2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр                Дугаар 14                                 Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 91 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙГ
ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл /эс үйлдэхүй/ хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь шууд болон шууд бус санаатай үйлдэгдэнэ.

2. Амь хохирогч нас барсан үеэс эхлэн хүнийг санаатай алсан үйлдлийг төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

Хүнийг санаатай алах гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ /тэр даруйдаа, эсхүл хэсэг хугацааны дараа/ нас барсан болох нь нөлөөлөхгүй.

3. Хүнийг санаатай алахад чиглэсэн үйлдэл /эс үйлдэхүй/-г хийсэн боловч гэмт этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас хохирогч нас бараагүй бол хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж үзнэ.

Энэхүү гэмт хэрэг зөвхөн шууд санаатай үйлдэгддэгийг анхаарвал зохино.

4. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасан хүндрүүлэх болон мөн хуулийн 92, 93, 94 дүгээр зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалгүйгээр, түүнчлэн энэ хуулийн 40 /Аргагүй хамгаалалт/, 41 /Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, саатуулах үед гэм хор учруулах/, 42 /Гарцаагүй байдал/ дугаар зүйл, 44 дүгээр зүйлийн 44.1 /Тушаал, захирамж биелүүлэх/-д заасан нөхцөл байдлаас бусад тохиолдолд хүнийг санаатай алсан үйлдлийг мөн зүйлийн 91.1-д зааснаар зүйлчилнэ.

5. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

5.1. Гэмт этгээдийн үйлдэл нь уг хэсэгт заасан хоёр ба түүнээс дээш хүндрүүлэх шинжүүдийг нэгэн зэрэг агуулж байвал аль тохирох заалтуудыг давхар хэрэглэн зүйлчилнэ.

Энэ тохиолдолд шүүх гэмт үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар эрх зүйн үнэлгээ өгөхөөс бус тухайн хэсгийн заалт тус бүрээр ял оногдуулахгүй.

5.2. Шунахайн сэдэлт” гэдэгт гэмт этгээд өөртөө болон бусад этгээдэд эдийн буюу эдийн бус баялаг олж авах, эсхүл ямар нэгэн үүргийг гүйцэтгэхээс зайлсхийх гэсэн санаа зорилгыг ойлгоно.

Уг сэдэлт нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө үүссэн байдгийг анхаарвал зохино.

Шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэх мэт бусад зүйл, хэсгээр давхар зүйлчлэх шаардлагагүй.

Бусдыг санаатай алсны дараа эд хөрөнгийг авсан гэмт үйлдлийг шунахайн сэдэлтээр алсан гэж үзэхгүй.

5.3. “Танхайн сэдэлт” гэж нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлийг шалтаг болгосныг хэлнэ.

Танхайн сэдэлт нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчих зэрэг хэлбэрээр илэрнэ.

 

“Нийгмийн хэв журам”, “нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн”, “бусдыг илтэд үл хүндэтгэх”, “догшин авирлах”, “хүч хэрэглэх”, “хүч хэрэглэхээр заналхийлэх” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолд зааснаар ойлгож хэрэглэнэ.

Хүнийг танхайн сэдэлтээр санаатай алахын өмнө, эсхүл дараа нь танхайрах гэмт хэргийг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр давхар зүйлчилнэ. Мөн энэ тохиолдолд танхайрах гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавраас /бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэх мэт/ шалтгаалан Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж болно.

5.4. Өс хонзон” гэдэгт хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд гэмт этгээд өөрийнх нь үзэл бодол, үнэлэмжид нийцээгүй гэж дургүйцэн гомдож, түүнээс хариу авах, хорсол тайлах гэсэн санаа зорилгыг ойлгоно.

Энэхүү сэдэлт нь зөвхөн гэмт этгээд хохирогч хоёрын хоорондын харилцаанаас гадна үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, гаднах төрх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдал, цусан өшөө зэргээс үүссэн байж болно. Харин хувийн таарамжгүй харьцааны улмаас хүнийг санаатай алсан бол өс хонзонгийн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэж үзэхгүй.

5.5. Захиалгаар” гэж гэмт этгээд нь хэн нэгний хүсэлтээр, өөртөө болон бусдад эдийн ба эдийн бус ашигтай байдал бий болгох, эсхүл тодорхой болзол бүхий амлалт авч хүнийг санаатай алсныг хэлнэ.

Энэ тохиолдолд захиалагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 37 дугаар зүйлийн 37.4-т заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Уг гэмт хэргийг үйлдэхэд хатгагч, хамжигч, зохион байгуулагч нар идэвхтэй хамтран оролцдогийг анхаарвал зохино.

5.6. Хохирогчийн цус, эд, эрхтнийг ашиглах зорилгоор гэдэгт хүний нөхөн үржихүйн эд /өндгөвч, төмсөг, өндгөн эс, сүн, ураг/-ээс бусад эд эрхтнийг болон цусыг өөртөө эсхүл бусдад хэрэглэх зорилгоор хүнийг санаатай алахыг ойлгоно.

Хэрэв уг гэмт хэргийг энэ зүйлд заасан бусад хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол мөн зүйлийн аль тохирох хэсгээр давхар зүйлчилнэ.

5.7. Өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор” гэдэгт өөрийн болон бусдын үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж байгаа гэмт хэргийг гэрчлэх буюу мэдээлж болзошгүй, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд учирч болох саадыг арилгах, төгс үйлдэхэд шаардлагатай нөхцөл бүрдүүлэх гэсэн шалтгаанаар хүнийг алахыг хамааруулан үзнэ.

Энэ тохиолдолд гэмт этгээдийн үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж байсан, завдсан гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага мөн хүлээлгэнэ.

5.8. “Уулгалан довтлох буюу дээрэмдэх хэргийг үйлдэхдээ” гэж Эрүүгийн хуульд заасан эдгээр төрлийн гэмт хэргийг үйлдэх явцдаа хүнийг санаатай алсныг хэлнэ.

Уулгалан довтлох гэмт хэргийг үйлдэх явцад хүнийг санаатай алсан бол мөн хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар давхар зүйлчилнэ.

Харин бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хүнийг санаатай алсан бол энэ зүйл, хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд дээрмийн гэмт хэргээр давхар зүйлчлэхгүй.

5.9. Хүн хулгайлах буюу бусдыг барьцаанд авах гэмт хэрэг үйлдэхдээ” гэдэгт эдгээр төрлийн гэмт хэргийг үйлдэх явцдаа хүнийг санаатай алсан байхыг ойлгоно. Энэ тохиолдолд гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн 108, 112 дугаар зүйлийн аль тохирох хэсгээр давхар зүйлчилнэ.

“Хүн хулгайлах” гэж хүнийг өөрийнх нь хүсэл зоригоос гадуур, нууц, далд аргаар эзэрхийлэн авч, өөрийн эрхшээлд оруулан, эрх, эрх чөлөөг нь хууль бусаар хязгаарлаж байгаа үйлдлийг хэлнэ.

“Барьцаанд авах” гэдэгт бусдаас мөнгө, эд хөрөнгө гаргуулах, эсхүл аливаа үйлдэл гүйцэтгүүлэх буюу гүйцэтгэхээс татгалзуулах зэрэг болзол тавьж, хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулахаар заналхийлж, энэ тухайгаа хэн нэгэнд мэдэгдэн, шаардсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Хүн хулгайлах, хүнийг барьцаалах гэмт хэргийг үйлдэх явцад хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон нь үүнд хамаарахгүй бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 108, 112 дугаар зүйлийн аль тохирох хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

5.10. “Онц аюултай гэмт хэрэгтэн гэдэгт шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээд хамаарна.

5.11. Хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн” гэдэгт хүнийг санаатай алсан буюу алахаар завдсан /санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэрэг хамаарахгүй/ гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг ойлгох бөгөөд үүндээ ял шийтгүүлсэн буюу шийтгүүлээгүйн аль аль нь хамаарна.

Энэ тохиолдолд гэмт этгээд хүнийг санаатай алах гэмт хэрэгт ямар байдлаар хамтран оролцсон нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Харин хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, ялгүй болсон, ялгүйд тооцогдсон этгээдийн шинээр үйлдсэн гэмт хэрэг нь давтан үйлдсэн гэмт хэрэгт тооцогдохгүй.

5.12. “Бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 10 дугаар тогтоолд зааснаар ойлгож хэрэглэнэ.

5.13Онц харгис хэрцгий арга”-д хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулна.

Гэмт этгээд нь үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд цогцсыг устгасан болон хэсэгчлэн хуваасныг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэж үзэхгүй.

Харин гэмт этгээд амь хохирогчийг нас барсан болохыг мэдээгүй үедээ дээрх үйлдлийг хийсэн бол түүнд энэ зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

5.14. “Нийтэд аюултай арга” гэдэгт олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан буюу учруулж болох байсан арга хэрэгслийг ойлгоно.

Энэхүү аргаар хүнийг санаатай алах явцад бусдын бие махбодид гэмтэл учруулсан, эд хөрөнгийг устгасан буюу гэмтээсэн бол Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилнэ.

 

5.15. “Хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж” гэж гэмт этгээд амь хохирогчийг жирэмсэн болохыг түүний гадаад төрх байдал, хоорондын харилцаа эсхүл бусад эх сурвалжаас лавтай сайн мэдсэн байхыг хэлнэ.

Энэ тохиолдолд жирэмслэлтийн хугацаа нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

5.16. Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ.

Биеэ хамгаалж чадахгүй хүнд бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна.

5.17. “Хоёр буюу түүнээс олон хүнийг” алсан гэдэгт  гэмт этгээд хоёр буюу түүнээс олон хүнийг алах гэсэн нэгдмэл санаа зорилгоо нэг цаг хугацаанд эсхүл тодорхой хугацааны дараа хэрэгжүүлсэн байхыг ойлгоно.

Хэрэв энэхүү санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ нийтэд аюултай арга хэрэглэсэн байвал энэ зүйлийн 91.2.13-т зааснаар давхар зүйлчилнэ.

Харин нэг хүнийг алаад нөгөөг нь алахыг завдсан бол хоёр хүнийг алсан гэж үзэхгүй.

5.18“Албаны үйл ажиллагаа” гэдэгт хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэр, мөн гэрээний үндсэн дээр тухайн этгээдэд олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх явдлыг ойлгоно.

 

“Олон нийтийн үүрэг” гэж нийгмийн тусын тулд эсхүл хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг хэлнэ.

“Ойрын төрөл, садангийн хүн” гэдэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасан гэр бүлийн гишүүд хамаарна.

Эрх мэдэл буюу албаны бүрэн эрхээ илтэд хэтрүүлсэн хохирогчийн буруутай үйлдэлд дургүйцэж алсан, түүнчлэн албаны үйл ажиллагаа, олон нийтийн үүргээ биелүүлж байсныг нь мэдээгүй, мэдэх боломжгүй байсан үед хүнийг санаатай алсан бол энэ заалтад хамаарахгүй.

Мөн улс төрийн үйл ажиллагаанд нь саад учруулах, Монгол Улсын засаг төрийг бусниулан доройтуулах зорилгоор улс төр, олон нийтийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төр, нийгмийн зүтгэлтнийг санаатай алсан бол Эрүүгийн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд хүнийг санаатай алах гэмт хэргээр давхар зүйлчлэхгүй.

 

6. Хүнийг санаатай алсан болон алахыг завдсан гэмт үйлдлүүдийг тус тусад нь зүйлчилж, ял шийтгэх бөгөөд ялыг Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлд заасан журмаар нэгтгэн, гэмт этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.

7. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн орон цаг, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

8. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 23 дугаар тогтоол, уг тогтоолд өөрчлөлт оруулсан мөн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН  Д.БАТСАЙХАН