2016 оны 06 сарын 24

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

2015 оны гуравдугаар улиралд хянагдсан эрүүгийн хэргийн тогтоол,

магадлал өөрчлөгдсөн, хүчингүй болсон шалтгааныг судалсан тухай тойм

 

 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр                                                                                                                       Улаанбаатар хот

2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим шүүх хуралдаанаар 260 хэрэг хянан шийдвэрлэснээс 149 хэрэг нийслэлийн, 111 хэрэг нь орон нутгийн шүүхүүдийн шийдвэрлэсэн хэрэг байна.

2015 оны гуравдугаар улиралд хяналтын шатанд хүлээн авсан хэргийг гомдлоор нь авч үзвэл:

  • шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор 228 хэрэг буюу нийт хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 87.7 хувь,
  • хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор 20 хэрэг буюу 7.7 хувь,
  • иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлуудаар 3 хэрэг буюу 1.1 хувь,
  • прокурорын эсэргүүцлээр 3 хэрэг буюу 1.1 хувь,
  • шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах прокурорын дүгнэлтээр нийт хэргийн 2.4 хувь буюу 6 хэргийг тус тус хянан хэлэлцжээ.

 

Хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийг төрлөөр авч үзвэл:

- Хүнийг санаатай алах /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл/ гэмт хэрэг 39 буюу 15 хувь,

- Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/ гэмт хэрэг 30 буюу 11.5 хувь,

- Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл/ гэмт хэрэг 32 буюу 12.3 хувь,

- Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйл/ гэмт хэрэг 21 буюу 8.1 хувь,

- Танхайрах /Эрүүгийн хуулийн 181 дугаар зүйл/ гэмт хэрэг 29 буюу 11.1 хувь,

- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйл/ гэмт хэрэг 28 буюу 10.8 хувийг тус тус эзэлж байна. Эдгээр анхаарал татсан гэмт хэргүүд нь хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 68.8 хувийг эзэлж байна.

2015 оны гуравдугаар улиралд хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн байдлыг авч үзвэл:

  • Тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн 148 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 56.9 хувь,
  • Тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан 59 хэрэг буюу 22.7 хувь,
  • Тогтоол магадлалыг хүчингүй болгосон 53 хэрэг буюу нийт хэргийн 20.4 хувийг  эзэлж байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шийдвэрлэсэн байдлыг аймаг нийслэлээр нарийвчлан авч үзвэл:

 

 

 

 

Аймаг, нийслэл

2015 оны гуравдугаар улиралд

Хяналтын шатны шүүхээр

Хэвээр үлдээсэн

Өөрчлөлт оруулсан

Хүчингүй болгосон

1

Архангай

6

4

-

2

2

Баян-Өлгий

6

3

1

2

3

Баянхонгор

3

1

1

1

4

Булган

5

3

1

1

5

Говь-Алтай

4

3

-

1

6

Говьсүмбэр

5

5

-

-

7

Дархан-Уул

7

5

1

1

8

Дорноговь

9

4

1

4

9

Дорнод

9

7

-

2

10

Дундговь

4

3

-

1

11

Завхан

3

1

1

1

12

Орхон

10

4

3

3

13

Өмнөговь

8

4

3

1

14

Өвөрхангай

2

2

-

-

15

Сүхбаатар

3

-

1

2

16

Сэлэнгэ

3

2

-

1

17

Төв

1

-

-

1

18

Увс

14

12

2

-

19

Ховд

3

1

2

-

20

Хөвсгөл

4

2

2

 

21

Хэнтий

2

1

-

1

22

Нийслэл

149

81

40

28

 

Нийт

 260

148

59

53

 

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан үндэслэлийн хувьд нийт 59 хэргээс:

 

1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн 22 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 8.5 хувийг эзэлж байна.

 

2. Шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн 9 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 3.5 хувийг эзэлж байна.

 

3. Хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн 2 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 0.8 хувийг эзэлж байна.

 

4. Ял нь гэмт хэргийн хүнд хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй болон бусад үндэслэлээр тогтоол магадлалд өөрчлөлт орсон 26 хэрэг буюу нийт хэргийн 10 хувийг эзэлж байна.

 

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон 53 хэргээс:

 

  • Нийт хэргийн 10.8 хувь буюу 28 хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаасан,
  • Нийт хэргийн 5.4 хувь буюу 14 хэргийг шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт тус тус буцааж,
  • Нийт хэргийн 1.9 хувь буюу 5 хэргийг хэрэгсэхгүй болгож,
  • Нийт хэргийн 2.3 хувь буюу 6 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон байна.

 

Шүүхүүдийн тогтоол, магадлалын хүчингүй болсон шалтгаан, үндэслэлийн хувьд нийт 53 хэргээс: 

 

1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан гүйцэд биш хийсэн үндэслэлээр хүчингүй болгосон хэрэг нийт шийдвэрлэсэн хэргийн 6.5 хувь буюу 17 хэрэг байна. / Хяналтын шатны шүүхийн тогтоолын дугаар 2, 64, 68, 85, 87, 98, 111, 128, 138, 157, 186, 196, 209, 224, 231, 242, 251/

 

2. Тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй 8 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 3.1 хувийг эзэлж байна. /Хяналтын шатны шүүхийн тогтоолын дугаар 47, 59, 81, 91, 129, 172, 181, 206/

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн хэрэг 11 буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 4.2 хувь байна. /Хяналтын шатны шүүхийн тогтоолын дугаар 27, 35, 73, 97, 103, 113, 139, 164, 179, 195, 235/

 

4. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн 17 хэрэг буюу  нийт шийдвэрлэсэн хэргийн 6.5 хувийг эзэлж байна. /Хяналтын шатны шүүхийн тогтоолын дугаар 11, 25, 26, 49, 72, 76, 87, 120, 132, 134, 169, 171, 204, 244, 247, 253, 259/

  

 

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хэргүүдээс дараахь  хэргүүдийг жишээ болгон тэмдэглэе.

 

Нэг. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байгаа талаар

 

1.1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Хэргийн товч утга: Б.Уранчимэг нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

   Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Б.Уранчимэгийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жил 9 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Шийтгэх тогтоол, магадлалд “Прокуророос Б.Уранчимэгт Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар ял сонсгосон үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

Өөрчлөлт оруулсан үндэслэл: Гэрч, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудааар хохирогч М.Зоригтбаяр нь эхнэр Б.Уранчимэгтэй эр, эмийн хардалт, хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эхэлж Б.Уранчимэгийг үсдэж эрх чөлөөнд нь халдсан, мөн нүдний шилийг нь авч чулуудсан, заналхийлсэн зэрэг үйлдлүүд нь хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон үйл баримт тогтоогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх Б.Уранчимэгийн үйлдлийг “танхайн сэдэлттэй” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

            Иймд прокуророос Б.Уранчимэгийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хохирогч М.Зоригтбаярт хүнд гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Б.Уранчимэгийн танхайн сэдэлтээр хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.2 Анхан шатны шүүх хоёр өөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэж, жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоохдоо өмнөх тогтоолоор оногдуулсан  хорих ялаас доогуур тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийн заалтыг буруу хэрэглэсэн.

 

Хэргийн товч утга: Б.Золжаргал, Б.Баярмаа нар нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт, А.Уртнасан нь Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Золжаргал, Б.Баярмаа нарыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар, А.Уртнасанг Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5, 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уртнасанд сүүлчийн тогтоолоор оногдуулсан 2 сар баривчлах ял дээр өмнөх 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялын зарим болох 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Б.Золжаргал, Б.Баярмаа нарт тус бүр 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүх А.Уртнасангийн биечлэн эдлэх 2 жил 2  сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид...”, “...ялтан Б.Золжаргал, Б.Баярмаа нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай...” гэж тус тус өөрчилж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Золжаргал, Б.Баярмаа, А.Уртнасан нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

            Хүчингүй болгосон үндэслэл: Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ялтан А.Уртнасанд 4 жил хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн бөгөөд А.Уртнасан нь ялтай байхдаа буюу хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлджээ.

            Гэтэл анхан шатны шүүх хоёр өөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэж, жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоохдоо өмнөх тогтоолоор оногдуулсан 4 жил хорих ялаас доогуур тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийн заалтыг буруу хэрэглэсэн байна.

            Мөн хавтаст хэргийн 73, 78 дугаар хуудсанд авагдсан ялтан Б.Золжаргал, Б.Баярмаа нарын бага насны хүүхэдтэйг нотлох төрсний гэрчилгээний хуулбар баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, хүүхэд хэний асрамжинд, хаана оршин сууж байгааг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв. Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б.Золжаргал, Б.Баярмаа, А.Уртнасан нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн баана.

2.3. Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, аргагүй хамгаалалтын явцдаа халдагч этгээдийн бие мах бодид хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийн заалтыг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

 

Хэргийн товч утга: Э.Болорбат нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх Э.Болорбатад Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоног хорих ял оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга:  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Болорбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хүчингүй болгосон үндэслэл: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ж.Дашдэлэг нь Э.Болорбатын амь нас, эрүүл мэнд аюул учирч болзошгүй нөхцөл байдал бодитой үүссэн үүссэн болох нь хангалттай тогтоогдсон.

 Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл, энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан.

Аргагүй хамгаалалт бол халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг. Хэрэг маргааныг эхлүүлэн, хутга барьж бусдын амь нас эрүүл мэндэд аюул учруулахаар заналхийлж довтолсон Ж.Дашгэлэгийн халдлагын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, тухайн үйлдлээс өөрийгөө хамгаалсан гэх үйлдлийн талаарх нотлох баримтанд ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулан гагцхүү Ж.Дашдэлэгийн биед хүнд гэмтэл учруулсан Э.Болорбатын санаатай үйлдэл нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь заалтын шаардлагад нийцээгүй байна.

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа халдагч этгээдийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан Э.Болорбатын санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хор учруулсан хэдий боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа нийгэмд ашигтай, аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзнэ.

 

Хоёр. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд илэрч буй алдаа зөрчил

 

2.1. Мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээс гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг урьдчилан сануулахгүйгээр түүнээс мэдүүлэг авсан нь “...оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ...хязгаарлах замаар ...хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн.

Хэргийн товч утга: Д.Амаржаргал нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Сум дундын 9 дүгээр шүүх Д.Амаржаргалыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 01 сар хорих ялаар шийтгэж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн.

Хүчингүй болгосон үндэслэл: Прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоол, магадлалд 2014 оны 05 дугаар сарын 30, 2014 оны 06 дугаар сарын 02, 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрүүдэд бэхжүүлэн авсан “...манай нөхөр Д.Амаржаргал нь Ө.Тэгшсуурийг алсан” гэх С.Энхжаргалын мэдүүлгүүдийг Д.Амаржаргалын эсрэг нотлох баримт болгон ашиглан Д.Амаржаргалыг бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 01 сар хорих ял оногдуулжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэжигтэн нь гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй талаар тусгайлан заагаагүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”-г хуульчлан бэхжүүлжээ.

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Үндсэн хуулийн дээрх заалтыг сэжигтэн С.Энхжаргалд урьдчилан сануулахгүйгээр түүнээс мэдүүлэг авсан нь “...оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ...хязгаарлах замаар ...хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Тэрчлэн “...манай нөхөр Д.Амаржаргал нь Ө.Тэгшсуурийг алсан” гэж С.Энхжаргалаас ам дамжин ярьсан зүйлийн талаар гэрч С.Балдандорж, Ц.Уртнасангийн өгсөн мэдүүлгийг өөр бусад нотлох баримтаар давхар нотлохгүйгээр яллах нотлох баримт болгон шүүхээс дүгнэсэн нь “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь цугларсан нотлох баримтыг бүх талаас нь, бодит байдлаар нь хянаж үзэх үүрэгтэй”, “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэжээ.

2.2. Гэмт хэрэг гарсан байдал, хохирогчийн хууль бус ажиллагаа хэрэг гарахад хүргэсэн эсэх, уг гэмт хэргийг хэн үйлдсэн болон гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй, мөрдөн байцалтын ажиллагааг гүйцэт хийгээгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Хэргийн товч утга: Б.Эрдэнэбаяр нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Сум дундын 15 дугаар шүүх Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан 3 жил 8 сар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож мөрдөн байцаалтад буцаасан.

Хүчингүй болгосон үндэслэл: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаагүй, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан байдал, хохирогчийн хууль бус ажиллагаа хэрэг гарахад хүргэсэн эсэх, уг гэмт хэргийг хэн үйлдсэн болон гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй, мөрдөн байцалтын ажиллагааг гүйцэт хийгээгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Хохирогчоор тогтоогдсон Д.Мягмар нь бусдын хуулиар хамгаалагдсан халдашгүй байдал, эрх чөлөөнд халдаж, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл хийсэн эсэх, гэмт хэргийг өдүүлсэн, эхлүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал байгаа эсэхийг анхаарч шалгах шаардлагатай.

Түүнчлэн Д.Мягмард учирсан хүнд гэмтэл дан ганц Б.Эрдэнэбаярын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх, уг гэмтэл нь хэдийд, хэрхэн учирсан талаар тодруулах нь хэрэгт чухал ач холбогдолтой гэж үзэв.

Иймд анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлээр Б.Эрдэнэбаярт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Дүгнэлт

           

            2015 оны гуравдугаар улиралд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журам болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон 36 хэрэг байгаа нь нийт шийдвэрлэсэн хэргийн 13.8 хувийг эзэлж байна.  

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд нийтлэг байдлаар дараах зөрчлүүд илэрч байна. Үүнд:

- хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд нь агуулгын хувьд  харилцан зөрүүтэй байхад алийг нь ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлсэн,  нөгөөг нь үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоол магадлалд заагаагүй, дүгнэлт хийлгүй орхигдуулсан,

- гэмт үйлдлийн улмаас учирсан шууд хохирлыг үндэслэлтэй зөв тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт биш, нотлогдвол зохих байдал тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн,

-  шүүх хэргийн үйл баримт хэрхэн тогтоогдсон талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр, харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг шийтгэх тогтоолд тоочин бичиж, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг ноцтой зөрчин хэргийг шийдвэрлэсэн,

- Мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээс гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг урьдчилан сануулахгүйгээр түүнээс мэдүүлэг авсан нь “...оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ...хязгаарлах замаар ...хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн зэрэг алдаа зөрчлийг гаргажээ.

 

 2015 оны гуравдугаар улиралд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан 22 хэрэг,  тогтоол, магадлалыг хүчингүй болгосон 17 хэрэг нийт 39 байгаа нь нийт хэргийн 15 хувийг эзэлж байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дараах нийтлэг алдаа зөрчлүүд ажиглагдаж байна. Үүнд:

 -  шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгыг зөв тогтоож чадаагүйн улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, ялтны эрх зүйн байдлыг дордуулсан,

- шүүгдэгч нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн урьд эдлээгүй үлдсэн хорих ялыг сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгээгүй,

- Эрүүгийн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй үндэслэлээр хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн,

- торгох ялын хэмжээг буруу тогтоож Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийг зөрчсөн,

-  шүүх хэргийн үйл баримтыг зөрүүтэй тогтоож буруу зүйлчилсэн зэрэг алдаа зөрчлийг гаргажээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршино.

 

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн,  яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу  хэргүүдийн шийдвэрлэсэн байдал, үйл ажиллагаандаа дүгнэлт хийн, алдаа, зөрчил дахин гаргахгүй байх талаар дүн шинжилгээ хийн судалж, хуульд заасны дагуу шүүн таслах ажиллагааны   чанарт анхаарч ажиллана уу. 

 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

ПРАКТИК СУДЛАЛЫН ХЭЛТЭС