2016 оны 06 сарын 24

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

2015 оны 1-р улиралд хянагдсан эрүүгийн хэргийн тогтоол,

магадлал өөрчлөгдсөн, хүчингүй болсон шалтгааныг судалсан тухай тойм

 2015 оны 4 дугаар сарын 8-ны өдөр                                                                                                                                     Улаанбаатар хот

2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим шүүх хуралдаанаар 94 хэрэг хянан шийдвэрлэснээс 58 хэрэг нийслэлийн, 36 нь орон нутгийн шүүхүүдийн шийдвэрлэсэн хэрэг байна.

 

Хяналтын шатны шүүхэд хүлээн авсан хэргийг гомдлоор нь авч үзвэл:

  • 84 хэрэг буюу 89.3 хувийг шүүгдэгчийн өмгөөлөгч,
  • 8 хэрэг буюу 8.5 хувийг хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор,
  • 2 хэрэг буюу 2.1 хувийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах прокурорын дүгнэлтээр тус тус хянан хэлэлцжээ.

2015 оны 1 дүгээр улиралд хянан хэлэлцэгдсэн нийт 94 хэрэгт нийт 159 хүн ял шийтгэгджээ. Ял шийтгүүлэгчдийн хувийн байдлыг нарийвчлан авч үзвэл:

Хувийн байдал

Хүн

Хувь

Нийт ял шийтгүүлсэн хүн

159

Урьд нь ял шийтгүүлж байсан

50

31.4

Эмэгтэй

17

10.6

Нас

Насанд хүрээгүй

5

3.1

18-30 нас

73

45.9

31-35 нас

26

16.3

36-аас дээш

55

34.5

Боловсрол

Дээд

37

23.2

Бүрэн дунд

59

37.1

Тусгай мэргэжлийн дунд

36

22.6

Бага

16

10

Боловсролгүй

11

6.9

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийн нийт ял шийтгүүлэгчийн тоонд харьцуулж үзвэл 31.4 хувь нь урьд нь ял шийтгүүлж байсан, 10.6 хувь нь эмэгтэй хүн байна.

Насны хувьд нийт ял шийтгүүлэгчийн 3.1 хувь нь насанд хүрээгүй, 45.9 хувь нь 18-30 насны залуучууд байна. Боловсролын хувьд авч үзвэл 23.2 хувь нь дээд, 37.1 хувь нь бүрэн дунд, 22.6 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 6.9 хувь нь боловсролгүй гэсэн үзүүлэлттэй байна.

Ял шийтгүүлэгчийн 6.2 хувь буюу 10 хүн нь төрийн албан хаагч, 63.5 хувь буюу 101 хүн нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүн байна.

Хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийг төрлөөр авч үзвэл:

  • Хүнийг санаатай алах /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл/ гэмт хэрэг 10 буюу 10,6 хувь,
  • Бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, залилан мэхлэж авах /Эрүүгийн хуулийн 145, 147, 148 дугаар зүйл/ гэмт хэрэг 27 буюу 28.7 хувь,
  • Танхайрах /Эрүүгийн хуулийн 181 дугаар зүйл/ гэмт хэрэг 8 буюу 8.5 хувь,
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйл/ гэмт хэрэг 9 буюу 9.5 хувийг тус тус эзэлж байна.

            Хяналтын шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн байдал

Хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тойм 2014 оны 1-р улиралд гараагүйгээс 2015 оны 1-р улирлын хянан шийдвэрлэгдсэн байдлыг 2013 оны мөн үетэй харьцуулан үзлээ.      

 

 

Д/д

 

 

2013 оны 1-р улирал

 

2015 оны 1-р улирал

(+) өссөн

(-) буурсан хэмжээ

хэрэг

хувь

хэрэг

хувь

хэрэг

хувь

 

1

Хянан шийдвэрлэсэн хэрэг

 

156

 

94

 

-38

 

2

Тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн

 

100

 

64.1

 

57

 

60.6

 

-43

 

-3.5

 

3

Тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан

 

23

 

14.7

 

22

 

23.4

 

-1

 

+8.7

 

4

Тогтоол, магадлалыг хүчингүй болгосон

 

33

 

21.1

 

15

 

15.9

 

-18

 

-5.2

 

2015 оны 1-р улиралд анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон хэргийг 2013 оны мөн үетэй харьцуулахад 43 хэргээр буюу 3.5 хувиар буурсан бол, тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан хэрэг нь 1хэргээр буурсан боловч нийт шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулахад 8.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн тогтоол магадлалыг хүчингүй болгосон хэрэг нь 18 хэргээр буюу 5.2 хувиар буурсан байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан үндэслэлийн хувьд нийт 22 хэргээс:

1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн 6 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 6.3 хувийг эзэлж байна.

Тухайлбал урьдчилан үгсэн тохирсон шинжтэй байхад давж заалдах шатны шүүхээс тэдний үйлдлийг бүлэглэж үйлдсэн гэж зүйлчилсэн, шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, шүүх нотлох баримт эргэлзээ бүхий нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхийн оронд ялтны эрх зүйн байдлыг дордуулж хуулийг буруу хэрэглэсэн байна.

  / Хяналтын шатны шүүхийн тогтоолын дугаар 18, 19, 33, 37, 84, 86 буюу анхан шатны шүүхээр нь авч үзвэл:

  • Дүүргийн Эрүүгийн хэргийн 2-р шүүх- 3
  • Дүүргийн Эрүүгийн хэргийн 1-р шүүх- 1
  • Сум дундын 24-р шүүх-1
  • Сум дундын 27-р шүүх- 1/

2. Шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй 2 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 2.1 хувийг эзэлж байна.

 Үүнд орон байранд нэвтэрч, ангийн зориулалттай буунуудыг хулгайлсан үйлдлийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож буруу шийдвэрлэсэн, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгыг зөв тогтоож чадаагүйн улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж ялтны эрх зүйн байдлыг дордуулсан байна.

 /Хяналтын шатны шүүхийн тогтоолын дугаар 32, 53 буюу анхан шатны шүүхээр нь авч үзвэл:

  • Дүүргийн Эрүүгийн хэргийн 2-р шүүх- 1
  • Сум дундын 25-р шүүх-1/  

            3. Ял гэмт хэргийн хүнд хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй 7 хэрэг буюу 7.4 хувь байна. /Хяналтын шатны шүүхийн тогтоолын дугаар 12,17, 47, 57, 58, 66, 91 буюу анхан шатны шүүхээр нь авч үзвэл:

  • Дүүргийн Эрүүгийн хэргийн 1-р шүүх- 2
  • Дүүргийн Эрүүгийн хэргийн 2-р шүүх- 3
  • Сум дундын 14-р шүүх-1
  • Сум дундын 9-р шүүх- 1/

4. Бусад үндэслэлээр тогтоол магадлалд өөрчлөлт орсон хэрэг 7 хэрэг буюу 7.4 хувь байна. /Хяналтын шатны шүүхийн тогтоолын дугаар 4, 5, 21, 28, 34, 56, 59 буюу анхан шатны шүүхээр авч үзвэл:

  • Дүүргийн Эрүүгийн хэргийн 1-р шүүх- 2
  • Дүүргийн Эрүүгийн хэргийн 2-р шүүх- 4
  • Сум дундын 14-р шүүх- 1

Шүүхүүдийн тогтоол, магадлалын хүчингүй болсон шалтгаан, үндэслэлийн хувьд нийт 15 хэргээс: 

1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан гүйцэд биш хийсэн үндэслэлээр хүчингүй болгосон хэрэг нийт шийдвэрлэсэн хэргийн 4.2 хувь буюу 4 хэрэг байна.

Тухайлбал, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад дүгнэлт хийлгүй орхисон, нотлох баримт үгүйсгэх үндэслэлээ дурдаагүй, хохирлыг үндэслэлтэй зөв тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт биш, нотлогдвол зохих байдал тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна. /Хяналтын шатны шүүхийн тогтоолын дугаар 2, 64, 68, 85 анхан шатны шүүхээр нь авч үзвэл:

  • Дүүргийн Эрүүгийн хэргийн 2-р шүүх- 3
  • Сум дундын 10-р шүүх- 1

2. Тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй 1 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 1.06 хувийг эзэлж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээс үндэслэл муутай дүгнэлт хийсэн. /Хяналтын шатны шүүхийн тогтоолын дугаар 81, Сум дундын 1-р шүүх- 1/

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн хэрэг 3 буюу 3.1 хувь байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 379 дүгээр зүйлд заасан нэмж тогтоовол зохих “өвчний байдал, явц, шинж ямар байсан, ямар байгаа, гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараа шүүгдэгчийн зан байдал ямар байсан зэргийг нотолж, тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байхад давж заалдах шатны шүүх нь хуралдааныг хойшлуулалгүйгээр үргэлжлүүлэн явуулсан, мөн шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүний олонхыг шүүх хуралдаанд татгалзан гаргах хүсэлт гаргасан байхад шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг эдгээр шүүгч нарын оролцоотойгоор хянан шийдвэрлэж эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсгийг зөрчсөн зэрэг алдаа зөрчлийг гаргажээ.

 /Хяналтын шатны шүүхийн тогтоолын дугаар 27, 35, 73, анхан шатны шүүхээр нь нарийвчлан үзвэл:

  • Дүүргийн Эрүүгийн хэргийн 1-р шүүх-1
  • Дүүргийн Эрүүгийн хэргийн 4-р шүүх- 1
  • Сум дундын 19-р шүүх- 1

4. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн 7 хэрэг буюу 7.4 хувь байна. /Хяналтын шатны шүүхийн тогтоолын дугаар 11, 25, 26, 49, 72, 76, 87, анхан шатны шүүхээр нь авч үзвэл:

  • Дүүргийн Эрүүгийн хэргийн 1-р шүүх- 2
  • Дүүргийн Эрүүгийн хэргийн 2-р шүүх- 1
  • Сум дундын 20-р шүүх- 1
  • Сум дундын 8-р шүүх- 1
  • Сум дундын 2-р шүүх- 1
  • Сум дундын 1-р шүүх- 1 хэргүүд байна.

Тогтоол, магадлал нь хүчингүй болсон 15 хэргээс 60 хувь буюу 9 хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцааж, 5.3 хувь буюу 5 хэргийг шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаан, 1.06 хувь буюу 1 хэргийг хэрэгсэхгүй болгожээ.        

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хэргүүдээс дараахь  хэргүүдийг жишээ болгон тэмдэглэе.

Нэг. Эрүүгийн хууль хэрэглэж байгаа талаар

1.1. Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгыг зөв тогтоож чадаагүйн улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, ялтны эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Хэргийн товч утга: Л.Чагнаадорж нь 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах “Баунти” кафед согтуугаар Б.Мягмардоржийг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн О.Хатанбаатарыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 43/А дугаар шийтгэх тогтоолоор “... Л.Чагнаадоржийг танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сар хорих ял, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.4-д зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сараар тогтоон шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 108 дугаар магадлалаар “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д заасныг баримтлан Л.Чагнаадоржид холбогдох Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-д заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон өөрчилж, Л.Чагнаадоржийг танхайн сэдэлтээр бусдын биед хүнд, хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сар хорих ял, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Л.Чагнаадоржид оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сарын хугацаагаар тогтоож өөрчлөн шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Магадлалын тогтоох хэсэгт Л.Чагнаадоржид Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1,181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 98 дугаар зүйлийн 98.1 болгож хөнгөрүүлэн өөрчилж, Л.Чагнаадоржид Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Л.Чагнаадоржид Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож тус тус өөрчлөн шийдвэрлэжээ.

Өөрчлөлт оруулсан үндэслэл: Ялтан Л.Чагнаадоржийг “танхайн сэдэлтээр бус хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын биед “хүндэвтэр” гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” хэмээн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Харин хоёр шатны шүүх ялтан Л.Чагнаадоржийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгыг зөв тогтоож чадаагүйн улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, ялтны эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Хохирогч Б.Мягмардорж өөртэй нь маргалдаад баарнаас гарсан Л.Чагнаадоржийн араас төмөр сандал чирээд гарсан, баарны эзэн хойноос нь гарч сандлаа оруулж ирсэн үйл баримт мөрдөн байцаалтаар тогтоогджээ.

Гэтэл шүүх “... Мягмардорж нь Чагнаадоржийн хажууд очихоос өмнө гэрч Н.Төгс-Эрдэнэ уг сандлыг авсан, Чагнаадорж Мягмардоржийг сандал авч гарсныг мэдэх боломжгүй” гэж хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй үндэслэл муутай дүгнэлт хийж, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий дээрх байдлыг анхааралгүй орхигдуулсны улмаас хэргийг буруу зүйлчилсэн байна.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн тухай ялтны мэдүүлэг нь “Баунти” баарны эзэн Д.Төгс-Эрдэнэ, зөөгч Б.Ариунжаргал нарын мэдүүлгээр нотлогдсон тул магадлалд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг зөвтгөж, энэ талаар гаргасан прокурорын санал болон ялтны өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй.

1.2. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Хэргийн товч утга: Э.Үнэнбат нь ялтай байхдаа буюу 2013 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө М.Орхонбаяртай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Архангай аймгийн Өлзийт сум, Ямаат багийн Хужирт гэх газраас иргэн Н.Цэрэндагвын 2 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Сум дундын 1 дүгээр шүүх 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Э.Үнэнбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ялаар, Л.Орхонбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлдэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Л.Орхонбаяр, Э.Үнэнбат нарт холбогдох эрүүгийн хэргийг Сум дундын 1 дүгээр шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

Хүчингүй болгосон үндэслэл: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй байна.

1. Э.Үнэнбат, М.Орхонбаяр нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон боловч шүүх энэ талаар анхааран үзэлгүй орхигдуулж, дүгнэлт хийлгүйгээр уг тээврийн хэрэгслийг Д.Адъяасүрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Ялтан нар тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд тогтоогдсон байх бөгөөд уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэснийг буруутгах үндэсгүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу Э.Үнэнбат, М.Орхонбаяр нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг ялтан нараас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлээгүй, энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх замаар Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсгийг тайлбарлаж, хэрэглэсэн Улсын Дээд шүүхийн тайлбарыг нягталж үзээгүй байна.

2. Анхан шатны шүүх ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн Э.Үнэнбатад хөнгөн ял буюу баривчлах ял, анх удаа гэмт хэрэг үйлдсэн Л.Орхонбаярт хүнд ял буюу хорих ялыг сонгон оногдуулахдаа ийнхүү ял оногдуулах болсон шалтгаан нөхцөл, түүнийг хэрхэн үнэлж байгаа дүгнэлтийг огт хийгээгүй явдал нь Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд заасан ял, эрүүгийн хариуцлага оногдуулахад шударга байх, үүн дээр үндэслэсэн ял оногдуулах нийтлэг зарчим, тухайлбал Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн шаардлагад үндэслэгдээгүй болжээ.

Дээрх зөрчлүүд нь хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гэж үзнэ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцүүлэх, үүнийг хяналтын шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул ялтан Л.Орхонбаярын өмгөөлөгч В.Удвалын хяналтын шатны шүүхэд гаргасан “шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн гомдлыг хэлэлцэхгүй орхиж, шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ.

1.3. Анхан болон давж заалдах шатны шүүх бүрэн төгссөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-ийг журамлан зүйлчилж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Хэргийн товч утга: Д.Ганзориг нь 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автомашин шалган нэвтрэх боомтоор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамин гидрохлоридын агууламж бүхий 1.78 грамм бодисыг “Эссэ” нэртэй тамхины хайрцаг дотор хийж биедээ нуун Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан, мөн өөрийн оршин суух Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 135 дугаар байрны 64 тоот орон сууцанд тетрагидроканнабинол делта 8-ын агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1152 дугаар шийтгэх тогтоолоор: Д.Ганзоригийг мансууруулах буюу метафетамин гидрохлоридын агууламж бүхий бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар 3 жил 5 сар хорих, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 жил хорих, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд багтаан 3 жил 5 сар хорих ял шийтгэж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Д.Ганзоригт холбогдох хэргийг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд, 1113 дугаар магадлалаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, 2014250002910 дугаар эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дүүргийн 1 дүгээр прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хүчингүй болгосон үндэслэл:  Шүүгдэгч Д.Ганзориг нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автомашин шалган нэвтрэх боомтын хилийн экспорт талын зорчигчийн хэсэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг ачаа тээшиндээ улсын хилээр нэвтрүүлэх зорилгоор авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-т “...гэмт хэрэг үйлдэхээр завдсан” гэсэн хуулийн заалтад хамаарахгүй байна.

Учир нь Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно” гэж заажээ. Иймд дээрх байдлаас дүгнэхэд, Д.Ганзоригийг мансууруулах буюу метафетамин гидрохлоридын агууламж бүхий бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн талаар мөрдөн байцаалт явуулсны эцэст хэргийг шийдвэрлүүлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалаар ял шийтгэл оногдуулсан холбогдох заалтуудыг хүчингүй болгон, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэжээ.

1.4. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлын талаар анхаарвал зохих асуудлаар доорх жишээг оруулав. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас УИХ-ын Тамгын газарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “давтан” гэсэн үгийн дараа “,” тэмдэг байсныг хассан эсэхийг тодруулах хүсэлтийг албан бичгээр явуулж, хариуг авч холбогдох хэрэгт хавсаргасан болно.

Хэргийн товч утга: Ш.Хасым нь 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Ховд сумын Шивэр багийн иргэн Б.Чинбатын 5 настай эр үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Ш.Хасымыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ш.Хасымын эд хөрөнгөнөөс 200.000 төгрөгийг хурааж, 6 сар баривчлах ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101 дүгээр магадлалаар Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Ш.Хасымыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг Ш.Хасымыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай“ гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд ялтны өмгөөлөгч гаргасан гомдолдоо: Эрүүгийн хуулийн эх хувьд “Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг...” гэж уг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлийг заасан байна. Гэтэл Эрүүгийн хуулийн зүйл ангийн хүндрүүлэх нөхцөл нь “энэ гэмт хэргийг давтан бүлэглэж” үйлдсэн явдал байх ёстой атал анхан шатны шүүх нь прокурорын байгууллагаас гэмт хэргийг давтан үйлдсэн гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан Ш.Хасымд хууль зүйн үндэслэлгүйгээр ял халдаасан бөгөөд давж заалдах шатны шүүх ч гэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж анхан шатны шүүхийн гаргасан алдааг залруулж чадсангүй. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгийн хүндрүүлэх нөхцөл нь уг хэргийг “давтан, бүлэглэж” гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүх Ш.Хасымын давтан үйлдлийг хууль зүйн үндэслэлгүйгээр “давтан бүлэглэж” үйлдсэн хэмээн “бүлэглэж” гэсэн хэсгийг хийсвэрээр нэмж ял халдаасан байхад давж заалдах шатны шүүх уг алдааг залруулалгүйгээр мөн адил Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ш.Хасымын үйлдлийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсч байна...” гэжээ.

Хэвээр үлдээсэн үндэслэл: Ялтан Ш.Хасым нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байдал нь дуусаагүй байхад буюу 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Ховд сумын Шивэр багийн иргэн Б.Чинбатын 5 настай 900.000 төгрөгийн эр үхрийг хулгайлж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн болох нь хохирогч Б.Чинбат /хх-10/, гэрч Н.Тагат /хх-17/, Т.Шынберген /хх-21/, К.Батырхан /хх-25/, М.Далайхан /хх-28/, Ө.Мекей /хх-33/, Ц.Амарсайхан /хх-35/, С.Лхагважав /хх-38/ нарын мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

            Шүүх ялтны үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцогдох бөгөөд ялтан Ш.Хасымын хувьд 2011 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж түүнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний сүүлийн үйлдлийг шүүх “хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн” гэж дүгнэсэн нь зөв болно.

            2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг давтан буюу бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол...” гэсэн диспозицид “давтан”, “бүлэглэж үйлдсэн” шинжийг тус тусад нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан байх бөгөөд 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь заалтын “буюу бүлэглэж” гэснийг “бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг,” гэж” өөрчилж “буюу бүлэглэж” гэсний ард “,” тэмдэг байхгүй байгаа нь тухайн “,” тэмдэг өөрчлөлтөд ороогүйгээр хэвээр үлдсэн байгааг харуулж байх тул “давтан” болон “бүлэглэж” гэсэн нөхцлүүд нь тус тусдаа хулгайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.

            Иймд ялтны өмгөөлөгч З.Казбекийн “Ш.Хасымын үйлдлийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсч байна” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол магадлалыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна гэжээ.

Хоёр. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны талаар

2.1.1.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 заалтыг зөрчсөн

Хэргийн товч утга: У.Эрдэнэхуяг нь Ж.Энхсайхантай бүлэглэн 2014 оны 1 дүгээр сарын  31-ний шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливуд” баарны гадна ялимгүй зүйлээр шалтаглан Х.Хатан-Оргилыг хүч хэрэглэн зодож, хөнгөн гэмтэл учруулсан, чулууг зэвсгийн чанартай хэрэглэн, догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, Х.Хатан-Оргил, С.Насан-Эрдэнэ нар нь 2014 оны 1 дүгээр сарын  31-ний шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливуд” баарны гадна Б.Энхбаяртай маргалдан зодож, хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эрдэнэхуягийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхсайханыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Насан-Эрдэнэ, Х.Хатан-Оргил нарыг 300 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийпвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2015 оны 1-р сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд, 69 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

     Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Магадлалыг хүчингүй болгож, шүүгчийг татгалзан гарах тухай хүсэлтийг хэлэлцүүлэхээр хэргийг давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

              Хүчингүй болгосон үндэслэл: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дүгээр магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.           

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийн нэг болох шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ уг хүсэлтийг шийдвэрлэхтэй холбоотой эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн байна.

У.Эрдэнэхуягийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг /2-р хх-9/ Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүх бүрэлдэхүүний олонхыг буюу шүүгч Ц.Оч, Д.Оюунчулуун нарыг шүүх хуралдаанд татгалзан гаргах хүсэлт гаргасан байхад шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг эдгээр шүүгч нарын оролцоотойгоор хянан шийдвэрлэж эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасан  “Шүүх бүрэлдэхүүний олонхыг татгалзсан хүсэлт нь үндэслэлтэй гэж үзвэл уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Тодруулбал, хэргийг хамтын журмаар шийдвэрлэж байгаа үед шүүх бүрэлдэхүүний олонхийг татгалзсан хүсэлт гаргавал уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүний цөөнх хэлэлцэн шийдвэрлэх нөхцөл байдал үүсэх бөгөөд энэ нь шүүн таслах ажиллагааны үндсэн зарчим, шүүх хуралдааны ерөнхий нөхцөлд харшлах тул уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хянан шийдвэрлэдэг байх журмыг хуулиар тогтоосон байна.    

Дээрх байдлаас дүгнэж үзэхэд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн, ерөнхий шүүгчийн эрх хэмжээнд хамруулахаар хуулиар тогтоосон асуудлаар шийдвэр гаргасан байх тул магадлалыг хүчингүй болгон, шүүгчийг татгалзан гарах тухай хүсэлтийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж, хяналтын журмаар гаргасан шүүгдэгч У.Эрдэнэхуяг, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын хүсэлтийг энэ удаад хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.1.2. Анхан болон Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн байна.

Анхан шатны 12 дугаар шүүх Ерөнхий шүүгчийн “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харъяалал тогтоолгох”-ыг хүссэн албан бичиг, Давж заалдах шатны 7 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн “Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх харъяалалыг тогтоох тухай” захирамжийн дагуу эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүхэд ирүүлсэн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т “Шүүх бүрэлдэхүүний олонхийг татгалзсан хүсэлт нь үндэслэлтэй гэж үзвэл уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.” гэж  тодорхой заажээ. Гэтэл анхан шатны 12 дугаар шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөн шийдвэрлэхдээ ЭБШХ-ийн 49, 50 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа хүсэлтийг хангаж хуулийг буруу хэрэглэсэн байна.

  Давж заалдах шатны 7 дугаар шүүх нь хохирогчийн “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзах” тухай хүсэлт нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэлгүйгээр хэргийн харъяалалыг тогтоолгохоор холбогдох хэргийг хяналтын шатны шүүхэд ирүүлж ЭБШХ-ийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсгийг зөрчсөн байна. 

            2.2 Мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт биш хэт нэг талыг барьж явуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 хэсэгт заасан  шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаж ЭБШХ ноцтой зөрчжээ.

Хэргийн товч утга: Б.Мөнхжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 11-3 тоот гэртээ Ц.Пүрэвдоржтой маргалдаж улмаар баруун нүдэн тус газарт нь цохин сохолж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 79А дугаар шийтгэх тогтоолоор Б.Мөнхжаргалыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалыг 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1090 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэжээ.

Хүчингүй болгосон үндэслэл: Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 379 дүгээр зүйлийн 379.1-д заасан нотолж, тогтоовол зохих асуудлуудыг нарийвчлан шалгаагүй хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэргийн материалаас үзэхэд дараах ажиллагааг дутуу хийсэн гэж үзнэ.

1. Мөрдөн байцаалтын шатанд шүүх сэтгэц гэм судлалын 246 дугаар шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд уг дүгнэлтээр Б.Мөнхжаргалын болсон хэргийн талаар өөрийнх нь ярьсан үг, одоогийн сэтгэцийн байдлын талаар Б.Мөнхжаргалын хэлсэн зүйл, амбулаторийн карт, хуучин өвчний түүх зэргийг үндэслэж, Б.Мөнхжаргал нь гэмт хэрэг үйлдэх үедээ Шизофренийн хэв шинжит сэтгэцийн эмгэгтэй байсан байна, Б.Мөнхжаргал нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна, Б.Мөнхжаргал нь одоо Шизофренийн хэв шинжит сэтгэцийн эмгэгтэй байна, Б.Мөнхжаргал нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна, Б.Мөнхжаргалд албадан эмчилгээ хийх шаардлагагүй байна, Б.Мөнхжаргал нь Шизофренийн сэтгэцийн эмгэгтэй байна, болсон байдлыг зөв тусган зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэж түүний сэтгэцийн байдлыг тодорхойлсон байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтээр Б.Мөнхжаргал хэрэг үйлдэх үед болон шинжилгээ хийх үед сэтгэцийн өвчин /Шизофренийн хэв шинжит сэтгэцийн эмгэг/-тэй болох нь тогтоогдсон атал хэрэг үйлдэх үед болон мэдүүлэг өгөх үед өөрийгөө удирдаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай буюу хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэлт гаргах болсон үндэслэл, шалтгааныг шинжлэх ухааны үүднээс нарийвчлан тогтоогоогүй байна.

Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 379 дүгээр зүйлд заасан нэмж тогтоовол зохих “өвчний байдал, явц, шинж ямар байсан, ямар байгаа, гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараа Б.Мөнхжаргалын зан байдал ямар байсан зэргийг нотолж, тогтоох нь зүйтэй.

Энэхүү ажиллагааг хийхдээ Б.Мөнхжаргалын өмгөөлөгчийн зүгээс өвчний түүхийг хэрэгт хавсаргуулж, улмаар бусад нотлох баримтуудыг цуглуулж, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлтийг хангаж, цугларсан нотлох баримтуудыг харьцуулсны эцэст Б.Мөнхжаргалын хэрэг хариуцах чадвартай эсэх, тэрээр одоо нийгэмд аюултай эсэх зэрэгт дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзнэ.

2. Хавтаст хэргээс үзвэл Б.Мөнхжаргал нь 1998 оноос эхлэн СЭМҮТ-д олон удаа хэвтэн эмчлүүлж байсан гэх нотлох баримт хэрэгт авагджээ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг урьд нь эмчилж байсан эмчийг шинжилгээнд оролцуулахыг хориглосон байх бөгөөд энэ хэрэгт сэтгэцийн шинжилгээ хийсэн шинжээч Ц.Цэрмөнх, Н.Туяа нар нь урьд Б.Мөнхжаргалыг эмчилж байсан талаар ялтны өмгөөлөгч Б.Цэнгүүн анхан болон давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байсан боловч энэхүү хуулийн зөрчил байгаа эсэхийг шалгаж, тодруулалгүйгээр энэ талаар ямар нэг баримт хэрэг байхгүй гэсэн нэг өгүүлбэрээр гомдлыг няцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна. Энэ талаар зохих шалгалт хийх нь зүйтэй.

Дээрх 2 үндэслэл нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүйн дээр хэргийн оролцогчийн, тухайлбал Б.Мөнхжаргалын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил гэж үзнэ.

Иймд ялтны өмгөөлөгч Б.Цэнгүүний гомдолд дурдсан дээрх үндэслэлүүдийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гурав. Дүгнэлт

1.Тоймд жишээ болгон оруулснаас бусад хяналтын шатны шүүхийн тогтоолуудын үндэслэлд дурдагдсан алдаануудыг нэгтгэн авч үзвэл:

-  шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгыг зөв тогтоож чадаагүйн улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, ялтны эрх зүйн байдлыг дордуулсан,

- хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад дүгнэлт хийлгүй орхисон, нотлох баримт үгүйсгэх үндэслэлээ дурдаагүй,

-  хохирлыг үндэслэлтэй зөв тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт биш, нотлогдвол зохих байдал тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн,

- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 379 дүгээр зүйлд заасан нэмж тогтоовол зохих “өвчний байдал, явц, шинж ямар байсан, ямар байгаа, гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараа шүүгдэгчийн зан байдал ямар байсан зэргийг нотолж, тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн,

-  шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байхад давж заалдах шатны шүүх нь хуралдааныг хойшлуулалгүйгээр үргэлжлүүлэн явуулсан, мөн шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүний олонхыг шүүх хуралдаанд татгалзан гаргах хүсэлт гаргасан байхад шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг эдгээр шүүгч нарын оролцоотойгоор хянан шийдвэрлэж эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсгийг зөрчсөн зэрэг алдаа зөрчлийг гаргажээ.

 2015 оны 1-р улиралд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан болон тогтоол, магадлалыг хүчингүй болгосон хэрэг нийт 16 байгаа нь хамгийн их буюу нийт хэргийн 17.02 хувийг эзэлж байна.

2. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршино.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн,  яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу  хэргүүдийн шийдвэрлэсэн байдал, үйл ажиллагаандаа дүгнэлт хийн, алдаа, зөрчил дахин гаргахгүй байх талаар дүн шинжилгээ хийн судалж, хуульд заасны дагуу шүүн таслах ажиллагааны   чанарт анхаарч ажиллана уу. Тоймд жишээ болгон оруулсан эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Хяналтын шатны тогтоол, холбогдох албан бичгийг хавсралтаар оруулав.

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

ПРАКТИК СУДЛАЛЫН ХЭЛТЭС

Хавсралт-1

Л.Чагнаадоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Д.Ганзориг, Т.Уранцэцэг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 43/А дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 108 дугаар магадлалтай, Л.Чагнаадоржид холбогдох эрүүгийн 201221000047 дугаартай хэргийг ялтны өмгөөлөгч Н.Оюунчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжил, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 3 дугаар 30 айлын 6 тоотод оршин суух,

Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 124 дүгээр зүйлийн 2, 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Мөн шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж, 3 жил 3 сар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Мэргэд овогт Лхагвасүрэнгийн Чагнаадорж.

Л.Чагнаадорж нь 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах “Баунти” кафед согтуугаар Б.Мягмардоржийг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

Мөн 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Цамбагарав” зочид буудалд согтуугаар О.Хатанбаатарыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 43/А дугаар шийтгэх тогтоолоор “... Л.Чагнаадоржийг танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сар хорих ял, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.4-д зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сараар тогтоож, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 514 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүйг дурдаж” шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 108 дугаар магадлалаар “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д заасныг баримтлан Л.Чагнаадоржид холбогдох Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-д заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон өөрчилж,

Л.Чагнаадоржийг танхайн сэдэлтээр бусдын биед хүнд, хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сар хорих ял, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Л.Чагнаадоржид оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж өөрчилж, ялтны өмгөөлөгч нарын “Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар ял сонсгосныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд ялтны өмгөөлөгч Н.Оюунчимэгийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гомдолд “... хүч хэрэглэхээр заналхийлэлд автсан гэх үндэслэл Чагнаадоржийн үйлдэлд тогтоогддог. Араас нь цохихоор сандал авч гарч ирсэн хохирогчийн үйлдлийг харсан Чагнаадорж “биеэ хамгаалах” зөн совингоор хариу үйлдэл хийсэн. Хохирогч, ялтан нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн нь нотлогдож байхад “танхайн сэдэлт” хэмээн хүндрүүлэн зүйлчилсэн нь хуулийн буруу хэрэглээ юм. Мөн Л.Чагнаадорж гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн “бодит байдлын андуурал” байсныг анхаарах хэрэгтэй. Хохирогчийн үйлдэл нь Л.Чагнаадоржийн эрх чөлөөнд халдах гэсэн ойлголтыг төрүүлж биеэ хамгаалах үйлдлийг эрхгүй хийлгэсэн. Өмгөөлөгчийн хувьд ялтан Л.Чагнаадоржийн “гэм буруутай эсэх” асуудлаар гомдол гаргаагүй. Гагцхүү оногдуулсан хариуцлага нь үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хувийн байдал, хуулийн заалттай яв цав нийцэх ёстой. Иймд Л.Чагнаадоржид Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял ногдуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор О.Мөнхбаатар “... анхан шатны шүүхийн хэргийн зүйлчлэл тохироогүй давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-д заасан танхайрах хэргийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Л.Чагнаадорж нь Б.Мягмардоржийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар ял оногдуулсан хуульд нийцээгүй гэж үзэж байна. Б.Мягмардорж, Л.Чагнаадоржийн араас сандал аваад гарахад нь болиулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх Л.Чагнаадоржийг сандал аваад гарахыг мэдэх боломжгүй гэж үзсэн нь таамаглал төдий юм. Хэргийг шүүх шийдвэрлэхдээ шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх байсан” гэв.

ХЯНАВАЛ:

Ялтан Л.Чагнаадоржийг “танхайн сэдэлтээр бус хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын биед “хүндэвтэр” гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” хэмээн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Харин хоёр шатны шүүх ялтан Л.Чагнаадоржийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгыг зөв тогтоож чадаагүйн улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, ялтны эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Хохирогч Б.Мягмардорж өөртэй нь маргалдаад баарнаас гарсан Л.Чагнаадоржийн араас төмөр сандал чирээд гарсан, баарны эзэн хойноос нь гарч сандлаа оруулж ирсэн үйл баримт мөрдөн байцаалтаар тогтоогджээ.

Гэтэл шүүх “... Мягмардорж нь Чагнаадоржийн хажууд очихоос өмнө гэрч Н.Төгс-Эрдэнэ уг сандлыг авсан, Чагнаадорж Мягмардоржийг сандал авч гарсныг мэдэх боломжгүй” гэж хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй үндэслэл муутай дүгнэлт хийж, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий дээрх байдлыг анхааралгүй орхигдуулсны улмаас хэргийг буруу зүйлчилсэн байна.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн тухай ялтны мэдүүлэг нь “Баунти” баарны эзэн Д.Төгс-Эрдэнэ, зөөгч Б.Ариунжаргал нарын мэдүүлгээр нотлогдсон тул магадлалд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг зөвтгөж, энэ талаар гаргасан прокурорын санал болон ялтны өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй.

Харин ялтны өмгөөлөгчийн гомдолд дурдсан “бодит байдлын андуурал” хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 108 дугаар магадлалд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

Магадлалын тогтоох хэсгийн “А” заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д зааснаар Л.Чагнаадоржид Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1,181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.4-дзааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 98 дугаар зүйлийн 98.1 болгож хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж,

Тогтоох хэсгийн  “Б”  заалтыг “Л.Чагнаадоржийг бусдын биед хүнд, хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

Тогтоох хэсгийн “В” заалтыг “Л.Чагнаадоржид Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,

1.4. Тогтоох хэсгийн “Г заалтыг “Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Л.Чагнаадоржид Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                                                                                         ДАРГАЛАГЧ

                                                                                                  ШҮҮГЧ                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                  ШҮҮГЧ                          Б.ЦОГТ

 

А.Мейремхан, М.Бауыржан нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Д.Ганзориг, Т.Уранцэцэг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, ялтан А.Мейремхан, М.Бауыржан, тэдгээрийн өмгөөлөгч Л.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 26/А дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 103 дугаар магадлалтай, А.Мейремхан, М.Бауыржан нарт холбогдох эрүүгийн хэргийг ялтан А.Мейрамхан, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Ожых овогт Абилхайрын Мейремхан, 1960 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суудаг, хэрэг холбогдох үедээ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байсан, одоо тус сумын Засаг Дарга ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б360120719 регистрийн дугаартай.

2. Монгол Улсын иргэн, Ожых овогт Мейремханы Бауыржан, 1988 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тус сумын 7 дугаар багт оршин суудаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б388110617 регистрийн дугаартай.

А.Мейремхан нь Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа түүний хүү тус сумын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан М.Бауыржантай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус сумын ЗДТГ-ын ажилтан Б.Алданышийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийн мөнгө болох 11.600.000 төгрөгийг сумын ЗДТГ-ын данснаас гарган авч хувьдаа завшсан, А.Мейремхан, М.Бауыржан нар энэ гүйлгээний баримтаар сумын ЗДТГ-ын төлбөрийн хүсэлтийг хуурамчаар нөхөж үйлдэж төрийн сангийн баримтад хавсаргасан, улмаар Б.Алданыш тэтгэвэрт гарах болоод тэтгэмжээ нэхэхэд 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр сумын хүүхдийн цэцэрлэгийн бэлэн мөнгөний хүсэлтээр цэцэрлэгийн данснаас 11.600.000 төгрөг төрийн сангаар дамжуулан гаргуулж Б.Алданышд олгож, цэцэрлэгийн бэлэн мөнгөний хүсэлтийг А.Мейремхан зориуд худал мэдээ оруулан хуурамчаар үйлдсэн, энэ хэргийн улмаас улсад 11.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сум дундын 2 дугаар шүүх 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 26/А дугаар шийтгэх тогтоолоор “Ожых овогт Авилхайрын Мейремханд Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Ожых овогт Мейремханы Бауыржанд Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 болгон өөрчилж, яллах дүгнэлтийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Ожых овогт Авилхайрын Мейремхан, Ожых овогт Мейремханы Бауыржан нарыг хуурамч бичиг баримт үйлдсэн, бусдын эд хөрөнгийг бүлэглэн завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар А.Мейремхан, М.Бауыржан нарын Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1-д заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар А.Мейремхан, М.Бауыржан нарыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жил хорих ял шийтгэж, А.Мейремхан, М.Бауыржан нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэргийн улмаас А.Мейремхан, М.Бауыржан нар цагдан хоригдоогүй, А.Мейремхан, М.Бауыржан нар нь бусдад төлөх өр төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2012 оны 01 дүгээр сарын 17-нд өдрийн 127 дугаартай төлбөрийн хүсэлт, 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 78 дугаартай бэлэн мөнгөний хүсэлт гэсэн 2 ширхэг хуурамч бичиг баримтыг хэргийн хамт хадгалахыг шүүгчийн туслах Ө.Бахытбект даалгаж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар А.Мейремхан, М.Бауыржан нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 103 дугаар магадлалаар Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 26/А тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Мейремхан, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ялтан болон түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд болон шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч Л.Даваасүрэнгийн тайлбарт: “... Гомдол гаргагч А.Мейремхан намайг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан "Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх" гэмт хэргээр зүйлчилж ял оноосныг миний бие эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлд зааснаар "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн", мөн хуулийн 321 дүгээр зүйлд зааснаар "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" гэх үндэслэлээр гомдол гаргаж давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 103 тоот магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.

Миний бие тухайн үед болсон үйл явдлын талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг мөн анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тухайн шүүхийн хэлэлцүүлгийн үеэр гаргасан тайлбартаа бодит байдлыг үнэн зөв мэдүүлж байсан юм.

Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 26/А тоот тогтоолоор надад ял оноохдоо 150 дугаар зүйлд заасан "Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх" гэмт хэргээр зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д "гэмт хэрэг санаатай үйлдэхэд хоёр ба түүнээс дээш этгээд нэгдсэнийг хамтран оролцох" гэж ойлгоно гэжээ. А.Мейремхан миний бие М.Бауыржантай бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй байхад Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар зүйлчилсэн боловч хууль ёсны нотлох баримтаар шүүх нотолж чадаагүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т заасныг зөрчиж шийдвэр гаргасан.

А.Мейремхан намайг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан "Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх" гэмт хэргийн субъект гэж үзсэн нь эргэлзээтэй. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх гэрч Ж.Саулешийн "... Уг бэлэн мөнгөний хүсэлтийг А.Мейремхан надад тодорхой хэлэхгүй олон бичиг цаасны дунд хавчуулаад гарын үсэг зуруулсан байна. Би А.Мейремханд очиж яагаад гарын үсэг зуруулсан бэ гэж асуухад танд мэдэгдэлгүй би гарын үсэг зуруулсан гэж хэлсэн. Төлбөрийн хүсэлтэд 09 дүгээр сарын цалин гэж бичсэн байсныг хараад ажилчдын цалинг гаргуулах байх гэж бодоод гарын үсэг зурсан байх. Төсөвт хэдэн төгрөг байгааг би мэдэхгүй нягтлан надад танилцуулаагүй, А.Мейремхан төсвийн мөнгийг хууль бусаар завшсаныг би мэдээгүй" гэх мэдүүлгийг нотлох баримт болгон хэргийг шийдвэрлэсэн боловч тухайн үед би өөрийн хүүгээ хамгаалах гээд Ж.Саулешт худал мэдүүлэхээр зааж байсан юм. Бодит байдал дээр гарын үсэг зуруулсан хүн М.Бауыржан мөн бөгөөд үүнийг өөрөө хүлээн зөвшөөрч байгаа юм. Тийм учраас гэрч Ж.Саулешийн мэдүүлэг нь хууль ёсны нотлох баримт болохгүй.

Гэтэл А.Мейремхан надад уг гэмт хэргийг үйлдэх гэсэн санаа зорилго байгаагүй бөгөөд хэн нэгэнтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй тул миний үйлдэл нь "бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулах боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар хүүхэдтэй бүлэглэсэн асуудал байхгүй. Үүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шат шатны шүүх хуралдааны үед хангалттай нотолж байсан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг ханган шийдвэрлээгүй бөгөөд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлүүдийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд А.Мейремхан миний бие гэмт хэрэгт холбогдолгүй болохоо дээрх байдлаар болон бусад хууль ёсны нотлох баримтаар нотолж байгаа тул давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 103 тоот магадлалыг хүчингүй болгож 201304000405 тоот эрүүгийн хэргийн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... А.Мейремхан нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүний оронд хүү М.Бауыржан нь томилогдон 2011 оны 05 дугаар сард жинхлэн ажилласан. А.Мейремхан, М.Бауыржан нар иргэн Алданышийн тэтгэвэр тогтоолгоход олгодог 36 сартай тэнцэх мөнгөн урамшууллыг Хаан банкны дансаар иргэн Серикд шилжүүлж өрөө дарсан байдаг.  Серик шүүхэд өгсөн мэдүүлэгтээ "би А.Мейремханаас авах авлага байсан түүнийгээ авсан" гэж мэдүүлдэг. Алданыш тэтгэвэрт гарах мөнгөө нэхэмжлэхэд цэцэрлэгийн цалингийн данснаас Алданышийн дансруу шилжүүлсэн байдаг. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байна. Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо А.Мейремхан өөрийгөө гэм буруугүй гэж үзэж, хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн байдаг. Гэтэл өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт тавьж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт М.Бауыржанын мэдүүлгээр А.Мейремхан нь мөнгийг ав гэсэн байдаг. Хэрэг хаана, хэзээ үйлдэгдсэн болох нь 2012 оны 01 дүгээр сар, 2012 оны 09 дүгээр сард мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөрдөн байцаалтаар нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй дараах байдлууд тогтоогдлоо.

Нэг. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Төрийн сангийн данснаас Б.Алданышийн нэг удаагийн тэтгэмж нэрээр 11.600.000 төгрөгийг 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр,

мөн, тус данснаас 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 11.600.000 төгрөгийг цэцэрлэгийн ажилчдын 9 дүгээр сарын цалин нэрээр дахин гаргаж Б.Алданышийн дансанд тус тус шилжүүлж, тус сумын төрийн сангийн төсвөөс нийт 23.200.000 төгрөг хууль бусаар гарсан 2 удаагийн үйл баримт мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон, энэ талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэргийг давтан үйлдсэн, улмаар давтан үйлдлийн улмаас учирсан нийт хохирлын талаар мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх шалтгаан болсон байх бөгөөд А.Мейремхан, М.Бауыржан нар дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хэрхэн хамтран оролцсон талаарх хууль хэрэглээний асуудал хэргийг мөрдөх, прокурорын хяналт тавих, шүүхээр шийдвэрлэх аль аль шатанд орхигдсон байна.

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд тогтоосон үйл баримтдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.

Хоёр. Гэмт хэрэг үйлдэгдэх үед А.Мейремхан, М.Бауыржан нар нь төрийн албанд хэзээ, ямар албан тушаалд томилогдсон, удирдах, гүйцэтгэх албан тушаалтны алинд хамаарагдаж байгаа талаар ямар нэг ажиллагаа хийгдээгүй, нотлох баримт цуглараагүй, үүнтэй холбогдуулан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль гэмт хэргийг үйлдсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байх тул энэ талаар ажиллагаа хийх нь зүйтэй.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28 дугаар бүлэгт заасан эрх ашигт хохирол учруулсан эсэхийг шалгах шаардлагатай гэж үзнэ.

Гурав. Мөрдөн байцаалтаар тогтоовол зохих дээрх ажиллагааг хийхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулах байгууллагын харьяаллын асуудлыг анхаарвал зохино.

Ийнхүү мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, ялтан А.Мейрамхан, түүний өмгөөлөгч К.Зулхаш нарын гэм буруугийн асуудлаар гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1. Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 26/А дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 103 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцаасугай.

                                                                 ДАРГАЛАГЧ,

                                                                          ШҮҮГЧ                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                          ШҮҮГЧ                                                                                 Д.ГАНЗОРИГ

 

Ш.Хасымд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Уранцэцэг даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Нарангэрэл, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан хийж,

            Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101 дүгээр магадлалтай Ш.Хасымд холбогдох 201404000160 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, ялтан Ш.Хасымын өмгөөлөгч З.Казбекийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Сарбас овгийн Шыныбайгийн Хасым нь Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 17-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багт оршин суух, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 66/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ББ84021711.

            Ш.Хасым нь 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Ховд сумын Шивэр багийн иргэн Б.Чинбатын 5 настай эр үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Ш.Хасымыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ш.Хасымын эд хөрөнгөнөөс 200.000 төгрөгийг хурааж, 6 сар баривчлах ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Ш.Хасым нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар Ш.Хасымын эд хөрөнгө болох 2 тооны атан тэмээ, 19 тооны тэмээ, 18 тооны адуу, 24 тооны үхэр, 160 тооны хонь, 240 тооны ямаа болон Ү-0202000140 тоот гэрчилгээтэй, 100 м.кв өвөлжөөний зориулалттай талбайг тус тус битүүмжилсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101 дүгээр магадлалаар Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Ш.Хасымыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг Ш.Хасымыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай“ гэсэн өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Хяналтын шатны шүүхэд ялтан Ш.Хасымын өмгөөлөгч З.Казбек гаргасан гомдолдоо: “... Эрүүгийн хуулийн эх хувьд “Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг, машин, механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол ...” гэж уг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлийг заасан байна. Гэтэл Эрүүгийн хуулийн зүйл ангийн хүндрүүлэх нөхцөл нь “энэ гэмт хэргийг давтан бүлэглэж” үйлдсэн явдал байх ёстой атал анхан шатны шүүх нь прокурорын байгууллагаас гэмт хэргийг давтан үйлдсэн гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан Ш.Хасымд хууль зүйн үндэслэлгүйгээр ял халдаасан бөгөөд давж заалдах шатны шүүх ч гэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж анхан шатны шүүхийн гаргасан алдааг залруулж чадсангүй. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгийн хүндрүүлэх нөхцөл нь уг хэргийг “давтан, бүлэглэж” гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүх Ш.Хасымын давтан үйлдлийг хууль зүйн үндэслэлгүйгээр “давтан бүлэглэж” үйлдсэн хэмээн “бүлэглэж” гэсэн хэсгийг хийсвэрээр нэмж ял халдаасан байхад давж заалдах шатны шүүх уг алдааг залруулалгүйгээр мөн адил Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ш.Хасымын үйлдлийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсч байна...” гэжээ.

            Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нарангэрэл гаргасан дүгнэлтдээ: Ш.Хасым нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх Ш.Хасымыг урьд хулгайн гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуульд зааснаар ялтай байдал дуусаагүй байхдаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж дүгнэсэн нь зөв байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

            Ялтан Ш.Хасым нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байдал нь дуусаагүй байхад буюу 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Ховд сумын Шивэр багийн иргэн Б.Чинбатын 5 настай 900.000 төгрөгийн эр үхрийг хулгайлж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн болох нь хохирогч Б.Чинбат /хх-10/, гэрч Н.Тагат /хх-17/, Т.Шынберген /хх-21/, К.Батырхан /хх-25/, М.Далайхан /хх-28/, Ө.Мекей /хх-33/, Ц.Амарсайхан /хх-35/, С.Лхагважав /хх-38/ нарын мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

            Шүүх ялтны үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцогдох бөгөөд ялтан Ш.Хасымын хувьд 2011 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж түүнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний сүүлийн үйлдлийг шүүх “хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн” гэж дүгнэсэн нь зөв болно.

            2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг давтан буюу бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол...” гэсэн диспозицид “давтан”, “бүлэглэж үйлдсэн” шинжийг тус тусад нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан байх бөгөөд 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь заалтын “буюу бүлэглэж” гэснийг “бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг,” гэж” өөрчилж “буюу бүлэглэж” гэсний ард “,” тэмдэг байхгүй байгаа нь тухайн “,” тэмдэг өөрчлөлтөд ороогүйгээр хэвээр үлдсэн байгааг харуулж байх тул “давтан” болон “бүлэглэж” гэсэн нөхцлүүд нь тус тусдаа хулгайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.

            Иймд ялтны өмгөөлөгч З.Казбекийн “Ш.Хасымын үйлдлийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсч байна” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол магадлалыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

            1.Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч З.Казбекийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                                            ДАРГАЛАГЧ,

                                                                                     ШҮҮГЧ                                               Т.УРАНЦЭЦЭГ

                                                                                     ШҮҮГЧ                                               Б.БАТЦЭРЭН

 

Х.Уугангэрэл нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1260 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1038 дугаар магадлалтай, Х.Уугангэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийг ялтнууд болон ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 17-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 24-305 тоотод оршин суух, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 04 сар хорих ялаар шийтгүүлсэн, Тайж овогт Хандмаагийн Уугангэрэл,

2. Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Намгийн 24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Урианхан овогт Нямсүрэнгийн Дашдаваа,

3. Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 21-нд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, хойд эх, 2 дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Нефтийн 1-5 тоотод оршин суух, 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 06 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Их догшин овогт Баярцогтын Цогзолбоо,

4. Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 17-нд Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хийдийн 1-6 тоотод оршин суух, 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 417 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, Шарвууд овогт Болдоогийн Мөнхзул,

5. Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19-53 тоотод оршин суух, 2000 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 399 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 3-т зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 55 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлсэн, 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 107 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр 5 жил 10 хоног болгон хорих ялыг өөрчилсөн, Ноён хангай овогт Борын Очирболд.

Х.Уугангэрэл нь ял шийтгэлтэй байх хугацаандаа Н.Дашдаваатай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Саппорогийн автобусны буудлын хойд талын буудлын сандал дээр сууж байсан иргэн М.Энхтайванг амь биед нь аюултай аргаар хоолойг нь боож унагаан халаасанд нь байсан “LG” маркийн гар утас, биет 300,000 төгрөгийг дээрэмдэж 350,000 төгрөгийн хохирол,

мөн 2014 оны 05 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн үед Б.Цогзолбоо, Б.Очирболд, Б.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохиролцож, иргэн Д.Ганзоригийг амь биед нь аюултай аргаар зодож, өмсөж явсан жинсэн өмдийг нь урж тасдан халаасанд нь байсан 20,000 төгрөг, барьж явсан цүнхэнд нь байсан ширэн пасктай 4,000,000 төгрөг, зүүж явсан хүзүүний мөнгөн гинж, гинжний кулон, монетон ээмэг болон “Самсунг Галакси S-4” маркийн гар утас зэргийг давтан үйлдлээр дээрэмдэж 5,370,000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Дашдаваа нь Х.Уугангэрэлтэй бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Саппорогийн автобусны буудлын хойд талын буудлын сандал дээр сууж байсан иргэн М.Энхтайванг амь биед нь аюултай аргаар хоолойг нь боож унагаан халаасанд нь байсан “LG” маркийн гар утас, биет 300,000 төгрөгийг дээрэмдэж 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Цогзолбоо нь ял шийтгэлтэй байх хугацаандаа Х.Уугангэрэл, Б.Очирболд, Б.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 05 дугаар сарын 07-ны шөнө иргэн Д.Ганзоригт биеэ үнэлнэ хэмээн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Эден” зочид буудалд дагуулан орж бусдыгаа утсаар дуудан сэжиг авсан Д.Ганзоригийг буудлаас гарч такси барих гэж байхад нь бүлэглэн амь биед нь аюултай аргаар зодож, өмсөж явсан жинсэн өмдийг нь урж тасдан халаасанд нь байсан 20,000 төгрөг, барьж явсан цүнхэнд нь байсан ширэн пасктай 4,000,000 төгрөг, зүүж явсан хүзүүний мөнгөн гинж, гинжний кулон, монетон ээмэг болон “Самсунг Галакси S-4” маркийн гар утас зэргийг дээрэмдэж 5,370,000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Очирболд нь ял шийтгэлтэй байх хугацаандаа 2014 оны 05 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн үед Б.Цогзолбоо, Х.Уугангэрэл, Б.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохиролцож, иргэн Д.Ганзоригийг амь биед нь аюултай аргаар зодож, өмсөж явсан жинсэн өмдийг нь урж тасдан халаасанд нь байсан 20,000 төгрөг, барьж явсан цүнхэнд нь байсан ширэн пасктай 4,000,000 төгрөг, зүүж явсан хүзүүний мөнгөн гинж, гинжний кулон, монетон ээмэг болон “Самсунг Галакси S-4” маркийн гар утас зэргийг давтан үйлдлээр дээрэмдэж 5,370,000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Мөнхзул нь 2014 оны 05 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн үед Б.Цогзолбоо, Х.Уугангэрэл, Б.Очирболд нартай урьдчилан үгсэн тохиролцож иргэн Д.Ганзоригийг амь биед нь аюултай аргаар зодож, өмсөж явсан жинсэн өмдийг нь урж тасдан халаасанд нь байсан 20,000 төгрөг, барьж явсан цүнхэнд нь байсан ширэн пасктай 4,000,000 төгрөг, зүүж явсан хүзүүний мөнгөн гинж, гинжний кулон, монетон ээмэг болон “Самсунг Галакси S-4” маркийн гар утас зэргийг дээрэмдэж 5,370,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1260 дугаар шийтгэх тогтоолоор Х.Уугангэрэлийг дээрэмдэх гэмт хэргийг давтан, бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн гэм буруутайд, Н.Дашдавааг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Б.Очирболдыг дээрэмдэх гэмт хэргийг давтан, урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн гэм буруутайд, Б.Цогзолбоо, Б.Мөнхзул нарыг дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар Х.Уугангэрэлийг эд хөрөнгө хураахгүйгээр 9 жил хорих ялаар, Б.Очирболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 9 жил хорих ялаар, Б.Цогзолбоог эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 06 сар хорих ялаар, Б.Мөнхзулыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 01 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар Н.Дашдавааг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 05 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Б.Цогзолбоод 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 06 сарын хорих ялаас заримыг буюу 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 5 жил 06 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Дашдаваад оногдуулсан 3 жил 05 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Х.Уугангэрэлд оногдуулсан 9 жил хорих ял, Б.Очирболдод оногдуулсан 9 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Мөнхзулд оногдуулсан 5 жил 01 сар хорих ял, Б.Цогзолбоод оногдуулсан 6 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Цогзолбоо, Б.Мөнхзул, Б.Очирболд тус бүрээс 1,342,500 төгрөг, Х.Уугангэрэлээс 1,132,500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ганзоригт олгох, мөн хохирогч Д.Ганзориг нь эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, Н.Дашдаваа, Х.Уугангэрэл нар нь хохирогч М.Энхтайванд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Х.Уугангэрэлийн цагдан хоригдсон 151 хоногийг, Н.Дашдаваагийн цагдан хоригдсон 141 хоногийг, Б.Цогзолбоогийн цагдан хоригдсон 160 хоногийг, Б.Очирболдын цагдан хоригдсон 98 хоногийг, Б.Мөнхзулын цагдан хоригдсон 145 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Б.Мөнхзулын бага насны хүүхэд болох М.Адистад хууль ёсны асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Х.Уугангэрэл нарт холбогдох хэргийг 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж, 1038 дугаар магадлалаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1260 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Х.Уугангэрэл, Б.Очирболд нарыг гэм буруутайд тооцсон хэсгээс “урьдчилан үгсэн тохиролцсон” гэснийг хасч, Б.Цогзолбоо, Б.Мөнхзул нарыг гэм буруутайд тооцсон хэсгийн “урьдчилан үгсэн тохиролцсон” гэснийг “бүлэглэн” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Х.Уугангэрэл, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, ялтан Б.Мөнхзул, Б.Очирболд, Б.Цогзолбоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд ялтан Х.Уугангэрэл гаргасан гомдолдоо: “...Миний бие өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн хяналтын шатны шүүхэд доорх гомдлыг гаргаж байна. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд миний бие Б.Очирболд, Б.Мөнхзул нарын нөлөөнд автаж өөрийн хамтран үйлдсэн хэргийг хүлээгээгүй. Урьдчилан үгсэн тохирч, бүлэглэж хохирогч нарыг дээрэмдээгүй. Мөн хохирогч нарын алдсан гэх эд зүйлс, бэлэн мөнгөнөөс миний бие аваагүй ч үйлдэл, эс үйлдэхүйд оролцон хэрэг учрал болох үед идэвхтэй үйлдэл хийсэн маань гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байна. Би хохирогч нарт төлөх 1,132,500 төгрөгийг бүрэн барагдууллаа. Өөрийн болчимгүй үйлдлийн гэм буруу, хор уршгийг ухамсарлан гэмшиж байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж хорих ял болон дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд ялтан Б.Цогзолбоо гаргасан гомдолдоо: “...Хэрэг болдог өдөр замын зардал олохын тулд хохирогч Ганзоригтой тохиролцсон боловч тэр залуу анх ярьсан хэлснээсээ шал өөр зүйл хүссэн учраас би цочирдон айсан, намайг айдаст автсан байх үед Мөнхзул эгч миний утас руу залгаж таарсан учраас байгаа зочид буудлаа хэлсэн. Хохирогч Ганзориг дээрэмдүүлсэн гээд байгаа үед би зочид буудалд буцаж орсон байсан. Үүнийг зочид буудлын үйлчлэгч эмэгтэй мэдүүлсэн байдаг. Үйл явдал өрнөж дуусаад тэр хүмүүс яваад өгсөн ба би тэр зочид буудлаас шууд цагдаагийн газар очсон. Энэ хүмүүсийн дээрэмдсэн мөнгөнөөс би огт аваагүй. Хэн нь хэдэн төгрөг авсныг мэдэхгүй. Болсон явдлаа би анхнаасаа байцаагчид үнэн зөвөөр хэлж байсан боловч аль ч шатанд авч хэлэлцээгүй. Мөрдөн байцаагч анхнаасаа загнаж, цохиж дарамтан дунд байцаалт авсан ба хавтаст хэрэгтэй танилцаад би уншаад цочирдсон. Эрхэм шүүгчид та бүхэн үнэн мөнийг олоход туслаач, надад төлбөр төлөх боломж бололцоо байхгүй, мөн би тэр хүний хохирлын мөнгөнөөс огт аваагүй, үүнийг зөвөөр тогтоолгох хүсэлтэй байна. Төлбөрийг хувь тэнцүүлэн хуваасанд гомдолтой байна. Хохирогч Ганзориг нь маш их худал мэдүүлэг өгснийг нүүрэлдмээр байна. Үнэн зөв хэзээд ялах болтугай” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд ялтан Б.Мөнхзул гаргасан гомдолдоо: “...Би энэ хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Уг хэрэгт миний оролцоо байгааг анхнаасаа үнэнээр нь мэдүүлсэн ба мөрдөн байцаагч байцаалтын явцад маш их худал мэдүүлэг оруулсан байсан. Би өрх толгойлсон 2 настай хүү, хүнд өвчтэй ээжтэйгээ амьдардаг. Ээж минь миний хэргийг сонсоод байдал улам хүнд болсон ба би угийн бие муутай, хүйтэн газар хоригдсоноос хойш удаа дараа хорихын эмнэлэгт эмчлүүлж байна. Хохирлын мөнгийг авсан, хэрэглэсэн байдлыг тогтоолгүй бүгдэд нь хувь тэнцүүлсэнд маш их гомдолтой байна. Яагаад гэвэл хохирлын мөнгөнөөс Очирболдын өгсөн 120,000 төгрөгийг л би авсан, гэтэл худал мэдүүлэг өгсөн байсан. Яагаад зөвхөн үнэнийг тогтоох байтал бүгдэд нь жигд хуваах болов, уг мөнгийг Уугангэрэл, Очирболд хоёр тоолсон гэж хавтаст хэрэгт мэдүүлсэн байсныг ялын тогтоолоос олж уншсан. Мөрдөн байцаагч маш бүдүүлэг, маш дарамттай байцаалт авснаас болж өөрийгөө ороосон мэдүүлэг өгсөн байсан. Уг хэрэгт тэр хүмүүстэй хамт байсан, оролцоотой боловч авч идсэн, уусан, үрсэн оролцоо байхгүй. Үүнийг л үнэнээр тогтоох ёстой. Яагаад гэвэл ял эдлээд дараа нь хохирол төлөгдөх учраас л бодит хохирлыг үнэнээр нь тогтоолгох хүсэлтэй байна. Эрхэм шүүгчид минь би хэрэг хийгээгүй, надад хамаагүй гэж хэлээгүй, ганцхан уг хэрэгт миний оролцоо болон бодит хохирлыг үнэнээр тогтоолгох хүсэлтэйг минь харгалзан үзэж ажиллана гэдэгт найдаж байна. Үнэн хэзээд ялах болтугай” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд ялтан Б.Очирболд гаргасан гомдолдоо: “...Би бусдыг уруу татаж, бусдын худал үгэнд итгэж дээрмийн хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлсэндээ маш их харамсан гэмшиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэгт хамтран оролцсон этгээд тус бүрийн гэм бурууд нь тохирсон ял шийтгэл өгөөгүй гэж үзэж байна. Учир нь Уугангэрэл, Цогзолбоо нар нь хэдийгээр гэмт хэрэг үйлдэхэд цуг байсан боловч дээрэмдэх санаа зорилго агуулалгүйгээр жинхэнэ гэм буруутан болох биднийг даган идэвхтэй үйлдэл хийснээрээ торны цаана суух болсонд туйлын их харамсаж байна. Уугангэрэл, Цогзолбоо нарыг мөрдөн байцаалт, шүүхийн шатуудад хэргээ хүлээхгүй байх талаар ухуулан ятгаж, тэдний эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд Уугангэрэл, Цогзолбоо нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний бие өөрт тохирсон ял шийтгэлийг авсан тул шүүхийн шийдвэрт ямар нэгэн гомдол саналгүй” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд ялтан Х.Уугангэрэлийн өмгөөлөгч Д.Энхбаяр гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3-т зааснаар үндэслэлтэй гэж үзэхэд илт эргэлзээтэй байна. Учир нь ялтан Х.Уугангэрэлд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11-д заасан “энэ хуулийн заалтыг ягштал баримтлан яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгах...” гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд зааснаар хэт нэг талыг барьсан буюу тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулахгүй орхисон гэж үзэх хууль зүйн үндэслэл байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх Х.Уугангэрэлийг гэм буруутайд тооцон ял оногдуулсан нь хуулийг зөрчиж байна. Ялангуяа Д.Ганзориг нь тухайн гэмт хэрэг гарах үед буюу халдлагад өртөгдөх үедээ 4 сая төгрөгтэй явж байсан гэх талаар хохирогчийн мэдүүлгээс өөр бусад бичгийн нотлох баримт байхгүй байхад үүний эх сурвалжийг нягтлан шалган тогтоогоогүй, мөн хохирогч Д.Ганзориг нь мэдүүлгийн эх сурвалждаа биедээ 4 сая төгрөг авч явсныг бүрэн нотлон заагаагүй атал шүүх дээрх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-ийг ягштал баримтлахгүйгээр хохирогчийн мэдүүлгийг үнэлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ялтан Х.Уугангэрэлд холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй, улсын яллагчийн яллах дүгнэлтэд түүнийг орон гэргүй, гадуур тэнүүчлэн амьдардаг мэтээр бодит байдлаас гуйвуулан дүгнэсэн, нөгөө талаар яллагдагчийн төрсөн эцэг, эх болон бусад этгээдээс хувийн байдлыг нь бүрэн тодруулсан гэрчийн мэдүүлэг аваагүй. Мөн бусад хувийн байдлыг тодруулсан бичгийн нотлох баримт хангалттай цуглуулаагүй юм. Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэргийг ялтан Х.Уугангэрэл үйлдсэн гэх нотлох баримт хангалттай бус, энэ зүйл ангид заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүхий гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь хангалттай бус тул анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “…Х.Уугангэрэл, Н.Дашдаваа, Б.Мөнхзул, Б.Очирболд, Б.Цогзолбоо нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу явагдсан. Х.Уугангэрэлийг анхан шатны шүүхэд өмгөөлж байсан өмгөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсээр байж шүүх хуралдаанд ирээгүй гэж торгуулсан байдаг. Гэрч Алтантүлхүүр, Гантулга нарын мэдүүлгээр хохирогч биедээ их хэмжээний мөнгөтэй явсан болох нь нотлогддог. Ялтан нар тухайн мөнгийг бар, караокед орж захиран зарцуулаад, үлдсэнийг нь бусдад тарааж өгсөн байдаг. Хэргийн зүйлчлэл тохирсон, ялтан нарын хувийн байдал тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Ялтан Х.Уугангэрэл нь ял шийтгэлтэй байх хугацаандаа Н.Дашдаваатай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Саппорогийн автобусны буудлын хойд талын буудлын сандал дээр сууж байсан иргэн М.Энхтайванг амь биед нь аюултай аргаар хоолойг нь боож унагаан халаасанд нь байсан “LG” маркийн гар утас, биет 300,000 төгрөгийг дээрэмдэж 350,000 төгрөгийн хохирол,

мөн 2014 оны 05 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн үед Б.Цогзолбоо, Б.Очирболд, Б.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохирч иргэн Д.Ганзоригийг амь биед нь аюултай аргаар зодож, өмсөж явсан жинсэн өмдийг нь урж тасдан халаасанд нь байсан 20,000 төгрөг, барьж явсан цүнхэнд нь байсан ширэн пасктай 4,000,000 төгрөг, зүүж явсан хүзүүний мөнгөн гинж, гинжний кулон, монетон ээмэг болон “Самсунг Галакси S-4” маркийн гар утас зэргийг давтан үйлдлээр дээрэмдэж 5,370,000 төгрөгийн хохирол учруулсан,

ялтан Н.Дашдаваа нь Х.Уугангэрэлтэй бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Саппорогийн автобусны буудлын хойд талын буудлын сандал дээр сууж байсан иргэн М.Энхтайванг амь биед нь аюултай аргаар хоолойг нь боож унагаан халаасанд нь байсан “LG” маркийн гар утас, биет 300,000 төгрөгийг дээрэмдэж 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

ялтан Б.Цогзолбоо нь ял шийтгэлтэй байх хугацаандаа Х.Уугангэрэл, Б.Очирболд, Б.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохирч 2014 оны 05 дугаар сарын 07-ны шөнө иргэн Д.Ганзоригт биеэ үнэлнэ хэмээн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Эден” зочид буудалд дагуулан орж бусдыгаа утсаар дуудан сэжиг авсан Д.Ганзоригийг буудлаас гарч такси барих гэж байхад нь бүлэглэн амь биед нь аюултай аргаар зодож, өмсөж явсан жинсэн өмдийг нь урж тасдан халаасанд нь байсан 20,000 төгрөг, барьж явсан цүнхэнд нь байсан ширэн пасктай 4,000,000 төгрөг, зүүж явсан хүзүүний мөнгөн гинж, гинжний кулон, монетон ээмэг болон “Самсунг Галакси S-4” маркийн гар утас зэргийг дээрэмдэж 5,370,000 төгрөгийн хохирол учруулсан,

ялтан Б.Очирболд нь ял шийтгэлтэй байх хугацаандаа 2014 оны 05 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн үед Б.Цогзолбоо, Х.Уугангэрэл, Б.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохирч иргэн Д.Ганзоригийг амь биед нь аюултай аргаар зодож, өмсөж явсан жинсэн өмдийг нь урж тасдан халаасанд нь байсан 20,000 төгрөг, барьж явсан цүнхэнд нь байсан ширэн пасктай 4,000,000 төгрөг, зүүж явсан хүзүүний мөнгөн гинж, гинжний кулон, монетон ээмэг болон “Самсунг Галакси S-4” маркийн гар утас зэргийг давтан үйлдлээр дээрэмдэж 5,370,000 төгрөгийн хохирол учруулсан,

ялтан Б.Мөнхзул нь 2014 оны 05 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн үед Б.Цогзолбоо, Х.Уугангэрэл, Б.Очирболд нартай урьдчилан үгсэн тохирч иргэн Д.Ганзоригийг амь биед нь аюултай аргаар зодож, өмсөж явсан жинсэн өмдийг нь урж тасдан халаасанд нь байсан 20,000 төгрөг, барьж явсан цүнхэнд нь байсан ширэн пасктай 4,000,000 төгрөг, зүүж явсан хүзүүний мөнгөн гинж, гинжний кулон, монетон ээмэг болон “Самсунг Галакси S-4” маркийн гар утас зэргийг дээрэмдэж 5,370,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял тэдний гэм буруу, тухайн гэмт хэргийн хор аюул, шинж чанарт тохирсон байна.

Хяналтын шатны шүүхэд ялтнууд болон ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг шинжлэн судалбал:

Эрүүгийн эрх зүйн ойлголтын хүрээнд урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг гэдэг нь хоёр буюу түүнээс дээш этгээд гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тухайн төрлийн хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байх явдал юм.

Хэргийн материалаас үзвэл, Б.Очирболд, Х.Уугангэрэл, Б.Мөнхзул нар нь Бондгор хочтой Б.Цогзолбоог уг дээрмийн гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө бусдад биеэ үнэлэхээр явсныг мэдэж байсан төдийгүй, Б.Цогзолбоог “Эден” зочид буудлаас утасдахад түүний дуудсанаар ирж Д.Ганзоригийг таксинд суух гэж байх үед чирч гарган зодож, түүний эд зүйлийг дээрэмдэн авсан байх бөгөөд Х.Уугангэрэл, Б.Цогзолбоо, Б.Очирболд, Б.Мөнхзул нарын дээрх үйлдэл нь урьдчилан үгсэн тохирсон шинжтэй байхад давж заалдах шатны шүүхээс тэдний үйлдлийг бүлэглэж үйлдсэн гэж зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтнууд болон ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Хэрэв мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч дарамталсан, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа бол энэ тухай гомдлоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357, 359 дүгээр зүйлд заасны дагуу прокурорт гаргаж болох юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1038 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1260 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Х.Уугангэрэл, Б.Очирболд нарыг гэм буруутайд тооцсон хэсгээс “урьдчилан үгсэн тохиролцсон” гэснийг хасч, Б.Цогзолбоо, Б.Мөнхзул нарыг гэм буруутайд тооцсон хэсгийн “урьдчилан үгсэн тохиролцсон” гэснийг “бүлэглэн”” гэж өөрчилснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Х.Уугангэрэл, Б.Цогзолбоо, Б.Мөнхзул, Б.Очирболд, ялтан Х.Уугангэрэлийн өмгөөлөгч Д.Энхбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                      ШҮҮГЧ                                  Б.БАТ-ЭРДЭНЭ

 

        СУМ ДУНДЫН 12 ДУГААР

 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМД

 

Харьяалал тогтоолгохыг хүссэн

албан бичигт хариу өгөх тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хандаж “...Д.Буянжаргалд холбогдох 201313000134 дугаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал тогтоолгох”-ыг хүссэн албан бичигтэй танилцлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.-т “Энэ хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан үндэслэл байвал шүүгч өөрөө татгалзан гарах үүрэгтэй ба энэхүү үндэслэлээр улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж болно.” гэж,

Мөн 52 дугаар зүйлийн 52.3.-т “Шүүх бүрэлдэхүүний олонхийг татгалзсан хүсэлт нь үндэслэлтэй гэж үзвэл уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.” гэж тодорхой заасан.

Гэтэл Д.Буянжаргалд холбогдох эрүүгийн хэргийн хохирогч Д.Мөнхтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэрэнханд нарын шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг Сум дундын 12 дугаар шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49, 50 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа хүсэлтийг хангаж хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд хууль буруу хэрэглэн хэргийн оролцогчдын хүсэлтийг шийдвэрлэсэн Сум дундын 12 дугаар шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг өөрчлөн тогтоох үндэслэлгүй тул албан бичиг болон 7 хуудас материалыг буцаан хүргүүлэв.

 

                                           ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН

                                           ТЭРГҮҮНИЙ АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                              ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                    

  ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ 7 ДУГААР

ШҮҮХИЙН  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАТСАЙХАНД

           Хэрэг буцаан хүргүүлэх тухай                       

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх харьяалал тогтоолгох тухай” 37 дугаар захирамжийн дагуу ирүүлсэн Б.Эрдэнэ-Очирт холбогдох хэргийн материалтай танилцлаа. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлийн 52.3.-т “Шүүх бүрэлдэхүүний олонхийг татгалзсан хүсэлт нь үндэслэлтэй гэж үзвэл уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.” гэж тодорхой заажээ.

Гэтэл хохирогч Б.Оюунбилэгийн “...Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзах...” тухай хүсэлт нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэлгүйгээр хэргийн харьяалал тогтоолгохоор Б.Эрдэнэ-Очирт холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн танхимд ирүүлсэн байна.

Иймд 2 хавтас 364 хуудас хэргийг буцаан хүргүүлэв.

 

                                                  ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН

                                                  ТЭРГҮҮНИЙ АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                     ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАТЦЭРЭН