2016 оны 06 сарын 24

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

        2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр                                                                                                                                           Улаанбаатар хот

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
ажиллагаан дахь зохигчийн тайлбар      

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.-т хэсэгт  нотлох баримт нь зохигчдын тайлбараар тогтоогдоно гэж заажээ.
         Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзалд  тайлбар өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг  зохигчдод хуульд заасан журмын дагуу олгох нь  шүүхээс  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад ач холбогдолтой юм.
           Иймд зохигчдын тайлбарын талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн  зохицуулалтыг  зөв хэрэглэх аргачлал олгох зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3., 15.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ЗӨВЛӨМЖ БОЛГОХ НЬ:  
            НЭГ: Зохигчийн эрхийн хамгаалалт      
              1.1. Шүүх зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгөх ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байх нь чухал юм.  
          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1.-т заасан ажиллагааг шүүх гүйцэтгэхдээ зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийн талаар ойлгомжтой, тодорхой танилцуулан тайлбарлаж өгөх шаардлагатай. 
           Ялангуяа хууль эрх зүйн мэдлэг дутмаг, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар ямар нэг ойлголтгүй байгаа зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан өгөх ажиллагаанд шүүх онцгой анхаарах нь зүйтэй.
          1.2. “…эсрэг талын шаардлага, татгалзалд тайлбар өгөх…” эрхийг хэрэгжүүлэх боломжийг шүүх бүрдүүлнэ.  
              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжийг хангах үүднээс шүүх зохигчдод тайлбар гаргах хангалттай хугацаа олгох нь зүйтэй. 
              Ингэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг баримтална.  
           Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг гардуулж өгсөн өдрөө зохигчдоос /татгалзаж байхад нь/ тайлбар өгөхийг  шаардах  нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг зөрчсөн алдаа болно.
            Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийг бичсэн тайлбараа шүүгчээс тогтоосон хугацаанд хариуцагч ирүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгчээс тогтоосон  хугацаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан хугацаанаас буюу 14 хоногоос доош байж болохгүй. 
            1.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1.-д заасан ажиллагааг шүүх бүрэн гүйцэтгэх шаардлагатай. 
             Тухайлбал, нэхэмжлэгч хэд хэдэн шаардлага гаргасан бол шаардлага бүрт хариу тайлбар гаргах талаар зохигчдод шүүх ойлгуулсан байвал зохино.
           Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх зэрэг ажиллагааны учир холбогдол, үр дагаврыг мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрт зохигч ямар эрх эдэлж, үүрэг хүлээдэг болохыг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргах боломжийн талаар шүүх хангалтгүй тайлбарласнаар эсрэг талын шаардлага, татгалзалд тайлбар өгөх зохигчдын эрхийг бүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг хязгаарлаж байгааг анхаарах нь зүйтэй. 
             Зохигч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэйн улмаас монгол хэлийг амаар болон бичгээр хэрэглэх чадваргүй бол шүүх уг этгээдэд эрх, үүргийг нь тайлбарлахдаа орчуулагч, хэлмэрчийн туслалцаатайгаар танилцуулах үүрэгтэй.
            Зөвхөн хариуцагчид бус, харин хэргийн бусад оролцогчдод ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь шүүх тайлбарлан танилцуулж өгнө.
           1.4. Зохигчид нь нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагатай холбогдуулж тайлбар гаргадаг тул нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага нь тодорхой, ойлгомжтой байх нь чухал юм.
            Анхан шатны шүүх нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4., 73 дугаар зүйлийн 73.2., 29 дүгээр зүйлийн 29.2.-т заасныг тус тус анхаарах нь зүйтэй.   
            Шүүх нэгэнт хүлээн авсан бол тодорхой бус, ойлгомжгүй бичсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг тодруулахыг нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд сануулж, даалгаж болно.   
Нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага нь ойлгомжтой, тодорхой байх нь шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцөл болдог учир энэ талаар зохигчдод урьдчилан сануулах  нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болохгүй юм.
            1.5. Зохигчид нь тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бичгээр гаргана. Шүүх хуралдааны явцад зохигчдын тайлбарыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах замаар хүлээн авна. 
             Шүүх зохигчоос “байцаалт авах“ хэлбэрээр тайлбар авах нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг зөрчинө. 
            Харин зохигч өөрөө хүсвэл түүнээс шүүх тайлбар авч болно. Тодруулбал, зохигч хүсвэл амаар гаргасан түүний  тайлбарыг шүүх тэмдэглэл үйлдэх хэлбэрээр бэхжүүлж авах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд нийцнэ. 
         1.6. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу захирамж гаргаж, тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгаж болдог.  
            Шүүгчийн захирамжид дурьдсан тодорхой ажиллагааг гүйцэтгэхдээ шүүхийн даалгавар хүлээн авсан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулна.
            Зохигчоос “тайлбар авах“ даалгаврыг гүйцэтгэхдээ шүүх зохигчийг байцааж тайлбар авах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй, буруу ажиллагаа юм.  
             Шүүгчийн захирамжид дурьдсан уг ажиллагааг гүйцэтгэхдээ шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогчийн гаргасан тайлбартай зохигчийг бүрэн танилцуулах бөгөөд харин зохигч хуульд заасан журмын дагуу тайлбараа гаргана.    
       1.7. Зохигч нь монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр тайлбараа гаргана. Хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар өгөх эрхтэй бөгөөд энэхүү тайлбарыг нь шүүх бичгийн хэлбэрээр тэмдэглэн авна. 
         Шүүх уг этгээдээс гаргасан тайлбарыг бусад оролцогчдод орчуулагч хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй.
          Орчуулагч, хэлмэрчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 49, 85, 101 дүгээр зүйлийг анхаарвал зохино.  
            ХОЁР: Зохигчийн тайлбар 
          2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1.-д хэргийн оролцогч “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзалд тайлбар өгөх эрхтэй” гэж заасан тул шүүх тайлбарыг зохигчоос албадан гаргуулж болохгүй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3. дахь хэсгийн заалт нь зохигч шүүхэд тайлбар өгөх ажиллагаанд хамаарахгүй юм. 
            2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д “шүүхэд гаргасан зохигчийн тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж заасан нь мөн хуулийн 25 дугар зүйлийн 25.2.1., 6 дугаар зүйлийн 6.5. дахь хэсгийн заалттай холбоотой байдаг .  
Бодит үнэнд нийцсэн тайлбар өгөх зохигчийн үүрэг нь нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүхэд гаргаж өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалттай холбоотой гэж ойлгоно. 
            2.3. Зохигч нэг талын гаргасан тайлбарын талаар эсрэг тал өөрийн тайлбараа   гаргана.    
              Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын талаар эсрэг тал тайлбар өгнө. Шаардлага нь өөрчлөгдсөн бол уг өөрчлөгдсөн шаардлагын талаар тайлбарыг гаргана. Хэд хэдэн шаардлага гаргасан бол шаардлага тус бүрт тайлбар өгнө. Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын талаар бүрэн хэмжээгээр хариу тайлбар гаргасан байвал зохино .            
             Зохигч нэг талын гаргасан тайлбарын талаар эсрэг тал өөрийн тайлбарыг гаргахдаа үндэслэл тус  бүрт бүрэн хэмжээгээр хариу өгсөн байх учиртай.  
             Зохигчид нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэслэл болж байгаа үйл явдал, баримтын талаар мэдүүлж, эрх зүйн дүгнэлт хийхдээ өөр өөрийн талд ашигтай байдлаар тайлбарлах тохиолдол байдаг. Мөн нотлох баримт болон болсон үйл явдлын талаарх дүгнэлт нь хоорондоо адилхан, ямар нэгэн зөрүүгүй байх тохиолдол бас байдаг. Иймд шүүх нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын талаар маргаантай болон маргаангүй байгаа нөхцөл байдлыг тайлбартаа маш тодорхой тусгахыг зохигчдод ойлгуулж, шаардах нь зүйтэй.    
             2.4. Нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал эсэргүүцээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. 
              Эсрэг талын гаргасан тайлбарт бүрэн хэмжээгээр хариу тайлбар гаргаагүйн үр дагаврыг зохигчдод танилцуулсан байхад тэрээр өөрийн тайлбараа гаргаагүй эсхүл  хангалттай хэмжээнд үндэслэн эсэргүүцээгүй бол хэргийн тухайн нөхцөл байдлыг  маргаангүй, түүнчлэн татгалзлаа нотлоогүй гэж тус тус үзэх  үндэслэл болно.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ