2016 оны 06 сарын 24

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ


2008 оны 10 дугаар сарын  10-ны өдөр                                                                                                            Улаанбаатар хот
       
                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
                     ажиллагаан дахь гэрчийн мэдүүлэг


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийг оролцуулах, түүнээс мэдүүлэг авахад шүүхийн практикт гарч буй нийтлэг алдааг  судалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43, 53,  85, 102, 109 дүгээр зүйлүүдэд заасан журмыг  хэрэгжүүлэх нэгдсэн аргачлалыг шүүгчдэд олгох, хуулийн дээрх зохицуулалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3., 15.4. дэх хэсгийг үндэслэн Улсын Дээд Шүүхээс ЗӨВЛӨМЖ болгох нь:
Нэг. Гэрчийн мэдүүлэг. 
Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээд гэрч байж болно.
Шүүхээр хянан хэлэлцэгдэж буй  асуудлыг тодорхой болгох буюу ямар нэг эрх зүйн үр дагаврыг бий болгох боломжтой мэдээлэл нь гэрчийн мэдүүлгийн агуулга байдаг тул хуульд “маргаантай үйл баримтын талаар  ач холбогдолтой байдлыг мэдэж” байгаа этгээдээс буюу гэрчээс мэдүүлэг авахаар заажээ. 
Гэрчийн тухай ойлголтыг хэл зүйн талаас авч үзвэл тухайн маргаантай байгаа үйл баримтын талаар үзсэн, харсан зүйлээ нотлон ярьж байгаа этгээд гэж ойлгож болох юм. 
Харин  хууль зүйн талаас авч үзвэл гэрч нь иргэний хэрэг, маргааны талаар ач холбогдолтой байдлыг зөвөөр тусган, мэдүүлэх чадвартай, зохигчдын хүсэлтэд дурдагдсан нотолбол зохих үйл баримтын талаар ямар нэг мэдээлэл түүнд илэрхий байгаа этгээдийг хэлнэ.
Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлаа нотлохоор гэрчийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхтэй болно
Гэрч нь хэргийн оролцогч биш харин  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д зааснаар шүүх хуралдааны оролцогч юм.
Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа боловч хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож болохгүй этгээдүүд байдаг. Үүнд:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.2-т заасан иргэний эрх зүйн чадамжгүй этгээд. Иргэний эрх зүйн чадамжгүй этгээд гэдэгт Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1., 18.2.-т заасан 7 хүртэлх насны хүүхэд буюу сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон өөрөөр хэлбэл, бага насны хүүхэд буюу иргэний эрх эдэлж, үүрэг хүлээх чадваргүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон этгээд хамаарна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1.-д   үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон зохигчийн төлөөлөгч буюу эрүүгийн хэргийн өмгөөлөгчийг гэрчээр оролцуулж болохгүй гэж зааснаас  үзэхэд зохигчид өөрсдөө гэрчээр оролцож болохгүйн гадна тухайн хэргийн үйл баримтын талаар  эрүүгийн журмаар шалгагдаж байсан бол тэр хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байсан этгээдийг гэрчээр оролцохыг хориглосон байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй этгээдээс гадна зөвхөн өөрийнх нь зөвшөөрснөөр шүүхэд дуудах буюу мэдүүлэг авч болдог этгээд бол зохигчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-т “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй талаар заасан нь гэрчээр оролцвол зохих тухайн этгээд өөрийн гэр бүлийн гишүүд болон эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлэх мэдүүлгийг өгөхгүй байх эрхтэйг баталгаажуулсан эрх зүйн баталгаа тул тэдгээрийн зөвхөн өөрсдийнх нь хүсэлтийг харгалзан мэдүүлэг авах хязгаарлалтыг хуулиар тогтоосныг шүүх  анхаарвал зохино.
Хоёр. Гэрчийн мэдүүлэг нотлох баримт, нотолгооны хэрэгсэл болох нь.
Хэргийн оролцогчдоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж, маргаантай байгаа үйл баримтын бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзсэн, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болно.
Харин иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын идэвхтэй үйл ажиллагааны дүнд нотлогдвол зохих үйл баримтын бодит байдлыг гэрчийн мэдүүлэг тогтоож байгаа бол уг мэдүүлэг нотлох баримт болно. 
Үүнээс үзэхэд нотлох баримт буюу хэрэг хянан шийдвэрлэх явцад  тогтоогдож буй нотлогдвол зохих үйл баримтын бодит байдал нь нотолгооны хэрэгслийн хамгийн түгээмэл хэлбэр болох гэрчийн мэдүүлгээр тогтоогдох нь шүүхийн практикт элбэг тохиолддог.
 Гэрчийн мэдүүлэгт гол төлөв нотлогдвол зохих үйл баримтыг харсан, үзсэн этгээдийн мэдүүлэг тусгагдсан байдаг учир түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаас нотлох чадвараараа харьцангуй илүү байдаг.
Гэрчийн мэдүүлгийг авах талаар хуульд заасан журмыг шүүх баримтлаагүй буюу зөрчсөн бол тухайн гэрчийн мэдүүлэг нотлох чадвараа алдах ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. 
Гэрчийн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэсэн мэдээлэл байх ёстой. Тухайлбал, гэрч нь хариуцагчаас нэхэмжлэгчид мөнгө өгч байсныг гэрчилсэн тохиолдолд энэ үйл баримтыг ямар баримт, үйл явдалд тулгуурлан мэдүүлж байгааг шүүх заавал тодруулсан байх шаардлагатай.
Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол уг мэдүүлэг нотолгооны чадвараа алдана.
Гурав. Гэрчээс мэдүүлэг авах шүүхийн ажиллагааны үндсэн зарчим.
Зохигч, гуравдагч этгээд , тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч түүнчлэн бусдын эрх, эрх чөлөө ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээд, онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар нэхэмжлэл гаргах эрх бүхий сонирхогч этгээд, захиргааны актанд гомдол гаргасан этгээд  /Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад байгууллага албан тушаалтны/ нарын хүсэлтээр шүүх гэрчийн мэдүүлгийг авна.
Шүүх өөрийн санаачлагаар гэрчийн мэдүүлэг авч болохгүй.
Шүүхээс гэрчийг дуудах мэдэгдэх хуудсанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан “Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх үүрэгтэй” гэсэн шаардлагыг заавал тусгасан байвал зохино.
Шүүх ихэнх тохиолдолд  шүүх хуралдаанаас өмнө гэрчээс мэдүүлэг авдаг бөгөөд ингэхдээ гол төлөв шүүгчийн ажлын өрөөнд , шүүгч дангаар, зохигчдыг байлцуулахгүйгээр байцаалт хэлбэрээр мэдүүлэг авч байгаа нь олон жил тогтсон алдаатай практик тул хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө урьдчилан мэдүүлэг авч байгаа бол шүүх хуралдааны танхимд, зохигчдод урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр тэдгээрийг байлцуулж, гэрчид асуулт тавих боломжоор хангаж, гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг явуулах нь зүйтэй.  
Шүүх гэрчээс мэдүүлэг авахдаа байцаах хэлбэрээс зайлсхийж, тулгах, албадах, хөтлөн асуух замаар мэдүүлэг авч болохгүй бөгөөд түүнийг аль болох чөлөөтэй ярих боломжоор хангавал зохино.
Шүүхийн практикаас үзэхэд гэрчийн мэдүүлгийн эх сурвалж, зохигчтой ямар харилцаатай болох зэргийг шүүх тодруулдаггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрхтэй оролцож байгаа талаар гэрчид танилцуулдаггүй, улмаар тэдэнд чөлөөтэй ярих боломж олгодоггүй, шүүхээс асуултыг оновчтой тавьж чаддаггүй, байцаалт хэлбэрээр мэдүүлэг авдаг, зохигчдод гэрчээс тодруулах зүйлийг асуух боломжийг олгодоггүй зэрэг нийтлэг дутагдлыг шүүхүүд гаргадаг байна.
Дөрөв.  Гэрчээс мэдүүлэг авахад анхаарах зарим ажиллагаа.
4.1. Шүүх гэрчээс мэдүүлэг авахын өмнө түүний иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй заавал танилцана. Гэрчийн мэдүүлэгт түүний хувийн байдал, тухайлбал овог, эцгийн /эх/-ийн нэр, нас, хүйс, оршин суугаа хаяг, регистрийн дугаар зэргийг  тусгана.
4.2. Шүүхээс гэрчид түүний эрх, үүргийг танилцуулж, хариуцлагыг сануулсны дараа түүнээс ойлгосон эсэхийг лавлаж гарын үсгийг зуруулж авна.
Харин 16 насанд хүрээгүй этгээд Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс зайлсхийх гэмт хэргийн субъект болохгүй тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулах шаардлагагүй.
4.3. Шүүх гэрчээс зохигчидтой ямар харилцаатай байсныг танилцахдаа гэрч нь хэргийн оролцогчийг таньдаг эсэх, таньдаг бол ямар харилцаатай, / төрөл, садан, найз нөхөд, хамт ажилладаг, хамт суралцаж байсан, айл хөрш гэх мэт/  уг харилцаа нь тэдний хооронд энгийн, дотно эсхүл таагүй харьцах болсон шалтгаан зэргийг шүүх тодруулна.
Хэрэв гэрч хэргийн оролцогч нартай төрөл садангийн харилцаатай бол шүүх түүнд Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь заалтыг заавал тайлбарлаж өгөх үүрэгтэй.
4.4.  Шүүх гэрчээс мэдүүлэг авахдаа түүнийг өөрийн мэдэж буй мэдээллийг чөлөөтэй илэрхийлэх бүхий л боломжоор хангаж өгөх шаардлагатай.
4.5. Шүүх гэрчээс мэдүүлэг авахдаа асуулт, хариулт авах журмаар явуулна.
4.6.  Гэрчийн мэдүүлэг шүүхийн нотолгооны бусад хэрэгслүүдээс ялгагдах гол шинж нь аман мэдээлэл байдгаараа онцлогтой. Уг мэдээллийг шүүх хуралдааны үед бол хуралдааны тэмдэглэлд, шүүх хуралдаанаас өмнө урьдчилан авч байгаа бол бичгийн хэлбэрт оруулж тэмдэглэл хөтөлнө.  
4.7. Шүүх хуралдаанаас өмнө урьдчилан гэрчийн мэдүүлэг авахад хөтөлсөн тэмдэглэлд  тухайн ажиллагаанд оролцсон буюу байлцсан бүх хүн гарын үсэг зурна
4.8.  Шүүх гэрчээс мэдүүлэг авахдаа бусад гэрчүүдийг байлцуулахгүй байх, түүнчлэн мэдүүлэг өгсөн, өгөөгүй гэрчүүд хоорондоо харьцахгүй байх нөхцлөөр хангах арга хэмжээг авна.
4.9. Зохигч, шүүх хуралдааны оролцогч нар гэрчээс асуулт асуух дарааллыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасныг баримтлан явуулна.
4.10. Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал шүүх өөрийн санаачлагаар нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно. Ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасан журмыг баримтлана.
4.11. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд хүрэлцэн ирж чадахгүй  гэрчээс шүүх байгаа газраас нь очиж мэдүүлэг авахад гарсан тээвэр, байр хоолны зардал, цалин хөлс зэрэгт зориулсан нөхөн төлүүлэх шүүхийн  зардлыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу зохигчдоор төлүүлэхээр зардлыг хуваарилна.
Тав. Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авах шүүхийн ажиллагаа.
5.1. Насанд хүрээгүй гэрч гэдэгт 7-18 насны этгээд хамаарна.
5.2. Насанд хүрээгүй гэрчээс эцэг, эх, харгалзан дэмжигч, эсхүл сурган хүмүүжүүлэгчийг байлцуулан мэдүүлэг авна. Шүүхийн практикаас үзэхэд насанд хүрээгүй гэрчийг үнэн зөв мэдүүлэг өгүүлэхэд тэдний хамгийн ойр дотны хүмүүсийг сонгож, байлцуулан мэдүүлэг авах нь тэдэнд эерэг нөлөө үзүүлдэг байна.
5.3. Шүүх хэргийн бодит үнэнийг тогтооход зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд насанд хүрээгүй этгээд гэрчийн мэдүүлэг өгөхөд түүнд муугаар нөлөөлж болох хэргийн оролцогчийг урьдчилан мэдүүлэг өгч буй тохиолдолд тухайн газраас, шүүх хуралдааны үед шүүх хуралдааны танхимаас түр гаргаж болно.
Зургаа.Гэрчийн эрх.
 6.1. Гэрч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу эх хэл буюу мэддэг хэл, бичгээр,  хэрэв хараагүй, хэлгүй, дүлий бол дохио, зангаа, тусгай тэмдэгт ашиглан мэдүүлэг өгч болно.
6.2. Хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг өгөх гэж буй гэрч хаалттай шүүх хуралдаанаар мэдүүлэг өгөхөөр шаардах эрхтэй байна.
6.3. Гэрч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд ирэх боломжгүй бол өөрийн байгаа газарт мэдүүлэг өгч болох бөгөөд тэрээр шүүхэд хүрэлцэн очих боломжгүй шалтгаанаа нотолсон баримтыг шүүхэд хүргүүлсэн байх шаардлагатай.
Шүүхийн практикаас үзэхэд хөдөө орон нутагт /сум, баг/ буюу төв суурин газраас алслагдсан газар байгаа гэрч нь уналга, эрхэлж буй ажил, хөдөлмөрийн /  малчид, тариаланчид г.м./ байдлаас шалтгаалан шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй бол шүүх тэдний байгаа газарт очиж гэрчийн мэдүүлэг авч байгааг буруутгах боломжгүй ч аль болох шүүхэд ирүүлэх талын арга хэмжээг авах нь зүйтэй. 
6.4. Гэрч зохигчтой садан, төрлийн холбоотой,эсхүл үүргээ гүйцэтгэх журмаар уг маргааны үйл баримтыг мэдсэн зэрэг шалтгаанаар гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзаж болно
        Долоо. Гэрчийн үүрэг
7.1. Гэрч шүүхийн дуудсан хугацаанд ямар нэг албадлагагүйгээр шүүхэд хүрэлцэн ирэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ  биелүүлээгүй гэрчийг шүүхэд албадан ирүүлэх ажиллагааг Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
7.2. Гэрч зохигчдын хооронд маргаантай байгаа асуудлын талаар өөрийн мэдэж буй мэдээллийг шүүхэд мэдүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэхээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
7.3. Гэрч шүүхэд өгч буй мэдүүлгийг үнэн зөв өгөх үүргээ биелүүлэх бөгөөд хэрэв худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Найм. Гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол.
8.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотолгооны хэрэгслүүдээс хамгийн түгээмэл нотлох баримт нь гэрчийн мэдүүлэг байдаг.
8.2.Гэрч нь нотолгооны эх сурвалж, гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болдог байна. Гэрчийн мэдүүлэг нь анхдагч, шууд эсхүл дамжмал /үүсмэл/, шууд бус нотлох баримтын шинжтэй байх бөгөөд үүнээс анхдагч буюу шууд  нотлох баримтанд тооцогдох гэрчийн мэдүүлэг нь нотлогдвол зохих үйл баримтыг /үйлдэл, үзэгдэл, үйл явдал/ дэргэд нь байсан, түүнийг  үзсэн, харсан байдаг учир нотолгооны ач холбогдол өндөр байна. 
Харин шууд бус буюу бусдаас мэдсэн, сонссон талаарх гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудтай нэгдмэл байдалтай буюу тэдгээрийн  дэмжлэгтэйгээр нотолгооны  ач холбогдолтой болдгоороо онцлогтой.
8.3.Гэрч нь хууль зүйн хувьд тухайн хэрэгт ашиг  сонирхолгүй этгээд байдаг боловч ямар нэг хэмжээгээр хэргийн зохигчидтой харьцаатай байхыг үгүйсгэхгүй. Энэ талаас нь авч үзвэл тэрээр хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг субъектив тусгах боломжтой учраас шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлэх асуудалд маш анхааралтай хандах учиртай.


                                 ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ