2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2010 оны 7 дугаар сарын 02-ны өдөр                Дугаар 20                             Улаанбаатар хот

 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 72 ДУГААР ЗҮЙЛИЙГ
ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд Шүүхээс ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн /цаашид хуулийн гэх/ 72 дугаар зүйлийн 72.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэнээс хойш” гэдгийг тухайн гэмт хэргийг үйлдэж дууссан өдрийн 24 цаг өнгөрмөгц гэж ойлгоно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т “Хугацааг тоолоход уг хугацаа эхэлсэн цаг, хоногийг тооцоонд оруулахгүй гэж заасныг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэнэ.

Тухайлбал, 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 19 цагт хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг 2005 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 00 цагаас эхлэн тоолох ба уг хугацаа 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 24 цагт дуусгавар болно.

Цаг хугацааг тоолохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 96 дугаар зүйлийг баримтлана.

1.1. Гэмт үйлдэл хийх, уг хэргийн улмаас хор уршиг буй болох хоёр үргэлж нэгэн зэрэг байдаггүй тул хөөн хэлэлцэх хугацааг зөвхөн гэмт хэрэг үйлдэж дууссан үеэс эхлэн тоолно.

Хөөн хэлэлцэх хугацааг зөв тоолохын тулд гэмт хэрэг үйлдсэн он, сар, өдөр, цагийг нарийвчлан тогтоосон байвал зохино.

1.2. Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн тохиолдолд хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нөхцлийг бүрдүүлсэн эсхүл гэмт үйлдэл таслан зогсоогдсон үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

Харин гэмт хэрэг үйлдэхээр завдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн эсхүл бүрэн хийсэн гэж тухайн этгээд ойлгосон тэр үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж тодорхойлно.

1.3. Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд хуульд заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийг үйлдэж дууссан үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

Үргэлжилсэн болон давтан үйлдэлтэй гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хамгийн сүүлчийн үйлдэл төгссөн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж тодорхойлно.

Удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт үйлдлээ хийж дуусгасан өдрөөр эсхүл тухайн үйлдэл таслан зогсоогдсон үеэс эхлэн тоолно.

2. Хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасан “эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэдэгт шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан байцаан шийтгэх ажиллагааны (эрүүгийн хэрэг үүсгэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх г.м) алиныг ч явуулахгүйбайхыг ойлгоно.

3. Эрүүгийн хариуцлагад татах хугацаанд гэмт хэрэг гарсан өдрөөс эхлэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаа хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол уг нөхцөл шалтгаан илэрч тогтоогдсон шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг үндэслэн шийдвэрлэнэ.

3.1. Шүүх хэргийг хүлээн авсны дараа хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон бол яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн үед анхан шатны шүүх хуралдаанаас шүүгч захирамж, шүүх тогтоол гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно.

3.2. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдаж байх үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд тухайн шатны шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгосон магадлал, тогтоол гаргана.

3.3. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч гэм буруугүй болох нь тогтоогдвол зөвхөн энэхүү үндэслэлээр л хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Харин шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдвол түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боловч ял оногдуулахгүйгээр, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

4. Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө уг хугацаа тасарсан эсхүл зогссон эсэхийг анхаарвал зохино.

4.1. Гэмт хэрэг үйлдсэн этгээд эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрөөгүй байхад шинээр гэмт хэрэг санаатай үйлдсэн бол хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд өмнөх хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн хамгийн хүнд ялтай гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн шинээр тоолно.

4.2. Гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасрахгүй бөгөөд энэ тохиолдолд хоёр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зэрэгцэж үргэлжлэн тоологдоно.

4.3. Тухайн этгээд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхээс оргон зайлсан тохиолдолд байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа зогсоно.

Оргон зайлсан этгээд баривчлагдсан буюу өөрөө сайн дураараа буцаж ирсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх ба өмнө нь тоологдож байсан хугацааг оруулан тоолно.

4.4. Таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй этгээд оршин суугаа газраасаа өөр тийш явсныг оргон зайлсан гэж үзэхгүй бөгөөд энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа зогсохгүй.

5. Хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т заасан зохицуулалт нь зөвхөн шүүхийн бүрэн эрхэд хамааралтай тул мөрдөн байцаах ажиллагааг ердийн журмаар явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх ба хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

5.1. Хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзвэл шүүгдэгч гэм буруутай эсэхийг тогтоосны дараа хэргийг хэрэгсэхгүй болгоно.

5.2. Харин шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжгүй гэж үзвэл шүүгдэгч гэм буруутай болон түүнд ял оногдуулах эсэх асуудлыг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

Энэ тохиолдолд шүүх хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т заасны дагуу гэм буруутай этгээдэд цаазаар авах ял оногдуулж болохгүй.

6. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2391 дүгээр тогтоолоор 1968 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж, 1970 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр болсон “Дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үл хэрэглэх тухай конвенц”-д Монгол Улс 1969 онд нэгдэн орсон бөгөөд хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д үүнийг зохицуулсан тул мөн хуулийн 30 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ С.НЯМЖАВ