2016 оны 06 сарын 24

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

                2008 оны 3 дугаар сарын 31                                                                     Дугаар 1                                                                                  Улаанбаатар хот                                                                                                                         
Сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг
цагдан хориход анхаарах зарим асуудлын
тухай


2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих асуудлыг шүүгч шийдвэрлэхдээ хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үйлдсэн тогтоолыг батлах хэлбэрээр зөвшөөрөл олгож байв. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хуулийг 2007 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн даган мөрдөж “Баривчлах, цагдан хорих, хорьж мөрдөх хугацаа сунгах, цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох” асуудлыг шүүгч захирамж гаргаж шийдвэрлэж байхаар хуульчилсан тул энэ асуудлыг шүүгч нарт нэг мөр ойлгож зөв хэрэгжүүлэхэд туслах зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4 дэх хэсгийг удирдлага болгон  ЗӨВЛӨМЖЛӨХ нь: 
    2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 2007 онд нэмэлт өөрчлөлт орсон тул “Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хориход шүүхээс анхаарах зарим асуудал” гэсэн 2002 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн зөвлөмжийг энэхүү зөвлөмжөөр шинэчлэн өөрчилж, цаашид Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан 2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 07, 26 дугаар захирамж, тушаалаар “Баривчлах, цагдан хорихтой холбогдсон зарим ажиллагааг зохицуулах тухай” журмыг мөрдлөг болгож ажиллана.
Нэг. Сэжигтнийг баривчлах талаар
1.1. Шүүгч сэжигтнийг баривчлах тухай шийдвэр гаргахдаа “Оргон зугтахыг завдсан” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолд зааснаар, “хүнд, онц хүнд гэмт хэрэгт” гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.5-д зааснаар тус тус ойлгож, холбогдох баримттай танилцаж шийдвэрлэнэ. 
    1.2. Сэжигтнийг баривчилсан тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үндэслэл бүхий тогтоол болон түүнд холбогдох баримтыг шүүгчид прокурор өөрийн биеэр танилцуулж, сэжигтнийг баривчлах тухай үндэслэлээ тайлбарлаж байвал зохино. 
    1.3. Сэжигтнийг баривчилсан тухай тогтоол, захирамжийг хэргийг мөрдөн шалгаж байгаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтэнд танилцуулж, холбогдох хүмүүст нь 24 цагийн дотор мэдэгдэж байх хуулийн болон журмын заалтыг хэрэгжүүлнэ. 
    1.4. “Хойшлуулшгүй тохиолдолд” хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтнийг шууд баривчилж тогтоол гаргахад прокурор, шүүгчийн зөвшөөрөл шаардахгүй бөгөөд уг тогтоолоо 24 цагийн дотор прокурорт, шүүхэд хүргүүлж, тогтоолыг хүлээж авсан он, сар, өдөр, цаг, минутыг бүртгэлд тодорхой тусгасан байх шаардлагатай. 
    “Хойшлуулшгүй тохиолдол” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоолын 2-д зааснаар ойлгоно. 
    1.5. Шүүгч нь сэжигтнийг баривчлах тухай тогтоолыг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор сэжигтнийг баривчлах, эсхүл баривчлахаас татгалзах тухай захирамж гаргахдаа шаардлагатай гэж үзвэл өмгөөлөгч, прокурорыг байлцуулж болно. 
    1.6. “Баривчлагдсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцно” гэдгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “Сэжигтнийг цагдан хорьж мөрдөх хугацаа 14 хүртэл хоног байна” гэсэнд хамааруулан ойлгож, сэжигтнийг баривчлах, цагдан хорьж мөрдөх хугацаа нийлээд 14 хоног гэж тооцно. 
1.7. “Баривчлагдсан хугацааг сэжигтэнд тогтоол, захирамжийг танилцуулсан үеэс эхлэн тооцно” гэдгийг 
•    хойшлуулшгүй тохиолдолд баривчилсан хэрэг бүртгэгч, мөрдөн  байцаагчийн тогтоолыг танилцуулж гарын үсэг зуруулсан он, сар, өдөр, цаг, минутаас, 
•    бусад тохиолдолд сэжигтнийг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас сэжигтэнд танилцуулж гарын үсэг зуруулсан он, сар, өдөр, цаг, минутаас тооцно гэж ойлгон тогтоол захирамжид заавал тэмдэглэл хийсэн байвал зохино. 
1.8. Сэжигтнийг суллахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-д заасан тохиолдолд шүүгч захирамж гаргаж суллана. 
    1.9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 59.6, 61 дүгээр зүйлийн 61.2-д заасан ажиллагааг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан 2008 оны 07, 26 дугаар захирамж, тушаалаар батлагдсан журмын 2.4, 2.5-д зааснаар хэрэгжүүлнэ. 
Хоёр. Цагдан хорих талаар
2.1. Хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдсон сэжигтэн, яллагдагчаар татагдсан яллагдагч, шүүхэд шилжсэн шүүгдэгч болон удаа дараа ял шийтгүүлж байсан буюу хоёроос дээш удаа ял шийтгүүлж, ял шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээд дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол шүүгч захирамж гаргаж түүнийг цагдан хорьж болно. 
    Үндэслэл нь: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилготой учраас захирамжид энэ талаар тодорхой дурьдсан байвал зохино. 
    2.2. Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувьд зөвхөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.1, 68.2.2, 68.2.3-д заасан тохиолдолд шүүгч цагдан хорих захирамж гаргана. 
    2.3. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-д заасан үндэслэл, шаардлага байвал сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих үндэслэл, газрыг тодорхой заасан тогтоол үйлдэж хэрэгт хяналт тавьж буй прокурортоо танилцуулах бөгөөд прокурор нь шүүгчид өөрийн биеэр ирж тогтоол болон холбогдох баримтыг танилцуулна. Шүүгч нь тогтоол болон холбогдох баримтыг судлаж шаардлагатай гэж үзвэл, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргана. “Нэн даруй” гэдгийг хэргийн баримттай танилцах, байлцсан хүмүүсийн санал, хүсэлтийг сонссоны дараагийн үе буюу 

тасралтгүй үргэлжлэх процесс ажиллагааны төгсгөл гэж ойлгон шуурхай шийдвэрлэж байвал зохино. 
    2.4. Цагдан хорих шийдвэрийг хэрэг бүртгэлтийн шатанд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч, прокурорын хяналтын шатанд прокурор, шүүхийн шатанд шүүгч 24 цагийн дотор цагдан хоригдсон этгээдийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн, эсхүл өмгөөлөгчид албан ёсоор мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл хөтлөж хэрэгт хавсаргасан байна. 
    2.5. “Жирэмсэн эмэгтэйг цагдан хорих” тухай санал, тогтоол хүлээн авсан шүүгч 1-рт: цагдан хоригдох гэж байгаа эмэгтэйн жирэмслэлтийн хугацаа, эрүүл мэндийн байдлын талаар мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагаас тодорхойлолт, дүгнэлт гарсан эсэхийг нягтлаж, шаардлагатай гэж үзвэл эмчийн тодорхойлолт дүгнэлт гаргаж ирүүлэхийг прокурорт даалгана. 
    2-рт: жирэмсэн эмэгтэйг цагдан хорих зөвшөөрөл олгож захирамж гаргасан тохиолдолд түүнийг эмнэлгийн байгууллагын хяналтын дор цагдан хорих арга хэмжээг хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтанд үүрэг болгож байвал зохино. 
    2.6. Цагдан хорих тухай шүүгчийн захирамжид сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих “газар”-ыг заавал зааж, энэ талаар захирамжид тодорхой тусгана.  
    Шүүгчийн захирамжид зааснаас өөр газарт шилжүүлэн цагдан хорих асуудлыг зөвхөн хяналт тавьж буй прокурорын саналыг үндэслэн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэх бөгөөд энэ тухай холбогдох хүмүүст нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэдэгдэнэ. 
    /Улсын Дээд шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоолын 6 дугаар заалт, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан 2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 07, 26 дугаар захирамж, тушаалаар батлагдсан журмын 3.7 дугаар заалт/.
Гурав. Цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах талаар 
3.1. Сэжигтнийг цагдан хорьж мөрдөх хугацаа 14 хүртэл хоног байх бөгөөд энэ хугацаанд баривчлагдсан хугацааг оруулан тооцно. /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7/.
    3.2. Яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа 2 сар хүртэл байх бөгөөд энэ хугацаанд сэжигтнээр цагдан хоригдсон хугацааг оруулан тооцно. 
    Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах болон өөрчлөхийг зөвхөн шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ. /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.2/.
    3.3. Хэргийн ээдрээ төвөгтэй байдал, цаашид хорьж мөрдөх зайлшгүй шаардлагыг харгалзан яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгахдаа 
•    хүндэвтэр хэрэгт 4 сараас             
•    хүнд гэмт хэрэгт 12 сараас             хэтрүүлж болохгүй.
•    онц хүнд гэмт хэрэгт 24 сараас   

3.4. Эрүүгийн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 84 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийн 91.2, 145 дугаар зүйлийн 145.4, 177 дугаар зүйлийн 177.2, 302 дугаар зүйлд заасан хэргийн яллагдагчийг дээрх хугацаанаас илүү хугацаагаар хорьж мөрдөх шаардлагатай бол 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгана. 
Хорьж мөрдөх хугацааг шүүгч захирамж гаргаж сунгах бөгөөд нэг удаа 30 хүртэл хоногийн хугацаагаар сунгаж болно. 
3.5. Хорьж мөрдөх хугацаа сунгуулах тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг прокурор шүүгчид хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө хүргүүлнэ. 
Шүүгч тогтоолыг хэдийд хүлээн авсан тухай бүртгэж, хорьж мөрдөх хугацааг хэтрүүлж ирүүлсэн хоногийг нөхөж сунгахгүй бөгөөд цаашид хорьж мөрдөх шаардлагатай гэж үзвэл тогтоолыг хүлээн авсан өдрөөс эхлэн хугацааг сунгана. Шүүгчийн захирамжид зааснаас илүү хугацаагаар цагдан хоригдсон байвал шүүх үүнийг нь ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож байвал зохино. 
3.6. Цагдан хорих хугацааг сунгах тухай саналыг шүүгч хүлээн авч 72 цагийн дотор хугацааг сунгасан, хугацаа сунгахаас татгалзсан захирамж гаргаж нэг хувийг санал ирүүлсэн прокурорт хүргүүлж бүртгэлд оруулна. 

3.7. Хэд хэдэн гэмт хэрэгт шинээр цагдан хоригдсон бол өмнө нь цагдан хоригдсон хугацааг нийт цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцно. /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2, 69.3, 69.4/.
3.8. Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан хэргийн яллагдагчийг цаашид хорьж мөрдөх хугацааг яллагдагчийг хорьж мөрдөх /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2/ ерөнхий хугацаанд оруулан тооцно. 
Хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 69 дүгээр зүйлийн 69.8 дахь заалтуудыг үндэслэн шүүхийн шатанд шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг хорьж мөрдөх хугацаанд оруулан тооцно.  
Хэрэв цагдан хоригдож байсан этгээдийн хэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгүүлсэн, шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болж тодорхой хугацаанд ял эдлэж байгаад шийтгэх тогтоол нь хүчингүй болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тохиолдолд шүүхийн шийтгэх тогтоолоор ял эдэлсэн хугацааг яллагдагчийн цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцохгүй. Учир нь хэргийг дараа эцэслэн шийдвэрлэх үед урьд шийтгэх тогтоолоор ял эдэлсэн хугацааг сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял эдэлсэнд тооцно. 
3.9. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх шатанд яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа дуусвал тухайн шүүхийн Ерөнхий шүүгч уг асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах хугацаагаар захирамж гаргаж цагдан хорих хугацааг сунгана. Харин яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа шүүгдэгчийг цагдан хорих хугацааг сунгах эсэх асуудлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч эсхүл шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ. 
Шүүхийн шатанд цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 69.3, 69.4-д заасан хугацаанд оруулан тооцно. 
3.10. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох асуудлыг өмгөөлөгчийн хүсэлт, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн хэрэгт хяналт тавьж байгаа прокурор шүүхэд санал гаргаж шийдвэрлүүлнэ. Шүүгч прокурорын саналыг үндэслэн уг асуудлаар захирамж гаргана. Хэрэг шүүхэд шилжсэн бол уг асуудлыг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ. 
Мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдож байгаа яллагдагчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх буюу хүчингүй болгох талаар прокурор санал гаргаагүй тохиолдолд шүүгч өөрийн санаачилгаар болон бусад хүмүүсийн өргөдөл, хүсэлтийг үндэслэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэхгүй бөгөөд өргөдөл, хүсэлтийг прокурорт шилжүүлж байвал зохино. Харин шүүхийн шатанд хянагдаж байгаа хэргийн яллагдагч, шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1/ өөрчилж, хүчингүй болгох асуудлыг зөвхөн шүүх /шүүгч/ шийдвэрлэх бөгөөд энд прокурорын саналыг авах шаардлагагүй.
3.11. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, хүчингүй болгох, өөрчлөх шүүгчийн захирамжийн талаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид /сум, сум дунд, дүүргийн/ эсхүл түүний эзгүйд түр томилсон шүүгчид гомдол гаргах бөгөөд энэхүү гомдлыг Ерөнхий шүүгч, эсхүл 

томилсон шүүгч 48 цагийн дотор хянан шийдвэрлэж захирамж гаргана. Энэ шийдвэрт дахин гомдол гаргахгүй бөгөөд эцсийн шийдвэр болно.
Дөрөв.  Насанд хүрээгүй этгээдийг баривчлах ба цагдан хорих
              талаар /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 366 дугаар зүйл/
    4.1. Хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэнд холбогдсон болон  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58, 62, 68 дугаар зүйлд заасан онцгой тохиолдолд насанд хүрээгүй этгээдийг баривчилж, цагдан хорьж болно. 
Насанд хүрээгүй этгээдийг баривчилсан, цагдан хорьсон тохиолдолд түүний эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид нь 12 цагийн дотор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн байвал зохино. 
4.2. Насанд хүрээгүй этгээдийг хорьж мөрдөх үндсэн хугацаа 1 сар байх бөгөөд хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй яллагдагчийг 2 сараас, хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй яллагдагчийг 4 сараас, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй яллагдагчийг 8 сараас хэтрүүлэн цагдан хорьж болохгүй. 

Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй этгээдийг баривчилж, цагдан хорьсон нийт хугацаа нь 8 сараас хэтрэхгүй гэж ойлгох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх заалт энд хамаарахгүй. 
4.3. Насанд хүрээгүй этгээдийг баривчлах буюу цагдан хорих асуудлыг шүүгч шийдвэрлэхдээ түүний төрсний гэрчилгээ, регистрийн дугаар зэрэг үндсэн баримт бичгийг нягтлан шалгахын зэрэгцээ энэ ажиллагаанд түүний эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг байлцуулж байвал зохино. 

Тав.  Баривчлах, цагдан хорих талаар шүүгчээс гаргах
                                         захирамжийн төрөл 
1.Сэжигтнийг баривчлах тухай /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  59 дүгээр зүйлийн 59.1, 59.6/
            2.Сэжигтнийг баривчлахаас татгалзах тухай
3.Сэжигтнийг суллах тухай /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  60 дугаар зүйлийн 60.1/
4.Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих тухай /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  68 дугаар зүйлийн 68.1/
5.Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорихоос татгалзах тухай 
6.Сэжигтэн, яллагдагчийг өөр газар шилжүүлэн цагдан хорих тухай /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.10/
7.Сэжигтэн, яллагдагчийг өөр газар шилжүүлэн цагдан хорихоос татгалзах тухай 
8.Цагдан хорих хугацааг сунгах тухай  /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.6/
9.Цагдан хорих хугацааг сунгахаас татгалзах тухай 
10.Шүүхэд хянагдаж буй хэргийн яллагдагчийн хорьж мөрдөх хугацаа сунгах тухай /Ерөнхий шүүгчийн захирамж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.9/
11.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай /Эрүүгийн байцаан
шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2/
12.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай 
13.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гарсан гомдлыг хянан шийдвэрлэх тухай /Ерөнхий шүүгчийн захирамж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2/

Жич: Нэг хүний талаар гарсан захирамж нэг дугаартай байх бөгөөд дотроо үсгээр индекс хийсэн байвал зохино. Жишээ нь: /1 а, б, в, 2 а, б, в гэх мэт/. 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ