МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ
2007 оны 7 дугаар
сарын 05-ны өдөр Улаанбаатар хот
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн
зарим зүйлийг зөв хэрэглэх талаар
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нийт шүүхүүд үндсэндээ зөв хэрэглэж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад дараах алдааг түгээмэл гаргаж байгааг цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэн, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4-д заасныг үндэслэн ЗӨВЛӨМЖЛӨХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг мөрдөн шалгах зарчмын дагуу захиргааны хэргийн шүүх өөрөө гүйцэтгэх ёстой байхад хэргийн оролцогчоос хүсэлт гаргаснаар хийгдэх ажиллагаа гэж буруу ойлгож, зөвхөн тэдний гаргасан нотлох баримтаар хязгаарлах, нэмэлт нотлох баримт цуглуулах талаар гаргасан хүсэлтийг нь “шаардлага багатай” гэсэн буруу дүгнэлт хийж, хангахгүй орхигдуулах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд үзлэг хийх тухай хуульд заасан ажиллагааг хийхгүй байх зэргээр алдаа гаргасан байна. Тухайлбал: 2006 онд давж заалдах журмаар хянагдсан 159 хэргийн 26 хэрэгт дээрх алдааг гаргасан тул “шийдвэрийг хүчингүй болгож, шаардлагатай нотлох баримтыг цуглуулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэж анхан шатны шүүхэд буцааж байжээ.
Мөн дээрх зүйл, заалтын нотлох баримтыг үнэлэх үүргийг шүүх хангалтгүй гүйцэтгэснээс 2006 онд давж заалдах журмаар хянагдсан хэргийн 15 шийдвэр, 2007 онд давж заалдах журмаар хянагдсан хэргийн 30 шийдвэр тус тус хүчингүй болсон байна. Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шинжлэн судалж, хооронд нь харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлдэг. Гэтэл нэг нотлох баримтыг нөгөөгөөс илүүд үзэх, огт үнэлэхгүй байх, хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон зэрэг алдаа нийтлэг гаргажээ.
Тухайлбал: бичмэл нотлох баримтын он, сар, өдөр засвартай, хуулбар хувийн бичвэр уншигдахгүй байхад нотариатаар гэрчлэгдсэн бол “хуулийн шаардлага хангагдсан” гэж өрөөсгөл ойлгож, ийм нотлох баримтыг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь буруу юм.
Архив, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар болон хариуцагч захиргааны байгууллага “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарсан бичмэл нотлох баримтыг шүүх хуулийн шаардлага хангасан нотлох баримтад тооцож үнэлэх явдал нийтлэг байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 48 дугаар зүйлийн 48.2-т заасан “шүүх үзлэг явуулах” гэдгийг тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа “шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзлэг явуулах” гэж ойлгох бөгөөд шүүгчийн туслахын үйлдсэн үзлэгийн тэмдэглэл хуулийн шаардлага хангасан нотлох баримтад хамаарахгүй.
Захиргааны хэргийн шүүх бичмэл нотлох баримтын эх хувийг шаардан авахад бэрхшээлтэй байвал мөн зүйлд заасны дагуу хадгалагдаж байгаа газарт нь хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж, байлцсан, оролцсон хүмүүсээр гарын үсэг зуруулж баталгаажуулж байх шаардлагатай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “…Захиргааны байгууллагын зөвхөн гадагш чиглэсэн бусдаас дагаж, мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна”, 4.3-т “Шүүх, прокурорын байгууллага, түүнчлэн эрүүгийн хэрэг бүртгэх …байгууллагын байцаан шийтгэх …хуулийн дагуу явуулсан үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдээс шүүхэд гаргасан гомдлыг эрүүгийн болон иргэний шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг зөрчиж байна. Тухайлбал: Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүх /2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар шийдвэр/ Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу нөхөн төлбөр гаргуулах тухай, Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх /2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэр/ Замын цагдаагийн тасгийн байцаагчийн зам тээврийн осол дээр тогтоосон актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж, хэргийн харьяалал зөрчжээ.
Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргааны хувьд хариуцагч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтан байхаас гадна маргааны зүйл болох захиргааны акт нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоогүй, хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлагыг хангасан захиргааны акт Захиргааны хэргийн шүүхийн хэргийн харьяалалд хамаарахыг анхаарвал зохино.
3. Нэхэмжлэлд заагаагүй этгээдийг шүүх өөрийн санаачлагаар хариуцагчаар татах, нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэсэн хариуцагчаас өөр этгээдэд нэхэмжлэлийг гардуулж тайлбар авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр хэрэг үүсгэх зэрэг зөрчил илэрлээ.
Мөн нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тохиолдолд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан журмаар шүүгчийн захирамж гаргаж татгалзах ёстой байтал хэрэг үүсгэсний дараа итгэмжлэлийг нөхөн бүрдүүлсэн шүүхийн буруу практик байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Хариуцагч нь ямар этгээд болохыг нэхэмжлэгч өөрөө шийдвэрлэж нэхэмжлэлдээ тодорхойлон заадаг бөгөөд хариуцагчаар татагдсан этгээд нь тухайн хэргийн жинхэнэ хариуцагч биш болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдвол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хариуцагчийг солих ажиллагааг нэхэмжлэгчийн хүсэлт болон шүүх өөрийн санаачлагаар хийж болно. Үүсгэгдсэн хэрэгт хариуцагчаар татсан этгээдэд биш харин өөр этгээдэд нэхэмжлэл гардуулж тайлбар авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа нь мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байгаа хэлбэр болно.
4. Захиргааны тухайн хэргийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийг бие даасан шаардлагатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчсөний улмаас нэг бус шийдвэр хүчингүй болжээ.
Шүүх тухайн хэргийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэснээс тухайн этгээд нь хэргийн оролцогч биш болж, шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрх нь хязгаарлагдах ба зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулах боломжгүйд хүрдэг тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн захиргааны хэргийн улмаас эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийг бие даасан шаардлагатайгаар заавал оролцуулж, захиргааны хэргийг шийдвэрлэж байвал зохино.
5. Шүүхүүд гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгож, түүний шаардлагыг тусгаарлан өөр хэрэг үүсгэн шийдвэрлэсэн зөрчил гаргажээ. Тухайлбал: Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар шийдвэр.
Нэхэмжлэлийн шаардлага болон тухайн хэргийн улмаас эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гуравдагч этгээдийн гаргаж буй бие даасан шаардлага хоёр нь өөр зүйл бөгөөд гуравдагч этгээдийн шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагатай адилтган үзэхгүй тул хэргийг тусгаарлахгүйгээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тухайн хэрэгтэй хамт нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар эцэслэн шийдвэрлэж байвал зохино.
6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7, 69 дүгээр зүйлийн 69.2, 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар шүүх хуралдааны явцад шинээр буюу нэмэлт нотлох баримт цуглуулах, гэрчийн мэдүүлэг авах, ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах, нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд заавал байлцуулах шаардлагатай тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулах ёстой байхад шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийн шалтгааныг нотолсон баримтгүйгээр буюу үндэслэлгүй шалтгаан зааж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.
Тухайлбал: Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаар шийдвэртэй Техник технологийн коллежийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааныг 6 удаа, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн захирамжтай “Хүдэр Эрдэнэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааныг 16 удаа хойшлуулж захирамж гаргасан байна.
Хэргийн оролцогчид шүүх хуралдаанд хүрэлцэн ирж оролцох боломжтой хугацааны өмнө шүүх хуралдааны товыг тогтоож, хэргийн оролцогчид мэдэгдэх, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг /Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 20 дугаар зүйлийн 20.2.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл/ хангах, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээ зүйлийн 31.7, 69 дүгээр зүйлийн 69.2, 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаас өөр “үндэслэлгүй” шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулахгүй байх, хэргийн оролцогчдыг чирэгдүүлэхгүйгээр хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэж байвал зохино.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ