6

Нийт

290

100

336

100

+46

+15.8

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 336 хэргээс 173 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдэж өмнөх оны мөн үеэс 19 хэргийн өсөлттэй боловч эзлэх хувь 1.6 хувиар буурсан, өөрчлөлт оруулсан хэрэг 12 хэргийн өсөлттэй боловч 2.7 хувиар буурч, харин нийт хүчингүй болгож шийдвэрлэсэн хэрэг 26 хэргээр буюу 4.4 хувиар өссөн байгаагаас харахад анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлалын тогтвортой байдалд анхаарах шаардлагатай байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 336 хэргийн 71.1 хувь буюу 239 нь нийслэлийн, 28.8 хувь буюу 97 нь орон нутгийн шүүхийн шийдвэр, магадлалтай хэрэг байна. Орон нутгийн шүүхээс ирсэн хэргийг авч үзвэл Дархан-Уул аймгийн шүүхийн 21, Орхон аймгийн шүүхийн 15, Хөвсгөл аймгийн шүүхийн 10, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн шүүхийн тус бүр 8, Ховд аймгийн шүүхийн 7, Дорноговь аймгийн шүүхийн 5, Сүхбаатар, Увс аймгийн шүүхийн тус бүр 4, Төв аймгийн шүүхийн 3, Булган, Дорнод, Дундговь аймгийн шүүхийн тус бүр 2, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий аймгийн шүүхийн тус бүр 1 хэрэг хянагджээ.

Хяналтын шатны шүүхээс шийдвэрлэсэн хэргийг

маргааны төрлөөр авч үзвэл:

/Судалгааг хүснэгтээр үзүүлэв/

      336 хэрэг                                                                                                        Хүснэгт-3

Эрх зүйн төрлөөр

Тоо

Эзлэх хувь

1

Иргэний хуулиар:

237

70.5%

Худалдах-худалдан авах гэрээ

49

14.5%

Бэлэглэлийн гэрээ

1

0.3%

Банкны зээлийн гэрээ

16

4.7%

Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээлийн гэрээ

14

4.1%

Бусад зээл

50

14.8%

Эд хөрөнгө хөлслөх гэрээ

1

0.3%

Түрээсийн гэрээ

10

2.9%

Санхүүгийн түрээсийн гэрээ

1

0.3%

Ажил гүйцэтгэх гэрээ

16

4.7%

Хөслөөр ажиллах гэрээ

7

2%

Үндэслэлгүй хөрөнгөжих

6

1.7%

Гэм хорын хохирол

21

6.2%

Өвлөх

2

0.6%

Бусад

43

12.7%

2

Гэр бүлийн тухай хуулиар:

8

2.3%

Гэрлэлт цуцалсан

8

2.3%

3

Хөдөлмөрийн хуулиар:

62

18.4%

Ажлаас буруу шилжүүлсэн

1

0.3%

Ажлаас үндэслэлгүй халагдсан

58

17.2%

Цалин, хөлс

2

0.6%

Бүрэн хэмжээгээр хариуцлага

1

0.3%

4

Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар:

25

7.4%

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан

24

7.1%

Үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа

1

0.3%

5

Компанийн тухай хуулиар

1

0.3%

6

Татварын ерөнхий хуулиар

2

0.6%

7

Бусад хуулиар

1

0.3%

 

Судалгаагаар хяналтын шатны журмаар хамгийн их шийдвэрлэгдэж буй маргаан нь ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан 58 буюу 17.2 хувь, иргэд хоорондын зээлийн маргаан 50 буюу 14.8 хувь, худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой маргаан 49 буюу 14.5 хувийг эзэлж байна.

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шүүхийн харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр өөрчлөгдөж, хүчингүй болсон дараах хэргүүдийг жишээ болгон тэмдэглэе.

  1. Хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн зарим алдаанаас:

Жишээ 1

Хэргийн товч утга: Нэхэмжлэгч Б нь ерөнхий боловсролын сургуульд 1979 оноос 2007 оны хооронд нийт 25 жил 9 сар ажилласан, 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул хуульд заасан нэг удаагийн тэтгэмж гаргуулахыг хүсчээ. Хариуцагч нь нэхэмжлэгч Б-г боловсролын байгууллагад 25 жил 9 сар ажилласан талаар маргаагүй боловч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үедээ манай сургуульд ажиллаж байгаагүй, буцалтгүй тусламж олгох зардал төсөвт тусгагдаагүй тул нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг олгох боломжгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх: Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Давж заалдах шатны шүүх: Шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

            Хяналтын шатны шүүх: Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгчид албан тушаалын цалингийн дундажаар 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг сүүлд ажиллаж байсан байгууллага буюу хариуцагчаас гаргуулан олгохоор өөрчилсөн байна. Учир нь:

  1. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.7 дахь заалтуудыг үндэслэн “...нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөөгүй тул түүнд нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авах эрх үүсээгүй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзжээ.
  1. Нэхэмжлэгч Б-г тэтгэвэр тогтоолгох үед Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлан улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох” гэсэн зохицуулалт үйлчилж байсан байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй тул нэхэмжлэгчийг тэтгэвэр тогтоолгох үед хэрэгжиж байсан хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн байна. 

Хуулийн дээрх зохицуулалтад тэтгэмж авах этгээд хуульд заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан байхыг шаардсан байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох үед заавал тухайн албан тушаалыг эрхэлж байхыг шаардаагүй тул нэхэмжлэгч Б нь 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрхтэй гэж дүгнэжээ.

Жишээ 2

Хэргийн товч утга: Нэхэмжлэгч иргэн С нь хариуцагч байгууллагад холбогдуулан ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, хууль бусаар санаатай гэм хор учруулсан хохирол буюу ажилгүй байсан хугацааны олговорт 13 сая төгрөг гаргуулахыг хүсчээ. Хариуцагчаас нэхэмжлэгч С ажил үүргээ гүйцэтгээгүй нь манай байгууллагын холбогдох албан тушаалтнаас шалтгаалсан бус эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагдсан ба хуульд заасан эрх бүхий албан тушаалтнаас албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэнтэй холбоотой гэж тайлбарлан маргажээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагчаас 9 сая төгрөг гаргуулж нэхэмжлэгч С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх болон 4 сая төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна. Учир нь:

  1. Нэхэмжлэгч С-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байхад нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, мөн уг дүгнэлтийн үндэслэлийг шийдвэрт тодорхой заагаагүй гэж үзжээ.
  2. Нэхэмжлэгч С ажил хэргийн нэр хүнд гутаагдсныг сэргээлгэх нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хариуцагч байгууллагад холбогдуулж байгаа, гэм хорыг хариуцагчийн гэм буруутай үйлдлээс шалтгаалсан гэж үзэж нэхэмжилсэн, эсхүл төрийн хүлээх үүргийг ажил олгогчоор дамжуулж нэхэмжилж байгаа аль нь болохыг шүүх анхаарч тодруулаагүй байна.
  1. Гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд  хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан байхаас гадна гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдох учиртай. Шүүх хариуцагчаас гэм хорыг гаргуулахдаа нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгээгүй хохирсонд хариуцагч ямар гэм буруутай үйлдэл хийсэн, гэм буруу, гэм хорын шалтгаант холбоог эрх зүйн үүднээс дүгнэж чадаагүй болно.
  1. Нэхэмжлэгч С цалин хөлсөөрөө хохирсон гэж байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлаас буруу халагдсан шилжүүлэгдсэн үеийн цалин хөлс нэхэмжлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагчид холбогдуулж шаардаагүй байхад анхан шатны шүүх  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг хэрэглэсэн нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэжээ.
  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим алдаанаас:

Жишээ 1

Хэргийн товч утга: Нэхэмжлэгч “М” ББСБ нь хариуцагч А-д холбогдуулан зээлийн үүрэгт 30 сая төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хоёр шаардлагыг гаргажээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А-аас үндсэн зээл 16 сая төгрөг, хүү 14 сая төгрөг, нийт 30 сая төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ББСБ-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч А төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг  худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

            Давж заалдах шатны шүүх: Шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “М” ББСБ нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталжээ.

            Хяналтын шатны шүүх: Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна. Учир нь:

  1. Анхан шатны шүүх “М” ББСБ-ын нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлээс “үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” шаардлагыг шийдвэрлээгүй атлаа шийдвэрийг бичгийн хэлбэрээр гаргахдаа уг шаардлагыг 2 дахь заалтад шийдвэрлэснээр тусгасан нь шүүх хуралдааны бичлэгээр тогтоогджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 119 дүгээр зүйлийн 119.1, 119.2-т зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлээд шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар  шийдвэр  гаргах ба шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг шүүх хуралдаан дээр танилцуулах журамтай. Шүүх хуралдаан даргалагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн агуулгыг танилцуулах ёстой тул танилцуулан сонсгосон шийдвэрийг бичгээр гаргахдаа өөрчлөх учиргүй байна.
  2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасныг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болох ба хариуцагч энэ талаар давж заалдах гомдолдоо тодорхой дурдсан байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй, хууль хэрэглээгүй нь буруу бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзсан гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

Жишээ 2

Хэргийн товч утга: Нэхэмжлэгч М нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх, Сум дундын шүүхийн 2012 оны 448 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсчээ.

            Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.5, 146 дугаар зйлийн 146.6-д зааснаар Сум дундын шүүхийн 2012 оны 448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 2012 онд төрсөн Б овогтой М-ын Б-г түүний эцэг М-ын асрамжид шилжүүлж шийдвэрлэжээ.

            Давж заалдах шатны шүүх: Шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

            Хяналтын шатны шүүх: Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Учир нь:

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг хангаснаар шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзжээ.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167, 176 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох бүрэн эрх давж заалдах болон хяналтын шатны шүүхэд олгогдсон байхад анхан шатны шүүх нь Сум дундын шүүхийн 2012 оны 448 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүй нь хууль бус болсон байна.
  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасан нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохын эрх зүйн үр дагаврыг тодорхойлжээ. Сум дундын шүүхийн 2012 оны 448 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцуулах, хүү Б-г эцэг Ж-д хариуцуулах, асрамжид авах тухай Д-д холбогдох Ж-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Сум дундын шүүхийн 2014 оны 543 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байхад шүүх тухайн шаардлага бүхий шинэ нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг мөн зөрчсөн гэж дүгнэжээ.
  2. Шүүхийн харьяалал зөрчсөн маргаанаас:

Жишээ 1

Хэргийн товч утга: Нэхэмжлэгч Б нь орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан Х аймгийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/277 дугаар захирамжаар түүнийг Ерөнхий боловсролын 1 дүгээр бага сургуулийн захирлын албан тушаал, үүрэгт ажлаас нь чөлөөлж, дараа нь 2016 оны Б/387 захирамжаар чөлөөтэй байх хугацаа дууссан гэх үндэслэлээр ажилд нь эгүүлэн томилсон байна. Үүний дараа Х аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжаар ажилд эгүүлэн томилон Б/387 дугаар захирамжаа хүчингүй болгосон байна. Иймд нэхэмжлэгч Б нь Х аймгийн Засаг даргын 2016 оны Б/440 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг шүүхээс хүсчээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Учир нь:

  1. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “...Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-н “...хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан ... бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно...” гэж тус тус заасан байх ба Засаг даргын Б/440 дүгээр захирамж нь нийтийн эрх зүйн харилцаанд хамаарах эрх зүйн акт байна. 
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т   “...Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол...-д иргэний хэрэг үүсгэх”-ээр зааснаас үзэхэд, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны актад холбогдсон иргэний гомдол, нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй.
  1. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн байгууллага нь захиргааны байгууллагад хамаарч байх ба захиргааны хэргийн шүүхийн харьяаллын нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийг тус тус зөрчжээ.
  1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т нийцээгүй гэж дүгнэжээ.

Эцэст нь анхан болон давж заладах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчихгүй байх, зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг тухайн хэрэг, маргаанд үндэслэлтэй тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж ажиллахдаа илүү анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна.  

 

Иргэний хэргийн танхим

Шүүхийн практик судлалын хэлтэс