2016 оны 06 сарын 24

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН 
ЗӨВЛӨМЖ 

2008 оны 7 дугаар сарын 7                                                                                                                                           Улаанбаатар хот

Тендерийн харилцаатай холбогдсон захиргааны актын талаарх хэрэг маргаан өсөх хандлагатай буйг харгалзан энэ төрлийн маргааныг хянан шийдвэрлэхэд холбогдох хуулийн заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4-т заасныг үндэслэн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас нийт шүүхүүдэд ЗӨВЛӨХ НЬ:
Нэг. Улсын Их Хурлаас 2005 онд баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. 
Маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг дагаж мөрдөх хугацаа болон хуульд зааснаас бусад тохиолдолд шинээр мөрдсөн хуулийг буцаан хэрэглэхгүй байхад анхаарч ажиллах нь зүйтэй. 
Хоёр. Хуулийн үйлчлэх хүрээг зөв тодорхойлж хэрэглэх шаардлагатай гэж үзнэ. Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө”, Улсын Их Хурлаас 2003 онд батлагдсан Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төсөл боловсруулах, түүний гүйцэтгэгчийг сонгох үйл ажиллагааг явуулахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, хэрэв талууд тохиролцсон бол зээл, тусламж олгож буй талын тогтоосон журмыг баримтална” гэж тус тус заасан байна. Хуулийн энэ заалтад тендерийн харилцааг зохицуулж байсан 2003 оны хуулийн нэр бичигдсэнийг 2006 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль гэж ойлгож хэрэглэвэл зохино. 
Нөгөө талаар 2000 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 3 дугаар зүйлийн 3.2-т “Гадаадын зээл, тусламжаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тохиолдолд худалдан авах ажиллагааны нөхцөлийг олон улсын гэрээнд тусгайлан заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж заасантай, дээр дурдсан Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн заалт нийцэж байсан болно. 
Харин одоо үйлчилж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасантай Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “талуудын тохиролцооны асуудал” нь зөрчилтэй байх тул, илүү нарийвчилсан, мөн сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэх нийтлэг зарчмыг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг хэрэглэнэ.     
Ингэхдээ Монгол улсын олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 9 дүгээр тогтоолыг сайтар судалж, мөрдөн ажиллавал зохино.
 
    Гурав. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан бөгөөд энэ сонгон шалгаруулалтыг Иргэний хуулийн 421 дүгээр зүйлд заасан уралдаант шалгаруулалтын хэлбэрээр явуулна.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тогтоосон тендерийн ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх зохицуулалт нь тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгох харилцаанд үйлчлэхгүй. 
    Харин Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулж буй зарим үйл ажиллагааг эрхлэхэд олгох тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага сонгон шалгаруулалтын журмаар олгохтой холбогдсон маргааныг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах хуулийг баримтлан шийдвэрлэж байвал зохино. 
    
    Дөрөв. Хуульд заасан тендер ирүүлэх болон хүчинтэй байх, тендер нээх, тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахад баримтлах хугацаа зэргийг хуульд заагаагүй үндэслэлээр богиносгон тогтоох эрх захиалагчид байхгүйг анхаарах нь зүйтэй. 
     “Монгол даатгал” ХК-ийн нэхэмжлэлтэй, “МИАТ” ХК-ийн Тендерийн хороонд холбогдох захиргааны хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2006 онд хянан шийдвэрлэхдээ “хугацаа хожимдсон” тендер тул нээлгүй буцааж тендерээс хассан тендерийн хорооны шийдвэрийг зөв гэж дүгнэсэн байна. 
    Гэтэл Тендерийн хороо, богиносгосон хугацааг тогтоохдоо тендер хүлээж авах эхний хугацааг тендерийн урилга тараасан өдрөөс хойш 15 ба түүнээс дээш хоног байхаар заасан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай /2000 оны/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д заасныг зөрчсөн байжээ. Яг ийм байдлаар одоо мөрдөж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хугацаа нь өөр хоорондоо хамааралтай, уялдаатай болохыг анхаарах шаардлагатай. 
Тухайлбал; Энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т захиалагч тендер хүлээж авах эцсийн хугацааг тендер шалгаруулалтыг анх зарлан мэдээлсэн өдрөөс эхлэн тооцож тогтооно. Мөн зүйлийн 24.3-т нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор, хязгаарлагдмал тендер шалгаруулалтын талаарх хугацаа буюу хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д тендерийг хүлээн авах эцсийн хугацааг тендерийн урилга тараасан өдрөөс хойш 15 буюу түүнээс дээш хоногоор тогтооно гэж тус тус заасан байна. 
    Тав. Хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан
хэлэлцэх эрхтэй тул гэрээ байгуулахаас өмнөх шатны захиалагчийн үйл ажиллагаанд шүүхэд гаргасан гомдлын тухайд маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхэд мөн зүйлийн 55.4-т заасан шаардлагыг анхаарвал зохино. 
    Энэ зүйлийн 55.4.1-т Тендерт оролцогчийн гомдлыг хангах нь илүү үндэслэлтэй байгаа бол; 
55.4.2-т Түдгэлзүүлээгүй тохиолдолд тендерт оролцогчид их хэмжээний хохирол учрахаар бол; 
55.4.3-т Түдгэлзүүлэх нь төрийн эрх бүхий байгууллага, эсхүл захиалагч болон бусад тендерт оролцогчдод илтэд хохиролтой биш бол түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно гэж тус тус заасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д тодорхойлсноос өөрөөр зохицуулжээ. Иймд маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхэд хуулийн дээрх заалт болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан үндэслэлийг харьцуулан үзэж, Захиргааны актыг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэж байх нь чухал. Харин гэрээ байгуулах эрх олгосноос хойш болон гэрээнд гарын үсэг зурснаас хойш гомдлыг шүүхэд гаргах тул шүүх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан үндэслэл бий эсэхийг анхаарч шийдвэрлэх нь зүйтэй. 

    Зургаа. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заажээ. Гэвч тендерт оролцогч хэдийгээр хамгийн бага үнийн санал өгсөн боловч тендерийн баримт бичигт заасан захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар захиалагч уг тендерээс татгалзах, үнэлгээ хийхгүй байх үндэслэл болгожээ. 
 Жишээлбэл: “Отгонтэнгэр трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Дулааны 3 дугаар цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанид холбогдох захиргааны хэргийг 2007 онд анхан болон давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ тендерийн баримт бичигт заагдсан тухайн ажлыг гүйцэтгэхэд тавигдах шаардлагыг биш өөр шаардлага тусгасан тендер ирүүлсэн гэж дүгнэж, тендерээс хассан захиалагчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Тендерийн харилцаатай холбогдсон захиргааны актын талаарх маргаан ээдрээ түвэгтэй, иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг үр дагавар учруулахуйц байдаг тул шүүхүүд хэргийг хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэж байх талаар анхаарч ажиллавал зохино.

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ