2016 оны 06 сарын 24

 Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

2015 оны хагас жилд хянагдсан эрүүгийн хэргийн тогтоол,

магадлал өөрчлөгдсөн, хүчингүй болсон шалтгааныг судалсан тухай тойм

 

 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр                                                                                                                                       Улаанбаатар хот

 

Нэг. Эрүүгийн хэргийн танхим хянасан хэрэг

2015 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хяналтын шатны шүүх 307 хэрэг хүлээн авч, нийт 293 хэрэг хянан шийдвэрлэснээс 217 хэрэг буюу 74.1 хувийг хуралдаанаар хянан хэлэлцсэн 76 хэрэг буюу 25 хувийг хянаад буцаасан, 19 хэргийн үлдэгдэлтэй байна. 

Шүүх хуралдаанаар 217 хэрэг хянан шийдвэрлэснээс 122 хэрэг нийслэлийн, 95 нь орон нутгийн шүүхүүдийн шийдвэрлэсэн хэрэг байна.

 

Хяналтын шатанд хүлээн авсан хэргийг гомдлоор нь авч үзвэл:

 

 

Хэний гомдлоор

2014 оны хагас жил

2015 оны хагас жил

 

(+) өссөн (-) буурсан хэмжээ

хэрэг

хувь

Хуралдаанаар хянан шийдвэрлэсэн

251

217

-34

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч

192

192

-

 

 

Хохирогчийн өмгөөлөгч

21

15

-6

-28.6

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлуудаар

3

3

-

 

Прокурорын эсэргүүцлээр

9

2

-7

-77.7

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах прокурорын дүгнэлтээр

26

5

-21

-80.7

 

            2015 оны хагас жилд хяналтын шатанд хүлээн авсан хэргийг гомдлоор нь авч үзвэл:

  • шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор 192 хэрэг буюу нийт хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 88.4 хувь,
  • хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор 15 хэрэг буюу 6.9 хувь,
  • иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлуудаар 3 хэрэг буюу 1.4 хувь,
  • прокурорын эсэргүүцлээр 2 хэрэг буюу 0.9 хувь,
  • шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах прокурорын дүгнэлтээр 5 хэрэг буюу 2.3 хувьтай байна.

 

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хүлээн авсан хэргийн тоо болон иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлуудаар хүлээн авсан хэрэг тус тус өсөөгүй хэвээр байна. Харин хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор хүлээн авсан хэрэг 28.6 хувь, прокурорын эсэргүүцлээр хүлээн авсан хэрэг 77.7 хувь, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах прокурорын дүгнэлтээр хүлээн авсан хэрэг 80.7 хувиар тус тус буурсан байна.

 

 

            Хоёр. Хяналтын шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн байдал

2015 эхний хагас жилд хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулан үзэхэд хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нийт эрүүгийн хэрэг 34 буюу 13.5 хувиар бууржээ.

 

   

 

 

Д/д

 

Шийдвэрлэсэн байдал

 

2014

 

2015

(+) өссөн

(-) буурсан хэмжээ

хэрэг

хэрэг

хэрэг

хувь

 

1

Хянан шийдвэрлэсэн хэрэг

251

217

-34

-13.5

 

2

Тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн

142

123

-19

-13.4

 

3

Тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан

52

52

-

 

 

4

Тогтоол, магадлалыг хүчингүй болгосон

57

42

-15

-23.6

 

2015 оны эхний хагас жилд анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон хэргийг 2014 оны мөн үетэй харьцуулахад 19 хэргээр буюу 13.4 хувиар буурсан бол, тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан хэргийн тоо хэвээр байна. Мөн тогтоол магадлалыг хүчингүй болгосон хэрэг нь 15 хэргээр буюу 23.6 хувиар буурсан байна. 

Хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шийдвэрлэсэн байдлыг аймаг нийслэлээр нарийвчлан авч үзвэл:

 

 

 

 

Аймаг, нийслэл

2015 оны эхний хагас жилд

Хяналтын шатны шүүхээр

Хэвээр үлдээсэн

Өөрчлөлт оруулсан

Хүчингүй болгосон

1

Архангай

6

4

-

2

2

Баян-Өлгий

6

3

1

2

3

Баянхонгор

2

-

1

1

4

Булган

5

3

1

1

5

Говь-Алтай

4

3

-

1

6

Говьсүмбэр

3

3

-

-

7

Дархан-Уул

6

4

1

1

8

Дорнод

8

6

-

2

9

Дорноговь

7

3

1

3

10

Дундговь

2

1

-

1

11

Завхан

2

1

1

-

12

Өвөрхангай

2

2

-

-

13

Өмнөговь

6

4

2

-

14

Орхон

10

4

3

3

15

Сүхбаатар

3

-

1

2

16

Сэлэнгэ

2

1

-

1

17

Төв

1

-

-

1

18

Ховд

3

1

2

-

19

Хөвсгөл

3

1

2

-

20

Хэнтий

2

1

-

1

21

Увс

12

10

2

-

22

Нийслэл

122

66

34

22

 

Нийт

217

121

52

44

 

Хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн 217 хэргээс:

-  эрүүгийн 121 (55.7%) хэргийн тогтоол, магадлал хэвээр үлдээж,

-  эрүүгийн 52 (23.9%) хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж,

-  эрүүгийн 44 (20.2%) хэргийн тогтоол, магадлал хүчингүй болгосон байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан үндэслэлийн хувьд нийт 52 хэргээс:

 

1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн 20 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 23.9 хувийг эзэлж байна.

Тухайлбал анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөрүүтэй тогтоож хохирогчийн буруутай нэг бус удаагийн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгчийн хариу үйлдэл нь санаа сэтгэл нь хүчтэй цочирон давчидсан үед бусдын санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байхад Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаас хүнийг санаатай алсан гэж дүгнэн буруу зүйлчилсэн (ДЭХАШ 2-р шүүх 2014.12.26-ны 06 дугаар ШТ, хяналтын шатны тогтоолын дугаар 96), шүүгдэгч нь “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биечлэн шалгана...” гэсэн МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалтыг зөрчсөний улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулсан үйлдлийг хохирогчийг түлхэн унагаж, автомашинаараа шүргэн бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй (ДЭХАШ 2-р шүүх 2015.01.09-ны 34 дүгээр ШТ, хяналтын шатны тогтоолын дугаар 101), анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь заалтийг чанга дэглэмд эдлүүлэх тухай мөн зүйлийн 52.6 дахь хэсэгтэй хамт баримтлан хууль хэрэглээний алдаа гаргасан (СД-ын 2-р шүүх 2015.02.02-ны 13 дугаар ШТ),  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч гэрч нарын мэдүүлэг, хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон боловч анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго зэрэг хэргийн нөхцөл байдлыг шалгаж үзэлгүйгээр “үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял оногдуулж шийдвэрлэсэн (СД 15-р шүүх 2015.02.27-ны 31 дүгээр ШТ, ДЭХАШ 1-р шүүх 2014.11.26-ны 1281 дугаар ШТ) байна.

 

2. Шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн 7 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 3.2 хувийг эзэлж байна.

 

 Тухайлбал бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдэхдээ байгууллагын тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг ашигласан байхад түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар давхар зүйлчилж, ял оногдуулж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн (СД-ын 8-р шүүх 2014.12.17-ны 98 дугаар ШТ), орон байранд нэвтэрч, ангийн зориулалттай буунуудыг хулгайлсан үйлдлийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож буруу шийдвэрлэсэн, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгыг зөв тогтоож чадаагүйн улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж ялтны эрх зүйн байдлыг дордуулсан, шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад ял оногдуулж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн (СД-ын 27-р шүүх 2015.03.26-ны 53 дугаар ШТ)  байна. 

3. Хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн 1 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 0.5 хувийг эзэлж байна.

 

Тухайлбал Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун хорин таваас дээш хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ялтаны төлөхөөс зайлсхийсэн татварын хэмжээ нь Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан онц их хэмжээнд хүрэхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх уг зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй, буруу ойлгож хэрэглэсний улмаас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн (ДЭХАШ 2-р шүүх 2015.02.06-ны 169 дүгээр ШТ) байна. 

 

4. Ял нь гэмт хэргийн хүнд хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй болон бусад үндэслэлээр тогтоол магадлалд өөрчлөлт орсон 24 хэрэг буюу нийт хэргийн 11.1 хувийг эзэлж байна.

 

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон 44 хэргээс:

 

  • Нийт хэргийн 10.1 хувь буюу 22 хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаасан,
  • Нийт хэргийн 5.9 хувь буюу 13 хэргийг шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт тус тус буцааж,
  • Нийт хэргийн 1.4 хувь буюу 3 хэргийг хэрэгсэхгүй болгож,
  • Нийт хэргийн 2.8 хувь буюу 6 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон байна.

 

Шүүхүүдийн тогтоол, магадлалын хүчингүй болсон шалтгаан, үндэслэлийн хувьд нийт 44 хэргээс: 

 

1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан гүйцэд биш хийсэн үндэслэлээр хүчингүй болгосон хэрэг нийт шийдвэрлэсэн хэргийн 5.9 хувь буюу 13 хэрэг байна. / Хяналтын шатны шүүхийн тогтоолын дугаар 2, 64, 68, 85, 87, 98, 111, 128, 138, 157, 186, 196, 209/

 

Тухайлбал, мөрдөн байцаалтын шатанд тухайн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор 2 удаа шинжээч дүгнэлт гаргасан байх бөгөөд эхний шинжээч “... ялтанг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж явсан ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгон явна гэсэн заалтыг зөрчсөн” гэж дүгнэсэн бол дараагийн шинжээч нар “... жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэж агуулгын хувьд эрс зөрүүтэй дүгнэлт гаргасан байхад харилцан зөрүүтэй нотлох баримтыг алийг ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлсэн, нөгөөг нь яагаад үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоол, магадлалд заалгүй орхигдуулсан (СД 5-р шүүх 2014.12.15-ны 26А дугаар ШТ), гэмт хэрэг үйлдсэн огноог анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд харилцан зөрүүтэй бичсэн мөн хэргийн үйл баримтын талаах хэрэгт авагдсан зарим нотлох баримтаас зөрүүтэй дүгнэлт хийж Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 296 дугаар зүйлийн 296.1, мөн хуулийн 324 дүгээр зүйлийн 324.3 дахь заалтыг тус тус зөрчсөн, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдэл хүнийг санаатай алах, эсхүл гэмт хэргийг нуун далдлах гэмт хэргийн шинжтэй эсэх талаар нарийвчлан шалгаж тогтоогоогүй (ДЭХАШ 2-р шүүх 2014.11.17-ны 58Б дугаар ШТ), Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлд заасан “галт зэвсэг, байлдааны галт хэрэгслийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, авч явсан, борлуулсан, үйлдвэрлэсэн” үйлдэл тус бүрийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд тухайн байлдааны галт хэрэгсэл буюу сумыг хууль бусаар борлуулсан гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа тухайн сумнуудыг хэрхэн олж авсан, хууль бусаар хадгалж байсан эсэхийг огт шалгалгүй орхигдуулсан (ДЭХАШ 1-р шүүх 2015.01.20-ны 107 дугаар ШТ), шүүгдэгчийн гэм буруутай гэх үйлдлийг тогтоох хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогч, хэргийн холбогдогч нарын тухайн гэмт хэрэг гарах үед хийсэн утасны дуудлага, залгасан дугаарыг хөөн шалгаагүй (СД 3-р шүүх 2015.01.27-ны 15 дугаар ШТ), анхан болон давж заалдах шатны шүүх нэг үйл баримтад эрх зүйн өөр өөр дүгнэлт хийсэн ба хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад дүгнэлт хийлгүй орхисон, нотлох баримт үгүйсгэх үндэслэлээ дурдаагүй, хохирлыг үндэслэлтэй зөв тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт биш, нотлогдвол зохих байдал тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн (ДЭХАШ 2-р шүүх 2015.02.13-ны өдрийн 202 дугаар ШТ, СД 2-р шүүх 2015.02.06-ны 15 дугаар ШТ, ДЭХАШ 2-р шүүх 2015.04.02-ны 388 дугаар ШТ) байна.

 

2. Тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй 8 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 3.7 хувийг эзэлж байна. /Хяналтын шатны шүүхийн тогтоолын дугаар 47, 59, 81, 91, 129, 172, 181, 206/

 

Шүүгдэгчийн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн үйлдэл нэг санаа зорилготой, эхлэл төгсгөл нэгтэй үргэлжилсэн, бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулаагүй байна гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй (СД 19-р шүүх 2015.01.08-ны өдрийн 07 дугаар ШТ),  шүүгдэгч албан үүрэгтээ хайнга хандсан эс үйлдэхүй нь хохирогчийн амиа хорлох шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй (ДЭХАШ 3-р шүүх 2015.02.09-ний 16 дугаар ШТ), давж заалдах шатны шүүх зөвхөн ялтны сэтгэцийн өвчний байдлыг нь онцолж анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хөнгөрүүлсэн нь ял оногдуулах нийтлэг зарчим, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хор уршигт тохироогүй (ДЭХАШ 2-р шүүх 2015.01.27-ны 116 дугаар ШТ), анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээс үндэслэл муутай дүгнэлт хийсэн.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн хэрэг 10 буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 4.6 хувь байна. /Хяналтын шатны шүүхийн тогтоолын дугаар 27, 35, 73, 97, 103, 113, 139, 164, 179, 195/

 

 Тухайлбал Сум дундын 29 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан “эрүүгийн хэргийг анхан, давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоосон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч шүүх бүрэлдэхүүнийг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гарган томилно” гэсэн заалтыг зөрчиж хүнд ангилалын эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг захирамж гарган томилолгүйгээр хэргийг шийдвэрлэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн (СД 29-р шүүх 2014.12.16-ны 32 дугаар ШТ), анхан шатны шүүх хэрэг гарсан байдал өөрөөр хэлбэл хэргийн үйл баримт хэрхэн тогтоогдсон талаар ямар нэг дүгнэлт хийлгүйгээр, харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг шийтгэх тогтоолд тоочин бичиж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн (СД 8-р шүүх 2014.12.11-ний 97 дугаар ШТ),  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний хариуцагчийг буруу тогтоосон нь төлбөрийг хувь хүн хариуцан төлөх эрх зүйн үр дагавар үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч байх эрх үүргээ хэрэгжүүлэх хууль зүйн эрхийг хязгаарласан (ДЭХАШ 2-р шүүх 2014.12.16-ны 1473 дугаар ШТ), мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийг Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татах тогтоол үйлдэж танилцуулсан атлаа Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял нэмж болон өөрчлөн сонсголгүйгээр яллагдагчаар байцааж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 36 дугаар зүйлд заасан яллагдагчийг ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчаар татсан тогтоолтой танилцах эрхийг зөрчсөн (СД 14-р шүүх 2015.03.02-ны 47 дугаар ШТ), анхан шатны шүүх хэргийг нотлогдож тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ үндэслэл болсон нотлох баримтаа шийтгэх тогтоолд заалгүй орхигдуулсан (СД 7-р шүүх 2015.03.06-ны 69 дүгээр ШТ), давж заалдах шатны шүүх хохирогч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ илэрхийлсэн байхад оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.3 дахь заалтыг зөрчсөн (ДЭХАШ 1-р шүүх 2015.03.10-ны 293 дугаар ШТ) байна.

 

4. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн 13 хэрэг буюу  нийт шийдвэрлэсэн хэргийн 5.9 хувийг эзэлж байна. /Хяналтын шатны шүүхийн тогтоолын дугаар 11, 25, 26, 49, 72, 76, 87, 120, 132, 134, 169, 171, 204/

 

Шүүгдэгчийн твиттер сүлжээгээр хүний нэр төр алдар хүндийг гутаасан агуулгатай илт худал мэдээлэл тавьсан үйлдлийг давж заалдах шатны шүүх нэр төр, алдар хүндэд харш мэдээллийг олон нийтэд тараах санаа зорилго агуулж байсан болон мэдээлэл нь олон нийтэд тарсан болох нь эргэлзээтэй, бүрэлдэхүүний субьектив зорилго, обьектив үр дагавар тогтоогдоогүй гэж дүгнэн хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн (ДЭХАШ 1-р шүүх 2015.01.06-ны өдрийн 40 дүгээр ШТ),    шүүгдэгч нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн урьд эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоногийн хорих ялыг сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх өөрөөр хэлбэл хэрэглэвэл зохих Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийг хэрэглээгүй (СД 23-р шүүх 2014.11.06-ны 137 дугаар ШТ), давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй, өөрөөх хэлбэл “... үйлдсэн гэмт хэргүүдийн зарим шинж давхцсаны зэрэгцээ, ар гэрт үлдэж байгаа гэр бүлийн гишүүдийн ирээдүйг харгалзан ...” гэсэн үндэслэл дурдаж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн (ДЭХАШ 2-р шүүх 2015.02.06-ны 173 дугаар ШТ),  шүүх торгох ялын хэмжээг тооцохдоо Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон...”, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан “... Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно” гэсэн заалтуудыг зөрчсөн (СД 14-р шүүх 2015.01.19-ний 22 дугаар ШТ), анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ яллах талын нотлох баримтыг нэг бүрчлэн няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийлгүйгээр хохирогч нар ердийн явцаар төрж чадахгүйн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ зүйлшгүй шаардлагатай болсон байхад шүүх хохирогч нарыг “өвчтөн” биш гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг буруу тайлбарлан хэрэглэсэн (СД 4-р шүүх 2015.02.02-ны 23 дугаар ШТ) байна.   

 

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хэргүүдээс дараахь  хэргүүдийг жишээ болгон тэмдэглэе.

 

Нэг. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа зөрчил

 

1.1.Анхан шатны шүүх шүүгдэгчийг хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байхад шүүгдэгчийн урьд эдлээгүй үлдсэн хорих ялыг сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх өөрөөр хэлбэл хэрэглэвэл зохих Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийг хэрэглээгүй байна.

Хэргийн товч утга: О.М, С.Б, Б.Ц, Ц.М нар нь урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Сум дундын 23 дугаар шүүх Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар О.М, С.Б, Б.Ц нарын нэр хөрөнгөнөөс тус бүр 2.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, тус бүр 6 жил 3 сарын хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар О.М-ын нэр хөрөнгөнөөс 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.М-д оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тус тус шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.Ц-гийн эзэмшлийн 22-65 улсын дугаартай “Фронтер” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгох өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Анхан шатны шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, тус эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хүчингүй болгосон үндэслэл: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Ялтан С.Б нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 465 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж 2013 оны 5 дугаар сарын 14-нд эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бусадтай бүлэглэн 142 тооны бог малыг бэлчээрээс нь хулгайлж, хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салган, 11.780.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байхад Сум дундын 23 дугаар шүүх С.Б-гийн урьд эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоногийн хорих ялыг сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх өөрөөр хэлбэл хэрэглэвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийг хэрэглээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1 дэх заалтыг зөрчсөн байна.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна.

 

1.2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Хэргийн товч утга: Б.Э нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан бусдыг илтэд  үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Сум дундын 15 дугаар шүүх Б.Э-г зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд “Б.Э-д Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Э-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

 

Өөрчлөлт оруулсан үндэслэл: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Б.Э нь 2014 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын төвөөс 35 км зайд байрлах Э.М-ын гэрт нэг ангийн найз нөхдийн хамт согтууруулах ундаа хэрэглэж, улмаар 05 цагийн үед мотоциклийн түлхүүр, малгайгаа авч явах гэснийг хориглож, шаардлага тавьсан хохирогч Ц.Ж-тэй маргалдан түүний цээжний урд болон зүүн гуянд хутгалж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Ж, гэрч Э.А, А.Г нарын мэдүүлэг, Ц.Ж-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 360 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон боловч прокуророос уг үйлдлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, ялтны гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, гэмт хэрэг үйлдсэн даруй хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр, Б.Э-г “үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Э, хохирогч Ц.Ж нар нь биеэ биенээ сайн таньж мэдэх төрөл садны холбоотой бөгөөд хохирогч Ц.Ж-гийн “бид хоёр өмнө нь 2014 оны 5 дугаар сард маргалдаж барьцалдаж аваад би Э-гийн толгой хэсэгт жаахан газарт шалбалж байсан, Э намайг хутгалах үедээ тэрийг яриад байсан” гэж мэдүүлснийг  үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна шүүгдэгч Б.Э-гийн хохирогч Ц.Ж-тэй маргаж, хутгалсан үйлдлийг гэрт унтаж байсан бусад хүмүүс мэдээгүй, өөрөөр хэлбэл танхайрах гэмт хэргийн “... нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн” шинж тогтоогдоогүй байх тул Б.Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөх талаар ялтны өмгөөлөгч Ц.Р, Ц.Б нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

            Б.Э-гийн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл буюу Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд гэмт хэрэг гарсан өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Э-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

 

 

1.3. Шүүх мөрдөн байцаалтын шатанд сонсгоогүй ялыг буюу Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ялыг шүүгдэгчид оногдуулж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийг ноцтойгоор зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн нэг зүйлийн хэд хэдэн хэсэгт холбогдох гэмт хэрэг үйлдсэн ялтаны үйлдлийг хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулах хуулийн зохицуулалттай байхад тус тусад нь зүйлчлэн ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Хэргийн товч утга: А.Ө нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан бүлэглэж, догшин авирлаж танхайрсан, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. Т.Ө нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3 дахь хэсэгт заасан догшин авирлаж, бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Сум дундын 14 дүгээр шүүх А.Ө-д Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, Т.Ө-тэй бүлэглэн хохирогч Г.Г-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар А.Ө, Т.Ө нарт 3 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Т.Ө-д 5 жил 1 хоног хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Т.Ө-д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 1 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар А.Өсөхбаярт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Эрүүгийн хуулийн 57 дугаар зүлйийн 57.1-д заасныг баримтлан Т.Ө-д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сар 1 хоног хорих ялаар тогтоож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна.

  Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Сум дундын 14 дүгээр шүүхийн шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн магадлалын Т.Ө-д “... Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулсан болон ялыг нэмж нэгтгэсэн заалтуудыг хүчингүй болгож”, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Хүчингүй болгосон үндэслэл: Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ялтан Т.Ө-ийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэв. Шүүх мөрдөн байцаалтын шатанд сонсгоогүй ялыг буюу Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ялыг Т.Ө-д оногдуулж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийг ноцтойгоор зөрчсөнөөс гадна Эрүүгийн хуулийн нэг зүйлийн хэд хэдэн хэсэгт холбогдох гэмт хэрэг үйлдсэн ялтан Т.Ө-ийн үйлдлийг хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулах хуулийн зохицуулалттай байхад тус тусад нь зүйлчлэн ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 Иймд шийтгэх тогтоол, магадлалын Т.Ө-д Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял оногдуулж, улмаар Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялд багтаасан заалтыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй. Шүүх тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн ялтан А.Ө-ийг хувийн байдал болон үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн алдаа зөрчил

 

2.1.1. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үндэслэл болсон нотлох баримтаа шийтгэх тогтоолд заагаагүй орхигдуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчжээ.

 

Хэргийн товч утга: Э.Э, Г.Ш, Л.Б, А.С, Ч.Ө нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Сум дундын 7 дугаар шүүх Ч.Ө, А.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 5511-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2-т зааснаар шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүрт нь 3 жил 4 сар 10 хоног хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Л.Б, Г.Ш нарт оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

 

     Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Сум дундын 7 дугаар шүүхийн шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож Э.Э, Г.Ш, Л.Б, А.С, Ч.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг Сум дундын 7 дугаар шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

 

              Хүчингүй болгосон үндэслэл: Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Анхан шатны шүүх Ч.Ө, А.С нарт холбогдох хэргийг нотлогдож тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ болон ялтан Э.Э, Л.Б, Г.Ш нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үндэслэл болсон нотлох баримтаа шийтгэх тогтоолд заагаагүй орхигдуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчжээ. Давж заалдах шатны шүүх дээрх шийтгэх тогтоолыг хянан шийдвэрлэхдээ уг тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь магадлал хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, 95 дугаар зүйлд заасан “нотлох баримтыг үнэлэх” зарчимд тулгуурлаагүй байх тул энэ талаар прокуророос гаргасан саналыг хүлээн авч шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна.

 

2.1.2. Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийг зөрчсөн байна.

           

            Хэргийн товч утга: С.А нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Сум дундын 29 дүгээр шүүх С.А-г бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, С.Амартүвшинд холбогдох хэргийг өөр бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хүчингүй болгосон үндэслэл: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Сум дундын 29 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан “эрүүгийн хэргийг анхан, давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоосон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гарган томилно” гэсэн заалтыг зөрчиж С.А-д холбогдох хүнд ангилалын эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг захирамж гарган томилоогүй байна.

Анхан шатны шүүхийн дээрх алдаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.1-д заасан “... шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасан” гэх үндэслэлд хамаарах бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн явдал болно.

 Давж заалдах шатны шүүх С.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны болсон эсэхийг магадлан тогтоож чадаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг өөр шүүх бүрэлдэхүүнээр дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ.

 

2.2 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 хэсэгт заасан  шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчжээ.

 

Хэргийн товч утга: Б.У нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт заасан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын товч утга: Анхан шатны шүүх Б.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жил 9 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын утга: Анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхийн тогтоолын утга: Анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

Хүчингүй болгосон үндэслэл: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ялтан Б.У-д холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хохирогч М.З өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтээ илэрхийлсэн байхад давж заалдах гомдол гаргасан хохирогч, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “...хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн бусад туслалцаа авах эрхтэй”, мөн хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирогч, ...тэдний төлөөлөгч оролцох эрхтэй…” гэсэн заалтыг зөрчиж, хохирогч М.З-ын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Б.У-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэжээ.

 

 

Дүгнэлт

           

            2015 оны хагас жилд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журам болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон 31 хэрэг байгаа нь нийт шийдвэрлэсэн хэргийн 14.3 хувийг эзэлж байна.  

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд нийтлэг байдлаар дараах зөрчлүүд илэрч байна. Үүнд:

-  шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгыг зөв тогтоож чадаагүйн улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, ялтны эрх зүйн байдлыг дордуулсан,

- хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд нь агуулгын хувьд  харилцан зөрүүтэй байхад алийг нь ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлсэн,  нөгөөг нь үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоол магадлалд заагаагүй, дүгнэлт хийлгүй орхигдуулсан,

- гэмт үйлдлийн улмаас учирсан шууд хохирлыг үндэслэлтэй зөв тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт биш, нотлогдвол зохих байдал тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн,

-  шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байхад давж заалдах шатны шүүх нь хуралдааныг хойшлуулалгүйгээр үргэлжлүүлэн явуулсан, мөн шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүний олонхыг шүүх хуралдаанд татгалзан гаргах хүсэлт гаргасан байхад шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг эдгээр шүүгч нарын оролцоотойгоор хянан шийдвэрлэж эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсгийг зөрчсөн,

- шүүх хуралдаанд хохирогч өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтээ илэрхийлсэн байхад давж заалдах гомдол гаргасан хохирогч, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан,

-  шүүх хэргийн үйл баримт хэрхэн тогтоогдсон талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр, харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг шийтгэх тогтоолд тоочин бичиж, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг ноцтой зөрчин хэргийг шийдвэрлэсэн,

- мөрдөн байцаалтын шатанд ял нэмж болон өөрчлөн  сонсголгүйгээр яллагдагчаар байцаасан өөрөөр хэлбэл ялыг нэмж өөрчилсөн яллагдагчаар татах тогтоолыг танилцуулалгүйгээр яллагдагчаар байцааж хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зэрэг алдаа зөрчлийг гаргажээ.

 

 2015 оны хагас жилд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан 20 хэрэг,  тогтоол, магадлалыг хүчингүй болгосон 13 хэрэг нийт 33 байгаа нь нийт хэргийн 15.2 хувийг эзэлж байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дараах нийтлэг алдаа зөрчлүүд ажиглагдаж байна. Үүнд: 

-шүүгдэгч нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн урьд эдлээгүй үлдсэн хорих ялыг сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгээгүй,

- Эрүүгийн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй үндэслэлээр хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн,

- торгох ялын хэмжээг буруу тогтоож Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийг зөрчсөн,

-  шүүх хэргийн үйл баримтыг зөрүүтэй тогтоож буруу зүйлчилсэн зэрэг алдаа зөрчлийг гаргажээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршино.

 

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн,  яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу  хэргүүдийн шийдвэрлэсэн байдал, үйл ажиллагаандаа дүгнэлт хийн, алдаа, зөрчил дахин гаргахгүй байх талаар дүн шинжилгээ хийн судалж, хуульд заасны дагуу шүүн таслах ажиллагааны   чанарт анхаарч ажиллана уу. 

 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

ПРАКТИК СУДЛАЛЫН ХЭЛТЭС