2016 оны 09 сарын 09

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2016 оны 09 дугаар сарын 05-ны өдөр             Дугаар 3                             Улаанбаатар хот

 

ГЭРЭЭНИЙ ЗАРИМ ЭРХ ЗҮЙН МАРГААНЫ

ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ БОЛОН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ,

ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХАД АНХААРАХ АСУУДЛУУД

 

2015 онд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар нийт 1155 хэргийг хянан хэлэлцсэн байх ба үүнээс 370 нь буюу 32 хувийг Иргэний хуульд заасан гэрээний харилцаанаас үүссэн маргаан эзэлжээ.

 

2015 онд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдаанаар

хянан хэлэлцсэн гэрээний эрх зүйн маргааны төрөл, шийдвэрлэсэн байдал

 

д/д

 

 

 

 

 

Гэрээний төрөл

Гэрээний маргаанаар хянагдсан хэргийн тоо

Шийдвэр, магадлал хянагдсан байдал

 

Хэвээр

Өөрчлөлт

Хүчингүй

Шийдвэр, магадлал хэвээр

Магадлал хэвээр

Шийдвэр, магадлалд өөрчлөлт

Магадлалд өөрчлөлт

Шийдвэр, магадлал хүчингүй дахин хэлэлцүүлэхээр буцаах

Магадлал хүчингүй, шийдвэр хэвээр-өөрчлөлт

Шийдвэр, магадлал хүчингүй, нэхэмжлэл хэрэгсэхгүй

Зохигчдын эвлэрэл

1

Зээлийн гэрээ

/Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1/

89

44

 /49%/

32

/35.9%/

1

/1%/

10

/11%/

1

/1%/

1

/1%/

2

Худалдах-худалдан авах гэрээ

/Иргэний хуулийн 245 дугаар зүйл/

81

50

/61%/

28

/34%/

1

/1%/

-

1

/1%/

1

/1%/

3

Ажил гүйцэтгэх гэрээ

/Иргэний хуулийн 343-358/,

66

41

/62%/

20

/30%/

4

/6%/

-

-

1

/1%/

4.

Банк бус санхүүгийн байгууллагын зээл

/Иргэний хуулийн 451-453/,

49

22

/44%/

18

/36%/

1

/2%/

6

/12%/

2

/4%/

-

5.

Зээлээр худалдах-худалдан авах гэрээ

/Иргэний хуулийн 262-264/

16

7

/43%/

7

/43%/

2

/12%/

-

-

-

6.

Түрээсийн гэрээ

/Иргэний хуулийн 318-326/

16

10

/62%/

2

/12%/

4

/25%/

-

-

-

7.

Хөлсөөр ажиллах гэрээ

/Иргэний хуулийн 359-368/

14

9

/64%/

4

/28%/

1

/7%/

-

-

-

8.

Тээвэрлэлтийн гэрээ

/Иргэний хуулийн 380-398/

6

3

/50%/

1

/16%/

2

/33%/

-

-

-

9.

Даатгалын гэрээ

/Иргэний хуулийн 431-444/

6

6

/100%/

-

-

-

-

-

10.

Даалгаврын гэрээ

/Иргэний хуулийн 399-405/

5

5

/100%/

-

-

-

-

-

11.

Эд хөрөнгө хөлслөх гэрээ

/Иргэний хуулийн 287-301/

4

1

/25%/

2

/50%/

1

/25%/

-

-

-

12.

Санхүүгийн түрээсийн гэрээ

/Иргэний хуулийн 312-317/

4

2

/50%/

-

2

/50%/

-

-

-

13.

Бэлэглэлийн гэрээ

/Иргэний хуулийн 276-280/

2

1

/50%/

-

1

/50%/

-

-

-

14.

Арилжааны гэрээ

/Иргэний хуулийн 274-275/

1

-

1 /100%/

-

-

-

-

15.

Бусад гэрээ

11

7 /63%/

2 /18%/

1 /9%/

-

1 /9%/

-

 

Нийт

370

208

/56%/

117

/31%/

21

/5%/

16

/4%/

5

/1.3%/

3

/0.8%/

                     

Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан,  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан шалтгаан,  үндэслэлийг судалж, зарим төрлийн гэрээний харилцаанд Иргэний хуулийн холбогдох заалтыг нэг мөр ойлгоогүй, өөр, өөрөөр тайлбарласан байдалд дүн шинжилгээ хийж, хууль хэрэглэх ажиллагаанд санал болгох нь зүйтэй гэж үзэв. 

1.Ажил гүйцэтгэх гэрээ, худалдах-худалдан авах гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүй, шаардах эрхийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүйн улмаас адил нэхэмжлэлийн шаардлага өөр өөр шийдвэрлэгдсэн  

Практикт талуудын хооронд орон сууц захиалгаар бариулах гэрээ, орон сууц худалдах-худалдан авах гэрээ гэсэн нэр бүхий гэрээ байгуулагдсан байх ба гэрээний гол нөхцөлөөс үзэхэд ажил гүйцэтгэх эсвэл худалдах-худалдан авах гэрээний аль нэг шинжийг агуулсан байхад шүүх гэрээний төрлийг зөв тодорхойлоогүйгээс орон сууцны дутуу талбайн үнийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлага өөр өөр шийдвэрлэгджээ. 

Ажил гүйцэтгэх болон худалдах-худалдан авах гэрээний ойлголт, бусад гэрээнээс ялгах, гэрээний онцлогийн талаар онолын тайлбар, ном хангалттай тул энэ талаар давтах шаардлагагүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Талууд гэрээгээ орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч уг гэрээ худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан бол орон сууц худалдах-худалдан авах гэрээ, эсвэл ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан бол тухайн гэрээний харилцааг үүссэн гэж үзнэ. Гэрээний зорилго, талууд юу тохиролцсон, гэрээний гол нөхцөл, талуудын хүсэл зориг гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж нь болдог. Үүнээс үүдэн шүүх гэрээний төрлийг зөв тодорхойлох нь хууль хэрэглэх эхний алхам болно. Зохигчид маргаагүй ч гэрээний харилцаа өөрөөр тодорхойлогдох бол шүүх тодруулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх үүрэгтэй. Нэг тал нь тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулга тогтоогдвол энэ нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж юм. Харин нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох, нөгөө тал нь тохирсон үнийг төлөх тохиролцоо нь худалдах-худалдан авах гэрээ байна.

Ажил гүйцэтгэх гэрээ, худалдах-худалдан авах гэрээнд гэрээний зүйлийг хүлээж авах үед доголдлыг мэдэх, мэдэх боломжтой байсан эсэх асуудал ялгаатай тул доголдлын талаар гаргах нэг талын шаардлага, гомдлын шаардлага гаргах хугацаа, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэг асуудлууд өөр өөрөөр зохицуулагдана.

Орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бол орон сууцны талбайн хэмжээ дутуу байгаа нь захиалсан зүйлийг тохирсон ёсоор хийгээгүй, ажлын үр дүн доголдолтой болно. Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах захиалагчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлд заасан. Орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын үр дүн болох орон сууц, тухайлбал талбайн хэмжээ дутуу тохиолдолд доголдлыг арилгуулах, ажлыг шинээр гүйцэтгүүлэх боломжгүй, хэрэгжих ч бололцоогүй билээ. Тийм учраас захиалагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны дутуу талбайн үнийн зөрүү үнэ гэж тодорхойлсон хэдий ч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3.-т заасан ажлын хөлсийг зохих хэмжээгээр бууруулах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг байна. Харин ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2.-т заасан шаардлага гаргах эрхээ алдахыг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4.-т заажээ. Эдгээр зохицуулалтаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний захиалагч ажлын үр дүнг хүлээж авах үедээ доголдлын талаар мэдсэн боловч гомдол гаргаагүй бол шаардах эрхээ алдах, худалдах-худалдан авах гэрээнээс ялгаатай нь доголдлыг мэдэх боломжтой байсан гэх нөхцөлийг ажил гүйцэтгэх гэрээнд хуулиар хамааруулаагүй болохыг анхаарах нь зүйтэй юм.  

Харин орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1., 255.1.1.-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдахаар байна. Худалдан авагч орон сууцыг хүлээж авах үедээ сууцны талбайн хэмжээ дутуу болохыг мэдсэн бол шаардах эрхээ алдах нь ажил гүйцэтгэх гэрээний 352.4.-т заасан захиалагчийн шаардах эрхээ алдах тохиолдолтой адилхан үр дагавартай. Харин гэрээнд худалдах орон сууцны талбайн хэмжээг тодорхой тусгасан байхад хүлээж авахаас өмнө, эсвэл хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдах нь ажил гүйцэтгэх гэрээнээс ялгаатай байна. Орон сууцны талбайн хэмжээ дутуу гэх доголдол нь хүлээж авах үед мэдэх боломжтой эд хөрөнгийн доголдолд хамаарахгүй гэж онолын үүднээс зарим хуульчид үздэг боловч  орон сууц, түүний үнэ зөвхөн талбайн хэмжээгээр бус тохижилт, байрлал, загвар, өрөөний тоо зэрэг шинжүүдээр тодорхойлогддог, сууцны талбайг баримжаагаар бус хэмжих бололцоотой тул орон сууцны талбайн хэмжээг эд хөрөнгийг хүлээж авах үед мэдэх боломжтой гэж үзэж, шүүхээс Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1., 255.1.1.-д заасан зохицуулалтыг худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хэрэглэжээ.

Орон сууцны талбайн хэмжээ дутуугаас үнийн зөрүү шаардах нэхэмжлэл орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээ, орон сууц худалдах-худалдан авах гэрээний аль алинаас үүсч болох боловч дээрх 2 гэрээнд шаардах эрх, түүний үндэслэлийг өөр өөрөөр зохицуулсан тул нэхэмжлэлийг хангах эсэх асуудал мөн өөр байдлаар шийдвэрлэгдсэн байна.

Иймд гэрээний харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхээс гадна дээрх хоёр гэрээнд заасан ялгаатай зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэх шаардлагатай байна.

Иргэний хуулийн 243, 262, 312 дугаар зүйлийг

зөв тайлбарлаж хэрэглээгүй

Иргэний хуулийн 262 дугаар зүйл буюу зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжтэй байдаг. Гэрээнд ийнхүү хүү тогтоосныг заагаагүй ч  хэсэгчлэн төлөх учраас үнийг нэмж, хүүг багтаан гэрээнд үнийг заасан тохиолдол байдаг.

Худалдах-худалдан авах гэрээ, зээлээр худалдах-худалдан авах гэрээнд аль алинд нь Иргэний хуульд заасан анзыг тохирч болно. Мөн худалдах-худалдан авах гэрээнд худалдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн буюу төлөх хугацааг тохирч болно. Энэ нь үнийг хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацааг тохирсон агуулга бөгөөд ийнхүү үнийг хэсэгчлэн төлснөөр эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй байдгаараа зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс ялгаатай байдаг.

Гэтэл шүүхийн практикт худалдан авсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон л бол зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх нь буруу юм.  Худалдах-худалдан авах гэрээнд худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх журам, хугацааг талууд тохирч байгаа болохоос үүний төлөө хүү тооцож, үнэ нэмэгддэг  зээлээр худалдах-худалдах авах гэрээний үндсэн шинж байхгүй юм.

Мөн худалдах-худалдан авах гэрээг санхүүгийн түрээсийн гэрээнээс ялгаж зааглаж чадаагүй тохиолдол байна. Талуудын хооронд эд хөрөнгө ашиглуулах зорилго байгаа, эд хөрөнгө ашиглахтай холбоотой тохиролцоо тусгагдсан, тогтоосон түрээсийн төлбөр нь эд хөрөнгө ашиглуулсны төлөө агуулга байгаа бол Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ юм. Санхүүгийн түрээсийн  гэрээнд түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн тохиролцоо байж болно. Энэ тохиролцоо нь эд хөрөнгө түрээслүүлж, түрээсийн төлбөрийг тогтоосон  талуудын үндсэн тохиролцоо буюу санхүүгийн түрээсийн гэрээг үгүйсгэх үндэслэл болохгүй. Түрээсийн зүйлийг үнэ төлбөргүй өмчлөлд нь шилжүүлэх, эсвэл элэгдэл хорогдлыг тооцож тодорхой үнээр өмчлөлд шилжүүлэх эсэх асуудал нь санхүүгийн түрээсийн гэрээнд хамаарахгүй, өөр хэлцэл болохыг ялгаж, гэрээний харилцааг тодорхойлох нь зөв юм. 

 

Түрээсийн гэрээ болон эд хөрөнгө хөлслөх

гэрээний харилцааг тодорхойлохдоо

хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн

 

Түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээгээр бусдын эзэмшил ашиглалтад эд хөрөнгө шилжүүлдэг адил шинж бий боловч түрээсийн гэрээний хувьд гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг түрээслэгч зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг олж авах эрхтэй байдаг бол эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь эд хөрөнгийг ашиглах эрхтэй байна. Эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь хөлслөгчийн ашиглах хэрэгцээг хангах зорилготой байдаг. Хэрэв тухайн эд хөрөнгийг тодорхой зориулалтаар шилжүүлсэн бол түүнээс гарах үр шимийг түрээслэгч олж авах эрхтэй, тийм учраас түрээсийн зүйлийн зориулалт эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгаатай нь анхнаасаа тодорхой байдаг байна.

    

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4.-т зааснаар гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй бол түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үр дагаврыг хуулиар шууд зохицуулсан. Гэтэл шүүх түрээсийн гэрээ байгуулах дээрх журмыг зөрчсөн боловч үр дагаврыг тодорхойлохдоо уг гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзэж, эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн хууль хэрэглээний ноцтой алдааг гаргасан байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэх үндсэн нөхцөл нь түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх явдал юм. Шүүх хуульд заасан энэ агуулгыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. Үүнээс гадна хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэх нь түрээсийн гэрээний холбогдох зохицуулалтыг үгүйсгэсэн, хууль хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Хөдөлмөрийн эрх зүйн маргаанд Хөдөлмөрийн тухай

хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 36 дугаар зүйлийн 36.2 дахь

заалтыг зөв тайлбарлаж чадаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэх зохицуулалт зөвхөн энэ зүйлд буюу 36 дугаар зүйлийн         36.1-д заасан ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах ажил олгогчийн үүрэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Хуулиар ногдуулсан энэ үүргээ ажил олгогч тухайн орон тоо цомхотгогдсоноос болж биелүүлж чадахгүйд хүрэх тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т зохицуулсан байна.

Харин ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зохицуулсан өөр хэм хэмжээг 36.2 дахь хэсгээс ялгаж ойлгох шаардлагатай.       

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах асуудал зохицуулагдсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтны ажил албан тушаалд шинээр томилогдсон, улмаар хуучин ажилтан ажилд эгүүлэн томилогдсоноор ажлын байрыг нь чөлөөлөх болж байгаа шинэ ажилтанд хамааралтай асуудал зохицуулагджээ. Эдгээр хоёр ажилтан нь ажил олгогчийн буруугаас ажилгүй болсон байдлаараа адил боловч шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдож буй ажилтныг ажил олгогч ажилд авах үүрэгтэй бол ажлаас чөлөөлөгдөж буй шинэ ажилтныг ажил олгогч бололцоогоороо ажлаар хангах ёстой байна. “Ажилд заавал эгүүлэн тогтоох”, “бололцооны дагуу ажил олж өгөх” гэсэн хоёр эрх зүйн ойлголт нь заавал даган биелүүлэх шинж, эрх зүйн үр дагавар зэргээр ялгаатай.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгөх” гэсэн заалтыг “боломжтой ажил”, “ажилтны албан тушаалын зэрэглэл, цалин хөлсний хэмжээ зэрэг эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр санал болгосон ажил” гэж хуульд зааснаас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн байна. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т “адил чанарын өөр ажил, албан тушаал” гэж заагаагүй харин ажил олгогч өөрт байгаа бололцооны дагуу өөр ажил олж, ажилтанд санал болгох талаар тусгажээ.

  • өдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан “адил чанарын өөр ажил, албан тушаал” гэдэгт цомхотгогдсон ажлын байр, албан тушаалын  тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг ойлгох бол хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн заалт нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой байдаг байна.

 

Хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хуулийн эдгээр зохицуулалтыг нэг мөр ойлгож, хэрэглэх нь зүйтэй байна.

 

II. ИРГЭНИЙ ХУУЛИЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ, ГЭРЭЭНЭЭС

ТАТГАЛЗАХ ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХЭРЭГЛЭЖ БУЙ

ШҮҮХИЙН ПРАКТИК

 

Шүүхийн практикт гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахтай холбоотой маргаан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний дараах алдааг гаргажээ. Үүнд:

 

- гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах маргааныг шийдвэрлэхэд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэлээс гадна гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах процесс, хуулиар тогтоосон журмын талаарх зохицуулалт нь зайлшгүй хэрэглэвэл зохих хууль байхад хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл шүүхээс гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, харин гэрээг цуцлах журмын талаарх зохицуулалтыг хэрэглээгүйгээс эрх зүйн хувьд бүрэн дүгнэлт өгөөгүй алдаа гаргажээ.

 

- нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд гэрээг цуцалсан гэж үзээд үр дагаврыг шаардаж байгаа, эсвэл гэрээг цуцлах, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэх хоёр шаардлага гаргасан эсэх нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй

 

- гэрээнээс татгалзсан, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог байхад гэрээний үүрэг болох анз гаргуулсан зэрэг хууль хэрэглээний алдаа гаргажээ. Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана.

 

Дээрх асуудалд дүн шинжилгээ хийж, холбогдох хуулийн ойлголтыг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ. 

 

  1. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тухай хуулийн ойлголт.

 

Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт юм. Тийм учраас гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, эсвэл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон бол өгсөн, авснаа буцаах үр дагавар талуудын хувьд үүснэ.

 

            Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ.

 

            Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаа байдаг.

 

            Гэрээг цуцлах ойлголт ихэвчлэн урт хугацаатай үүргийн харилцаанд, харин гэрээнээс татгалзах явдал хиймэгц биелэх буюу гэрээгээр олж авсан зүйлийг харилцан буцаах боломжтой хэлцэлд хэрэглэгдэнэ. Ямар тохиолдолд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах ойлголт хэрэглэгдэхийг зөвхөн гэрээний хугацаа бус, хэлцлийн дагуу нэгэнт хэрэгжсэн харилцааг буцаах боломжгүй болсон, эсвэл талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх боломжтой буюу гэрээг анхны байдалд эргүүлж авчрах боломжтой эсэхээс хамаарч тодорхойлно. Урт хугацаатай гэрээнд зөвхөн гэрээг цуцлах ойлголт байдаг гэж үзэх нь өрөөсгөл болно.

Жишээ нь: А болон Б компанийн хооронд орон сууцны барилга барих 3 жилийн хугацаатай гэрээ байгуулагдсан байна. Гэрээний хугацаа дуусаж, барилгыг хүлээн авахад ажил гүйцэтгэгч Б компани нь барилгын норм стандартыг зөрчиж, чанарын шаардлага хангахгүй цемент хэрэглэснээс барилга чанаргүй болж, ашиглах боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ. Захиалагч А гэрээнээс татгалзаж, барилгыг буулгах, дахин барихад шаардагдах бүх зардлыг Б компаниас шаарджээ. Энэ тохиолдолд ажлын үр дүн болох барилга баригдсан хэдий ч зориулалтын дагуу ашиглах боломжгүй учраас нэхэмжлэгч гэрээнээс татгалзахад хүрсэн, үр дагавар нь өгсөн авснаа буцаасан асуудал үүсснийг шүүх зөв тогтоож, тайлбарлах ёстой.

2 дахь тохиолдол: А болон Б нарын хооронд 5 жилийн хугацаатай хүнсний ногоо худалдах-худалдан авах хэлцэл байгуулагджээ. 2 жилийн дараа худалдагч А нийлүүлсэн зарим ногоо чанарын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалж, чанаргүй ногооны үнийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Дээрх тохиолдолд гэрээ урт хугацаатай боловч гэрээний зүйл буюу чанарын шаардлага хангаагүй ногоог буцаах боломжтой тул гэрээг цуцлах биш гэрээнээс татгалзах ойлголт хэрэглэгдэнэ. Нэхэмжлэгч нь чанаргүй ногоо нийлүүлсэн гэрээний зарим хэсэг буюу гэрээний үлдэх хэсгээс татгалзаж байгаа агуулга байна.

 

Харин гэрлэлт цуцлах, хөдөлмөрийн маргаанд гэрээнээс татгалзах бус зөвхөн гэрээг цуцлах ойлголт хэрэглэгдэнэ. Гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгө, эрх, үр хүүхдийн асрамжийн хувьд гэрлэлтийг цуцалснаар ирээдүйн үр дагавар болох хөрөнгө хуваах, хүүхдийн тэтгэлэг, тэжээн тэтгэх үүргийг шийдвэрлэдэг. Хөдөлмөрийн маргаанд гэрээг цуцлах хүртэлх хөдөлмөрлөсөн үйл баримт, авсан цалин хөлс хэвээр үлдэж, цуцалсны дараах үр дагавар яригдана.

 

            Иймд гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль агуулгаар шаардлага гаргасан, эрх зүйн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөв тодорхойлоогүй ч шүүх залруулж зөвтгөж, тайлбарлах замаар хуулийг хэрэглэх шаардлага практикт тохиолдож байгааг анхаарах нь зүйтэй юм.

 

            Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно.

 

  1. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах журам, хуулийн зохицуулалт.

 

            Гэрээний эрх зүйн маргаанд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах асуудлыг шийдвэрлэхэд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл, журмыг зохицуулсан Иргэний хуулийн ерөнхий ангийн 204, 205, 221, 225, 227 дугаар зүйлээс гадна энэ талаар зохицуулсан үүргийн эрх зүйн тусгай ангийн зүйл, заалт нь хэрэглэвэл зохих хууль мөн. Тусгайлсан зарим зохицуулалтын хувьд тухайн гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах журмыг шууд зохицуулсан бол зарим тохиолдолд үүргийн нийтлэг үндэслэлийг хэрэглэх нөхцөлөөр зохицуулжээ.

           

Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээг дуусгавар болгох хүсэл зориг адилхан агуулагддаг. Энэ утгаараа Иргэний хуулийн үүргийн нийтлэг  зохицуулалтад зөвхөн гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан боловч гэрээг цуцлах тохиолдолд уг журмын зарим зохицуулалт хамааралтай. Иргэний хуулийн 204, 221, 225, 227 дугаар зүйл гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль ч үед хэрэглэгдэнэ. Харин Иргэний хуулийн 205 дугаар зүйлд гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан байх тул гэрээг цуцлахад хэрэглэгдэх зохицуулалт биш байна.

 

            Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор   үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Талууд гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.-т тусгасан байна. Хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн              221.2.-т, гэрээний үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар хуулийн 221.3.-т, үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3.-т, гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5-д тус тус заажээ.

 Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэлийг хуулиар шууд зохицуулсан байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан зарчмын үүднээс талууд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар гэрээгээр тохиролцож болох боловч энэ тохиролцоо нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх ёстой байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой гэжээ. Мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй тул мэдэгдсэн байдлыг тогтоосон нотолгооны хүрээнд дүгнэлт өгнө. Жишээ нь: Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, доголдолтой барааг худалдагч талд буцаан өгсөн тохиолдолд буцаан өгснөөр татгалзлаа мэдэгдсэн гэж үзэх ба буцаан өгөхөөс өмнө мэдэгдсэн эсэх ач холбогдолтой биш болно. Түүнчлэн үүргийн нийтлэг зохицуулалтад гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах хугацаа, гэрээнээс татгалзах эрхээ алдах, гэрээнээс хамтран татгалзах, нөгөө талдаа мэдэгдэх зэрэг журмыг зохицуулжээ.

 

Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах маргаанд ийнхүү татгалзах, цуцлах болсон үндэслэлд дүгнэлт өгөхөөс гадна гэрээнээс татгалзах, цуцлах хуульд заасан журам зайлшгүй хэрэглэгдэхийг анхаарах нь зүйтэй байна.

 

 

                            УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ