2016 оны 06 сарын 24

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ЗӨВЛӨМЖ

        2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр                                                                    Дугаар 01                                                                 Улаанбаатар хот

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн
зарим зүйл, заалтыг шүүхийн практикт
зөв хэрэглэх тухай
    

Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр 2004-2007 онд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн захиргааны хэргүүдтэй танилцаж, шүүхийн практикийг судалж үзлээ.
Анхан шатны шүүхүүд Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар 2004 онд 2, 2005 онд 9, 2006 онд 12, 2007 онд 24, нийт 47 захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Энэ нь нийт шүүхүүдийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн 3%-ийг эзэлж байгаа хэдий ч жилээс жилд 1.5-2 дахин өсчээ.
Судалгаанаас үзэхэд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шүүхүүд үндсэнд нь зөв тайлбарлан хэрэглэж байгаа боловч улсын байцаагчийн акт, дүгнэлтийг үндэслэлгүйгээр хүчингүй болгох, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох явдал нилээд гарч байна.
Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг /цаашид “хуулийн” гэх/ хэрэглэх талаар дараах зүйлийг анхаарах нь зүйтэй гэж үзэж, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4-т заасныг үндэслэн зөвлөх нь:
1. Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь шалгасан асуудлаар тухайн этгээдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлын шалтгааныг тогтоон, түүнийг арилгах арга хэмжээг авахуулж, шаардлагатай бол зохих хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу өөрсдийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт бичих, акт, албан шаардлага гаргах зэргээр шийдвэрлэх эрхтэй байна. 
Улсын байцаагчдын бичсэн дүгнэлт, албан шаардлага, актын талаарх маргааныг шүүхүүд хянан шийдвэрлэхдээ хяналт шалгалт хийсэн байгууллага, албан тушаалтнууд хуулийн 5 дугаар зүйлд заасан хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журмыг хэрхэн хангасныг голлон анхаарах нь зүйтэй.
2. Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулаагүй гэх буюу шалгуулсан этгээд хяналт шалгалтын баримт бичигт /акт, дүгнэлт, албан шаардлага, торгуулийн хуудас, шийтгэвэр г.м/ заасан зүйлийг зөвшөөрөөгүй, гарын үсэг зураагүй, учрыг нь сайн ойлголгүй гарын үсэг зурсан гэсэн гомдол, тайлбар гаргах явдал ихээхэн ажиглагдаж байна.
Хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасан хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга гэдэг нь хяналт шалгалтын үйл явц, хамрагдсан хүрээ, цаг хугацаа, үр дүн, өгсөн заавар, зөвлөгөө, авсан арга хэмжээ, цаашид авах арга хэмжээний тухай тусгасан шалгалтын баримт бичиг юм. 
Эдгээрийг хяналт шалгалтад хамрагдсан байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдэд заавал албан ёсоор танилцуулж, гарын үсэг зуруулсан байхаар хуулийн дээрх заалтад зохицуулжээ. 
Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандартыг Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг үндэслэн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын 2007 оны 23 дугаар тушаалаар баталж, 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсөн бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагч нар үйл ажиллагаандаа энэхүү стандартыг баримталж ажиллах үүрэгтэйг анхаарвал зохино.
Дээрх стандартад зааснаар “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр буюу бүрмөсөн, эсхүл хэсэгчлэн буюу бүхэлд нь зогсоох, тэдний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг улсын орлогод оруулах, хураан авах, нөхөн төлбөр ногдуулах, улсын хилээр нэвтэрсэн бараа бүтээгдэхүүнийг холбогдох хууль тогтоомжийн дагуу саатуулах, буцаах, мөн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, бараа бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгахад болон актын үйлчлэлийг дуусгавар болгоход чиглэгдсэн баримт бичгийг “улсын байцаагчийн акт” гэж тодорхойлжээ.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, түүний шалтгаан нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтнаас шаардаж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах зорилгоор улсын байцаагч “албан шаардлага” үйлдэнэ.


Улсын байцаагч нь бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийн бодит байдлыг тодорхойлоход “дүгнэлт” гаргана.
Мөн зөрчлийн байдал, учруулсан хохирол, хураан авсан эд зүйлийн тоо хэмжээ, нэр төрөл, үнэ болон зөрчигдсөн хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй дэс дарааллын дагуу тодорхойлон “тэмдэглэл” үйлддэг байна.
Тэмдэглэлийг шалгалтын явцад амаар гаргасан гомдол, хүсэлт, шаардлагыг хүлээн авах, зөрчил гаргасан этгээдийг асуух, үзлэг, шинжилгээ хийх, эд зүйл хураан авах, торгууль, шийтгэвэр ногдуулахад бичнэ.
Хяналт шалгалтын баримт бичиг нь Улсын байцаагчийн гарын үсэг зурж, тэмдэг дарж, нэгдсэн дугаар авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд улсын байцаагчийн акт, албан шаардлага, дүгнэлт, торгууль, шийтгэвэр нь хэвлэмэл хуудсан дээр үйлдэгдсэн албан хэрэг хөтлөлтийн журам, зааварт нийцэж, бичиг хэргийн стандартын шаардлага хангасан байх учиртай. 
 Хяналт шалгалтын дүнг зөвшөөрөхгүй байгаа буюу хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан гомдлоо хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу тухайн хяналт шалгалт хийсэн буюу акт, дүгнэлт гаргасан, албан шаардлага бичсэн албан тушаалтны дээд шатны эрх баригчид гаргана.
Эрх баригч нь тухайн гомдлыг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-11 дүгээр зүйлд заасны дагуу хүлээн авч хянан шийдвэрлэнэ. Хяналт шалгалтын байгууллагаас гаргасан шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрсөн, эрх баригч гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл түүний гаргасан шийдвэрийг холбогдох албан тушаалтан биелүүлээгүй бол шалгуулсан иргэн, хуулийн этгээд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
3. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд гомдол гаргах хугацааг тодорхой заагаагүй учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан 30 хоногийн хугацааг баримтлах нь зүйтэй.
4. Судалгаанаас үзэхэд хяналт шалгалт хийсэн байгууллага, албан тушаалтны акт, дүгнэлтийг албан ёсоор хүлээж аваагүй, танилцуулаагүй гэх буюу зөвшөөрөөгүй учраас гарын үсгээ зураагүй, шалгалтад хамрагдсан байгууллага, албан тушаалтныг төлөөлөх эрхгүй хүмүүс гарын үсэг зурсан гэсэн гомдол нилээд гарч байна.
Хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д “Хяналт шалгалтын дүнг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулна. Хэрэв шалгуулсан этгээд хяналт, шалгалтын баримт бичигт заасан зүйлийг зөвшөөрөөгүй буюу гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбараа бичиж гарын үсэг зурна” гэж заасан бөгөөд хуулийн дээрх шаардлагыг албан ёсоор тайлбарлан өгч ойлгуулах, энэ тухай тэмдэглэл хөтөлж, шалгалтын баримт бичигт хавсаргах зэргээр шалгалтын байгууллага, албан тушаалтнууд өөрсдийн гаргасан шийдвэрийг аль болохоор баримтжуулах үүрэгтэй.
Энэхүү үүргээ биелүүлсэн эсэх, акт, дүгнэлт зэрэг шалгалтын баримт бичгүүд нь хуульд заасан шаардлагыг хангаж чадсан эсэхийг үзлэг хийж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т зааснаар тодруулах, шаардлагатай гэж үзвэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар /шинжээч томилж/ дүгнэлт гаргуулах зэргээр тодорхой ажиллагаа хийсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь ач холбогдолтой юм.
5. Шүүхүүд улсын байцаагчийн акт, дүгнэлттэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн харилцааг зохицуулсан материаллаг хуулийг баримтлахаас гадна Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зохих зүйл, хэсгийг хамт хэрэглэж байх нь зүйтэй.
Жишээ нь: Иргэн “Б”-гийн нэхэмжлэлтэй аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн улсын байцаагч “Д”-д холбогдох Улсын байцаагчийн .. дугаар актыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг аймгийн Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхдээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.11.8, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 7 дугаар зүйлийн 7.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь хэсгийн заалтуудыг баримтлан  хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.
6. Хуулийн 10 дугаар зүйлд заасан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрх, үүргийг хэрхэн хангаж биелүүлснийг сайтар анхаарч, тэдний гаргасан захиргааны акт хуульд нийцсэн эсэхийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалган, шийдвэрлэж байвал зохино.
Улсын байцаагчийн гаргасан акт, дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүйгээс байгууллага, албан тушаалтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд тэдгээрийг хүчингүй болгохдоо хэргийн оролцогчдын эрхийг сэргээж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4-д зааснаар учирсан хохирлын талаар маргаан гараагүй бол хохирол нөхөн төлүүлэх асуудлыг хамт шийдвэрлэх нь зүйтэй.
Тухайлбал: Аймгийн Захиргааны хэргийн шүүх “Б”-гийн нэхэмжлэлтэй аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн загас хураах тухай .. дугаар актуудыг хүчингүй болгуулж, хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд Ан агнуурын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг үндэслэн 

улсын байцаагчийн актуудыг хүчингүй болгож, 1.6 сая төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосон нь үндэслэлтэй боловч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй нь буруу болжээ. 
7. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-д “…хэрэв улсын байцаагчийн албан шаардлагыг хүлээж авахаас татгалзсан буюу тогтоосон хугацаанд хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ аваагүй бол буруутай албан тушаалтанд энэ хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах, эсхүл уг асуудлыг шүүхэд тавьж шийдвэрлүүлэхээр” заажээ. 
Энэ нь хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтнаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа бөгөөд улсын байцаагчийн тавьсан акт, дүгнэлт, албан шаардлагыг биелүүлээгүй бол уг асуудлыг хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтны гаргасан нэхэмжлэлээр ерөнхий харъяаллын шүүх хянан шийдвэрлэх юм. Харин улсын байцаагчийн гаргасан акт, дүгнэлтийг хууль бус гэж үзэж маргаан үүсгэсэн тохиолдолд Захиргааны хэргийн шүүхүүд шийдвэрлэнэ. 
8. Хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд захиргааны шийтгэл ногдуулсан Улсын ерөнхий, ахлах болон улсын байцаагчийн торгуулийн хуудас, шийтгэвэр зэргийг зөрчил гаргасан этгээд эс зөвшөөрвөл энэ хуульд тусгайлан заагаагүй учир Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-11 дүгээр зүйлд заасны дагуу дээд шатных нь байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаж урьдчилан шийдвэрлүүлсний дараа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжтой юм.
Энэ тохиолдолд Захиргааны хэргийн шүүхүүд хуульд заасны дагуу хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.                                


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ