2016 оны 06 сарын 24

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

         2008 оны 3 дугаар сарын 31                                                                               Дугаар 2                                                                         Улаанбаатар хот       

Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл, журмын
талаар анхаарах зарим асуудлын тухай

    Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл, журмын тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд шүүхээс анхаарах зарим асуудлын талаар Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалтыг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Зөвлөмж болгох нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-24.1.6-д нэрлэн дурдсан тохиолдлуудад прокурор, шүүгч, шүүх тухайн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно.
    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д дурдсан ”гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэдэгт гэмт хэргийн бүрэлдэхүүний обьект, обьектив тал, сүбьект, сүбьектив талын заавал байх шинжийн зарим нь эсхүл бүхэлдээ байхгүйг ойлгоно.
    Мөн зүйлийн 24.1.2-т дурдсан ”хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэдэгт тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйл /эрүүгийн хариуцлагад татах хугацаа/-д заасан хугацаа өнгөрсөн байхыг ойлговол зохино.
    Мөн зүйлийн 24.1.3-т дурдсан ”гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан” гэдгийг нас барсны гэрчилгээ болон бусад нотлох баримтуудаар тогтоож байвал зохино. Харин нас барсан этгээдийг гэмт хэргээс цагаатгах ажиллагаанд энэ заалт саад болохгүй. Тухайлбал: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хэргийг сэргээн хянах, цагаатгах зэрэгт.
    

Мөн зүйлийн 24.1.4-т дурдсан ”тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа” гэдэгт прокурорын тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийтгэх болон цагаатгах тогтоол, магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол /цаашид ”шүүхийн шийдвэр” гэх/ хамаарна.
    Мөн зүйлийн 24.1.5-т дурдсан ”хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэж, хэргээ сайн дураараа илчлэн ирсэн этгээд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан” гэдэгт Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд уг хэргээ хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн болон төр захиргааны байгууллага, түүний албан тушаалтанд өөрийн биеэр илчилсэн, хохирлоо төлж, гэм хорыг арилгасан нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдлыг хамааруулан ойлгох нь зүйтэй.
    Мөн зүйлийн 24.1.6-т дурдсан ”...цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, үйлдэл нийгэмд аюултай шинж чанараа алдсан, гэмт хэрэг үйлдсэн этгээд нийгэмд аюулгүй болсон” гэдэгт Улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүйн тогтолцоонд болон хүний эрх, эрх чөлөөний талаарх нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэлэмжид гарсан гүнзгий өөрчлөлтийн үр дүнд тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх бодит шаардлага арилсан, уг гэмт үйлдлийг хийсэн этгээд бусад иргэд, нийгмийн өмнө гавъяа байгуулсан эсхүл өөрийн шударга хөдөлмөр, үйл ажиллагаа, хүмүүжлээрээ бусад иргэд болон нийгэмд  аюулгүй болсноо харуулж чадсан зэрэг нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгож болох юм.
    Энэ талаарх Эрүүгийн эрх зүйн онолын бүтээлүүдийг шүүгч бие дааж судалсан байвал зохино.
    2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д дурдсан ”...Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг  арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” гэдэгт хохирогч ийнхүү эвлэрч байгаагаа өөрөө бичгээр илэрхийлсэн, эсхүл шүүх хуралдаанд биечлэн оролцож, энэхүү хүсэл зорилгоо өөрөө мэдүүлж, түүнийг нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байвал зохино.
    Гэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д дурдсан бусад болзол, шаардлагыг хангаагүй, ”хохирогч нь яллагдагчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  хамгаалж чадахгүй тохиолдол”, түүнчлэн Авилгатай тэмцэх газрын харъяалан шалгах хэрэг зэргийг ”эвлэрснээр” хэрэгсэхгүй болгож болохгүй.
    3. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын шатанд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл, журмыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208, 209 дүгээр зүйлд;
”Сэтгэцийн өвчтэй буюу эдгэршгүй хүнд өвчтэй яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” үндэслэл, журмыг мөн хуулийн 210 дугаар зүйлд; 
Прокурор яллахаас татгалзсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл, журмыг уг хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.1, 248 дугаар зүйлийн 248.3 дахь хэсэгт;
Шүүх хуралдаанаас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг мөн хуулийн 248 дугаар зүйлд;
Давж заалдах шүүх хуралдаанаас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл, журмыг уг хуулийн 323 дугаар зүйлд;
Хяналтын шатны шүүх хуралдаанаас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох журмыг мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.4 дэх хэсэгт тус тус тодорхой заасныг шүүхүүд сайтар анхаарч, үйл ажиллагаандаа баримтлан ажиллавал зохино.
    Улсын яллагч ”шүүгдэгчийг гэм буруугүй” гэж үзэж, яллахаас татгалзвал шүүх шийдвэртээ энэ тухай дурдаж, яллагчаас бичгээр гаргасан саналыг шүүх хуралдааны тэмдэглэлд хавсарган, уг хэргийг хэрэгсэхгүй болгох бөгөөд тухайн этгээдэд холбогдох хэргийн талаар ямар нэгэн дүгнэлт хийх шаардлагагүй.
     

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ